Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00681

 

 

 

******* ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/00294 дугаар шийдвэртэй

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

Орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* бид *******,*******,*******,*******,******* хаягт байрлах 71.3 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар *******тай харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсан өдөр ******* нь 70,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 70,000,000 төгрөгийг өөрийн эрхэлдэг мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг орлогоос сар бүр төлж барагдуулах тухай амаар тохиролцсон.

1.2. ******* нь ******* миний төрсөн ахын эхнэр тул би түүнд итгэл хүлээлгэж, ахынхаа амьдрал ахуйд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс нөхөр *******тэй зөвлөлдөөд дээрх шийдвэрт хүрч, ахынхаа эхнэр *******гийн нэр дээр өөрсдийн орон сууцыг шилжүүлсэн. Гэтэл ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл 70,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй бөгөөд биднийг луйварчин, хулгайчаар дуудан хэл амаар доромжилж, утсаа авахгүй, хаалгаа ч тайлахгүй, нүүр буруулж биднийг ноцтой хохироож байна.

1.3. ******* нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа болгон төлсөн төлбөрөөс зохих хэмжээний төлбөрийг буцаан олгож байраа буцаан авах талаар ярилцсан боловч байрыг буцааж өгөхгүй, одоо миний нэр дээр нэгэнт шилжсэн байрыг та нар яаж авч чаддаг юм гэх зэргээр хэрүүл, тэмцэл хийдэг болсон.

1.4. Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа *******, Үйлдвэрийн төвийн бус*******,*******ны******* хаягт байрлах 71.3 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.

Иймд *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан *******, Үйлдвэрийн төвийн бус*******,*******ны******* хаягт байрлах 71.3 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, тухайн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* нь ын дүү гэх утгаар худалдах, худалдаан авах гэрээ байгуулж, орон сууцыг холбогдох газарт бүртгүүлсэн. Ингэхдээ орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан болгож татвар төлсөн. Байрыг худалдан авахад урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг бэлнээр, мөнгөн аяга, Баянзүрх дүүргийн Улиастайд байдаг газрыг 16,000,000 төгрөгөөр тооцож үнэлж, *******гийн нэр дээр шилжүүлсэн. Харин одоо үлдэгдэл тооцоо байгаа, тухайн үед ковидын нөхцөл байдлаас болоод төлбөрийн чадваргүй, мөн тус маргаан бүхий байрыг эрүүгийн журмаар мөнгө угаах гэмт хэргээр олсон эд хөрөнгө гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулдаг хэргээр шалгагдах явцад Нийслэлийн Прокурорын газраас тус байрыг битүүмжилсэн. Уг эрүүгийн хэрэг 2023 оны 11 дүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэж дууссанаар үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс гаргасан.

2.2. Энэ хэргийг өмнө анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс төлбөрийн тооцоог нарийн тооцоогүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Талуудын Иргэний хуульд зааснаар худалдах, худалдаан авах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхөд маргаан байхгүй. Нэхэмжлэгч нар сайн дурын үндсэн дээр худалдах, худалдах гэрээг 70,000,000 төгрөгөөр байгуулж, үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлсэн. Маргаан бүхий байрны үлдсэн төлбөр 40,000,000 төгрөг байдаг.

Иймд бие даасан шаардлага гаргах хугацаа дуссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо,******* /16020/**************,******* хаягт байрлах, 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч , ******* нарт шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, хариуцагч ******* болон түүний гэр бүлийг тус орон сууцнаас албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч , ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй байхаар зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл орон сууцыг прокурорын газраас нэхэмжлэгч , ******* нартай холбогдох эрүүгийн хэргийн асуудлаас болж битүүмжилж байсан үйл баримт тогтоогдсон.

Гэтэл шүүхээс ...эрүүгийн журмаар шалгагдсантай холбоотой гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх тайлбараа нотлох үүрэгтэй. Дээрх онцгой нөхцөл байдал үүссэнээс үүргээ биелүүлэх боломжгүй ямар нөхцөл байдал бий болсон талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Учир нь хэргийн нөхцөл байдлыг шүүхээс бүрэн дүгнэж чадаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууцнаас чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо,******* /16020/*******,*******,******* хаягт байрлах, 71.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч , ******* нарт шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, хариуцагч ******* болон түүний гэр бүлийг тус орон сууцнаас чөлөөлж шийдвэрлэсэн.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба шүүх хуралдааны үеэр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

4. Эвлэрлийн гэрээнд талууд дараах байдлаар харилцан тохиролцсон байна. Үүнд: хариуцагч нь нэхэмжлэгч нарт байрны үлдэгдэл төлбөрт 68,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлснөөр талууд эвлэрсэн.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд талууд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч *******, *******, хариуцагч ******* нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/00294 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо,******* /16020/*******,*******,******* хаягт байрлах, 71.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үлдэгдэл төлбөрийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нарт төлж, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ