| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/01358/И |
| Дугаар | 210/МА2025/00689 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00689
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01013 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь *******-тай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр захиалагч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан , үйлчилгээний зориулалттай ******* тоот,, 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулах, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,700,000 төгрөг буюу нийт 171,423,000 төгрөг, үүнээс гэрээ байгуулсан өдөр 43,856,800 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 7,570,100 төгрөгийг төлж, захиалагч нь орон сууцыг ашиглалтад орсны дараа банкны зээлд хамрагдан үлдэх 119,996,100 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2020 оны 2 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгч, захиалагч тал орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байх, төлбөрийг бүрэн төлж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгснөөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулахаар талууд тус тус харилцан тохиролцжээ.
1.2. Хариуцагч *******-ийн гүйцэтгэн бариулахаар гэрээ байгуулсан Хан-Уул хотхон орон сууцны барилга нь захиалагчаас үл хамааран 2020 оны 2 дугаар улиралд ашиглалтад ороогүй, үүргээ ноцтой зөрчсөн. Учир нь орон сууцны барилгыг ковид, цар тахал гэх зэргээр шалтаглаж, бүрэн гүйцэт барихгүй захиалагчийн эрхийг зөрчиж явсаар 2022 оны 06 дугаар сард ашиглалтад оруулсан. Улмаар надтай манай барилгыг улсын комисс хүлээж авсан тул та бүхэн гэрээний дагуу Олимп хотхоны Хаан банкны салбарт зээлийн хүсэлт, баримтуудаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлсэн. Би тус салбарт очиж уулзахад зээлийн баримт бүрдлээ хангаад материалаа өг гэсэн тул 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бүх баримтаа бүрдүүлж очиход зээлийн эдийн засагч нь ...танай хотхоныхон бүгд оочиртой байгаа оочирлож байгаад өгөөрэй гэж хэлсэн.
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр банкнаас дуудаж баримтуудыг шаардан аваад 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн хорооноос танд зээл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн. Үүнээс хойш гомдол гаргаж Хаан банкнаас дахин 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний зээлийн баримтыг хүлээн авч, хурлаар хэлэлцсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч байгууллагын нягтлангаас ярьж танд зээлийн хорооны хурлаар зээл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, энэ талаар мэдсэн үү гэж хэлсэн. Ингээд *******-тай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр уулзахад танай зээл бол банкнаас бүтэхгүй болсон, байрны үлдэгдэл мөнгөө яах бодолтой байна гэхэд би зээл бүтэхгүй болсон тул бидэнд 50,000,000 төгрөг бэлэн байна, нэмээд мөнгө олоод 130,000,000 төгрөг бүрдүүлж өгөөд байраа авъя гэж хэлэхэд хариуцагч байгууллагын захирал нь тийм бол танайд 1 өдрийн хугацаа өгье, та нар 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл 130,000,000 төгрөгөө бүрдүүлж өгвөл захиалсан байраа ав гэж хэлсэн.
Би нөхрийн хамт мөнгө хайж, олоод 2023 оны 01 дүгээр сарын 28-ны дотор хариуцагч байгууллагын данс руу 130,000,000 төгрөг төлж барагдуулсан боловч мөнгө хийсний дараа хариуцагч байгууллагын нягтлан нь над руу ярьж танай мөнгийг авах ёсгүй байсан, танай байрыг хураах ёстой байр, мөнгийг буцаалаа гээд 2023 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд миний нийт төлсөн 184,752,667 төгрөгийг над руу буцаан шилжүүлсэн. Улмаар хариуцагч байгууллагын захиралтай очиж уулзахад танай байрыг ерөнхий захирал 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөр хүнд нэг м.кв-ыг 3,500,000 төгрөгөөр тооцож зарсныг би мэдээгүй, танаас мөнгийг чинь авчээ. Иймээс танай мөнгийг буцаахаас өөр аргагүй болсон, тa гомдолтой байвал манай хуульчид өргөдөл гомдлоо гаргаж өгөөрэй гэсэн. Хариуцагч байгууллагын хуульчтай уулзахад орон сууцны нэг м.кв талбайг 3,900,000 төгрөгөөр тооцон мөнгө нэмж өгөөд байраа аваарай гэх санал тавьсан.
1.3. Хариуцагч нь цар тахлаар далимдуулж, байраа хугацаандаа ашиглалтад оруулаагүй атлаа 2021 оны 01 дүгээр сард намайг дуудаад цар тахлаас болоод ажил зогсонги байдалд орсон, барилгын материалын үнэ өссөн гээд анхны тохирсон үнээс нэмэгдсэн гэж хэлсэн. Мөн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуудаж гэрээний үнийн дүн болон ашиглалтад орох хугацаанд тус тус бичвэрийн засвар оруулж, анхны гэрээний огноо буюу 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 18/20 дугаар гэрээг дахин байгуулсан. Энэ гэрээгээр төлөөгүй үлдэгдэл 44 м.кв-ын үнийн зөрүү 4,286,667 төгрөгийг төлөхийг шаардахад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөрт багтааж төлсөн. Гэтэл 3 жил, 7 сарын турш намайг хүлээлгэсэн, гэрээгээр тохирч төлсөн бүх мөнгийг нь бүрэн барагдуулсны дараа өөр хүнд худалдсан эсхүл м.кв үнийг 3,900,000 төгрөгөөр тооцож авбал ав гэх зэргээр төлсөн мөнгийг буцаан шилжүүлэх зэргээр олон талаар миний өмчлөх эрхийг зөрчсөн.
Иймд , үйлчилгээний зориулалттай ******* тоот,, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Гэрээний зүйл болох Д блокын барилга 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн барилга байгууламжийн комиссын дүгнэлтээр ашиглалтад орсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1-д төлбөр төлөх хуваарийг удаан хугацаагаар хэтрүүлсэн нь компанийн үйл ажиллагаанд илтэд доголдол үүсгэж байсан ч нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг ойлгож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, төлбөрөө төлөхийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний төлбөр төлөх хувиараа 8 сарын хугацаатай хэтрүүлсэн учраас холбогдох хууль болон гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т захиалагч тал орон сууцны төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хуваарийн дагуу 2 ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй гэснийг үндэслэн дээрхи гэрээнээс гүйцэтгэгч тал нэг талын санаачилгаар татгалзсан.
Манай компани нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан олгож, хохиролгүй болгосон ч 2024 онд ашиглалталд орох С блок барилгаас 63.49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаас тодорхой хувийн урамшуулал эдлэн хөнгөлөлттэй захиалах давуу эрхийг олгоход нэхэмжлэгч татгалзсан.
Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж байна. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан төлбөрийг төлснөөр орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Улсын бүртгэл болон орон сууц худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалтай ямар нэгэн маргаан үүсээгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардаж байгаа атлаа хариуцагчийн өмчлөлд байхгүй үл хөдлөх эд хөрөнгийг шаардаж байгаа нь ойлгомжгүй. Гуравдагч этгээдүүдийн хувьд өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ийн , 19 дүгээр хороолол, 6в байр, 808 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 63.49 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,081,800 /531,800+550,000/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гэрээний үүргээ биелүүлсний үр дүнд захиалан бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжпэлийн шаардлагаас хальж шаардлагад дурдагдаагүй асуудлаар буюу Фүжи девелодмент ХХК-ийг бие даан гэрээнээс татгалзах шаардлага гаргасан мэтээр дур мэдэн тайлбарлаж, нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй байна гэж дүгнэн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзсэн.
5.2. Шүүхээс маргаан бүхий орон сууц захиалан бариулахаар байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээнд хамаарна гэж дүгнэсэн. Гэтэл талууд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан ны зориулалттай 10 дугаар байрны Д блокын 8 давхрын 808 тоот, 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 2 дугаар улиралд бүрэн дуусган ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн. Гүйцэтгэгч тал энэ хугацааг ноцтой зөрчиж хугацаа хэтрүүлэн орон сууцны барилгыг 2022 онд улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. ******* нь өөрийн буруугаас болж барилгаа бүрэн барьж ашиглалтанд оруулж чадахгүй байх хугацаанд А.Аптанцэцэгийг удаа дараа дуудаж, барилгын анх тохирсон м.кв талбайн үнийг өсгөх санал тавьж, манай талаас барилгаа босгуулахын тулд саналыг зөвшөөрч зөрүү нэмсэн мөнгөнүүдийг төлсөөр бүтэн 2 жил хүлцэнгүй хүлээсэн. ******* нь өөрийн буруугаас удааж барилгыг комисст хүлээлгэж өгснөөр *******ийг орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу ипотекийн зээлээ хөөцөлдөхийг дуудаж зөвлөсөн.
Гэвч *******т 2022 оны 12 дугаар сар хүртэл *******-тай гэрээтэй ажилладаг Хаан банкны Олимп салбарт ипотекийн оочирт хүлээсэн боловч 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр банкны зээлийн хорооноос зээл олгохоос татгалзаж шийдвэрлэснийг барилгын компани дээр очиж уулзаж мэдсэн. Энэ хүртэлх хугацааг анхнаасаа талууд гэрээнд хамааруулсан хугацаа учир нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээний хугацаа хэтрүүлсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. *******ийн тухайд энэ татгалзсан шийдвэрийг сонссоноор *******-ийг хохироохгүй гэрээнийн үүргээ дуусгавар болгохын тулд нэн яаралтай арга хэмжээ авч, үлдсэн төлбөр 130,000,000 төгрөгийг банкны шийдвэрийг сонссон даруй 3 хоногийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагт төлж барагдуулж, анх захиалсан орон сууцны үнийг нэмсэн үнэтэй нь нийт 184,752,667 төгрөгийг бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэрээнд талууд төлбөр төлөхөөр тохирсон нарийвчилсан хугацаанаас хойш 3 өдрийн дотор иргэн хүн 130,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргийг биелүүлсэн байхад захиалагчийг гэрээний үүргээ эс биелүүлсэн гэж үзээд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасныг үндэслэн гэрээг шууд цуцлах эрх нээгдэж барилгын компани гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм.
Учир нь ******* гэрээ байгуулснаас хойш бүхий л цаг хугацаанд барилгын компанид буруутай үйлдэл болон 2 жилийн турш хугацаа хэтэрсэн, хууль бусаар нэг талын санаачилгаар барилгын үнийг нэмсэн үйл баримтуудад гэрээнээс татгалзаагүй байхад ипотекийн зээлийн хорооны шийдвэрээс хойш 3 хоногийн дотор үүргээ биелүүлсэн дээрх хуулийн татгалзах үндэслэлд хамаарахгүй. Шүүхээс хариуцагч нь 2 жилийн турш гэрээний хугацаа хэтрүүлж, захиалагчийн эрхийг хөндсөнд буруутгасан дүгнэлт хийгээгүй. Бүтэн 3 жил, 7 сар хүлээсэн хохирсон иргэнийг буруутгаж дүгнэсэн нь хэт шударга бус шийдвэр гаргасан гэж үзсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт үүргийг ялимгүй зөрчсөн үйл баримтад хамаарч байх тул хариуцагч дангаар гэрээнээс татгалзах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан. Манай маргааны тохиолдолд гэрээ байгуулснаас хойш ******* биш ******* нь гэрээний үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдсон.
Хэрвээ шүүхээс гэрээний татгалзалтай холбоотой шийдсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл татгалзах эрх зөвхөн нэхэмжлэгч тал хэрэгжүүлэх боломжтой байсан нөхцөлийг үнэн зөв тогтоогоогүй. Шүүхээс бодит байдалд дүгнэлт хийхдээ 1 талын хугацааны зөрчил 2 жилийн турш байх, нөгөө талы хугацааны зөрчил 3 хоног байхын ялгаа заагийг шударгаар ялган цэгнэж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасныг ямар үндэслэлээр хариуцагч нь өөр худалдан авагчтай шинэ гэрээ байгуулах эрхтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь А.Аптанцэцэг нь төлбөр төлөхгүй нэг ч удаа үүргээ орхигдуулаагүй бөгөөд гэрээний 2.1.1-д заасан төлбөр төлөх хуваарийн дагуу өөрийн үүргээ хангалттай биелүүлсэн.
5.3. *******-ийн зүгээс гэрээнд заасан м.кв талбайн анхны үнийг гэрээнд 2,700,000 төгрөгөөр тохирч барилга баригдах явцад 3,000,000 төгрөг болгож нэмсэн. Барилга бэлэн болсны дараа *******ийг 184,456,000 төгрөгийг төлсний дараа 3,900,000 төгрөг болгож нэмж төлөхийг шаардсан. Энэ шаардлагыг ******* зөвшөөрөөгүй учраас ашиг харж, өөртөө нэмж ашиг олохын тулд өөр хүнд дээрх нэмэгдүүлсэн үнээр зарахаар болсноо мэдэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай мөнгийг буцаалт хийсэн. Хариуцагч нь ашиг олох сонирхолтой байсан нь гуравдагч этгээд нарт орон сууцыг 2023 оны 03 дугаар сард 247,600,000 төгрөгөөр буюу *******т зарах байсан үнээс 62,848,000 төгрөгийн нэмсэн үнээр зарсан баримтаар тогтоогдоно. Хариуцагч нь 171,423,000 төгрөгийг 184,456,000 төгрөг болгон нэмж, 13,033,000 төгрөгийг ковидын эрсдэл хэмээн тайлбарласан тул нэмж төлсөн. Мөн А.Аптанцэцэгийн төлсөн 184,456,000 төгрөгийг буцаалт хийсэн нь нэхэмжлэгч мөнгөө буцаах хүсэл зориг байгаагүй байхад анхан шатны шүүх хуралдааны явцад танайх төлсөн төлбөрөө буцааж авсан байна гэх агуулгаар шийдвэрээ уншиж танилцуулсан нь бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Худалдан авагчийн зөвшөөрөлгүй мөнгийг буцаасан худалдан авагчийн худалдан авах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй.
5.4. Гуравдагч этгээд нь энэ орон сууцны анхны захиалагч биш атлаа тэдний төлөөлөгч нь энэ байрыг бид баригдангуут хуулийн дагуу худалдаж авсан. Бидний өмчлөл хууль ёсных гэж маргадаг. *******ийн тухайд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн байр худалдагдсан эсэх, худалдагдсан бол хэн гэж хүнд хэдэн төгрөгөөр зарагдсан эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөлд байсан. Эдгээр мэдээллийг би түүнийг төлөөлөн ажиллаж байхдаа шүүхэд хүсэлт гаргаж ажиллагаагаар тодруулсны эцэст уг орон сууцыг худалдаж авсан 2 хүн нь өмчлөлийн байранд шүүхэд маргаан үүссэн, хожим гарах шийдвэр тэдний өмчлөх эрхийг хөндөж болзошгүй зэрэг эрсдэлүүдийг тооцож, нэхэмжлэгч талаас гуравдагчаар татуулан оролцуулсан. Шүүхэд маргаан үүссэний дараа тэд хэргийн захиалж бариулсан, өөр хүний хөрөнгөөр боссон гэдгийг ойлгож мэдсэн атал хариуцагч яагаад өөр хүнтэй маргаантай байсан байрыг зарсныг тодруулж мэдэхийг хүсээгүй, харин анхнаасаа өөр хүн захиалан бариулсныг мэдсээр байж анхны захиалагчтай миний өмч гэж маргасан нь шударга бус юм. Гуравчдагч этгээд нар өөрийн эрхийг хөндөж болзошгүй ноцтой үйлдэл гаргасан хариуцагч талтай нэг тал мэт үгсэн тохиролцож нэхэмжпэгчийн эсрэг байр суурь илэрхийлсэн нь тэд өөрсдийнхөө эрхийг хамгаалуулахаар өөрсдөө өмгөөлөгч, төлөөлөгч хайж олж сонгосон уу эсхүл хариуцагчийн санал болгосон хуульчийг хожмын үр дагаврыг ойлгохгүйгээр хөлсөлж ажиллуулсан уу гэх эргэлзээг хурлын явцад бий болгосон.
Гуравдагч этгээд нарын тухайд энэ байрыг худалдаанд гарахаас өмнө захиалж бариулаагүй, үнэ хөлсийг тохирсон хүмүүс биш анхны худалдан авагч захиалагч нь өөрөө уг байрыг авахаас татгалзсан бол энэ хүмүүст хожим ямар нэг үр дагавар үүсэхгүй байсан. Гэтэл анхнаасаа гэрээ байгуулж, мөнгө хөрөнгөөрөө захиалж бариулсан байраа авна гэх маргаан дагуулсан байрыг ашиг олох зорилгоор илүү үнээр зарсныг худалдан авсан нь хожим эрсдэлд үлдэх боломж бий болсныг анхан шатны хурал дээр хүлээж аваагүй. Анхнаасаа хууль бусаар авсан гэж гуравдагч этгээд нартай маргаагүй, авсан байр зарах ёсгүй байсан байр гэдгийг ойлгуулахыг хүссэн. Нэхэмжлэгч нь энэ орон сууцыг захиалан бариулж ашиглалтад орохыг хүлээж бусдын буруутай үйлдлийн улмаас өмчлөлдөө авч чадахгүй өнөөдрийг хүртэл цаг хугацаагаар хохирч орон гэргүй хүнд нөхцөлд хүлээсээр байгаа тул нэхэмжлэгчийн эрхийг сэргээж орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орон сууцын барилга захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч урьдчилгаа төлсний дараагаар гэрээнд заасан үүргээ бол удаа дараа зөрчсөн. Тухайн барилга ашиглалтад орсон хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн улсын комиссын актаар нотлогдоно. Гэтэл нэхэмжлэгч гэрээний үүргээ буюу төлбөр төлөхгүйгээр удаан хугацаагаар гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд барилга ашиглалтад орсны дараа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрөө төлсөн. Уг хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг албан бичгээр, утсаар мэдэгдэж шаардаж ирсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 02, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд зээлдэгчийн хүсэлт илгээсэн Хаан банк ХК-аас нэхэмжлэгчид зээл гаргах боломжгүй гэх шийдвэр хариуцагчид ирсэн. Уг баримтыг үндэслээд нэхэмжлэгч удаа дараа мэдэгдэж танд зээл гаргах боломжгүй байгаа тул гэрээгээ цуцлагдахаас өөр аргагүй болсон гэх саналыг тавьсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гуравдагч этгээдийн нэр дээр өмчлөх эрх үүсэж улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Гуравдагч этгээдтэй хариуцагч тал байгуулсан гэрээнд үндэслэсэн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэл, хуулийн хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дурдаж оруулаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
6.2. Иргэний процессын хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн байхыг хуулиар шаардана. Уг хэрэгт өнөөдөр нэхэмжлэгч *******ийн ямар хууль ёсны эрх ашиг хэрхэн яаж хөндөгдсөн талаар дүгнэлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүсэж улмаар гэрээнийхээ үүргийг нэхэмжлэгч тал буюу захиалагч тал биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлах үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогддог. Мөн талуудын гэрээний эрх зүйн харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх буюу гэрээнээс татгалзсан байхад гэрээний үүргийн биелэлтийг шаардсан буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл явдал болон нотлох баримтад үнэн зөв дүгнэлт өгсөн учраас гомдол бол хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гуравдагч этгээд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар тухайн орон сууцыг шударгаар авсан. Маргаан бүхий орон сууцыг худалдаж авах эсвэл шилжүүлэх үед нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул гуравдагч этгээд өмчлөгч болсон. Нэхэмжлэгч биелэгдэх боломжгүй шаардлагыг хариуцагч талаас шаардаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ны нутаг дэвсгэрт баригдсан , үйлчилгээний зориулалттай 10 дугаар байрны Д блокын 8 дугаар давхрын 808 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18/20 тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь ны нутаг дэвсгэрт баригдсан , үйлчилгээний зориулалттай 10 дугаар байрны Д блокын 8 дугаар давхрын 808 тоот,, 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулах, захиалагч нь 1 м.кв-ыг 2,700,000 төгрөг буюу нийт 171,423,000 төгрөгийн гэрээ байгуулах үед үнийн дүнгийн 25.58 хувь болох 43,856,800 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 4.42 хувь болох 7,570,100 төгрөг, үлдэх 70 хувь болох 119,996,100 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа банкны зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 14-17/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь захиалагч ******* нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлэн *******-тай гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууцны барилга бий болоогүй, тус орон сууцыг хариуцагч ******* тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.2. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ний өдөр 33,856,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,600,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 51,456,000 төгрөгийг хариуцагчид төлсөн баримт хэрэгт авагдсан, уг үйл баримтын тухайд зохигчид маргаагүй болно. /хх-ийн 24-26/
3.3. Хариуцагч *******-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/11М36 тоот албан бичгээр ...талуудын хооронд байгуулсан захиалгын гэрээний 6.2-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгаж өгсөн буюу нийтийг хамарсан өвчлөлт, улсын хэмжээнд ачаа тээврийн хилээр нэвтрэх хөдөлгөөн болон барилгын талбайд хүрэх ачаа тээврийн хөдөлгөөн хаагдсан, онцгой тохиолдлоор төрийн эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг зогсоосон зэрэг хүчин зүйлүүдийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарахаар заасан. 2019-2021 оны хооронд Монгол улсад төдийгүй дэлхий нийтээр коронавирус халдварт цар тахал үүссэнтэй холбоотойгоор барилгын салбарын үйл ажиллагаа хумигдах, барилгын материалын үнэ 55-76 хувиар өссөн, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлс 30 хувиар нэмэгдсэн, инфляцийн түвшин 9.7-д хүрсэн, тээвэрлэлтийн зардал 8-10 дахин өссөн нөхцөл байдал үүсссэн тул гэрээний 8.2-т заасны дагуу гэрээнд төлөгдөөгүй үлдсэн төлбөрт оногдох 44.43 м.кв талбайд 1 м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр буюу нийт 13,329,666,67 төгрөгөөр нэмэгдүүлэхээр нэмэлт өөрчлөлт оруулах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг зөвшөөрч дээрх гэрээнд дараах байдлаар өөрчлөлт оруулсан.
Үүнд гэрээний 2.1-д гүйцэтгэж буй байрны 1 м.кв талбайн үнэ 2,700,000 төгрөг гэснийг 2,905,200 төгрөг гэж нийт талбайн үнэ 171,423,000 төгрөг гэснийг 184,456,000 төгрөг болно. Захиалагч нь төлбөрийг гэрээ байгуулахдаа 30 хувь буюу 43,856,800 төгрөг гэснийг 51,156,000 төгрөгийг дансаар, банкны зээлэнд хамрагдаж 70 хувь буюу 119,996,100 төгрөг гэснийг 133,000,000 төгрөгийг дансаар нийт 184,456,000 төгрөгийг төлөхөөр өөрчилж талууд тохиролцсон. /хх-ийн 10-13, 18-19/
3.4. Хариуцагч *******-ийн захиалгатай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй 16 давхар 64 автомашины зогсоолтой, 24 агуулахтай, үйлчилгээтэй 112 айлын орон сууцны зориулалттай барилга нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад орсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 64-84/
3.5. Нэхэмжлэгч нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлт, холбогдох баримтыг бүрдүүлэн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ХААН банкны ипотекийн зээлийн эх үүсвэрийн бүртгэлд бүртгүүлсэн, тус банкнаас зээл судлах зөвшөөрөл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгөгдсөн боловч тус банкны орон сууцны ипотекийн зээлийн хорооноос 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл олгохоос татгалзсан шийдвэр гаргажээ. /хх-ийн 101/
3.6. Дээрх банкны шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4,286,667 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 129,010,000 төгрөг, нийт 133,296,667 төгрөгийг хариуцагч *******-д шилжүүлснээр захиалсан орон сууцны үнэ 184,752,667 төгрөгийг бүрэн төлсөн байтал *******-аас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 156,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 28,752,667 төгрөг, нийт 184,752,667 төгрөгийг Алтанцэцэгт Д блок 808 тоот байрны захиалгын төлбөр буцаав гэх утгатайгаар нэхэмжлэгч *******т буцаан шилжүүлсэн нь үндэслэл муутай болсон. /хх-ийн 28-32, 137-141/
3.7. Хариуцагч ******* нь *******, нартай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууцны барилгын худалдах, худалдах авах гэрээ-г байгуулж, гэрээгээр хариуцагч ******* нь ны нутаг дэвсгэрт баригдах ,, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,900,000 төгрөг буюу нийт 247,611,000 төгрөгөөр *******, нарт худалдахаар талууд харилцан тохиролцсон. Улмаар , 19 дүгээр хороолол /17032/ то ван гудам, 6в байр, 808 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******, нар 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ. /хх-ийн 89, 114-117/
3.8. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид гаргасан өргөдөлдөө ...орон сууцны төлбөр 13,329,666.67 төгрөгөөр мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн. Орон сууц 2022 оны 06 дугаар сард ашиглалтад орсон, улмаар орон сууцны зээлд хамрагдахаар банкинд хүсэлт гаргасан боловч зээл олгохоос татгалзсан. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх захиралтай уулзахад 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд байрыг чинь хурааж авна гэж хэлсэн тул бид мөнгө олж орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлсөн. Гэтэл гүйцэтгэх захирлаас утсаар яриад би өөрөө мэдээд хугацаа өгсөн буруу болсон, энэ асуудлаар ерөнхий захиралтай уулзаарай гэсэн. Энэ байрыг зарах тухай бидэнд нэг ч мэдэгдээгүй, утсаар ч хэлж байгаа тул үнэхээр цочирдож хүлээж авсан. Удаан ярилцсаны эцэст захирал хүсэлтээ өгөөд өргөдлөө гарга гэж хэлсэний дагуу бид өргөдөл гаргаж байна. Бид энэ их хичээлт, хүүхдүүдийн маань хүлээлт, настай аавын маань итгэлийг эвдэхгүйн тулд 6в байрны 808 тоот байраа өөрийн болгох хүсэлтэй байна. Иймд бидний хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 21-22/
3.9. Дээрх өргөдөлд хариуцагч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23/39 тоот албан бичгээр ...төлбөр төлөх хуваарийг удаан хугацагаар хэтрүүлсэн нь компанийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж байсан хэдий ч бид таны нөхцөл байдлыг ойлгож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, төлбөр төлөхийг хүлээсэн. Д блокын барилга 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтад орсон байхад төлбөр төлөх үүргээ 8 сарын хугацаатай хэтрүүлсэн. Хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгэгч тал нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан. Манай компани таны төлсөн төлбөрийг буцаан олгож, таныг хохиролгүй болгосон хэдий ч 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалтад ороход С блокын барилгаас өөрсдийн хүссэн м.кв орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаас тодорхой хувийн урамшуулал эдлэн хөнгөлөлттэй захиалах давуу эрхийг танд олгох боломжтой гэх агуулгатай хариу хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 20/
Хариуцагч хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээ цуцалсан эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнээд хариуцагч *******-д холбогдох, ны нутаг дэвсгэрт баригдсан , үйлчилгээний зориулалттай 10 дугаар байрны Д блокын 8 дугаар давхрын 808 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
4.1. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.1.1-д захиалагч нь гэрээ байгуулахдаа 30 хувь болох 51,156,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 4.42 хувь болох 7,570,100 төгрөг, үлдэх 70 хувь болох 133,000,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа банкны зээлд хамрагдан төлөх, мөн гэрээний 4.3-т захиалагч тал орон сууцны төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хуваарийн дагуу 2 ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж байхаар харилцан тохиролцжээ.
4.2. Хэргийн баримтаас үзвэл, орон сууцны барилга 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр улсын комисс хүлээн авснаар ашиглалтад орсноор нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцдаг ХААН банкинд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны ипотекийн зээл судлуулахаар хандаж бүртгүүлсэн боловч тус банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл олгохоос татгалзсан шийдвэр гарсан. Улмаар хариуцагчаас орон сууцны зээл олгохоос татгалзсан талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, талууд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч орон сууцаа авахаар харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2023 оны 01 дүгээр 28-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл хариуцагчаас орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан үндэслэлээр нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт төлсөн нийт төлбөрийг түүнд 2023 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь орон сууцны ипотекийн зээл гаргуулахаар банкинд хандахад зээл олгохооос татгалзсан хэдий ч тэрээр орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг авахаар шаардахад хариуцагч нь гуравдагч этгээд нарт маргаан бүхий орон сууцны үнийг нэмж ашиг олох зорилгоор худалдан борлуулсанаас гадна гэрээний хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг 8 сарын хугацаанд төлбөр төлөх үүргээ хэтрүүлсэн, буруутай гэж үзэхгүй.
5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Гэтэл хариуцагч ******* нь ...захиалагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалсан... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч ******* үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь хэрэгт авагдсан хариуцагч *******-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/11М36 тоот албан бичгээр орон сууцны м.кв талбайг үнийг нэмэгдүүлсэн талаар, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23/39 тоот албан бичгээр нэхэмжлэгчид өргөдөл хариу өгсөн агуулга албан бичиг авагдсанаас үзвэл нэмэлт хугацаа өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэхгүй.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан.
6.1. Талуудын байгуулсан гэрээний 1.3-д ...гүйцэтгэгч нь уг барилгыг 2020 оны 2 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь орон сууцыг уг хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулсан үйл баримтаас үзвэл тэрээр хугацаа хэтрүүлсэн буруутай байна.
6.2. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч гэрээнээс татгалзах эрхгүй, харин нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч *******-аас шаардах эрхтэй байна.
7. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж зааснаар гуравдагч этгээд нарын өмчлөх эрхийг хамгаалах эрх зүйн үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар гуравдагч этгээд нар мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул тэдгээрийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй юм. Гэрээгээр тохирсон орон сууцыг өөр бусдад худалдан борлуулсан, хариуцагчийн зүгээс С блокын барилгаас орон сууц өгөх боломжтой гэснийг үндэслэн талуудын байгуулсан гэрээгээр тодорхойлсон нөхцөлтэй *******-ийн , 19 дүгээр хороололд барьсан С блокын орон сууцны барилгаас, орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож шийдвэрлэх нь тэгш эрхийн, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
8. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тодорхойлсон нөхцөлтэй *******-ийн ,,, 8 давхарын 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******т хүлээлгэж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэгч *******ээс 184,752,667 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01013 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн ,,, орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******т хүлээлгэж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэгч *******ээс 184,752,667 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг ...56.1 гэсний дараа ...56.2 гэж нэмж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Фүжи девелопмент ХК-аас 1,081,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 1,080,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ