| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/6333/и |
| Дугаар | 4645 |
| Огноо | 2015-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 4645
| 2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2016/04645 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Эм-104 дүгээр байр, 56 тоотод оршин суух, Лхагважав овогт Сэргэлэнгийн Балжмаа /РД: ВЭ84020201/, Өшгөг овогт Эрдэнэ-Очирын Банзрагч /РД: ЙТ81020915/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Одкон 10 дугаар байр, 2 тоотод оршин суух, Ганзоригтын Ганболорт /РД: ЧВ82100403/ холбогдох
3.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Балжмаа, Э.Банзрагч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр С.Балжмаа нь хариуцагч Г.Ганболортой өөртөө болон нөхөр Э.Банзрагчид Солонгос улсын виз гаргуулахаар амаар тохиролцсон.
Мөн өдөр Э.Банзрагч нь Г.Ганболорт өгөхөөр тохирсон виз гаргуулах төлбөр 1.500.000 төгрөгийг Г.Ганболорын нөхөр гэх Ц.Мөнхбатын Хаан банкны 5429161580 данс руу шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч С.Балжмаа нь Г.Ганболорын Худалдаа хөгжлийн банкны 409032054 тоот дансанд 2.750.000 төгрөг шилжүүлсэн.
Г.Ганболор нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Хаан банк 5558013269 тоот данс руу шилжүүлсэн. 2015 оны 05 дугаар сарын эхээр түүнийг виз гаргах эрхгүй, виз гаргаж өгнө гэсэн нь худлаа болохыг мэдсэнээр Г.Ганболорт шилжүүлсэн 3.250.000 төгрөгөө шаардахад өнөөдрийг хүртэл өгөөгүй.
Иймд хариуцагч Г.Ганболороос нэхэмжлэгч С.Балжмаад 1.750.000 төгрөг, нэхэмжлэгч Э.Банзрагчид 1.500.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ганболор шүүхэд гаргасан тайлбартаа.
Г.Ганболор миний бие С.Балжмаа, Э.Банзрагч нарын нэхэмжилсэн 3.250.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор барагдуулах болно. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Балжмаа, Э.Банзрагч нар нь хариуцагч Г.Ганболорт холбогдуулан 3.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.Ганболор нь нэхэмжлэгч С.Балжмаад 1.750.000 төгрөг, нэхэмжлэгч Э.Банзрагчид 1.500.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт 2016 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргажээ.
Иймд хариуцагч Г.Ганболорын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Ганболор нь нэхэмжлэгч С.Балжмаад 1.750.000 төгрөг, нэхэмжлэгч Э.Банзрагчид 1.500.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт 2016 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.950 төгрөгийн тал хувь буюу 33.475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагч Г.Ганболороос 33.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Балжмаа, Э.Банзрагч нарт тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.950 төгрөгийн үлдэх хэсэг буюу 33.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН