| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1118/Э |
| Дугаар | 1131 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э. Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 1131
2019 07 19 2019/ШЦТ/1131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Э.Намуун,
Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
Хохирогч Р.Цэнгэл,
Шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Туумаа дарга овогт Жамсранжавын Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02444 1007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 7 дугаар гудамжны 3349 тоот байшинд Ж.С нь Р.Цэнгэлтэй гэрээс нь гарахгүй гэж маргалдаж, түүний хөл хэсэгт өшиглөж, түүнийг цээж хэсэгт түлхэж унагасны улмаас, Р.Цэнгэлийн хөл хугарсан буюу Р.Цэнгэлийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02444 1007 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ж.С нь хохирогч Р.Цэнгэлийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Р.Цэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 7 дугаар гудамжны 3349 тоот гэртээ 14 настай хүү Бат-Оргил, 2 настай хүү Анар бид 3 байж байхад гаднаас хамар хашааны С гэх хүн их хэмжээний согтолттой орж ирээд өврөөсөө 0.5 литрийн “Морьтон” нэртэй архи гаргаж ирээд задлаад надад хийж өгөхөөр нь би уухгүй гээд уугаагүй. Та согтуу байна, гэрээс гар гэж хэлсэн. Тэгтэл гэрээс гарч яваад 20 минутын дараа буцаж орж ирэхээр нь “та яваач ээ” гэж хэлэхэд явахгүй гэрийн үүдэнд зогсоод байхаар нь цаашаа яв гээд 2-3 удаа цээж хэсэг рүү нь зөөлөн түлхтэл миний зүүн хөлний дээд тал руу 2-3 удаа өшиглөөд цээж рүү түлхэхээр нь би хойшоо саваад зөөлөн унасан. Тухайн үед манай охин Мөнхцэцэг, хүргэн Болдоо нар амралтанд явсан байхаар нь дуудахад тэр хоёр орой 16 цагийн орчимд ирээд, хөлөндөө хүйтэн жин тавиад, шорвог давстай усаар шавшаад гэртээ 7 хоносон. Тэгтэл хөл гишгиж болохгүй байхаар нь цэргийн төв эмнэлэгт ирж үзүүлэхэд хөл хугарсан байна, хэвт хагалгаа хийх шаардлагатай байна гээд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэвтсэн гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
Гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би нөхөр хүүхдийнхээ хамт амралтанд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө явсан. Тэгээд өдөр надруу манай ээж Р.Цэнгэл утсаар залгаад “гэртээ хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр, хадам ах, эгч нарын хамт амралтын газраас гараад гэртээ ирэхэд манай ээж Р.Цэнгэлийг хажуу айлын Ж.С гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодсон байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж, дуудлага өгсөн. Тэгсэн цагдаа нар ирээд Ж.Сыг аваад явсан. Тэгээд бид нар ээжийг аваад эмнэлэг явсан. Манай ээжийг гэртээ байж байхад нь Ж.С гэх хүн архи уучихсан согтуу орж ирсэн гэсэн. Тэгээд манай ээж “нялх хүүхэд байна, айчихна гар” гэж хэлсэн чинь алгадаад хөл рүү нь хөшиглөсөн гэсэн. Тэгээд хүүхдүүд уйлаад орилсон чинь гараад явсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Гэрч Ж.Алимаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өглөө дүү Батболд болон түүний эхнэр Мөнхцэцэг нарын хамт амралтанд явсан. Тэгээд амралтанд байж байхад манай худ Цэнгэл нь манай бэр Мөнхцэцэг рүү залгаад хүнд зодуулсан талаар ярьсан. Тэгээд бид нар амралтаасаа гараад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 7 дугаар гудамжны 3349 тоотод ирэхэд манай худ Цэнгэл нь хажуу айлынхаа С гэх хүнд зодуулсан гээд гэрийнхээ баруун талд орнынхоо өмнө ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь хөлийг нь үзтэл хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ ээж Цэнгэл, 2 настай дүү Анар бид 3 байж байхад хажуу айлын таньдаг С гэх өвөө орж ирэхэд нь ээж битгий хүүхэд айлгаад бай гээд гэрээс хөөгөөд гаргасан. Тэгтэл хэсэг байж байгаад буцаад согтуу орж ирэхээр нь ээж С гэх өвөөг гэрээс гаргах гэхэд танай хөрш айлын хүн байна, танай гэрт орж болдоггүй юмуу гээд ээжийн нүд рүү нь 2 удаа алгадаад, хөл рүү нь 3 удаа өшиглөөд гэрээс гараад явсан. Тухайн үед манай ах эгч 2 амралтанд явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр өөрөө унах өөрөө үед үүсэх боломжтой. Өшиглүүлээд унах үед мөн үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4969 дугаартай:
Р.Цэнгэлийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 тал/,
Шүүгдэгч Ж.Сын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би ажлаасаа буугаад гэртээ өдөр 14 цагийн орчимд ирсэн ба замаараа Цэнгэлийн гэрт ороход Цэнгэл бага насны 2 хүүхэдтэйгээ байсан. Тухайн үед би авч явсан 1 шил архиа гаргаж ирээд Цэнгэлтэй хувааж уучихаад архиныхаа талыг аваад гэртээ ороод гал түлээд байж байхад Цэнгэл миний хойноос орж ирсэн. Тэгэхээр нь үлдсэн архинаасаа хийж өгөөд юм ярьж сууж байгаад гэрээс гарахаар болоод үүдний орчим очоод Сүхээ ахаа миний хөл эвгүй болчихлоо шдээ гэхээр нь яасан бэ гээд өөдөөс нь очих гэтэл та өшиглөчихлөө шдээ гэхэд чи юу яриад байгаа юм бэ, би орон дээрээ сууж байна гэсэн. Тэгтэл Цэнгэл манай гэрийн хаалгаар босч чадахгүй мөлхөөд гараад явсан. Би 10 минутын дараа гэрт нь очиход гэрийн зүүн талын орныхоо урдуур гудас дэвсчихсэн хэвтэж байсан. Би орж хэсэг юм ярьж сууж байгаад гараад явсан тухайн үед шагай нь хий гишгээд мултарсан байх гэж бодож байсан. Би маргааш нь цайны сүү аваад Цэнгэлийн гэрт ороход Цэнгэлийн зүүн хөлний шагай хэсгээрээ хавдсан байсан. Тэгээд л би гэрээсээ гараад явсан. Дараа нь өвчин намдаах эм аваад ороход бас л хэвтэж байсан ба хавдар нь буугаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 2-3/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ж.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ж.Сын бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримт хавсрагдаж, хохирогч Р.Цэнгэл нь өөрөөр нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ “гомдолтой байна, хохирол төлбөрөө нэхэмжлэнэ” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Саас 8000 төгрөг гаргуулан хохирогчид олгон шийдвэрлэж, цаашид хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.С нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Саас 8000 төгрөг гаргуулж хохирогч Р.Цэнгэл /ПЮ63110806/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ