Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00692

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/01953 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш*******, *******т тус тус холбогдох,

 

Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ш*******, *******т тус тус холбогдуулан битүүмжилсэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.1. Хариуцагч Ш******* нь үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгө нь төлбөр төлөгч ******* ХК-ийн өмчлөлийн хөрөнгө учраас ******* ХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж, хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Ш*******т явагдаж байх тул манай байгууллагад хамааралгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагч *******, ******* ХК-иудаас 7,654,202,739.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, хороонд байрлах, 20,315.6 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 14,775 м.кв талбайтай газар, хариуцагч *******-ийн өмчлөл /эзэмшил/-ийн хороо, ******* ХК-ийн байранд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3.2. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох, үндэслэх хэсэг болон захирамжлах хэсгийн 1 дэх заалтад байгаа ...2025 оны 12 сард 1,973,402,335.07 төгрөг... гэснийг, ...хариуцагч тал төлбөрийг хуваарийн дагуу 2025 оны 11 сарыг дуустал ямар нэгэн зөрчилгүй төлсөн тохиолдолд эцсийн төлөлт болох 2025 оны 12 сард нэхэмжлэгч тал 1,973,403,335 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, татгалзах бөгөөд хариуцагч талын төлөх дүн 5,680,800,404 төгрөг болно, хэрэв хариуцагч тал график зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч тал 1,973,403,335 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхгүй, хариуцагч тал 1,973,403,335 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх бөгөөд хариуцагч талын төлөх дүн 7,654,202,739 төгрөг байна... гэж өөрчилж, шүүгчийн захирамжийн тодорхойлох, үндэслэх хэсгийн бусад хэсгийг болон захирамжлах хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх56-62/

 

3.3. Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23360856 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /хх 51-52, 56/

 

3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 23360856/17 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэрт заасан ******* ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, хороонд байрлах, 20,315.6 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 14,775 м.кв талбайтай газар, хариуцагч *******-ийн өмчлөл /эзэмшил/-ийн хороо, ******* ХК-ийн байранд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг битүүмжлэн, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23360856/18 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх70-87, 89/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлсны дагуу хариуцагчаар оролцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* ХК нь ******* ХК-ийн 8.8 хувийн хувьцаа эзэмшигч байхад тус компаниас хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл авалгүйгээр ******* ХК нь ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2, компанийн дүрмийн 5.2.5, 7.9.4, 7.28.16-д заасныг зөрчсөн тул битүүмжилсэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлнэ гэж тодорхойлжээ.

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХК нь******* ХК-ийг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл аваагүй, Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, компанийн дүрэм зөрчсөн гэх боловч шүүхэд энэ талаарх баримтыг гаргаагүй хувьцаа эзэмшигч гэх байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг дараах байдлаар залруулан дүгнэнэ.

 

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан эсэхийг шүүх хянан шийдвэрлэхэд ******* ХК нь хувьцаа эзэмшигч ******* ХК-аас зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн эсэх асуудал хамааралгүй. Өөрөөр хэлбэл, ******* ХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн эсэх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянах үндэслэл болохгүй.

 

6. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэт нэг талыг баримталсан, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв талаас нь үнэлээгүй... гэх гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7.1. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХК, ХХК нарт холбогдох хэргээс иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/08744 дүгээр захирамжаар хэрэгт зайлшгүй шаардлагатай гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

8. Харин нэхэмжлэгч ******* ХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хасаж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/01953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...44 дүгээр зүйлийн 44.4... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ