Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 048

 

Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 446 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Өлгий суманд байрлах Жайых ХХК болон Алтай сумын 01 дүгээр багт оршин суух Самен төре жангир овогт Төкейн Азамат нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн дарга Х.Хайсанай, хариуцагч Жайых ХХК-ийн захирал Т.Табигат, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Жайых ХХК-ний захирал Т.Табигат, барилгын инженер Т.Азамат нараас Цагааннуурын Улаанбайшинт боомтод Автотээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилгын ажлын санхүүжилт болох 39.995.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: 2012 онд Зам,тээврийн яамнаас тус аймгийн Цагааннуурын Улаанбайшинтын боомтод Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилгыг барих 41,000,000 /дөчин нэгэн сая/ төгрөгийн өртөгтэй тендер зарласан ба уг тендерийн ажлыг Т.Табигат захиралтай Жайых ХХК 39,995,000 /гучин есөн сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийн үнээр гүйцэтгэгчээр шалгаран авч, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захиалагч нь болох Зам тээврийн яамтай №АТ2012-07/79 тоот гэрээ байгуулжээ. Гэрээнд уг ажлыг 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулна гэж заасан байна. Хуулийн дагуу барилга байгууламжийг бүрэн хийж дууссаны дараа Улсын комисс хүлээн авч улсын комиссын акт гарах ёстой. Гэвч тухайн үед фотошоп ашиглан уг 2 барилга байгууламжийг бүрэн дууссан гэж хуурамч зураг, баримт бичиг үйлдэн 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын №04-07-035/92 тоот акт гарч аймгийн тээвэр, Автозамын газарт 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэвч Жайых ХХК зөвхөн ажиллах байрыг хагас дутуу барьж дуусгасан ба амрах байрны суурийг нь хийж дутуу орхижээ. Үлдсэн дутуу ажлыг 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж дуусгахыг Улсын комиссоос шийдвэрлэсэн. Эдгээр дутуу баригдсан барилгын объект нь аймгийн тээвэр, авто замын газрын харьяанд байсан ба 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тус байгууллагыг татан буулгаж аймгийн Авто тээврийн төвд нэгтгэснээр уг барилга байгууламж тус төвийн мэдэлд шилжсэн. Жайых ХХК-ний захирал Т.Табигат уг гэрээтэй ажлыг Жайых ХХК-ний барилгын инженер Т.Азаматтай 2013 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж, дур мэдэн шилжүүлсэн байна. Гэвч инженер Т.Азамат нь одоо хүртэл дутуу орхигдсон ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй. Барилгын инженер Т.Азаматын амрах байрны 17,073,583 төгрөгийн, ажлын байрны 19,867,787 төгрөгийн өртөгтэй гаргаж өгсөн ажлын тайланг манай байгууллагад аймгийн Цагдаагийн газраас өгсөн. Барилгын инженер Т.Азамат тендерийн нийт санхүүжилтийг бүрэн авсан ч одоо хүртэл ажилчдын амрах байрны барилгын ажлыг бүрэн хийгээгүй ба бидэнд өгсөн гүйцэтгэлийн тайланг байгууллага хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд уг ажлыг гэрээний дагуу гүйцэтгэгчээр хариуцаж авсан Жайых ХХК-ний захирал Т.Табигат, барилгын инженер Т.Азамат нараас Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилгын ажлын өртөг болох 39,995,000 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Жайых ХХК-ийн тайлбарт: Аймгийн Тээвэр, авто замын газраас Цагааннуур боомтод баригдах Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилгыг манай Жайых ХХК-аар бариулахыг зөвшөөрсөн. Уг зөвшөөрөлд барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-нд эхэлж, 2012 оны 12 дугаар сарын 15-нд дуусгахаар заасан байсан. Барилга баригдах Цагааннуурын боомт нь манай аймгийн хэмжээнд хамгийн хүйтэн газар бөгөөд цас эрт орж, эрт хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай газар учир манай компани өвөл барих боломжгүй. Хавар цаг агаар дулаарахаар хийе гэхэд Тээвэр, авто замын газрын дарга байсан А.Серикболатад хэлсэн. А.Серикболат одоо жилийн эцэс болж, он дуусгах гэж байна. Уг барилгад хуваарилагдсан мөнгө төгрөг хаагдчихна. Он дуусахаас өмнө барилгыг эхлүүлнэ танайх хийж амжихгүй бол өөр хүмүүсээр хийлгэнэ гэж, Барилгын инженер мэргэжилтэн Т.Азамат тэргүүтэй хүмүүсээр уг барилгыг бариулахаар болсон. Т.Азамат өөрийн мөнгөөр барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс эхэлж, барилгын суурь цутгах ажлыг бүрэн дуусгаж, барилгад 8-10 үе тоосгон өрлөгийн ажлыг хийсний дараа цаг агаар хүйтэрч, цас орж барилгын ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болж барилгын ажлыг зогсоосон. Үүний дараа Т.Азамат барилгын санхүүжилтийг хөөцөлдөж эхэлсэн ба барилга барих зөвшөөрөл нь манай компанийн нэр дээр байсан учир манай Жайых ХХК-ний нэрээр бичиг баримтыг явуулдаг байсан. Т.Азамат барилгын ажлыг хавар цаг агаар дулаарахаар бүрэн дуусгаж өгөхөөр барилгын захиалагч байгууллага болох аймгийн Тээвэр, авто замын газрын хүмүүс болон мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нартай хэлэлцэн, барилга хүлээн авах актад гарын үсэг зуруулан, барилгын эхний санхүүжилт болох 36607798 /гучин зургаан сая, зургаан зуун долоон мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 28-нд манай Жайых ХХК-ийн дансанд оруулсан. 2013 оны 4 дүгээр сард уг барилгын гүйцэтгэгч барилгын инженер Т.Азаматтай Цагааннуурын боомтод Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах амрах байрны барилгыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөх, гурван жилийн хугацаанд гарсан засварыг өөрөө хариуцан хийх гэрээг нотариатаар батлуулан хийж, Тээвэр авто замын газраас тус барилгад хашаа татахаар төсөв хийлгэн манай дансанд шилжүүлсэн 959000 /есөн зуун тавин есөн мянган/ төгрөг, Зам, тээврийн яамнаас шилжүүлсэн 36,607,798 /гучин зурган сая зургаан зуун долоон мянга, долоон зуун ерэн найман/ төгрөгөөс 30,000,000 /гучин сая/ төгрөг бүгд 30,959,000 /гучин сая есөн зуун тавин есөн мянган/ төгрөгийг уг барилгын гүйцэтгэгч Т.Азаматад хүлээлгэж өгсөн. Уг санхүүжилтийг авсны дараа Т.Азамат Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах амрах байрны барилгыг дуусгаж, амрах байрны барилгыг барилгүй дутуу орхиж, холбоо тасарч, утсаа авахгүй алга болсон учир цагдаад хандсан. Т.Азамат авсан мөнгийг хувьдаа ашиглаагүй, санхүүжилт нь хүрэхгүй болж ажлаа зогсоосон байна, үлдсэн санхүүжилтийг нь өгөх нь зөв гэсэн тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан учир манай дансанд үлдсэн 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг Т.Азаматад хүлээлгэн өгсөн. Манай дансанд ирсэн бүх санхүүжилтийг авсны дараа Т.Азамат Жайых ХХК-ийн дансанд ирсэн бүх мөнгийг хүлээж авлаа, одоо Жайых ХХК тооцоогүй, Цагааннуурын боомт дахь барилгад ямар ч хамааралгүй болно. Үлдсэн дутуу баригдсан амрах байрны барилгыг би өөрөө хариуцан барьж ашиглалтад хүлээлгэж өгнө гэсэн. Ингээд Т.Азамат бүгд 37,559,000 /гучин долоон сая таван зуун тавин есөн мянган/ төгрөгийн санхүүжилтийг авсан. Т.Азамат үүний дараа ч үлдсэн амрах байрны барилгыг дуусгаагүй, санхүүжилт хүрэхгүй байна гэж барилгыг дуусгаагүй. Иймд аймгийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж, Т.Азамат 2015 оны 6 дугаар сарын 25-ныг хүртэл аймгийн Авто тээврийн төвд Цагааннуурын боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгын тайлан гарган өгч, тооцоо хийж асуудлыг дуусгах шийдвэр гаргасан. Т.Азамат уг шийдвэрийг ч биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Т.Азамат үүргээ биелүүлээгүй гэж прокурорт шилжүүлсэн. Сүүлд Т.Азамат барилгын ажлын гүйцэтгэлийн тайлан гарган өгсөн боловч Авто тээврийн газар уг тайлан гүйцэтгэлийг хүлээж аваагүй. Уг барилгын ажлыг мэргэжлийн барилгын инженер хариуцаж бариулах ёстой учир Т.Азаматад шилжүүлсэн. Т.Азамат уг барилгыг өөрийн хөрөнгө мөнгөөр эхэлж барьсан учир өөр хүн үргэлжлүүлэн барих боломжгүй, гүйцэтгэлийн ажилд мөнгө төгрөгийн маргаан гарах болсон. Эхнээс нь хариуцан авч бариулж байгаа хүн зөвхөн Т.Азамат бөгөөд уг барилгын санхүүжилт болох 37,559,000 /гучин долоон сая таван зуун тавин есөн/ төгрөгийг хүлээж авч зарцуулсан. Иймд Цагааннуурын боомтод Авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны барилгуудыг хариуцагч, гүйцэтгэгч Т.Азаматаар бүрэн гүйцэд бариулан ашиглалтад хүлээлгэн өгөх шийдвэр гаргаж өгөхийг эрхэм шүүгчээс хүсье. Дээр дурдсан Зам тээврийн яамнаас 36,607,798 /гучин зургаан сая, зургаан зуун долоон мянга долоон зуун ерэн найман/ төгрөг, аймгийн Тээвэр, авто замын газраас 984000 /есөн зуун наян дөрвөн мянган/ төгрөгийн 959000 /есөн зуун тавин есөн мянган/ төгрөгийг Т.Азамат, 25000 /хорин таван мянган/ төгрөгийг хашааны төсөв хийсэн төсөвчин Б.Ермурат авсан болно. гэжээ.

 

Хариуцагч Т.Азаматын тайлбарт: Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод авто тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчийн ажиллах, амрах байрны барилга байгууламж барих ажлыг анх Жайых ХХК нь 2012 онд барихаар шууд гэрээ байгуулсан боловч уг компани нь тухай үед барьж чадаагүй байсан. Хувиараа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилгын мэргэжлийн инженер Т.Азамат надтай Улаанбаатар хотоос ирсэн Зам тээврийн яамны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар, тус аймгийн тээвэр зохицуулалтын албаны дарга А.Серикболат нар уулзаж уг боомтод баригдах барилга байгууламжийг барьж өгөхийг хүссэн. Ингээд надад тухайн үед Д.Батбаатар болон А.Серикболат нар нь Тээвэр автозамын газрын байцаагчийн ажлын байранд 20,000,000 төгрөг, авто тээврийн ажилтан нарын амрах байранд 39,995,000 төгрөг өгөхөөр болж газар дээр нь тохирсон. Ингээд би хоёр даргын уг саналыг хүлээн авч уг барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2012 оны 11 дүгээр сараас эхлэн барьж амрах байранд 51 хана өрлөг хийсэн. Гэтэл барилгын ажлыг тухайн үед цаг агаарын байдал болон санхүүжилт орж ирээгүй учраас түр зогсоож, улмаар 2013 оны 08 дугаар сард 17,382,900 төгрөгөөр барьж дууссан. Ингээд уг барилгын дотор талд хэрэглэх цахилгаан утас, шохой, хөөс, хулдаас, тээврийн шүрпт, хадаас зэрэг зүйлүүдийг авто тээврийн улсын байцаагч Батханд ажилтан нарын хөдөлмөрийн зохих хэмжээний хөлстэй хамт өгсөн. Улсын байцаагч Батханд нь үлдсэн ажлуудыг хийж гүйцэтгэн ашиглалтад өгсөн бөгөөд одоо ажлын байрыг өнөө хүртэл ашиглаж байгаа. Харин ажилтан нарын амрах байрны санхүүжилт дутуу ирсэн учраас тухайн үед улсын комиссод өгч чадаагүй. Тус амрах байранд шаардлагатай болох хөөсөн блок, цемент, хаалга, нуруу болон банкны эд зүйлийг тэнд хүргэж хадгалж байсан. Ингээд нийт ажлын байранд 17,382,900 төгрөг, хоёр айлын орон сууцанд 13,295,00 төгрөг нийт 30,682,900 төгрөг гарган түр зогсоосон. Тэгээд миний бие захиалагч байгууллагаас тухайн барилга байгууламжийн төсөв Жайых ХХК-ар дамжуулан 30,959,00 төгрөг орж ирсэн. Миний уг ажлын байр болон амрах байранд зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээ нь Жайых ХХК-ар дамжиж орж ирсэн 30.959.000 төгрөгтэй балансалсан. Жайых ХХК-ийн захирал Т.Табигат тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Тунгышбай-д Т.Азамат нь залилан мэхэлж манай компанийн мөнгийг үрэн таран хийж, бодит байдалд барилгыг бариагүй хэмээн асуудлыг шалгаж өгөхийг хүсэж гомдол гаргасан тул тус аймгийн Цагдаагийн газраас уг асуудлыг 2013 оны 09 дүгээр сарын үед газар дээр нь очиж шалгаж үзсэний үндсэн дээр харин Т.Азаматад 9,995,000 төгрөг дутуу өгсөн өг гэж шаардлага тавьсан. Энэ асуудлыг тухайн үед Жайых ХХК-ийн захирал Т.Табигат хүлээн зөвшөөрч намайг хохиролгүй болгоно гэж амлаж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгийг ажилтан нарын цалин хөлсөнд өгсөн. Цаг, агаарын байдлаас болж 2013 онд ажилтан нарын амрах байрыг бүрэн гүйцэд ашиглалтад өгч чадаагүй. Энэ асуудалд санхүүжилт цаг тухайн үед орж ирээгүй буюу он дамжсан учраас /доллар болон юанийн ханш эрс өссөн тул/ уг барилгыг цаашид барих боломжгүй болсон. Түүнчлэн уг барилгын зураг төсөв нь Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтод барих Тээвэр автозамын газрын байцаагчийн ажлын байр болон амрах байрны зураг төсөв зохиогдоогүй санхүүжилт хүрэлцэхгүй учраас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей-д тайлбар болон хүсэлт гаргасан. Энэ асуудлыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Мандат гэх хүн сайн мэдэж байгаа. Жайых ХХК-ний захирал Санырау Кербез овогт Түгелтайн Табигат Азаматаас 37,559,000 төгрөг гаргаж өгнө үү гэж нэхэмжилсэн байна. 2015 оны 5 дугаар сарын 26-нд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээнд өргөдөл гаргагч Т.Табигат нэхэмжилж байгаа 37,559,000 төгрөгөө уригдсан тал Т.Азаматаас нэхэмжлэхгүй байхаар тохирч, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргаж өгнө үү гэж автотээврийн төвөөс хүсэлт ирүүлсэн тул 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус төвийн инженер К.Сейфуллин, ня-бо Ж.Айболат, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Х.Хизатбек нар газар дээр нь дүгнэлт гаргасан. Автотээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарт гүйцэтгэл болон ажлын явцын тайланг өгсөн. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 446 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан Жайых ХХК-ийн захирал Т.Табигат, Т.Азамат нараас Баян-Өлгий аймгийн Цагааннуур Улаанбайшинтын боомтод баригдах авто тээврийн хяналтын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны санхүүжилт нь болох 39,995,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Т.Азамат нь Жайых ХХК-ийн захирал Т.Табигатын хувьд туслан гүйцэтгэгч байна гэж заасан нь хууль үндэслэлгүй байна. Захиалагч тал болох Зам тээврийн яам, гүйцэтгэгч тал болох Жайых ХХК-тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн АТ/2012-07/79 тоот гэрээний ерөнхий нөхцлийн 7-д энэ талаар заасан бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэгч Жайых ХХК нь захиалагч талын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн иргэн Т.Азаматад уг барилгын ажлыг шилжүүлсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Шүүхээс барилгын инженер Т.Азамат болон захиалагч Зам, тээврийн яам хооронд ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй гэсэн мөртлөө Зам тээврийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар, Тээвэр авто замын газрын дарга А.Серикболат нар захиалагчийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий субьект мөн эсэхийг тогтоогоогүй. Шүүхийн шийдвэрт барилгын ажлын гүйцэтгэлийг хангалттай тодорхойлж чадаагүй буюу шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн. Мөн хэргийн материалд авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04-07-035/92 тоот Улсын комиссын акт хуурамч болох тухайд шүүхээс ач холбогдол өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3, 110.4-т заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой бус ерөнхий заалт баримтлан шийдвэрлэсэн нь хэргийг нэг мөр оновчтой шийдвэрлэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Гүйцэтгэгч Жайых ХХК-ийн захирал Т.Табигат, иргэн Т.Азамат нар нь барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн авсан тухайгаа хүлээн зөвшөөрч байхад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болон улсын төсөвт хохирол учруулсан талаар огт дурдаагүй нь хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Жайых ХХК-ийн захирал Т.Табигатын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Энэхүү маргаан нь ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй учир анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал байхгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн Монгол Улсын Зам, тээврийн яамыг шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг нягталж шалгаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т зааснаар нэхэмжлэгчээс Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03/2830 дугаар албан бичгийг нэхэмжлэлд хавсаргажээ. Гэвч, тухайн албан бичгийн хуулбарт Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан тул уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Зам, тээврийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/3050 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвд тус яамны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл бүхий баримт хэрэгт авагджээ. Гэтэл Баян-Өлгий аймгийн Автотээврийн төв нь анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хандсан ба дээрх албан бичгээс үзвэл Баян-Өлгий аймгийн Автотээврийн төв нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед Монгол Улсын Зам, тээврийн яамыг төлөөлөх бүрэн эрхгүй байжээ.

Монгол Улсын Зам, тээврийн яамыг шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурах, маргаан бүхий асуудлаар Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тус яамны нэрийн өмнөөс итгэмжлэл олгох бүрэн эрхтэй эсэхийг шүүх анхаараагүй байна. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5.-д Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө гэж заасан ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.-д заасан яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхээс үзвэл, яамны нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгох асуудал тусгагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс түүнд олгосон итгэмжлэлийг бүрэн эрх бүхий этгээд олгосон эсэх, эсхүл Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 9 дүгээр зүйлийн 9.6.1.3.-т зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаснаар, эрх шилжүүлснээр итгэмжлэл олгогдсон эсэх, итгэмжлэл нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг тодруулж, нягтлах байжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цагааннуурын Улаанбайшинтын боомтод баригдах автотээврийн хяналтын улсын байцаагч болон тээвэр зохицуулагч нарын ажиллах, амрах байрны санхүүжилт болох 39995000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн АТ/2012-07/79 дугаар гэрээг үндэслэжээ. Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээс үзэхэд нэмэмжлэгч дээрх гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаварыг шаардаж байгаа, эсхүл гэрээг цуцалж, түүний үр дагаварыг шийдвэрлүүлэхийг хүсч байгаа, мөн хариуцагч нарын гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэж үзэж, учирсан хохирлыг шаардсан эсэх нь ойлгомжгүй ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаар Жайых ХХК болон Т.Азамат нарыг тодорхойлсон ба тэдгээрт төлбөрийг хэрхэн хариуцуулах талаар нэхэмжлэлдээ дурдаагүй учир энэ талаар тодруулах байжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт, гэрээнээс үүдэлтэй нэг талын шаардлага, гомдлын шаардлага гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэгт Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэж дүгнэлт өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД Н. ТУЯА

С.ӨМИРБЕК