Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 74

 

 

А.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаатар,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 201523000199 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаатар нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, А.Э нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатааж устгаж, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх А.Эг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатааж устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 05 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаатар нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би хүний эд хөрөнгийг устгах санаа зорилго агуулаагүй ба Д.Сын мотоциклийг санамсаргүй гал алдаж шатаасан. Гэтэл намайг “санаатай бусдын эд хөрөнгийг устгасан” гэж буруутгасан. Надад тийм хүмүүжил, санаа бодол, өс хонзон байхгүй бөгөөд хүний эд хөрөнгийг санамсаргүй гэмтээсэндээ гэмшиж, хохирлыг даруйхан барагдуулсан. Эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт хувиараа аж ахуй эрхэлж амьдардаг, зорилго, тэмүүлэлтэй жирийн нэгэн залуу намайг шийтгэхдээ зөвхөн яллах талыг баримталсанд гомдолтой байна. 2015 оны 07 дугаар сарын 11-ний орой 00 цагийн үед 10 жилийн 3 хүүхэд мотоциклтой гурвалчихсан, архи үнэртүүлсэн явж байсан бөгөөд манай хөрш айлын охины утсыг авчихаад өгөхгүй байхаар нь “ингэж болохгүй” гэж хэлснээс өөр зүйлгүй бөгөөд мотоциклийн галыг би өөрөө ус цацаж унтраасан. Гэтэл тэр гурван хүүхдээс гэрчийн мэдүүлэг авч үүгээрээ намайг буруутайг тогтоогдож байна гээд байгаад гайхаж байна” гэжээ.

 

Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Батбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Насанд хүрээгүй гэрчүүдийн зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг үндэслэн А.Эг мотоциклийг санаатай шатаасан гэж Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хэрэг болсон гэх 2015 оны 07 дугаар сарын 11-ний 00 цагийн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу сар гардаггүй шөнө байсан бөгөөд гудамж гэрэлтүүлэгтэй байлаа ч орчны зүйлс сайн харагдаж байсан эсэх нь тодорхойгүй байхад насанд хүрээгүй гэрчийн “гэрэлтүүлгийн шонгийн хажууд тод гэрэлтэй байсан” гэх эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” гэсэн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ түүний мэдүүлэг нь таамаглал төдий шинжтэй байдаг. Анхан шатны шүүх “үзэгдэх орчин ямар байсныг тогтоолгохоор” хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан ба үүний дагуу гэрчээс мэдүүлэг авч, тухайн орчны фото зургийг хэрэгт хийсэн ч өдрийн цагаар /нартайд/ авсан зураг байсан. Тэгэхээр үзэгдэх орчин бодит байдалд ямар байсныг тогтоосон гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. А.Э нь мотоцикл шатаасан нь үнэн боловч санаатай устгаж, гэмтээсэн үү, санамсар болгоомжгүй тамхи татахдаа гал алдаж шатаасан уу гэдгийг тогтооход гэрч С.Эрдэнэ-Очирын мэдүүлэг ач холбогдолтой байсан юм. А.Эгийн тамхи татах гэж байгаад гал алдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг агуулахгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд А.Э хэргийн нөхцөл байдлыг тогтоож чадах гэрчүүдийг байцаалгах хүсэлтийг амаар гаргаж байсан ч хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсгийг зөрчсөн ноцтой алдаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, А.Эд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...А.Э нь санаатайгаар бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн болох нь насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн баримт, орон сууцны бусад оршин суугч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Санаатай, болгоомжгүй үйлдэгдсэн гэдэг байдлаас болж хэрэг олон удаа мөрдөн байцаалтад буцаж шалгагдах болгонд А.Эгийн үйлдэл улам бататгагдаж байсан. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтад заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд сэтгэцийн хувьд шалгуулах ач холбогдолгүй, харин согтуурч мансуурсан үедээ хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ 2015 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Хэнтий аймгийн Бэрх тосгоны төвд Н.Эын “iPhone 5” загварын гар утсыг санаатайгаар эвдэж устгасан, Д.Сын мотоциклийг санаатайгаар галдан шатааж гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, А.Эгийн гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Гэмт этгээдийн сэтгэхүйн дотоод нөхцөл байдлаас хамааран гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг урьдчилан ухамсарласан, түүнээс болж нийгэмд учирч болох хор уршгийг урьдаас мэдсэн, тэр хор уршгийг буй болгохыг хүссэн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Сын мотоциклийг санаатайгаар галдан шатааж гэмтээсэн болох нь “мотоциклийг түрж яваад орцны үүдэнд авчраад бензинийг нь гоожуулж, даавуу бензинд норгоод уг даавуугаа шатаагаад мотоцикл руу шидэж шатаасан” талаарх насанд хүрээгүй гэрч Ч.Энхбаяр /хх-I-23, 136-137/, С.Анхбаяр /хх-I-24, 130-133/, О.Наранбаатар /хх-I-25, 134-135/ нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх ба эдгээр мэдүүлгүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар бэхжүүлж авсан тул хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

 

Иймд “...мотоциклийг болгоомжгүйгээр шатаасан” гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЦЭРЭН

                        

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТ-ЭРДЭНЭ