Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2017/ДШМ/021

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч , Н.Энхжаргал

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******ад холбогдох эрүүгийн 201605000202 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ........... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 9 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар /*******/

******* нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймаг, Баянхонгор сум ....................... тоот хашаанд байх иргэн *******гийн эзэнгүй байсан гэр болон амбаарт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл, зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, эрэгтэй хүний хос пүүз, 30 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад бага бус хэмжээний 2.001.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэж, уг ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар *******ын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “DAYUN” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар *******аас 2.001.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар *******ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрсөн эгчийнхээ амар мэндийг нь эрж 2016 оны 3 дугаар сард золгох гэж очихдоо эгчийн охин *******ын гэрэл зургийн альбомыг үзсэнээс болж гэмт хэрэгт сэжиглэгдэн ял шийтгэл хүлээж байгаадаа үнэхээр их гомдолтой байна. Би ******* эгчийн аймагт байх гэрт 2016 оны 3 сард, мөн айлын ажил явдлаар буюу 2016 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдрийн үед очиж 2 хүүхдээ үлдээчихээд явсан ба сүүлд нь ирж 2 хүүхдээ авсан. Тэрнээс хойш тэднийхээр очоогүй. Би 2016 оны 3 дугаар сард тухайн альбомыг үзсэн, харин 2016 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдөр тухайн альбом ******* эгчийн орон дээр ил байсан бол миний гар хүрэх боломжтой байсан. 2 хүүхдийнхээ хувцасыг тайлахдаа эгчийн орон дээр сууж байгаад тайлж нэг буланд нь түлхээд бөөгнүүлээд гарсан. Мөн талийгаачийн ажил явдлын үеэр хөрөгний зураг олдохгүй байна гээд эрэл, сурал болж байсан ба тухайн үед *******ын альбомыг хэн нэг нь үзээд ил гаргаад тавьсан байж магадгүй учир эдгээр зүйлийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж тодруулах шаардлагатай байна.

Мөн 2016 оны 6 дугаар сарын 14-нд ******* эгч, хүү *******ынхаа хамт аймгийн гэртээ ирсэн байдаг ба хамгийн түрүүнд гэртээ орж, гэрийн хаалга, цоож, гэрийн эд хогшил ямар байдалтай байсныг харсан хүн бол ******* байдаг, *******аас мэдүүлэг аваагүй байдаг. Кримналистикийн шинжээч ******* болон гэрч нар нь нэг гэр бүл бөгөөд эхнэрийнхээ мэдүүлгийг бататгаж мэдүүлэг өгсөн байдаг. ******* эгч боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, гэтэл эгчийн хэлээгүй зүйлийг нь мэдүүлэгт бичсэн хэлсэн зүйлийг нь бичээгүй, бичиг үсэг мэдэхгүй учир хэргийн материалтай танилцаагүй талаараа өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн. Би хууль хяналтын байгууллагыг үнэн зөвийг олж тогтоогоосой гэж хүсэж байна. Төрсөн эгч *******гийн гэрээс миний хурууны хээ гарсан гэх үндэслэлээр намайг яллах чиг үүргийг баримтлан мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдаж, дан ганц яллах чиг үүргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанд үнэхээр их гомдолтой байна. Надад юу дутлаа гэж төрсөн эгчийнхээ гэрээс эд зүйл хулгайлах билээ. Хууль хяналтын байгууллагыг хэрэг олж илрүүлэхдээ чадвартай, хэн нэгэн хүнд хилс хэрэг тохолгүй үнэн мөнийг шударгаар тогтоож, цагааныг нь цагаанд харыг нь хард нь ялгаж чаддаг гэдэгт ард түмэн бид итгэдэг.

Би 2013 онд буруу хүнтэй нөхөрлөж, хулгайн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авсан байсан хэдий ч өөрийн гэм буруугаа ойлгон ухаарч түүнээс хойш намайг уруу татах хэн нэгэнтэй найзалж нөхөрлөхөө больж, хэдэн толгой малаа өсгөж аймаг орон нутагтаа нэрээ гаргах зорилго тээн өдөр шөнөгүй, нойр хоолгүй, өглөө оройгүй, халуунд халж, хүйтэнд хөрж зүтгэж яваа жирийн нэгэн эцэг хүн. Нэр хугарахаар яс хугар гэдэг монголын сайхан зүйр цэцэн үг байдаг ба энэ зүйр цэцэн үгийг би өөрийн амьдралдаа хэвшил болгон явдаг. Би хууль хяналтын байгууллагаар үнэн зөвийг нь олуулж, нэр төрөө цэвэрлэж авмаар байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн болон дутуу хийгдсэн ажиллагааг бүрэн дүүрэн хийлгэж үнэн зөвийг олж өгнө үү гэв.

Ялтан *******ийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийг үйлдээгүй, тухайн цаг хугацаанд Баян-Овоо суманд байх гэртээ эхнэр, хоёр хүүхдийн хамт байсан байдаг. ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 10-4 тоот хашаанд байх төрсөн эгч *******гийн гэрт 2016 оны 3 дугаар сард эхнэр, хоёр хүүхдийн хамт очиж хонохдоо альбом үзсэн талаараа мэдүүлдэг, мөн 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн орчим 2 хүүхдээ үлдээгээд явсан, альбом орон дээр ил байсан бол гар хүрсэн байж магадгүй талаар мэдүүлдэг. Бидний хувьд доорхи хоёр зүйлийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

1. Гарын мөр үүссэн цагаасаа хойш 6 сарын хугацаанд хадгалагдаж үлдсэн байх боломжтой эсэх,

2. Хоёр хүүхдээ *******гийн гэрт үлдээж явахдаа хүүхдийнхээ гадуур хувцасыг нь тайлж орон дээр нэг буланд нь бөөгнүүлж тавьсан гэдэг ба тухайн үед альбом орон дээр ил байсан бол гар хүрсэн байж магадгүй гэж ******* хэлдэг тул тухайн үед *******гийн гэрт байсан гэрийн эзэн *******аас энэ талаар асууж тодруулах шаардлага үүсч байна.

Хохирогч *******гийн гэрт байсан альбомноос илрүүлсэн гарын хээнд шинжээч томилж, кримналистикийн шинжээчийн дүгнэлтээр тус гарын мөр *******ын зүүн гарын ядам хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна гэх дүгнэлт гарсан байдаг. Гарын мөр үүссэн цагаасаа хэдий хугацаанд устаж үгүй болох хугацаа эргэлзээтэй байгаа юм.

Учир нь кримналистикийн шинжээч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ тухайн гарын мөр шинэ бол биш, хуучин бол биш байсан, гарын мөр үүссэн цаг хугацаанаасаа эхлэн хэдий хугацаанд устаж үгүй болдог талаар тодорхой мэдээлэл байхгүй, шинжээч нь ажлын туршлагаараа л хэдий хугацаанд устаж үгүй болохыг мэдэх боломжтой, битүү саванд хүний гар хүрээд байдаггүй, хүйтэн сэрүүн нөхцөлд гарын мөр 1 сар хавьцаа болох байх гэх өөртөө итгэлгүй мэдүүлгийг өгсөн.

Гэрч харьцсан обьектын гадаргуу болон байгалийн хүчин зүйлс, хүйтэн халууны үйлчлэл, анх үүссэн хугацаа зэргээс шалтгаалан мөр устаж үгүй болох хугацаа янз бүр байна, мөр үүсээд гадаргуу дээр 6 сарын хугацаанд байх ямар ч боломж байхгүй. Учир нь мөр анх үүссэн цагаасаа эхлэн устаж үгүй болдог. Тэгэхээр ямар гадаргуу дээр үүссэн, ямар орчинд байсан ч мөр бол бүрэн дүүрэн устаж алга болно. Тусгай лабораторын нөхцөлд зориулалтын дагуу хадгалж байгаа мөр л 6 сарын хугацаанд устаж арилахгүй байх боломжтой гэх мэдүүлгээс харахад бие биеэ үгүйсгэсэн тогтвортой бус мэдүүлэг байдаг.

Хэргийн материалаас харахад 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 13 минутад эхлээд 10 цаг 18 минутад гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан байдаг ба хэрэг учирлын газарт 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 20 минутаас 11 цаг 00 минут хүртэл хугацаанд үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Үүнээс харахад цаг хугацаа нь бодит бус харагдаж байна.

Кримналистикийн шинжээч *******ын нөхөр болох Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч хохирогч *******гийн гэрт байх альбомноос гарын хээг илрүүлсэн байдаг ба тус гарын хээнд түүний эхнэр кримналистикийн шинжээч ******* дүгнэлт гаргасан, мөн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шинжээч *******ыг байцаасан тэмдэглэл, гэрч ыг байцаасан тэмдэглэл байдаг. Үүнээс үзэхэд шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн нь харагдаж байна.

*******ын хурууны хээ олдсон альбом нь *******ын альбом байсан гэдэг, мөн *******ыг *******гийн гэрт 2016 он гарсанаас хойш хэдэн удаа ирсэн, альбом үзэж байсан эсэхийг мэдэх гол гэрч байдаг. , ******* хоёр нь гэр бүл болоогүй, нэг гэрт ороогүй бөгөөд нь хохирогч *******гийн гэрийн эд зүйлийн талаар нарийн зүйлийг сайн мэдэхгүй, *******ыг сэжигтнээр тооцсоноос хойш *******ыг гэрчээр байцаагаагүй, мөн хулгай орсон гэрт хамгийн түрүүнд ирсэн хүн байдаг боловч хулгай орсон гэдгийг мэдээгүй ба түүнийг хөдөө гэрээдээ авч явах гэж ирсэн түүний төрсөн ах ******* гэрт нь хулгай орсон талаар анх мэдсэн хүн байдаг ба ээждээ хэлж ээж нь дуудлага өгсөн байдаг. Гэтэл *******аас гэрчийн мэдүүлэг огт аваагүй байдаг.

Мөн хохирогч өмнөх шүүх хуралдаанд бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй уншиж бичиж чадахгүй талаараа мэдүүлдэг ба өөрийн хэлээгүй зүйлийг мэдүүлэгт нь бичсэн талаар мэдүүлдэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино. Гэтэл хавтаст хэргээс харахад *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байгаа ба альбомноос илрүүлсэн гарын мөр *******ынх гэж байгаа боловч тус гарын мөр нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байна. Гарын мөрний илрүүлсэн эрүүгийн хэргүүдээс судалгаа хийж үзэхэд гарын мөр нь 1 жил хүртэл хугацаанд хадгалагдах боломжтой байдаг ба туршлагатай кримналистикийн шинжээч, эрдэмдэт, судлаачдын судалгаа, ном зэргээс үзэхэд гарын мөр ямар нөхцөлд байхаас үл хамааран 1 жил хүртэл хугацаанд хадгалагддаг байна.

Хэрэв хэн нэгэн хүнд ял шийтгэл оногдуулах бол гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байх естой бөгөөд ямар ч эргэлзээгүй байх ёстой. Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэргийг зөрчсөн байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтан *******ийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын шатанд *******ыг уг хэргийг үйлдсэн гэдгийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, мөн түүний эхнэр хохирогчийн гэрээс алдагдсан гэх дээлний талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хэдий ч үүнийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байгаа. Уг татгалзсан гэх тогтоолд гомдол гаргах хэргийн оролцогчийн эрх нээлттэй байгаа тул энэ хэргийн хувьд шалгавал зохих бүхий л ажиллагаа хийгдээгүй байгаа гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үнэн зөвийг олж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийг зүйлчлэл зөв тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

******* нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймаг, Баянхонгор сум 6 дугаар баг, 10 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх иргэн *******гийн эзэнгүй байсан гэр болон амбаарт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл, зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, эрэгтэй хүний хос пүүз, 30 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2.001.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ******* “...манай гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай байхаар нь гэрт орж үзтэл авдарны цоожийг эвдээд дотор нь байсан хувцас, эд зүйлүүдийг гаргаж газарт хаясан байсан, тэгээд би гэр дотор байсан эд зүйлүүдээ бүртгэж үзтэл манай хоёр охины хурган дээл, зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, орон доогуур байсан эрэгтэй хүний хос пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байсан..., ...манай гэрт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний хооронд хулгай орсон...” /хх-ийн 1-р хавтас 20-25-р тал/,

гэрч Д.Наранмандах “...Би 2016 оны 6 дугаар сарын 13-ны өглөө өөрийн нөхөр ийн хамт хөдөө гэрээсээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-10-04 тоот хашаанд байх гэртээ 10 цагийн орчимд ирээд үдээс өмнө гадуур ажил хөөцөлдөж байгаад буцсан. Ямар ч байсан 14 цаг гэхэд хөдөө гэртээ очсон. Нөхөр бид хоёрыг явахад манай гэрийн цоож цуурга зүгээр хулгай ороогүй байсан. Маргааш нь манай ээж ******* дүү н.Авидын хамт аймгийн төвд байх гэр рүү явсан. н.Авид 16 цагийн орчимд хөдөө очсон ба тэгэхдээ манай гэрт хулгай орсон байна, эд зүйлүүд алдагдсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 26-28-р тал/,

“...намайг шөнө ирэхэд гэрийн цоож эвдэрсэн, зүүлттэй байсан. Би тэгээд тухайн үед нэг их зүйл бодоогүй ба ээж өглөө нь ирээд гэрт хулгай орсон талаар мэдсэн. Би 2016 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн гаднах цоожийг хөшиж эвдээд цүүнд буцаагаад зүүчихсэн байсан. Гэрт ороход авдрын таг эвдэрсэн, эгчийн хувцас хийсэн цүнх байхгүй дотор нь байсан хувцасыг гаргаад хаячихсан байсан. Би ороод унтаад өгсөн. Амбаараас эд зүйл алдагдсан эсэхийг би мэдэхгүй. Үүнийг манай ээж л мэднэ...” / хх-ийн 1-р хавтас 29-30-р тал, 170-171-р тал/,

“...манай нөхөр ******* нь 2016 оны 6 дугаар сарын 12, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдийн аль нэгэнд нь аймгийн төв орж ирээд буцсан...” /хх-ийн 1-р хавтас 31-32-р тал/,

“...мөр үүсээд гадаргуу дээр 6 сарын хугацаанд байх ямар ч боломж байхгүй, учир нь мөр анх үүссэн цагаасаа эхлэн устаж үгүй болж байдаг, хүлээн авч байгаа гадаргуун шинж чанараас хамаараад тос, хөлс нь хатаж үгүй болдог. Тэгэхээр ямар гадаргуу дээр үүссэн, ямар ч орчинд байсан мөр бол бүрэн дүүрэн устаж алга болно. Тусгай лабораторын нөхцөлд зориулалтын дагуу хадгалж байгаа мөр л 6 сарын хугацаанд устаж арилахгүй байх боломжтой...” /хх-ийн 1-р хавтас 181-183-р тал/ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 1-р хавтас 36-37, 190-191-р тал/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаар криминалистикийн шинжээчийн “...1 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ, 2016-040-БНХ-1 дугаартай гарын мөр нь нэгдсэн санд МN003810001137, МN003810005004, МN003810001382 гэсэн дугааруудаар гурван удаагийн бүртгэлтэй ******* овогтой *******ын зүүн гарын ядам хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 40-45-р тал/,

Шинжээч *******ын “...зургийн цомог дээрээс авч №01 дугаарласан гарын мөр нь папиляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдэгүүд хангалттай тод дүрслэгдсэн, цаашид папилон системд кодлогдон хайлт хийх боломжтой мөр байсан. Уг мөрийг системд 2016-039-БНХ гэсэн кодоор оруулж хайлт явуулахад мөр, мөр дардас гэсэн хэлбэрүүдээр хайлт хийсэн. Хайлтын үр дүнд нэгдсэн санд М1М003810001137, ММ003810005004, ММ003810001382 гэсэн дугааруудаар гурван удаагийн санд дардас өгч бүртгэгдсэн ******* овогтой *******ын зүүн гарын ядам хурууны дардастай ерөнхий шинж тэмдэг болох гогцоо хээ, хувийн онцлог шинж тэмдэг болох папиляр шугамын салаалалт, салаалт, салаалт, папиляр нийлэлт, нийлэлт, нийлэлт папиляр шугамын эхлэл, папиляр шугамын нийлэлт, нийлэлт, нийлэлт зэргээр тохирсон байсан. Энэ нь *******ын зүүн гарын ядам хурууны хээгээр үүсгэгдсэн мөр байсан..., ...ер нь бол мөр анх үүссэн цагаасаа хойш устаж эхэлдэг тэгэхээр *******ын гарын мөр нь 5 сарын хугацаанд хаталт явагдаж физикийн аргаар мөрийг илрүүлэх боломжгүй болно, мөр нь өөрөө хүний хөлс, тосны ялгарлаар үүсдэг тийм учраас дээрх мөр нь хугацааны хувьд боломжгүй ба сүүлд үүссэн мөр байна..., ...урьд нь гарын мөрөөр олон хулгайн гэмт хэргүүд илэрч байсан. Папилон сан дээр алдаа гарч байсан тохиолдол гарч байгаагүй ба харьцуулагдан тохирч гарч ирсэн мөрөн дээр шинжээч нь өөрийн мэдлэгийн хүрээнд давхар харьцуулалт хийдэг..., /хх-ийн 1-р хавтас 96-98-р тал/ талаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 4-8-р тал/ зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, *******ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр гаргасан ялтан ******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн

315.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

                       В.ЦЭЦЭНБИЛЭГ