Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00032

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00826 дугаар шийдвэр,                                                       

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1825 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Л.Б

           Хариуцагч: Г.Бт холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 24.423.527 төгрөг гаргуулах тухай,

           Сөрөг нэхэмжлэл:  68.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагч Г.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015-07-27-ны өдөр Г.Бын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 1-40 мянгат, 3 дугаар байр, 14 тоот үл хөдлөх хөрөнгийг 2015-08-20-ны өдрөөс 2018-08- 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед 2 сарын түрээсийн урьдчилгаа 7сая төгрөг, барьцаа 9 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн. Гэрээнд үүнийг бичиж мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй. Гэрээг Г.Бын  үйлчлүүлдэг гэх Баянгол дүүргийн нотариатын газар очиж хийсэн. Гэтэл гэрээнд барьцаа мөнгийг буцаах, түрээслэгч гэрээг цуцлах зэрэг нөхцөлийг дурдаагүй, түрээслэн авах хүний эрхийг хангасан заалтгүй байна. Анх гэрээ байгуулахад байрыг аль болох удаан түрээсэлж, зардлаа нөхөж авна гэж бодсон. Гэтэл цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, гэрээг цуцлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Уг байр нь хоолны газрын зориулалттай байсан бөгөөд би гоо сайхны зориулалтаар түрээслэх зорилготойгоо хэлэхэд зөвшөөрч, эд хогшлыг суллаж өгсөн.Би өөрийн хөрөнгөөр засан тохижуулсан. Засварыг хийхдээ би аль болох их биш хөрөнгөөр өнгө, зүсийг засан сайжруулна гэж хэлсэн. Түрээсийн байрны хана, шал, гал тогооны хэсэг нь бохир, цахилгаан нь аюултай, олон салаалсан байсныг хүн хөлслөн,засварлан үйлчилгээ явуулахад тохируулсан. Засварын зардал, материалын зардалд 2 сая төгрөг, засварын ажлын хөлсөнд 5сая төгрөг, нийт 7 сая төгрөг гарсан. Засварын ажлыг 2015-07-27-ны өдөр түлхүүр авсны дараа 2015-07-30-ны өдрөөс  8-28 -ны өдөр хүртэл хийсэн. Ингээд засвар хийж орсноос хойш уг байр үйлчилгээ явуулахад тохиромжгүй, дулаан өдрүүдэд халуун ,хангалттай сэрүүцэхгүй байсан.  10 сарын эхэн үеэс эхлэн орой 5 цагаас хойш цонхоор нар тусахгүй болоход  хүйтэн болж эхэлсэн. Манай ажилтан энэ талаар хариуцагчид хэлсэн боловч ямар нэг хариу хэлээгүй. Паар нь муу халж, цонхноос салхилдаг учир үйлчлүүлэгч нар гомдол гарган, үйлчилгээ муудсан болно. Мөн  төлбөрүүд нь ойлгомжгүй, цахилгаан өөр байгууллагатай хамт төлөгддөг байж болзошгүй, ус, дулааны төлбөр тусдаа эсэх нь ойлгомжгүй,  энэ талаар тодорхой хариу хэлддэггүй, асуухаар уурладаг байсан.  Иймэрхүү байдал  засагдахгүй нь ойлгомжтой байсан тул 2015-11-02-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлээ утсаар хэлсэн. Үйлчилгээний эд зүйлсээ 2015-11-08-ны өдөр нүүлгэсэн. Мөн хүсэлтээ бичгээр үйлдэж өөртэй нь уулзах боломжгүй болсон тул түрээсэлж байсан байрыг орхиж, түлхүүрийг нь өөрийнх нь зөвшөөрсний дагуу уг байрны доод талын түрээслэгчид өгсөн. 11 сарын түрээсийн төлбөрөө барьцааны мөнгө болох 9сая төгрөгөөс суутгуулан, үлдсэн мөнгийг эргүүлэн авах талаар санал тавьсан боловч хүлээн аваагүй. Өөрөөс нь ямар саналтай байгаа талаар асуухад ямар нэг санал хэлээгүй.  Иймд  2015-07-27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа 9сая төгрөг гаргуулах, түрээсийн 2 сарын төлбөр 7 сая төгрөг, уг байранд засвар хийлгэсэн ажлын хөлс 5 сая төгрөг, барилгын материалын үнэ 3 010 540 төгрөг, 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын ус, дулааны 130 635 төгрөг, хогны мөнгө 108 000 төгрөг, 9, 10 дугаар сарын цахилгааны төлбөр 174 352 төгрөг, нийт 24 423 527 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд  гаргасан тайлбарт: 2015-07-27-ны өдөр байгуулагдсан гэрээнээс татгалзах, хүндэтгэн үзэх ноцтой шалтгаан нэхэмжлэгчид байхгүй байхад гэрээг дураараа үгүйсгэж, цуцлахыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан байрны зориулалтыг өөрчилж дотор нь байсан тоног төхөөрөмж, түүнд зориулж хийсэн интерьер заслыг үнэгүйдүүлж, 3 жилийн гэрээ байгуулсан боловч гэнэт өөрийн санаачлагаар гэрээг цуцалж байгаа нь нэхэмжлэл үндэслэлгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Би өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 3-14 тоотод байрлах “Хот Пот” рестораныг Л.Бд 3 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтыг нь өөрчлөн түрээслэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу эхний 1 сард үйлчилгээний зориулалтыг өөрчлөх засварын ажил хийгдэх учраас түрээсийн төлбөр тооцолгүйгээр уг байрыг хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний дагуу 8, 9 сарын төлбөрийг урьдчилан төлсөн ба эд хөрөнгийн түрээсийн гэрээний барьцаа болгож 9 сая төгрөгийг авсан. 2015-10-20 -ны өдөр түрээс болох 3,5сая төгрөг төлөх байсан ч төлөөгүй.  Л.Б нь 3 жилийн гэрээ хийх замаар үйл ажиллагаа хэвийн явуулж байсан рестораныг минь татан буулгаж  зориулалтыг өөрчлөн доторх төхөөрөмжүүд мөн дагалдах хэрэгслүүд зэргийг/ халуун тогооны плитка суурилуулсан ширээ, сандал, буйдан, тек, ундаа, пивоны зориулалттай хөргөгч, мах, банш, ногоо хадгалах хөргөгч, нержин ширээ, тавиур рестораны зориулалттай аяга, таваг, хоол хийх зориулалттай олон төрлийн сав суулга, пиво, архи, ундааны шилэн эдлэл/ үнэгүйдэж дахин ашиглах боломжгүй болгож, нийт 20сая төгрөгийн төхөөрөмж хадгалах боломжгүйн улмаас 2,5 сая төгрөгөөр худалдсан. Мөн гадна, дотно талын заслыг  хамгийн хямд материал ашиглан өөрчилсөн. Үүний улмаас 17 500 000 төгрөгийн хохирол хүлээсэн. 2015-07-20 -ны өдрөөс 8 -20 -ны өдрийг хүртэл 1 сарын түрээсийг аваагүй, 10-20-ны өдрөөс 12-20 -ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 10,5 сая төгрөг төлөөгүйгээс хохирол хүлээсэн. Мөн 2015-11-05-ны өдөр уг түрээсэлж байсан байраа  хүлээлгэж өгөөгүй. Обьектийг зориулалтын дагуу ашиглахын тулд их хэмжээний мөнгө гаргаж зураг төсөл шинээр гаргуулан засвар хийсэн. Үүнээс гадна уг үйлчилгээний зориулалтыг өмнөх байдалд сэргээхийн тулд 3 сарын хугацаа зарцуулсан. Хэрвээ зориулалтыг нь өөрчлөөгүй байсан бол үргэлжлүүлэн түрээслэн 10 500 000 төгрөгийн ашиг олох байсан боловч үүнийг нэмж нэхэмжлээгүй. Дээрх зардлуудыг нэхэмжлэх эрхтэй боловч Л.Бгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлээгүй. Би уг объектыг түрээслэхээс өмнөх байдалд буцаан шилжүүлэхийн тулд өөрөөсөө 120сая төгрөг гарган засвар хийсэн. Өнөөдрийн байдлаар энэ засвар хийхэд орсон зардлын нэг хэсэг болох 40 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Иймд тоног төхөөрөмж хямд зарснаас учирсан хохиролд 17 500 000 төгрөг, олох ёстой орлогод 10 500 000 төгрөг, засварын зардал 40 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөгийг Л.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Талууд харилцан тохиролцож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр болж, урьдчилгаанд 1 сая төгрөг шилжүүлсэн. Уг байрны доголдлын талаар Г.Бт хэлсэн ч арга хэмжээ аваагүй.  Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00826 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Г.Баас 5 086 713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 19 336 814 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 465 150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 655 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 14-ний өдрийн 1825 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 493 дугаар зүйлийн 493.6” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Бд холбогдох 68 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагч Г.Б хяналтын гомдолдоо: Шүүх 2015.07.27-ны өдрийн гэрээг ИХ-ийн 318.3, 318.4-р хүчин төгөлдөр гэж дүгнэсэн ч гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь буруу байна гэж үзсэн. Байгалмаа нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн буруутай байдал тогтоогдоогүй байна гэсэн нь буруу. Учир нь Иргэний хуулийн 40.1, 40.2-г буруу тайлбарласан. Нэхэмжлэгч гэрээ байгуулахдаа гурван жилийн хугацаатай байгуулж, эд хөрөнгийг өөрчлөх засвар үйлчилгээний барьцаанд 9 сая төгрөгийг барьцаалсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 493.7-д “...талууд харилцан бие биенээс мөнгө нэхэмжлэх эрхгүй...” гэсэн мөртлөө нэхэмжлэгчийг хариуцагчаас барьцааны эд зүйлсийн үнэ болох 5 086 713 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн буруу байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.4-р шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Л.Б 2015-11-24-ний өдөр Г.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015-07-27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 1-р 40.000-н 3-р байр, 14 тоотыг түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээний барьцаа 9 сая төгрөг гаргуулах /хх 1-н 1-2 /-г шаардсан бөгөөд 2016-02-19-ний өдөр шаардлагаа нэмэгдүүлж /хх 1- 33/ түрээсийн 2 сарын төлбөр 7 сая төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 5 сая төгрөг, материалын үнэ 3.010.540 төгрөг, 2015 оны 8-10-р саруудын ус, дулаан 130.635 төгрөг,  2015 оны 9, 10-р сарын цахилгааны мөнгө 174.352 төгрөг, 2015 оны 8-10-р сарын хогны мөнгө 108.000 төгрөг нийт 15.423.527 төгрөг бүгд 24.423.527 төгрөг нэхэмжилжээ.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 1-ийн 13/ 2016-01-25-ны өдөр сөрөг нэхэмжлэл гарган /хх 22/ нэхэмжлэгчээс “...байрны зориулалтыг өөрчилсөнөөс тоног төхөөрөмжийн алдагдалд 17.5 сая төгрөг, 2015-07-20-с 2017-08-20-ны өдөр хүртэл 3.5 сая төгрөг, 2015-10-20-с 2015-12-20 хүртэл 7 сая төгрөг нийт 10.5 сая төгрөг, бүгд 28 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 2017-01-26-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж /хх 1-ийн 230/ түрээсийн байрыг эргэн засварлахад 120 сая төгрөг зарцуулснаас 40 сая төгрөгийг нэмж бүгд 68 сая төгрөг гаргуулахыг шаардсан байна. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ. /хх 1-ийн 32,150/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2 сарын түрээсийн төлбөр 7 сая төгрөг, барьцаанд өгсөн 9 сая төгрөг нийт 16 сая төгрөг өгснөөс 3 сарын төлбөр 10.5 сая төгрөг, ашиглалтын зардал 413.287 төгрөг хасаж, үлдэх 5.086.713 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн бусад хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

      Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 3 дугаар байрны 14 тоот 80.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гоо сайханы газар ажиллуулах зориулалтаар 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай ашиглуулах, нөгөө талаас нэг сард 3 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэлцэл хийсэн боловч уг гэрээ хүчин төгөлдөр бус байна, энэ тухай хоёр шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийсэн дүгнэлт хийжээ. 

       Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        Нэхэмжлэгч нь эхний 2 сарын төлбөрт 7 сая төгрөг, барьцааны төлбөрт 9 000 000 төгрөг бэлнээр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд энэ мөнгөнөөс түрээслэгч хүлээх үүргийг тооцон хасаж, үлдэх мөнгийг гаргуулсныг буруутгах нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.  

        Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Л.Б байрыг өөрийн эзэмшилдээ байлгахдаа хариуцагчийн зөвшөөрлөөр эд хөрөнгөд засвар хийсэн, хариуцагч өөрийн эд хөрөнгийг засан сайжруулсан мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

      1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1825 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 96.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ