Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1133

 

 

 

 

 

 

 

 

    2019         7          22                                  2019/ШЦТ/1133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батболдын Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01020 1244 дүгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Д

 

 

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 65 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд иргэн Г.Отгонцэцэгийн эзэмшлийн Самсунг эс-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                       

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01020 1244 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.Отгонцэцэгийн эзэмшлийн Самсунг эс-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой 00 цагийн үед өөрийн найз залуу болох Дүгэрийн гэр буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 85 дугаар байранд очсон. Тэгээд яг гэр рүү нь орох гээд 85 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд зогсож байтал нэг үл таних залуу миний баруун гар талд ирж зогссон. Би орцны хаалганы кодыг мэдэхгүй байсан болохоор найз залуу руугаа утасдаж асуусан. Тэгээд яг ярьж дуусаад салгатал тухайн залуу нь миний баруун гарт байсан Самсунг Эс-8 маркийн гар утсыг булаасан. Тэр үед миний гар утас газар унасан. Тэгэхээр нь би гар утсаа авах гээд тонгойгоод автал тэр залуу бас авч таарсан. Тэгээд би гар утсаа барьсан байсан болохоор намайг түлхээд зугтаагаад явсан. Тухайн өдөр харанхуй, бас байрны орцны үүдэнд гэрэлтүүлэг байгаагүй болохоор царайг болон хувцасыг нь сайн харж чадаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Хонгорын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 02 дугаар сарын сүүлээр фэйсбүүкийн гар утасны хар зах гэсэн зарын групп дээрээс ямар ч асуудалгүй цэвэрхэн Самсунг Эс-8 маркийн 64Gb гар утас 450.000 төгрөгөөр зарна гэсэн байсан зарын дагуу утсаар холбогдоод гар утсыг авъя гэж хэлсэн. Тухайн үед ямар дугаар ямар фэйсбүүк байсныг нь санахгүй байсан. Тэгээд утсаар ярихад Сансарын түннел дээр уулзая гэж хэлсэн. Тэгээд би очиж байтал Сансарт байдаг нэрийг нь санахгүй байна нэг ломбарданд сууж байя, хүрээд ир гэсэн. Тэгээд би тэнд очоод байж байтал надад гар утас зарах гээд байгаа залуу нь гарч ирээд чи мөн үү гэж хэлээд намайг өөр нэг ломбарданд оруулсан. Тэр ломбарданд нэг ах нь байгаа гэж байсан. Тэгээд ломбард дотор ороод гар утсаа би шалгаад тэр ах нь цэнэглэж шалгаж өгч байсан. Тэгээд би утсаа авахаар болоод мөнгө нь буюу 440.000 төгрөгийг өөрийн 5756062563 дугаарын данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Ямар дансруу шилжүүлсэн талаар бол санахгүй байна. Би дансны хуулгаа гаргаж өгнө. Тэгээд би Самсунг эс-8 маркийн хар өнгийн гар утсаа авсан. Тухайн үед гар утасны бүх зүйлийг нь устгаад авсан. Тэр үед Имей код нь гадна тагтайгаа зөрж байсан ба би асуухад таг нь хагарахаар нь би өөр таг хийсэн гэж хэлж байсан. Тэгээд би тэр гар утсыг авсан. Гар утсыг аваад гурван долоо хоногийн дараа тухайн гар утсыг зарахаар фэйсбүүкээр гар утасны хар зах гэсэн групп дээр зар тавиад нэг эгчид 350.000 төгрөгөөр зарсан. Тухайн эгчтэй одоо 88899688 гэсэн дугаараар холбогдож болно. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөө миний утас зарсан эгч 88899688 дугаараас надруу залгаад чиний гар утас чинь гэмт хэргийн замаар олж авсан гар утас байна гэж хэлсэн. Би гар утас зарсан хүнээ хаанаа байгаа талаар мэдэхгүй, өнөөдөр л гэнэт надруу залгасан гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

Гэрч А.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Б.Д миний найз залуу байгаа юм. 2018 оны 12 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа. Үерхээд 8 cap болж байна. 2019 оны 02 дугаар сард Д нь 88525024 дугаарыг барьж байсан. Тэр үед Д нь Самсунг эс-8 маркийн гар утас барьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

 

Гэрч Ч.Буяндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: 

5429372807 дугаарын дансыг би 2017 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр миний данс руу 440.000 төгрөг орсон байна. Миний танил дүү утас зараад миний данс руу мөнгийг нь хийлгэж би бэлнээр өгсөн байж магадгүй гэх мэдүүлэг /хх-ийн 90 тал/,

 

“Дамно” ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн БЗ2-19-278 дугаартай:

Самсунг Эс-8 маркийн хар өнгийн гар утас 750.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 тал/,

 

Шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн өдөр Нарантуул зах дээр ачигч хийж байсан. Тэгээд орой 20 цагийн үед Сансрын “Моника” гэх бааранд ганцаараа орсон. Тэгээд 23 цагийн үед байх Жуковын хойд талаас нэг эмэгтэй утсаараа оролдоод байсан. Тэгэхээр нь би булааж зугтаад гэр рүүгээ кино үйлдвэрийн тийшээ гүйсэн. Тэгээд шууд гэртээ орсон. Миний булаасан утас Самсунг эс-8 маркийн хар өнгөтэй, арын таг нь булан хэсэгтээ жижиг хагарсан байсан. Өөр содон шинжийг ажиглаагүй. Би маш ихээр гэм буруутайгаа ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/, 

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6 тал/,

-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 41-42 тал/,

-“ЮНИТЕЛ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан 05-01/2921 дугаартай албан тоотын хариу /хх-ийн 43 тал/,

-Ч.Буяндэмбэрэл, О.Хонгор нарын эзэмшлийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 88-89 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар захирамж, хохирогч Г.Отгонцэцэгийн хүсэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Дийн иргэн Г.Отгонцэцэгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Отгонцэцэг нь “750.000 төгрөг бэлнээр төлж хохирол барагдуулсан, цаашид гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй болохыг мэдэгдэж байна” гэх хүсэлтийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Дд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохиролыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн хэргийн талаарх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай захирамжаар 10 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэж суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.

Уг тэнсэж хяналт тогтоосон хугацаа 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дуусахаар байх ба шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах зохицуулалттай учир шүүгдэгчид урьд шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 13 хоногийн хугацаагар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг 1 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэрэглэж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ