| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/03749/И |
| Дугаар | 210/МА2025/00699 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00699
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Икспел Монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Ажил гүйцэтгэсний төлбөрт 8,415,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
3,899,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
Хариуцагч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр G500 маркийн ******* улсын дугаартай автомашиндаа гадуур хамгаалалтын хальс наалгасан 7,700,000 төгрөг, цонхны тень наалгасан 165,000 төгрөг, салхины шилийг чулуунаас хамгаалдаг хамгаалалт наалгасан 550,000 төгрөг, нийт 8,415,000 төгрөгийн үйлчилгээг манай компаниас авсан. Уг үйлчилгээг хийлгэж 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр автомашинаа хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй.
Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэсний төлбөрт нийт 8,415,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Би Mercedes benz G500 цоо шинэ автомашинд 2022 оны 08 дугаар сарын 15-18-ны хооронд Наран плазад байрлах хуулганы газраар ХРЕL нэрийн хуулга наалгасан. Хуулга наах 3 хоногийн явцад ажилчид зорчигч талын хаалганы Mercedes benz бичигтэй гэрэл асдаг төмөр гишгүүрийг гэмтээсэн. Тус гишгүүр үйлдвэрийн хамгаалалтын хуулгатай байсан бөгөөд түүнийг зориудаар хуулан гишгүүрийг нийтэд нь зулгалсан байсан. Машинаа хүлээн авах үедээ миний эхнэр энэ тухай анзаарч хэлэхэд анхнаасаа ийм машин авчирсан гэж 4 ажилтан хэлсэн. Бусад зүйлсээ шалгаж, улсын дугаараа боолгож, нөөц дугуйны таг хийлгэх зэрэг дутуу ажлуудыг нь хийлгэх явцад менежер нь манай 1 ажилтан гэмтээжээ, хуулгыг хуулж авсан, гэрийн шаахайгаараа гишгэсэн талаар хэлсэн. Нэгэнт гэмтээсэн шинээр солиод өгчих гэхэд менежер нь зөвшөөрч манай машины албан ёсны дистрибютор МSM компаниас асууж лавлаад аваад эргээд холбогдоно гэсэн.
2.2. Би *******той 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 99118500 утсаар холбогдон харилцан тохиролцож автомашины гадна хуулга, дотор урд салон хэсгийн хуулга, гадна урд салхины шилний хуулга, урд 2 цонхны тень зэргийг нийт 7,000,000 төгрөгөөр НӨАТ-гүй үнээр наалгасан. Нэхэмжлэлд бүх тооцоог задалж, НӨАТ нэмж өндөр үнэтэй болгож харагдуулсан. Үнэлгээ хэсэгт 7,000,000 төгрөг, хийгдэх ажил хэсэгт xpel, Tint 15 хувь, Вгау гэж маш тодорхой бичсэн. Би ******* ХХК нэртэй компанитай гэрээ байгуулж үйлчилгээ аваагүй.
Иймд төлбөл зохих төлбөр 7,000,000 төгрөгөөс гэмтээсэн эд ангийн төлбөр болох 3,351,481 төгрөгийг хасч, үлдэх 3,648,519 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
Би шинэ 2022 оны Mercedes benz G500 маркийн автомашинд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хамгаалалтын хуулга наах ажил үйлчилгээ гүйцэтгэх явцад Mercedes benz нэрийн гэрэл асдаг металл гишгүүрийн үйлдвэрийн хамгаалалтын хуулгыг санаатайгаар хуулан авч улмаар гэмтээсэн. ******* нь өнөөдрийг хүртэл уг хохирлыг төлж барагдуулахгүй байгаа тул автомашины эд ангид хохирол учруулсны төлбөр болох 3,899,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Сөрөг нэхэмжлэлд дурдсан автомашины гишгүүрийг зурж гэмтээсэн үйл баримтад маргахгүй. Уг гишгүүрийг заавал шинээр солих шаардлагагүй бөгөөд шинэ гишгүүрийн үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******ас 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, 1,415,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас 3,899,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,590 төгрөг, хариуцагчаас төлсөн 77,335 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 77,335 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. ******* ХХК-ийн өндөр зэрэглэлийн хуулга суурилуулах үнийн санал, ******* ХХК-ийн 21/2003 дугаартай үнийн санал, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №0000569 дугаартай автомашин хүлээлцэх актыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс №0000569 дугаартай автомашин хүлээлцэх актад тусгагдсан (7,0) гэх тэмдэглэгээг 7,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон байна гэж үзсэн. Гэвч автомашин хүлээлцэх актын үндсэн агуулга бол тухайн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх үеийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох учиртай болохоос компанийн тамга тэмдэгтэй үнийн саналыг орлох хэмжээний зориулалттай баримт биш. Мөн талуудын хооронд маргаан гарсан тул хөнгөлөлттэй үнээр бус үндсэн үнээрээ тооцсон гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэсэн тухайгаа тодорхойлоогүйгээс хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй дүгнэсэн.
Анхан шатны шүүхээс харилцан тохиролцсон боловч маргаан үүсгэсэн нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж дүгнэхдээ 7,000,000 төгрөгийн ажлын хөлсийг тохиролцсон гэрээ хэрхэн байгуулагдсан, 7,000,000 төгрөгөөр ажлын хөлсийг тохиролцсон тухай хэрэгт авагдсан аль баримтыг яагаад үнэлсэн тухай тайлбарлаагүй, үндэслээгүй. Тодруулбал, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй атлаа үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухайгаа тайлбарлаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт бичигдээгүй. Мөн ажлын хөлсийг харилцан тохиролцсон гэх боловч энэ тухай ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй атлаа компанийн зүгээс гаргаж өгсөн үнийн санал бүхий баримтыг маргаан үүсгэсэн учир гэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн, захиалагчийн үндсэн үүрэг ажлын үр дүнг бүтээж буй үйл ажиллагаанд тохиролцсон хөлсийг төлөх ёстой. Хэрэв талууд ажлын хөлсийг гэрээнд тусгаагүй нөхцөлд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийг баримтлан тогтоох боломжтой байхад гүйцэтгэсэн ажлын шинж, уг ажлыг салбарын үнэлгээний жагсаалт, зах зээлийн ханшийг баримтлан тогтоож болно гэх хэсгийг баримтлан хэрэглээгүй.
6.2. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн тээврийн хэрэгсэлд хуулга наах явцад гишгүүрийг зурж гэмтээсэн үйл баримтыг үгүйсгээгүй, харин зурагдсан гишгүүрийн хохирлын үнэлгээг зөвшөөрөх боломжгүй байдаг. Учир нь ******* ХХК-ийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн нэхэмжлэх буюу үнийн саналд 3,726,600 төгрөгөөр тусгасан байхад ******* ХХК 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 541 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 3,676,000 төгрөг байхаар тогтоосон. Гэтэл ******* ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан гаргахдаа холбогдох дараах журам, аргачлалыг хэрэгжүүлээгүй байна. Үүнд: хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журмын 3.5-д Хөрөнгийи үнэлгээний тайлангаар тодорхойлсон үнэ цэнийг хэрэглэх, хязгаарлах нөхцөл, хийсэн төсөөлөл нь үндэслэлтэй байна, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 1.2.1-д зах зээлийн үнэ цэнийн суурь, 1.2.2-т бодит үнэ цэнийн суурь, 2.1.4-т шаардлагатай мэдээллийг цуглуулж, судалгаа хийх, 2.2.3-т зах зээлийн үнийн мэдээлэл, 2.4.4-т насжилт (хуанлийн, үр ашигт, биет ашиглалтын нас, эдийн засгийн нас, цаашид ашиглах хугацаа/үлдэх нас) зэргийг зөрчиж үнэлгээг гаргасан гэж үзэж байна.
Тайланд тусгагдсан байдлаас дээрх журам, аргачлалд тулгуурлах бус ******* ХХК-ийн үнийн саналын дагуу гаргасан нь тухайн автомашины эзэмшигч нарын тухайн эд ангийг дахин шинээр солиулах хүсэл, зорилгод нийцүүлсэн байна. Энэ нь тээврийн хэрэгслийн гишгүүрийг шууд солих шаардлагатай юу эсвэл засварлах боломжтой юу гэдэг дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч ******* ХХК нь тухайн гишгүүрийг хохирол учрахаас өмнөх байдалд сэргээх буюу найзаасаа аваад, суурилуулаад өгье гэж 3 удаа хэлсэн, хариуцагч зөвшөөрөөгүй, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад хэлсэн энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан.
6.3. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны үе шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс компанийн ерөнхий менежер *******оос маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахаар гэрчээс мэдүүлэг авхуулах, мөн ******* ХХК-ийн 41 дугаартай тайланг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг гаргасан. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тус тус зохигчийн эрхийг хязгаарласан.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
7.1. Би цоо шинэ автомашин худалдаж аваад хуулга наалгахаар *******-д хандахад тухайн автомашины үйлдвэрийн хуулгыг Б.Хишигбаяр гэдэг хүн хуулж аваад, зулгалаад гэмтээсэн учраас солиулахаар болсон. Миний бие өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүхэд хандсан. Монгол улсад Mercedes benz автомашины Монгол Улсын цор ганц төлөөлөгч буюу албан ёсны дистрибьютор ХХК-аас үнийн саналыг гаргуулж авсан. Мөн өөрийн автомашинд баталгаатай сэлбэг сонгох ёстой учраас тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний байгууллагаар үнэлгээний тайланг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
7.2. Талуудын хооронд 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан баримтад юу, юуг багтаасан болон үнийн мэдээллийг тусгасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад 8,000,000 төгрөгийн талаар асуухад өмнө нь уг үнийн дүнгийн хэмжээнд тохиролцсон боловч асуудал үүсгээд байсан тул больсон гэх хариуг өгсөн гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэсний төлбөрт 8,415,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 3,899,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Талууд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчийн эзэмшлийн Mercedes benz G500 маркийн улсын ******* дугаартай автомашинд хамгаалалтын xpel хуулга, цонхны тень, салхины шилний хамгаалалтын хуулга наах ажил үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч ******* нь ажлын хөлсөнд 7,000,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч нь xpel гадаргуу хамгаалалтын хальс 1 ширхэг нь 7,000,000 төгрөг, 15 хувь цонхны тень хуулга 1 ширхэг нь 150,000 төгрөг, Bray салхины шилний хамгаалалтын хуулга 1 ширхэг нь 500,000 төгрөг, нийт 7,650,000 төгрөг буюу НӨАТ 765,000 төгрөг, бүгд 8,415,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд гаргуулна гэж, хариуцагч нь ажлын хөлс нийт 7,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж тус тус тайлбарласан.
5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.2. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг 2022 оын 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5.3. Хэргийн 6 дугаар тал дахь үнийн санал гэх баримтад хариуцагч гарын үсэг зураагүйгээс гадна нэхэмжлэгч нь нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу 8,415,000 төгрөгөөр ажлын хөлсийг тохирсон болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
5.4. Хэргийн 4 дүгээр тал дахь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №0000569 дугаартай автомашин хүлээлцэх акт гэх баримтад үлдэгдэл төлбөр 7,0 гэж тодорхойлсноос дүгнэвэл талууд ажлын хөлсийг 7,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хариуцагч нь ажлын хөлсөнд 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болохыг талуудын тайлбар болон автомашин хүлээлцэх акт гэх баримтыг үндэслэн зөв тогтоосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн бодитой үнэлээгүй, нийт ажлын хөлс 8,415,000 төгрөгийг гаргуулна... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
6.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...ажил үйлчилгээ гүйцэтгэх явцад Mercedes benz нэрийн гэрэл асдаг металл гишгүүрийн үйлдвэрийн хамгаалалтын хуулгыг хуулж авсны улмаас гэмтээсэн. Иймд автомашины эд ангид хохирол учруулсны төлбөр болох 3,899,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
6.2. Хариуцагчаас нотлох баримтаар гаргасан ******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 541 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд автомашины баруун урд талын асдаг никель гишгүүрийг 3,576,000 төгрөг, ажлын хөлс 100,000 төгрөг, нийт 3,676,000 төгрөг гэж, мөн ******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэхээр гэрэл асдаг гишгүүрийн үнэ 3,576,600 төгрөг, ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 3,726,600 төгрөг гэжээ. /хх-ийн 77-78/
6.3. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшлийн автомашинд хамгаалалтын хуулга наах явцдаа автомашины гишгүүрийг зурж гэмтээсэн талаарх үйл баримтыг үгүйсгэж маргаагүй боловч хохирлын үнэлгээ хэт өндөр үнэтэй, эд зүйлийг засах боломжтой гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлс 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохиролд 3,899,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8.1. Тодруулбал, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/7675 дугаар захирамжаар гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу биш байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/01408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,974 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ