| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/00224/И |
| Дугаар | 210/МА2025/00726 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00726
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02574 дугаар шийдвэртэй
*******ын нэхэмжлэлтэй
*******ад холбогдох
40,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр *******ын хүсэлтээр 25,300,000 төгрөгийг зээлдүүлсэн. Бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд ******* нь анх 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор цалингийн зээлийн үлдэгдлээ бүрэн төлж дуусаад мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Гэтэл тэрээр зээлсэн мөнгөө хугацаандаа бүрэн төлж барагдуулаагүй тул мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад банкинд өр орлогын харьцаа хэтэрсэн орон сууцны зээлтэй байгаа учир цалингийн зээл олгогдохгүй байна гэж хэлээд хойшлуулсан.
1.2. Хариуцагч нь зээлийн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс би орон сууцны захиалгын мөнгөө хугацаандаа хийж чадаагүй. Үүний улмаас орон сууцны үнэд нэмж 14,000,000 төгрөг гүйцэтгэгч талд төлөх болсон. Мөн ХААН банк ХК-ийн зээлийн хүүд 2,760,000 төгрөгийг төлж хохирсон.
Иймд хариуцагч *******аас зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 23,300,000 төгрөг, зээлийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,760,000 төгрөг, нийт 40,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Би *******аас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 37,500,000 төгрөгийг байр ашиглалтанд орохоор барьцаалж зээл авч буцааж өгөх нөхцөлтэйгээр зээлсэн. Харин 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цалингийн зээл чөлөөлөх 25,300,000 төгрөгийг нэмж, нийт 62,950,000 төгрөг зээлсэн.
2.2. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон сууцаа барьцаалж 50,000,000 төгрөг, мөн 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 700,000 төгрөг, нийт 52,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. Одоогоор миний зээлийн үлдэгдэл нь 10,250,000 төгрөг байх бөгөөд цалингийн зээл өндөр төлдөг дахин зээл гарах боломжгүй тул 2025 оны зун зээлээ нэмж авч өгье гэх учир шалтгаанаа удаа дараа хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл төлбөрт 23,300,000 төгрөг, хохирол 16,760,000 төгрөг, нийт 40,060,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3. Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тооцоолсон үлдэгдэл төлбөр 14,650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний тооцоолол зөрүүтэй байж болох тул энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжтой. Мөн 7,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн, бусад зээлийн хувьд хүү тохироогүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******аас 18,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 22,450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 248,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг барьсан байр суурьнаас шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.
Учир нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгийг би Хаан банкнаас сарын 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөр болох 18,150,000 төгрөгийг хугацаандаа биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж хохирсон. Өөрөөр хэлбэл, 18,150,000 төгрөгийн 10 сарын хүүд 3,630,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, мөн зээлийн хүү 4,887,000 төгрөг болсон талаар хариуцагч маргаж үгүйсгээгүй байхад хүү авах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд хариуцагчаас нэмж 8,501,000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
******* зээлсэн мөнгөний хүүг банкны хүүгээр тооцон гэж хэлсэн. Надаас ямар ч үндэслэлгүйгээр 40,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зээлсэн мөнгөний хүүг тооцоолж үзэхээр 40,000,000 төгрөгт хүрдэггүй. Анх бичгээр хийсэн зээлийн гэрээгээр зээлсэн мөнгөний хүүд 4,000,000 төгрөг гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн үлдэгдэл 23,300,000 төгрөг, хохиролд 16,760,000 төгрөг, нийт 40,060,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. *******, ******* нар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 7,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч *******ад 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх харилцан тохиролцжээ. /хх-ийн 38/
3.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3,800,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9,100,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 150,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 25,300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 26-34, 39-49 дүгээр тал дахь ХААН банк ХК-ийн дансны хуулгаболон талуудын тайлбараар тогтоогдсон. /26-34, 39-49/
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Хариуцагч ******* нь ХААН банк дахь өөрийн ******* тоот данснаас ХААН банк дахь нэхэмжлэгч *******ын ******* тоот данс руу 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 50,000,000 төррөг, нийт 52,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь хэргийн 27, 34 дүгээр тал дахь дансны хуулгаар нотлогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлээс 52,000,000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй, зээлийн хүү, хохирлын талаар маргажээ.
4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...зээлийн үлдэгдэл төлбөр дээр хүү тооцож 23,300,000 төгрөг, зээлийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 16,760,000 төгрөг, нийт 40,060,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч нь зээлийн үлдэгдэл 14,650,000 төгрөг, зээлийн хүү 3,500,000 төгрөг, нийт 18,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх зээлийн хүү болон хохирлыг эс зөвшөөрч маргажээ.
4.3. Анхан шатны шүүх хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй, мөн хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин талууд зээлийн үндсэн төлбөр болох 7,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ хүлээх үүргийг бичгээр байгуулсан тул хүү 3,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 18,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д нийцжээ. Иймд нэхэмжлэгчийн ...хариуцагч зээлийн хүү төлөх талаар маргаагүй байхад шүүх хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн 7,000,000 төгрөгөөс бусад зээл дээр бичгээр хүү тогтоосон зээлийн гэрээг байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсан байна.
5. Хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн банкнаас зээл авч түүний хүүд төлсөн 3,630,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь талуудын зарчмыг зөрчихгүй. Иймд хариуцагч *******аас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу 3,630,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол шаардсан байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох заалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, мөн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02574 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 21,780,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,820,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...248,700 гэснийг ...266,850 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,966 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ