| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0248/Э |
| Дугаар | 434 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
Улсын яллагч Т.Мижиддорж,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн С овогт Ц-н О-д холбогдох эрүүгийн 1910003700170 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С овогт Ц-н О-д
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 115 дугаар байрны зоорийн давхарт байсан М.Д-н эзэмшлийн УНЭ улсын дугаартай Ауди Кү-5 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын толийг хууль бусаар гэмтээж 1.328.653 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…М.Д-н үйлдэл ганц удаагийн үйлдэл бол биш. Өмнө нь хоёр машины зогсоол дээр машинаа тавьдаг байсан. Хохирогчийн машины толины суурийг янзлах боломж байсан. Уг хохирлыг янзлахад 150.000-200.000 төгрөг болж байсан. Гэтэл өөрөө шинэ толь авхуулна гээд цагдаад гомдол гаргасан...” гэв.
Хохирогч М.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн орчимд гараад машин дээрээ очтол миний машины жолооч талын толийг эвдэлж, хугалсан байсан. Тэгэхээр нь СӨХ-ийн дарга гэх хүнтэй гар утсаар нь холбогдон болсон асуудлаа хэлж, хяналтын камерийн бичлэгийг гаргуулж өгөөч гэж хүсэлт гаргахад намайг СӨХ-ийн оператортой холбож өгөөд би хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 03 цаг 15 минутын орчимд манай гражид автомашинаа байрлуулдаг зогсоолтой, 104 дүгээр байрны 12 тоотод оршин суудаг эрэгтэй хүн гражид машинаа оруулж ирж байрлуулчихаад гарахдаа миний машин дээр очиж жолооч талын толийг цохиж хугалчихаад гарч явсан нь бичигдсэн байсан...” гэжээ / хх-14-15-р тал/
Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагт автомашин дээрээ очиход жолоочийн талын толь хугарсан байхаар нь хотхоны харуул дээр очиж асууж хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд үл таних хүн өөрийн автомашинаа уг гражид байрлуулчихаад буцаж гарахдаа толийг гараараа нэг удаа цохиж хугалж эвдэлсэн байсан гэж надад хэлсэн. Тухайн үед бол өөрөө байгаагүй юм. Ингээд “Ауди” ХХК-ны Монгол дахь албан ёсны газар очиж үнэлгээ хийлгэхэд засаж болохгүй шинээр захиалж авахад 1.883.790 төгрөгөөр үнэлсэн...” гэжээ /хх-18-19-р тал/
Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Шөнө 02 цагийн орчимд граж руу орж өөрийн автомашинаа зогсоолдоо байрлуулах гэтэл граж дотор зогсоол биш зорчих хэсэгт хар өнгийн Ауди маркийн автомашин зогсоосон байсан учраас би арай гэж машинаа багтаан зогсоолдоо байрлуулсан. Тэгээд би өөрийн автомашинаа зогсоолдоо байрлуулчихаад хар өнгийн Ауди маркийн автомашин дээр очиж гар утасных нь дугаар байгаа эсэхийг очиж харахад ямар нэг утасны дугаар байхгүй байхаар нь жолооч талын толийг оролдсон...” гэжээ /хх-35-36-р тал/
Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1249 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-40-р тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-72-73/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-74-75/, ял шалгах хуудас /хх-37/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-80-83/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 115 дугаар байрны зоорийн давхарт байсан М.Д эзэмшлийн УНЭ улсын дугаартай Ауди Кү-5 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын толийг хууль бусаар гэмтээж 1.328.653 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч М.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт Ц-н О-г бусдын эд хөрөнгийг гэмээтсэн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-н О-г 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ