Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00727

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01670 дугаар шийдвэртэй

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

43,636,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр *******аас *******,*******,*******,, хаягт байршилтай, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг 77,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 23,100,000 төгрөгийг *******д төлж, үлдэх 53,900,000 төгрөгийн төлбөрийг тус банктай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээний дагуу олгосон зээлээр төлсөн. Үүргийн гүйцэтгэлд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан.

1.2. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн102/ШШ2015/02029 дугаар захирамжаар дээрх зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 55,199,502 төгрөг гаргуулж, тус банкинд олгуулахаар шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь уг орон сууцыг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж д 55,000,000 төгрөгөөр худалдаснаар тус банкинд төлөх 43,262,000 төгрөгийн төлбөртөлөгдсөн.

1.3. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар тогтоолоор *******аас *******гийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон тул нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******гаас 11,302,000 төгрөг, тус банкнаас 43,262,000 төгрөг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2Ю/МА2024/01729 дүгээр магадлалаар дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тус банкнаас нийт 43,636,260 төгрөг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн. Тус банк дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр д 43,636,260 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч *******гаас 43,636,260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь ******* ХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээг байгуулж, банкны зээлээр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн гудамж,, орон сууцыг худалдан авсан. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******г зээлийн гэрээний үүргээ биелээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, 54,767,714 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл нэхэмжлэгч дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар маргаан шийдвэрлэгдэж дууссан, шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарсан.

Иймд *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 43,636,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,131.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 376,131.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелээгүй гэж зээлийн гэрээг цуцалж, 54,767,714 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар маргаан шийдвэрлэгдэж дууссан, шүүхийн хүчин төгөлдөр захирамж байхад шүүх маргааныг шийдвэрлэж хариуцагч *******гаас 43,636,260 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлын үндэслэлээ нотлохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг холбогдох газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Тухайн баримт нь хэрэгт авагдсан гэж үзсэн Гэвч тухайн баримтууд нь нэхэмжлэгч байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотойгоор өгч байсан баримт тухайлан хариуцаж байсан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан нотолгооны ач холбогдолтой баримт хэрэгт байдаггүй. Хариуцагчийг татгалзлын үндэслэлээ нотлох эрхээр хангаагүй оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийн дагуу дахин хэлэлцэх агуулгаар тайлбарладаг, бид үүнтэй холбоотой мөнгө нэхэмжлээгүй. Шийдвэр, магадлалаар ******* үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 43,636,260 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн магадлалын 4.8-д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон уу, үгүй юу гэдгийг шүүх нотлох баримтын хүрээнд тогтоосон. Уг үйл баримтыг тогтоосон гэж тайлбарласан шүүхийн шийдвэрийг өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн учраас нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлуулахаар хүсэлт гаргасныг хангаагүй нь үндэслэлтэй.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын гол үндэслэл болсон өмнө шийдэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь хариуцагч ******* ХК болон ******* нарын зээлийн маргаанаас үүдэлтэй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэж тайлбарладаг ч тухайн гүйцэтгэгдсэн гэх дүн 2024 оны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны н.Нарантуяагаас ******* болон ******* ХК нарт шилжүүлсэн мөнгөн дүнг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн шилжүүлсэн гэж үзэн ******* ХК-ийг маргаан бүхий 243,626,260 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаасан. Тухайн шилжүүлсэн мөнгө *******гийн ******* ХК-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл байсан бол энэ үүргийн гүйцэтгэлийн шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт тусгайлан зохицуулсан үйл баримт болсон.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвэр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан 43,636,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дугаар захирамжаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 54,767,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг захирамжийн дагуу барьцааны зүйл болсон орон сууцыг бусдад худалдагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж талууд тайлбарладаг боловч уг ажиллагааг дуусгавар болгосон талаархи холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШЗ2025/10490 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Учир нь талуудын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дугаар захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан баримт талуудын маргааны зүйлд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэхээр байна.

 

5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн буруу байгааг давж заалдах шатны шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,131 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ