Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00728

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00193 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах, ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар болон 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Би Нийслэлийн хот тохижилтын газар анх байгуулагдахаас өмнө Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нэртэй үйл ажиллагаа явуулж байх үеэс зам талбайн мастерын ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ******* ААТҮГ-т зам талбайн мастерын ажлын байранд шилжин ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байхад захирлын зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурал дээр очиход чамайг ажлаас халж байгаа гэж хэлээд хурлаас гаргасан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд гаргасан зөрчил тодорхой бус, ойлгомжгүй, тушаал хууль зөрчсөн байсан тул тушаалыг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гардаж аваад Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.

Ажил олгогч нь ажилтан ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон бол өмнө анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох ёстой байсан. Мөн сахилгын зөрчил давтан эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол ямар зөрчил гаргасан, зөрчлийн талаар тайлбар авах боломжоор хангах байсан. Түүнчлэн, тушаалд байгууллагын дотоод журмын заалтыг үндэслэсэн боловч дотоод журам танилцуулж байгаагүй, журам ил байдаггүй. Миний нэр дээр байгууллагын захиралд гомдол ирсэн гэх боловч гомдлыг нягтлан шалгахгүйгээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг зөрчсөн.

1.2. Сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай сануулах арга хэмжээ авах тухай тушаалын тухайд гэр бүлийн харилцан хамааралтай нэр бүхий 3 хүнээс надад холбогдуулан гомдол гаргасан ба гомдлыг хэлэлцэх хурал дээр би оролцсон. Тухайн үед надад сануулах арга хэмжээ авах талаар яригдаагүй, шийдвэр гараагүй. Харин зам талбайн мастеруудыг бригад сольж ажиллуулах талаар яригдсан. Гэтэл хэрэгт гаргаж өгсөн хурлын тэмдэглэлд надад сануулах арга хэмжээ авах гэж бичсэнийг хэргийн материалтай танилцах үед мэдсэн. Надад хурлын тэмдэглэл, сануулах арга хэмжээ авсан тушаалын талаар танилцуулаагүй. Ажлын зүй ёсны шаардлага тавьж ажилласанд нэг гэр бүлийн 3 хүнээс дарамталдаг, ялгаж харьцдаг гэсэн огноогүй, гарын үсэггүй гомдол гаргасан. Уг гомдолд яаж дарамталсан нь тодорхойгүй, гомдол огноогүй учраас хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаал бүртээ давхар ашигласан.

Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан нээлттэй, хаалттай сануулах шийтгэлийн аль арга хэмжээ авсан болох нь тодорхойгүй, сануулах арга хэмжээг 6 сарын хугацаатай авсан нь хуульд нийцээгүй. Мөн ******* ААТҮ-ын захирлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалд сахилгын ямар арга хэмжээ авсан талаар мэдээгүй. Тус тушаалд ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, албан ажилдаа хайнга хандсан гэжээ. Ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хэрхэн хайнга хандсан талаар тушаалд тодорхой заагаагүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгаж, ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай, Сануулах арга хэмжээ авах тухай тушаал болон мөн захирлын 2024 оын 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь ******* ААТҮГ-т Хот тохижилтын газраас шилжиж ирээгүй, ажлаасаа гарч ******* ААТҮГ-т туршилтаар орж ажиллаж байсан. Тэрээр байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын ажлын онцлог нөхцөл байдлыг зөрчсөн, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, хамт олны эв нэгдлийг бутаргах, бусдын нэр хүндийг гутаах, уг үйлдэлдээ татан оролцуулах, турхирах, удирдах албан тушаалтанд дарамт шахалт үзүүлсэн нь туршилтаар ажиллах хугацаанд түүнд шат дараалсан арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс түүнд удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж, улмаар хөдөлмөрийн гэрээний 3.2.9-т зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн.

Учир нь тэрээр хөдөлмөрийн гэрээний 4.2.6-д заасныг биелүүлэхээс эрс татгалзаж хариуцсан хэлтсийн даргын тавьсан шаардлагад тогтмол тайлбар өгөх, 4.2.10-д заасныг хэрэгжүүлэхээс татгалзаж, нөхөрсөг, эвсэг харилцааг эрхэмлэхийн эсрэг тогтмол хэл ам хийж, 5.2.11-т заасан удирдах албан тушаалтны тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхээс үндэслэлгүй татгалзаж, 5.2.14-т заасан удирдах албыг гүйцэтгэх чадваргүй, 5.2.17-д заасны дагуу бусдыг өдөөн турхирах, бригадын хамт олноо ялгаварлах, ятгах, заримд нь дарамт үзүүлсэн тохиолдол гаргасан.

2.2. Тэрээр ААТҮГ-т ажилд орсноос хойш захирлын зөвлөлийн хурлаар 4 удаа орж сануулга авч, түүнд 2 удаа тушаалаар сануулах арга хэмжээ авсан бөгөөд уг арга хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй, хурлаар хэлэлцэхэд биеэр оролцсоноо мэдээгүй гэж тайлбарладаг. Захирлын зөвлөлийн хурлыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******гийн бригадын 10 хүний хүсэлтээр хийж түүнд тушаалаар сануулах арга хэмжээ авсан.

2.3. Бригадын хамт олноос тогтмол гомдол гарсан, мөн ажилтан *******, *******, ******* нараас өөр бригадад ажиллах хүсэлтийг гаргаж байсан. Зам талбай, ногоон байгууламжийн хэлтсийн дарга , менежер ******* нараас мөн 1 дүгээр бригадын мастер *******г өөрчлөхгүй бол маргалдаж, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, харилцааны соёлгүй, хариуцсан зам талбайд гомдол гардаг, мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хорооноос хүртэл танай мастер харьцаа муутай гэх гомдол ирсэн учраас захирлын зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 25, 2024 оны 04 дүгээр сарын 12, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурал дээр *******д анхааруулсан.

Тэрээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байхаас гадна хэлтсийн даргатайгаа байнга хэрэлддэг байсан. Мөн наадмын бэлтгэл ажил эхэлсэн үед ажлын байраа орхин явсан, бригадын 3 хүн архи ууж согтуу байсан, уг байдал хэд хэдэн удаа давтагдсан, ажлын байранд архи уудаг, ажил тасалдаг, өөрийн гарын гэх хүмүүс байнга ийм байдалтай байдгийг нуун дарагдуулж машинд нь хүртэл согтуу зам талбайн үйлчлэгч нар унтаж байсан талаарх мэдээлэл байдаг. Зам талбай ногоон байгууламжийн хэлтсийн дарга, менежертэйгээ хэрэлдэж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажилчдыг буруу тийш турхирч, ажил гүйцэтгэхгүй, ажлын байраа орхиж явсан тул дээрх удирдлагуудын танилцуулснаар 2 дахь сахилгын шийтгэлийг ногдуулсан. Байгууллагын дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэж баталсан хуралд ******* оролцсон байж дотоод журмыг сонсоогүй гэж тайлбарлажээ. Ажилчдаас ирсэн гомдлыг хамт олны дунд ил танилцуулах нь зөв гэж үзэн хурал дээр *******гийн талаар ирсэн гомдлыг танилцуулсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 хэсэгт заасныг баримтлан ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 сарын 22 ний өдрийн дугаартай сануулах арга хэмжээ авсан тушаал, 2024 оны 06 сарын 27 ний өдрийн дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаал, 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/189 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г ААТҮГ-н зам талбайн мастерын ажилд эгүүлэн тогтоож, нөхөн олговорт 22,671,363 төгрөгийг хариуцагч ******* ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******гийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/189 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.2, 11.8.2-т заасныг тус тус үндэслэн зам талбайн мастер ажилтай *******гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. ******* байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримталдаггүй, ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай гүйцэтгэдэггүй, ажлын онцлог, ажлын нөхцөл шаардлагыг харгалзан үздэггүй, удирдах, удирдуулах ёсыг зөрчдөг, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, хамт олны эв нэгдлийг бутаргадаг, хариуцсан ажилчдаа ялгаварлаж харьцдаг, тэдэнтэй адил тэгш харьцдаггүйгээс шалтгаалж бусдад давуу байдал бий болгодог, зүй бус, зохисгүй үг хэллэгийг тогтмол хэлж ажилчдаа дарамталдаг зэрэг алдаа дутагдлыг гаргасан. Ажил олгогчийн зүгээс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дүгээр тушаал, мөн оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулсан.

*******гийн туршилтын 3 сарын хугацаа дуусаагүй байхад түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын нэр бүхий ажилчид гаргасан тул захирлын зөвлөлийн хурлаар зөрчлийг хэлэлцэж, сахилгын шийтгэл ногдуулж түүнд танилцуулсан. Үндсэн ажилтнаар томилогдоход тавигдах шаардлагыг хангаагүй тул түүнийг дахин 3 сарын хугацаанд туршилтаар ажиллуулах тушаалыг гаргасан. ******* нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан ч гэсэн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ үйлчлэх учир шийтгэл ногдуулсан. Сахилгын зөрчлийг давтан гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болно. Шүүхийн шийдвэрт ...өмнө сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг нэхэмжлэгчид хэрхэн танилцуулж байсан баримтууд авагдаагүй талаар дурдаж, ийнхүү танилцуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасантай нийцэхгүй тул сахилгын арга хэмжээ авсан тушаал хүчингүй гэх дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө гарч байсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай ******* танилцаж байсан болох нь тогтоогддог. Хэрэгт авагдсан хариуцагчийн хариу тайлбар, шийтгэл ногдуулах тухай тушаал, захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтаар *******д сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэгдэж байсан. Зөвхөн танилцуулж байгаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон нь буруу юм.

4.2. ******* нь өмнө сахилгын шийтгэл ногдуулж байсан тушаалыг зөвшөөрөхгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж байгаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар тухайн тушаалуудыг хүчингүй болгуулахаар шаардсаныг шүүх хүлээн авч, дээрх агуулга бүхий дүгнэлт хийж буй нь хуульд нийцэхгүй. Ажилтан шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч буй талаар шүүхэд хандахаас өмнө холбогдох байгууллагад хандаж гомдол гарган шийдвэрлүүлэх, тогтоосон хугацааг баримтлах, үүний дараа шүүхэд хандах учиртай. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш дараа оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, улмаар хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэсэн боловч ажлаас чөлөөлөх тухай Б/189 дүгээр тушаал гарсан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс тооцсон нь ойлгомжгүй, өмнө гарч байсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нөхцөлөө болгосон нь үндэслэлгүй.

4.3. Шүүхийн шийдвэрт гэрч *******ийн мэдүүлгээр ******* ажил тасалсан нь үгүйсгэгдэнэ гэх дүгнэлтийг хийжээ. *******г ажлаас чөлөөлсөн бас нэг үндэслэл нь сахилгын ноцтой зөрчил гаргасантай холбоотой юм. ******* ААТҮГ нь онцгой нөхцөлд ажилладаг байгууллага бөгөөд 2024 онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлыг дангаар хариуцаж гүйцэтгэсэн. 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангахаар өндөр ачаалалтай ажиллаж байсан ба ******* нь тухайн өдөр хариуцсан ажилчдаа удирдлагаар хангаж ажиллаагүй, ажлын байраа дур мэдэн орхиж ажлын цаг дуусаагүй байхад удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлэлгүй хаяж явсан, хариуцсан ажилчид согтуу байснаас хамаарч ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй зэрэгноцтой зөрчлүүдийг гаргасан. Шүүхээс гэрч *******ийн мэдүүлгийн зарим хэсгийг дурдаж нэхэмжлэлийг хангах үндэслэлээ болгосон бөгөөд хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл болж буй баримт, бусад гэрчийн мэдүүлгийг үнэлэхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгууллагын нийт ажилчдын хурал зарлаж, тухайн хурал дээр нэхэмжлэгч *******г ажлаас халж байгаагаа мэдэгдсэн. Хариуцагч ямар шалтгаанаар нэхэмжлэгчийг ажлаас халснаа тайлбарлаж чадаагүй. Нэхэмжлэгч тухайн дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан боловч ажил олгогч ямар шалтгаанаар ажлаас халснаа хэлээгүй. Хариуцагч анхан шатны шүүх хуралдааны явцад 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажил тасалсан шалтгаанаар ажлаас халсан гэх хариу тайлбарыг гаргадаг. Гэтэл гэрч *******ийн мэдүүлгээр 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* төв цэнгэлдэх хүрээлэн дээр ажилласан болох нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан зам талбайгаа цэвэрлэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргаагүй, ажил хэвийн үргэлжилж байгааг гэрэл зургаар баталгаажуулж, тухайн өдөр нийт 17 цаг ажилласан болох нь тогтоогддог.

5.2. Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч нарыг дүүргүүд рүү шилжүүлэх болсон. Нэхэмжлэгч нь ******* ААТҮГ-т ажиллахаар болсон. ******* нь 10 жилийн турш уг ажлыг хийж байгаа учраас Улаанбаатар хотод ажиллаж үзээгүй зам талбай байхгүй, өмнө нь ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй. Тухайн байгууллагын удирдах албан тушаалтан нь нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаж харьцдаг. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зам дээр унасан ардчилсан намын гишүүний зурагтай самбарыг босгож тавьсан зургаа ажлынхаа групп руу оруулахад чи ардчилсан намын хүн юм уу, наад чинь Улсын Их хурлын гишүүн болохгүй, төрийн далбаа урж байсан гэж хэлж байсан. Сонгуулийн дараа буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсан.

5.3. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халсан асуудлаар гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хөөн хэлэлцэх хугацааг тоолох гэхэд нэхэмжлэгчид тухайн тушаалыг танилцуулж байгаагүй. Тухайн тушаалыг хэзээ танилцуулсан тодорхойгүй учраас гомдол гаргах боломжгүй. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан тушаалыг гардаж авахаар 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бичиг хэргийн ажилтантай уулзахад нэхэмжлэгчийн нэртэй сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг харуулсан. 2024 оны 03 дугаар сард сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгөхөд мэдсэн.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт гаргасан алдааг залруулж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар болон 2024 оын 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар *******г зам талбайн мастерын үүрэгт ажил албан тушаалд 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 4-8, 40/

 

3.2. ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар *******д 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 6 сарын хугацаатай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. /хх-ийн 41/

 

3.3. Үүний дараа ******* ААТҮГ нь *******тай байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг тус газрын захирлын 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар 3 сараар сунган ажиллуулсан. /хх-ийн 42/

 

3.4. ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар *******г удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, албан ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин сахилгын шийтгэл ногдуулсан. /хх-ийн 43/

 

3.5. ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/189 дугаар тушаалаар зам талбайн мастер *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх-ийн-44/

 

4. Нэхэмжлэгч *******гийн, ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар болон 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

4.1. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч мөн зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах зэргээртүүний сахилгын зөрчил гаргасныг олж тогтоож, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай.

 

4.2. ******* ААТҮГ-ын зам талбайн 1-р бригадын ажилчдын хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирлын зөвлөл хуралдсан. Уг хуралд зам талбайн 1-р бригадын ажилчид оролцож, зам талбайн үйлчлэгч *******, , *******, нараас хурал дээр *******гийн талаар санал гомдол гаргаж, улмаар түүнд сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. ******* ААТҮГ-аас *******д сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэхдээ түүнийг захирлын зөвлөлийн хуралд оролцуулсан боловч түүнээс зөрчлийн талаар тайлбар аваагүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар хэм хэмжээ зөрчсөнийг тогтоогоогүй байна.

 

4.3. Мөн ******* ААТҮГ-ын захирлын 2024 оын 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар *******д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авахдаа түүнийг захирлын зөвлөлийн хуралд оролцуулж, сонсох ажиллагаа явуулаагүй, зөрчлийн талаар тайлбар аваагүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар хэм хэмжээг зөрчсөнийг мөн тогтоогоогүй байна.

 

4.4. Ажил олгогч нь ажилтаны гаргасан сахилгын зөрчлийг олж тогтоолгүйгээр шийтгэл ногдуулсан нь буруу болсноос гадна сахилгын зөрчил давтан гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтуудаар нь тогтоогдоогүй байна.

 

4.5. Түүнчлэн хариуцагч ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар *******д 6 сарын хугацаагаар сануулах арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-д заасан нээлттэй эсвэл хаалттай сануулах шийтгэлийн алийг ногдуулсан нь тодорхой бус, мөн 2024 оын 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар *******д сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.5-д заасан сахилгын шийтгэлийн алийг ногдуулсан тодорхой бус байна.

 

Иймд хариуцагч ******* ААТҮГ-ын захирлын нэхэмжлэгч *******д сахилгын шийтгэл ногдуулсан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар болон 2024 оын 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Харин нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан ихэсгэсан шаардлагыг шүүх хүлээн авч хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулах ажиллагаа хийсэн боловч шийдвэрийн удиртгал хэсэгт тусгаагүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч *******гаас гаргасан хариуцагч ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/189 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6.1. *******г ажлаас чөлөөлсөн ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/189 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, байгууллагын дотоод журмын 11.7.2, 11.8.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгожээ.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж, мөн хуулийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан.

 

6.3. Ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.7.2-т сахилгын шийтгэлтэй ажилтан дахин зөрчил гаргавал шат дараалсан арга хэмжаа авна, 11.8.2-т хамт олны эв нэгдлийг бутаргах, бусдын нэр хүндийг гутаах, бусдыг уг үйлдэлдээ татан оролцуулах, турхирах, удирдах албан тушаалтанд дарамт шахалт үзүүлсэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийг гэрээг шууд цуцлахаар заасан.

 

6.4. Хариуцагч нь *******г сахилгын зөрчлийг давтан гаргасан, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас буух удирдлагын үүрэг ирээгүй байхад бууж ажил тасалсан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан.

 

6.5. Хэргийн 65-68 дугаар тал дахь захирлын зөвлөлийн шуурхай хурлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд ...ажлын хариуцлага алдаж үүрэг даалгавар биелүүлээгүй, онцгой нөхцөлд ажиллаж байгаа гэдгээ ухамсарлахгүй, хэлсэн үг болгоныг эсэргүүцэж удирдах, удирдуулах ёс байхгүй, Цэнгэлдэх дээр ажиллаж байгаа үед ажлаа орхиж явсан. Цаашид хамтарч ажиллаж чадахгүй, өнөөдрөөс халах тушаал гаргахаар шийдвэрлэсэн... гэжээ.

 

6.6. Дээрх тэмдэглэлээс үзвэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх захирлын зөвлөлийн шуурхай хуралд нэхэмжлэгч *******г оролцуулж сонсох ажиллагаа явуулаагүй, зөрчлийн талаар тайлбар аваагүй, сахилгын зөрчил гаргасныг тогтоох ажиллагаа хийгээгүй байна.

 

6.7. Түүнчлэн, гэрч ******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ....******* нь тус өдөр өглөөний 09-10 цагийн хооронд ажилдаа ирээд оройн 10-11 цагийн үед буусан... гэж мэдүүлсэн.

 

6.8. Хэргийн баримтууд болон талуудын тайлбар, гэрч *******ийн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч ******* нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болон Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагч нь хамт олны эв нэгдлийг бутаргах, бусдын нэр хүндийг гутаах, бусдыг уг үйлдэлдээ татан оролцуулах, турхирах, удирдах албан тушаалтанд дарамт шахалт үзүүлсэн, ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

6.9. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан ******* ААТҮГ-ын зам талбайн мастерын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Түүнчлэн, шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцсон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

 

8. Харин шүүх ******* ААТҮГ-ын захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/189 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байхад шаардлага гэж тодорхойлж шийдвэрийн тогтоох хэсэгт заасан нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

9. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооноос гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон. Уг шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн аваад 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Харин хариуцагч байгууллага нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг нэхэмжлэгчид гардуулаагүй байх тул нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

10. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тусад нь бичснээс гадна агуулгыг тусгах шаардлагыг хангаагүй, тайлбарыг давхардуулж тусгасан зэрэг алдаанууд гаргаж й нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасаныг зөрчжээ.

 

10.1. Мөн шүүхийн шийдвэрийг үйлдэхдээ үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэргийг баримт бичгийн стандартад нийцүүлж Word программыг ашиглан Arial фонтын 11-12 хэмжээтэй үсгээр А4 хуудсан дээр мөр хоорондын зай 1.0, бичвэрийн талбай нь цаасны зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм, дээд захаас 20 мм, доод захаас 20 мм-ээс доошгүй байна. Баримт бичгийн тэргүүг бичвэрээс мөр хоорондын зайг 2.0 мм, гарын үсгийн бичвэрээс 3.0-5.0 мм-ээр авна гэж баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартад заасныг баримтлаагүй байна.

 

10.2. Иймд шүүхийн шийдвэрийг Монгол улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал-ыг нийцүүлж үйлдэхийг сануулж, цаашид энэ төрлийн алдааг гаргахгүй байхыг анхааруулав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ААТҮГ-ын захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Сануулах арга хэмжээ авах тухай болон 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г ААТҮГ-ын зам талбайн мастерын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ААТҮГ-аас олговорт 22,671,363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ