Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Г.Ганчимэг,

Шүүгдэгч, хохирогч У.Э, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүгдэгч, хохирогч П.Ц, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т-н Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт У-н Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810023050336 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,  Б овогт, Т Ц,

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт, У-н Э

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парадайс” амралтын газарт иргэн У.Э-г “өөрийг нь зодлоо гэх шалтгаанаар түлхэж унаган эрүүл мэндэд нь “баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, баруун шилбэний шаант ясны доод булууны арын гадаргуугийн үе дайрсан сэлтэрсэн далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч У.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парадайс” амралтын газарт найз Гийг өмөөрч иргэн П.Ц-г нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “дээд баруун 1-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад язрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эдгээр хүмүүс 40.000 төгрөгний тооцоо дутуу хийсэн  болохоор би утсыг авсан байсан юм. Гэтэл шөнө Г вакум цонхны шил хагалсан. Удалгүй У.Э орж ирээд намайг цохиж миний шүдийг гэмтээсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч, хохирогч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө бид 4 амралатанд очсон. Бид бүх төлбөр тооцоогоо хийчихсэн байсан. Г тухайн үед орилж чарлаад байхаар нь би Гийг өмөөрөөд Цыг нэг удаа цохисон. Би үүндээ гэмшиж байна.  Э миний цээжин хэсэг рүү маш хүчтэй цохисон. Би тэр хүчтэй цохилтонд нь хойшоо унасан, эргээд босох гэтэл босож чадахгүй эд нар түргэн дуудаж эмнэлэгт хүргэж өгсөн. Хөлний зургаа авахуулаад хугарсан байна гэдгээ мэдсэн. Хөл маань гүйцэт эдгэрээгүй, гишгэхэд өвдөлттэй байгаа.Эмчилгээний зардалд 156.000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Миний утсыг төлбөрийн барьцаанд авчихсан юм. Яагаад авсан болохыг нь сайн санахгүй байна. Тэгээд би ардаас нь гараад тэр ресепшин хүүхний байрладаг байшинд очоод “би утсаа авмаар байна” гэтэл “өглөө ав” гээд байхаар нь би “одоо аваад утсаараа мөнгийг нь шилжүүлье” гэж хэлсэн. Тэгтэл Э тэр эмэгтэйг “яагаад хүний юм аваад өгөхгүй байгаа юм” гээд аманд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл тэр эмэгтэй нь Эыг цээжин бие рүү нь түлхээд газарт унагаачихаар нь би Эыг босгох гэтэл хөл нь өвдөөд байна гээд босч чадахгүй байсан...” гэжээ. /хх-н 37-38-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн № 11807 тоот дүгнэлтэнд:  “...Т.Цын биед дээд баруун 1-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд  тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 59-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №3144 тоот дүгнэлтэнд: “...У.Эын биед баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, баруун шилбэний шаант ясны доод булууны арын гадаргуугийн үе дайрсан сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. /хх-64-р тал/

Шүүгдэгч П.Ц, У.Э нарын хувийн байдалтай  холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-99,115/,  ял шалгах хуудас / хх-104, 118/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парадайс” амралтын газарт иргэн У.Эыг “өөрийг нь зодлоо гэх шалтгаанаар түлхэж унаган эрүүл мэндэд нь “баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, баруун шилбэний шаант ясны доод булууны арын гадаргуугийн үе дайрсан сэлтэрсэн далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парадайс” амралтын газарт найз Гийг өмөөрч иргэн Т.Цыг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “дээд баруун 1-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад язрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-59,64-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Цд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тэдгээрт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Цд 500.000 төгрөгөөр торгох, У.Эт 450.000 төгрөгөөр  торгох ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Т.Ц, У.Э нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ц, У.Э нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч У.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3.506.360 төгрөг, хохирогч Т.Ц нь эмчилгээний зардалд 2.450.000 төгрөг  тус тус нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч Т.Ц нь 156.000 төгрөгийг хохирогчид  төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ц, У.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Шүүгдэгч Х овогт У-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т-н Ц-г 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У-н Э-г 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ц, У.Э  нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ц, У.Э нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Ц, У.Э нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Т.Ц, У.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8/ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ