| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06860/И |
| Дугаар | 210/МА2025/00747 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00747
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01711 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 57,896,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ байгуулсан. Гэрээний 3.1.1-д нийлүүлэгч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандартын шаардлага хангасан барааг нийлүүлэх, 7.1-д нийлүүлэгч нь барааг гэрээнд заасан хугацааг чанд баримтлан нийлүүлэх, 4.3-т угсралтын ажил дуусмагц захиалагч болон нийлүүлэгч талаас комисс томилж уг ажлыг хүлээн авснаар тухайн гэрээт ажил хийгдсэнд тооцон баталгаат хугацаа тооцогдож эхэлнэ гэж заасныг хариуцагч ******* ХХК зөрчсөн. Тодруулбал, ******* ХХК нь авто зогсоолын тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор угсарч суурилуулахаар тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй.
******* ХХК-аас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2/443 тоот, 10 дугаар сарын 22-ны өдрийн 2/533 тоот албан бичгээр гэрээнд заасан ажил үүргээ бүрэн биелүүлэхийг шаардсан. Захиалагч нь гэрээний 12.3-т дараах тохиолдлын аль нэг нь бий болсон бол захиалагч энэхүү гэрээг нэн даруй цуцлах бөгөөд учирсан хохирол, зардлыг нийлүүлэгчээр нөхөн төлүүлэх эрхтэй, гэрээний 12.3.1-д нийлүүлэгч нь гэрээний заалтыг ноцтой зөрчсөн... гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцах чиг үүрэг бүхий комисс байгуулан, тус комиссоос гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авах тухай акт үйлдсэн. Актад комиссын дүгнэлтээс үзэхэд ажлын гүйцэтгэл 20 хувьтай байгаа энэ байдлаар ашиглах боломжгүй, ашиглалт үйлчилгээнд хүлээн авах боломжгүй гэж дүгнэв гэжээ.
1.2. Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* нь энэхүү акттай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр тооцоо дүнтэй танилцсан тэмдэглэлээ үйлдээд явсан боловч дахин холбоо барих боломжгүй болсон. Улмаар манай компани цагдаад хандан өргөдөл гаргахад Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин ******* ХХК-ийн захирал ******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр компани дээр ирж уулзахдаа манай компани өөр компанитай шүүх дээр 127,000,000 төгрөгийн маргаантай байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэсний дараа төлбөрөө төлье гэх санал тавьсан. Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авах тухай акт үйлдэн ******* ХХК-аас суурилуулж үлдээсэн 26,263,806.25 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмжийн үнийг хасаж тооцон үлдэгдэл төлбөр дээр төлбөр барагдуулах гэрээний төслийг бэлтгэн *******т хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээг баталгаажуулаагүй, холбоо барихгүй алга болсон. Ингээд ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосон.
1.3. Гэрээний 6.3-т хэрэв нийлүүлэгч нь захиалагчийн захиалгын хуудасны дагуу нийлүүлэлтийг бүрэн болон хэсэгчлэн хийгээгүй тохиолдолд захиалга тасалдсан гэж үзэх ба энэ нь нийлүүлэгчээс шалтгаалсан бол гэрээний зөрчилд тооцно, 7.1-д нийлүүлэгч нь барааг гэрээнд заасан хугацааг чанд баримтлан нийлүүлнэ, 7.2-т хүлээн авах үед болон хүлээн авсны дараах шалгалтаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж нь захиалгын дагуу бус, тоо хэмжээ зөрүүтэй, чанарын доголдолтой болох нь илэрвэл захиалагчийн хүсэлтийн дагуу нийлүүлэгч тоног төхөөрөмжийг буцаах, солих болон төлбөрөөс суутгана үүнтэй холбогдон гарсан зардлыг нийлүүлэгч тал бүрэн хариуцна, 11.7-д нийлүүлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцно, 12.3-т дараах тохиолдлыг аль нэг бий болсон бол захиалагч нь энэхүү гэрээг нэн даруй цуцлах ба учирсан хохирол, зардлыг нийлүүлэгчээр нөхөн төлүүлэх эрхтэй, 12.3.1-д нийлүүлэгч нь гэрээний заалтыг ноцтой зөрчсөн.... гэж зааснаар хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 56,060,071 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 28,030,035 төгрөг, нийт 84,090,100 төгрөгөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авах тухай актын дагуу тооцон авсан тоног төхөөрөмжийн үнэ болох 26,263,806 төгрөгийг хасаж, үлдэгдэл 57,826,293 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан шүүхийн зардалд төлсөн 70,200 төгрөг, нийт 57,896,493 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 44,764,597 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 13,131,896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 447,433 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 381,773 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлэх, хуулийн этгээдийн удирдлагын эрх нь албан тушаалтны бүрэн эрхийг нотолсон баримт бичгээр тодорхойлогдоно гэжээ. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас *******д шүүхэд төлөөлөх бүрэн эрх олгож буй ямар нэгэн баримт бичиг авагдаагүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Гэтэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл, тайлбар, нотлох баримт, хүсэлтийг шүүх үндэслэн шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Энэхүү баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх ашиг сонирхол болон шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн. Учир нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т зохигчдын гаргаж өгсөн буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурдсан байх бөгөөд итгэмжлэлийн талаар дурдаагүй. Үүнээс үзвэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй, тал бүрээс нь дүгнээгүй.
Иймд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Би ******* ХХК-д 2019 оноос хойш хуулийн зөвлөхөөр ажилласан бөгөөд энэ хугацаанд *******тай уулзаж акт дүгнэх, төлбөр барагдуулах гэрээний график гаргаж байгуулах бүх ажилд оролцсон. 2022 онд эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч оршин суугаа хаягандаа байхгүй гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоолгож шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн материалуудын хуудсыг дугаарлан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тусгасан жагсаалт дээр итгэмжлэлийг эх хувиар хавсаргав гэж бичсэн байсан. Хэргийн материалд итгэмжлэл байхгүй байгааг миний зүгээс анхаарч хараагүй. ******* ХХК-ийг би ямар нэгэн байдлаар итгэмжлэлгүйгээр төлөөлсөн гэж үзэхэд төлөөлүүлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж төлөөлүүлэгч төлөөлсөн үйл ажиллагаанаас татгалзаж гомдол гаргаагүй тул миний төлөөлөх эрх анхнаасаа хүчинтэй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож, итгэмжлэл хавсаргаж дахиад нэхэмжлэл гаргах нь хариуцагчид ямар ач холбогдолтой болон эрх зүйн байдлыг дээшлүүлэх гээд байгааг хариуцагч тайлбарлаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 29,796,265 төгрөг, алданги 28,030,035 төгрөг, шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 57,896,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Талууд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч ******* ХХК нь гэрээний хавсралтад заасан иж бүрэн 5 ширхэг авто зогсоолын хаалтыг нийлүүлж суурилуулах, нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үнэ 112,120,142 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-10/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.1. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д урьдчилгаа төлбөрт 56,060,071 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, төлбөрийн баримт зэргээр нотлогдсон. /хх-ийн 12/
3.2. Хэргийн 17-18 дугаар талд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу хийсэн ажлыг хүлээн авах тухай акт, түүний хавсралтаар хариуцагч ******* ХХК нь барриар 5 ширхэг нь 20,820,318 төгрөг, машин мэдрэгч кабель 10 метр нь 2,310,000 төгрөг, сүлжээний кабель 2,530,000 төгрөг, Gate 603,487 төгрөг, нийт 26,263,806 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч ******* ХХК-д нийлүүлсэн гэж үзэхээр байна.
4. Гэрээний 7.3-т нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор угсарч суурилуулах, 12.3.1-д нийлүүлэгч нь гэрээний заалтыг ноцтой зөрчсөн, биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон бол захиалагч гэрээг цуцлахаар талууд тохиролцсон.
4.1. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2/443 тоот, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2/533 тоот албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.
4.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
4.3. Нөгөөтэйгүүр, хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх, үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй байхаас гадна анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж төлбөрийг буцаан шаардсан үйл баримтад маргаагүй гэж үзнэ. Иймээс анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.
4.4. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ХХК-д нийлүүлсэн 26,236,806 төгрөгийн тоног төхөөрөмжийн үнийг хасаж тооцон, үлдэх 29,796,265 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.
4.5. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
5. Алдангийн тухайд:
5.1.Гэрээний 11.7-д нийлүүлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.
5.2. Дээрх гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, гэрээг бичгээр байгуулан хугацаа тогтоосон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.7-д зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
5.3. Анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 29,796,265 төгрөгийн 50 хувиар алданги тооцож, хариуцагчаас 14,898,132 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.4. Учир нь хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан баталгаа гаргах тухай гэх баримтад ...гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгах, энэ хугацаанд ажлыг гүйцэтгэхгүй бол алданги 11,660,480 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр алдангийг гаргуулах үндэслэлтэй байна. /хх-ийн 15/
6. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор түүний хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулсан, улмаар шүүхийн зардал төлж нэхэмжлэгчид 70,200 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.
7. Хариуцагчийн төлөөлөгч ...нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн буруу.. гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
7.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, улмаар компанийн эрх ашиг хөндөгдсөн талаар маргаагүй, мөн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх итгэмжлэлийг *******д олгосон байна. Ингэснээр хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас үндсэн төлбөрт 29,796,265 төгрөг, алданги 14,898,132 төгрөг, шүүхийн зардалд 70,200 төгрөг, нийт 41,526,945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16,369,548 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01711 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 41,526,945 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,369,548 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...381,773 гэснийг ...365,585 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 381,773 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ