| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01125/И |
| Дугаар | 01111 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 01111
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01125/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар баг, Алтангадас ****** дугаар гудамж ****** тоотод оршин суух Дууч овогт Пунцагийн Баярхүү, /РД: ТД53051814/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Алтангадас ****** тоотод оршин суух Боржигон овогт Баярхүүгийн Ариунсайхан, /РД: ТД77111510/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, ****** аймгийн Ахмадын хороо,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболдод холбогдох
“Орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр болох 7.084.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Баярхүү, Б.Ариунсайхан нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Нэхэмжлэгч П.Баярхүү, Б.Ариунсайхан нар нь 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Ахмадын хороо, гүйцэтгэгч талаас “Сөгнөгөр Хайрхан” ХХК, түүний захирал Т.Энхболд нартай орон сууц захиалгаар барих 3 талт гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг, 29 дүгээр хороололд байрлах 22 айлын орон сууцны барилгад 64.4 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан юм. Бид орон сууцны захиалгын гэрээний дагуу байрны урьдчилгаа төлбөр 7.084.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ын хаан банкны 5009327114 тоот дансанд тушаасан. Ингээд гэрээний дагуу Ахмадын хороо болон Сөгнөгөр Хайрхан ХХК-д гэрээнд заасан хугацаанд барилгын барьж ашиглалтанд оруулж чадаагүй ба үүнээс үүдэн орон сууц захиалагч бидэнд хохирол учраад байна. Бид байрны урьдчилгаа төлбөрийг цалингийн болон тэтгэврийн зээлийг авч төлсөн. Бид захиалагчийн зүгээс мөнгөө нэхэхэд одоо барилгын санхүүжилт орно хүлээх хэрэгтэй гэсээр өдийг хүрлээ. Бид энэ байдлаар цаашид хэдэн жил хүлээхийг мэдэхгүй. Иймээс орон сууц захиалан бариулахаар урьдчилгаа төлбөр 7.084.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.Баярхүү, Б.Ариунсайхан нар нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ:
“Миний бие Б.Ариунсайхан, П.Баярхүү нар нь Дархан-Уул аймгийн Ахмадын хороо, Сөгнөгөр Хайрхан ХХК-ийн захирал Т.Энхболдод холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр 7.084.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Сөгнөгөр Хайрхан ХХК-ийн захирал Т.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дархан-Уул аймгийн Ахмадын хороог хариуцагчаас татгалзаж байгаа болно” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч П.Баярхүү, Б.Ариунсайхан нар нь хариуцагч Дархан-Уул аймгийн Ахмадын хороо, Сөгнөгөр Хайрхан ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр болох 7.084.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай нэхэмжлэгч нар нь тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар П.Баярхүү, Б.Ариунсайхан нарын нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймгийн Ахмадын хороо, Сөгнөгөр Хайрхан ХХК-д холбогдох “Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр болох 7.084.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нарын “..Сөгнөгөр Хайрхан ХХК-ийн захирал Т.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.294 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сөгнөгөр Хайрхан ХХК-ийн захирал Т.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамж 64.147 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 64.147 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Баярхүү, Б.Ариунсайхан нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА