| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0405/Э |
| Дугаар | 465 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Хохирогч Г.Б,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн А овогт Х-н Б-д холбогдох эрүүгийн 1810026040278 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Х-н Б
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Х.Б нь 2018 оны 03 дугаар сард Г.Б тай хамтран барилгын ажил хийж, ашгийнхаа 10 хувийг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.500.000 төгрөг, 2 сарын дараа шинэ машин авч өгнө гэж хуурч, хуучин онхолдсон Приус -20 маркийн автомашиныг нь авч, бусдад худалдан 3.000.000 төгрөгийн хохирол учруулж, Г.Бт нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын эхээр машинтай явж байгаад замын хажуу руу орж онхолдсон юм. Тэр үед Х.Б тай таарсан. Бид нэг нутгийнх 10 жилд нэг байранд амьдарч байсан найзууд юм. Х.Б надад өөрийгөө барилгын ажил хийж байгаа гэж хэлсэн. Унасан машинаа надад өгчих би барилгын ажлынхаа ашгийн 10 хувийг өгье гэж хэлсэн. Тэгээд Дүжингаравын тэнд барилгын үйл ажиллагаа явуулж байгаагаа болон бичиг баримтаа надад үзүүлсэн. Ингээд би Х.Бд автомашиныг 3.000.000 төгрөгөнд бодож, бэлнээр 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Би Х.Баас 7.500.000 төгрөг авахаас 2019 оны 01 дүгээр сард 3.000.000 төгрөгөө буцааж авсан. Одоо үлдэх 4.500.000 төгрөгөө авмаар байна гэв...”
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын эхээр найзынхаа машиныг унаж яваад осол гаргаад өрөнд орчихсон юм. 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Бтай Баянгол дүүргийн 3,4 дүгээр хороололд уулзсан. Тэр үед Б чиний найзынхаа машинтай осолд орсон асуудал юу болж байна, найздаа машиныг нь төлж өгсөн үү, би одоо Дүнжингарав захын хажууд шинэ 100 айл төсөл дээр барилгын ажил хийж байгаа, хоёулаа хамтарч ажиллая, чи хөрөнгө оруулалт хийх үү, би гаднах пасад, угсралтын ажлыг авчихсан байгаа, чи надад замын хажуу руу унаж осолдсон найзынхаа эвдэрхий машиныг өгчих, нэмээд бэлнээр 3.000.000 төгрөг өгчих дараа нь боломжтой болохоороо бэлнээр 2.000.000 төгрөг нэмж өгөөрэй, би ажлаасаа шинэ Приус-20 маркийн машин аваад чамд өгье гэж хэлсэн Б их үнэмшилтэй ярьсан болохоор би итгээд зөвшөөрөөд 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр Бын эхнэр Жгийн Хаан банкны данс руу нь 2.500.000 төгрөг шилжүүлсэн, хэд хоногийн дараахан нь Б-н эхнэр Ж-н данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 05 дугаар сард Б над руу залгаад манай ах машиныг одоо очиж авна хаанаас авах вэ гэхээр нь би Өвөрхангай аймгийн Хархорин сумын журмын хашаанаас гэж зааж өгсөн. Тэгээд ах нь очоод миний осол хийсэн машиныг авчихсан байсан. Машиныг авснаас хойш 2 сарын дараанаас надад шинэ машин гаргаж өгнө, мөн cap болгон ашиг өгнө гэж хэлсэн. Тэгээд 2 cap болсон учраас Б руу залгаад ажил чинь юу болж байна, надад хэзээ машин авч өгөх гэж байна гэхэд арай болоогүй байна, одоо хэд хоног үлдчихлээ гэж хэлсэн. Би машинаа Бд 3.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Машины гэрчилгээн дээр О гэж нэр байгаа. О- Ж худалдаж аваад би Жтай хамт машиныг унаж яваад замын хажуу руу унаад Ж д өртэй болчихсон О Жд итгэмжлэл хийж өгсөн. Б нь эвдэрхий машинаа өгчих, засварын мөнгө болох 4.500.000 төгрөгөө өгчих би эргүүлээд чамд шинэ машин авч өгнө гэж хэлсэн болохоор би итгэсэн. Осолд орсон машиныг эвдэрхий чигээр нь зарвал 3.000.000 төгрөг болно. Энэ мөнгөн дээр нэмээд би бэлнээр 4.500.000 төгрөг өгсөн. Надад 7500 000 төгрөгийн хохирол учирсан...” гэжээ /хх-5-8, 77-78-р тал/,
Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... 2018 оны 05 дугаар сард шиг санаж байна. Миний танил Б над руу утасдаад “ Манай 4 найз машинтай Өвөрхангай аймагт онхолдоод эмнэлгээр яваад байгаа: та тэр онхолдсон машиныг авах уу” гэсэн. Ямар учиртайг асуухад “Манай найз найзынхаа машиныг барьж яваад онхолдоод өрөнд орчихсон юм, манай найзад мөнгөний хэрэг гарсан юмаа та тэр машиныг авчих” гэсэн. Би тухайн машиныг авна гэж хэлээгүй хэд хоносон.Тэгтэл хэд хоногийн дараа уг машиныг Өвөрхангайд ченжээр авчруулсан, үнэ ханшин дээрээ тохирсонгүй гэхээр нь би машиныг байгаа газар нь очиж үзсэн. Б машиныг 3.500.000 авчих гэхээр нь би тэр машинд их засвар орох юм байна 3.000.000 төгрөгөнд өгчих гэж хэлээд тохирсон. Тэр өдөртөө машиныг авч ирсэн ченжид 700.000 төгрөг өгөөд 1.200.000 төгрөгийг Б-н эхнэр Жгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд үлдсэн мөнгийг цувуулж авсаар байгаад 2.000.000 төгрөг болсон. Харин үлдсэн 1.000.000 төгрөгийг машины бичиг баримт шилжсэний дараа өгнө гэж хэлсэн. Машиныг барьж яваад онхолдуулсан хүн нь ирж надад бичиг баримтыг өгсөн. Тэр хүнд мөнгө өгөөгүй. Быг машиныхаа бичиг баримтыг шилжүүлж өгөөч гэхэд ажилтай байна, ажлаа дуусгаад мөнгө гарахаар машины эзэнд өөр машин авч өгөөд тэрний дараа миний нэр дээр машины гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан. Би машины засварт өөрөөсөө 4.500.000 төгрөгийн зардал гаргасан 2018 оны 09 дүгээр сард нэг эмэгтэй хүн над руу залгаад би машинаа авья гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бтай утсаар яриад хэлэхэд “та машинаа өгчихөө, наад хүмүүст өртэй юмаа, танд удахгүй машин олж өгнө” гэж хэлсэн. Би өөрт нь итгэхгүй байгаагаа хэлсэн. Мөн 2019 оны 09-10 сарын үед машины эзэн гэх залуу над руу утсаар яриад хотод орж ирсэн байна, машинаа авмаар байна гэж хэлсэн. Би машинд засвар хийж өөрөөсөө их зардал гаргасан миний хохирлыг хэн барагдууллх юм бэ гэж хэлсэн. Тэгээд Бтай холбогдох гээд чадахгүй cap гаран болж байна. Б надад хэлэхдээ хүний машин байгаа юм гэж хэлж байсан...” гэжээ. /хх-н 15-р тал/,
Лхагвадоржийн Жгийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-н 57-61-р тал/
Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б бид хоёр Архангай аймаг руу миний приус-20 загварын тээврийн хэрэгслээр явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед миний машиныг Б барьж явсан Бын буруу болоод шүүх хурлаар ороод салсан. Миний машин эвдэрч гэмтсэн учраас би Бт миний эвдэрсэн машиныг аваад надад эвдрэл гэмтэлгүй машин авч өг гэж хэлсэн. Б харин миний машиныг өөр хүнд зарсан байсан. Б надад хэлэхдээ миний машиныг засна гэж хэлсэн боловч Бд өгсөн байсан. Б надад 3.500.000 төгрөг өгсөн...” гэжээ /хх-н 81-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, ял шалгах хуудас /хх-23/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 03 дугаар сард Г.Бтай хамтран барилгын ажил хийж, ашгийнхаа 10 хувийг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.500.000 төгрөг, 2 сарын дараа шинэ машин авч өгнө гэж хуурч, хуучин онхолдсон Приус -20 маркийн автомашиныг нь авч, бусдад худалдан 3.000.000 төгрөгийн хохирол учруулж Г.Бт нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, хохирогчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 7.500.000 төгрөг нэхэмжилснээс 3.000.000 төгрөгийг төлсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт үлдэх 4.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Б төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс 4.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт Х-н Б-г бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-н Б-г 240 / хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Баас 4.500.000 / дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Г.Бт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ