Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00748

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01697 дугаар шийдвэртэй

 

*******гийн нэхэмжлэлтэй,

Н.Батбаярт холбогдох

 

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг ******* гэх хүнээр дамжуулан *******т 40,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 20,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр харилцан тохиролцсон.

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр *******т тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэвч ******* нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, утсаа авахгүй алга болсон тул би тээврийн хэрэгслийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авахад ******* улсын дугаартай болж өөрчлөгдсөн байсан.

Иймд хариуцагчаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлд ******* нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* гэх хүнээр дамжуулан надад 40,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 20,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр харилцан тохиролцож тээврийн хэрэгслийг шилжүүлсэн талаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Би *******г танихгүй, түүнтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан үнийн дүн, хугацааны талаар тохиролцоогүй. Тэрээр надтай холбогдоогүй, сураг чимээгүй болсон гэж шүүхэд худлаа тайлбар гаргасан байна.

2.2. Харин би ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай 2021 онд гэрээ байгуулж, газар шорооны ажил гүйцэтгэсэн боловч ажлын хөлсний үлдэгдлээ өгөөгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажлын төлсөнд тооцож ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд нэхэмжлэлд дурьдагдсан үйл баримт бодит үнэнд үндэслэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх гэрчээр *******ыг асуусны дараа түүний мэдүүлэгтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу ...*******ыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгч дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх, өмгөөлөгч энэхүү хүсэлтийг гаргах эрхгүй гэх агуулагатай тайлбар хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж шүүхийн эрх хэмжээг тодорхой заасан. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэдийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өмгөөлөгчөөр төлөөлүүлэн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

4.2. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоож дарааллын талаар оролцогч нарын саналыг асуух үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гэрч *******ыг асуулгах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хэлэлцээгүй орхигдуулсан. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.-т Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана гэж заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.13-т шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах, өмгөөлөгчийн эрхийг хуульчилсан. Гэтэл шүүгч нь хариуцагчийн өмгөөлөгч *******тай их сургуулийн нэг төгсөлт болохыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдэж татгалзах хүсэлт гаргах боломжоор хангаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. Гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ. Гэтэл хуулийн дээрх хуулийн зүйл заалт нь шүүх заавал биелүүлэх үүрэг болгосон заалт биш тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан боловч нэхэмжлэлд *******ыг хариуцагч болох талаар дурьдаагүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч талын гомдолд тусгагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт хэрэг хянан шйидвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, өөрчлөх, хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргах эрх дурьдагдаагүй. Мөн нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бололвч шүүх хуралдаан эхлэхээс өмнө энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлснээр шүүхийн хэлэлцүүлэг үргэлжлэн явагдсан.

5.2. Гомдолд хуралдаан даргалагч шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоож дарааллын талаар оролцогч нарын саналыг асуух үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гэрч *******ыг асуулгах хүсэлтийг хэлэлцээгүй орхигдуулсан нь шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэжээ. Гэтэл мөн өдрийн шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаан нээх, шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж даргалагчид илтгэн танилцуулах ажиллагаа хуульд заасан дарааллын дагуу явагдсаны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасны дагуу гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргаж шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу үргэлжилсэн. Мөн дараа дараагийн процесс ажиллагаа хийгдсэний дараа хуульд заасан дараалал ёсоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар гэрч *******ын мэдүүлгийг сонссон нь хуульд нийцсэн ажиллагаа гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Дээрхээс гадна гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар шүүхээс оролцогч нарын саналыг харгалзахгүй хуулийн дагуу бие даан шийдвэрлэх шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

5.3. Гомдолд шүүгч нь хариуцагчийн өмгөөлөгч *******тай их сургуулийн нэг төгсөлтийнх болохоо нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдэж татгалзах хүсэлт гаргах боломжоор хангаагүй гэжээ. Гэтэл шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгсөн боловч оролцогчид татгалзан гаргах үндэслэл байхгүй тул хүсэлт гаргаагүй бөгөөд өмнөх удаагийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцсон шүүх хуралд хуралдаан даргалагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар нэг сургуульд суралцаж төгссөн нь хуульд заасан уг хэргийг шударгаар шийдвэрлэхэд нөлөөлөх хувийн харилцаанд тооцогдохгүй талаараа ил тод мэдэгдэж, оролцогчдын саналыг асуухад татгалзан гаргах хүсэлт гараагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд өмгөөлөгчөөр төлөөлүүлэн шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй гэсэн тул өмгөөлөгч шүүх хуралдаанд орохоосоо өмнө хурлын бэлтгэлээ хангаж хэргийн материалтай танилцах нь үүрэг хариуцлагатай холбоотой асуудал юм. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан буюу татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж үзэн шүүх хуралд орсон. Шүүгчийг татгалзан гаргахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэг сургуулийн нэг төгсөлтийн байх нь хувийн харилцаатай байх, ашиг сохирлын зөрчилд тооцох талаар заагаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, хариуцагчийг сэтгэл санааны дарамтанд оруулж, цаг хугацаа, эдийн засгийн хохиролд оруулж байгаад гомдолтой байгаа бөгөөд энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа өөрт учирсан бүх хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

4. ХХК-ийн гүйцэтгэх удирдалга нь ******* ба тус компани нь ХХК-тай тохиролцож, орон сууцны 16 давхар барилгын суурийн ажлыг хийсэн. ХХК нь ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 33,2278,500 төгрөг, алданги 3,327,850 төгрөг, нийт 36,606,350 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. ХХК-ийн захирал ******* ХХК-тай тооцоо нийлж 36,606,350 төгрөгийг төлж барагдуулсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/02321 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХХК-аас хариуцагч ХХК-д холбогдуулан 36,606,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. / хх. 15-20 дугаар тал/

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ******* мэдүүлэгтээ ...би *******гээс Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 20,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр болсон, улмаар Батунаа гэх хүнд ажлын хөлс өгөх өртэй байсан, уг төлөх төлбөрт тооцон *******гээс машиныг аваад М.Батбаярт тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгсөн. *******гийн нэхэмжилж байгаа тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр надад хамааралтай, төлбөрөөс засварын төлбөр 4,600,000 төгрөгийг хасаж, *******д 3,000,000 төгрөг өгсний дараа тооцоо нийлж 7,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг өгчих, үлдэх 4,000,000 төгрөгийг дараа өг гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийг ажлын хөлсөнд *******т шилжүүлж байгааг ******* өөрөө мэдсэн, харин *******, ******* нар нэгнээ танихгүй... гэж мэдүүлсэн. /хх-ийн 40-41/

 

5.1. Талуудын тайлбар, гэрч *******ын мэдүүлэг болон хэргийн баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч ******* нь ******* улсын дугаартай, Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг *******т 35,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, улмаар 20,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх төлбөрийг хэсэгчлэн авахаар тохиролцсон ба *******аас маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагч *******т ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн байна.

 

5.2. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. Шүүх хуралдаан даргалагчаас хуулиар тогтоосон дэг дарааллын дагуу шүүх хуралдааныг удирдан явуулж хүсэлтийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад хүсэлтгүй талаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон байна. Улмаар гэрч *******аас мэдүүлэг авсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлээгүйг буруутгах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт хэлэлцэх шатанд хүсэлт гаргаагүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, хамтран хариуцагч татах эрх нь нэхэмжлэгчийн субьектив эрх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчид уг эрх хууль болон гэрээгээр олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6.2. Шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс хариуцагчийн өмгөөлөгч *******тай их сургуулийн нэг төгсөлт болохыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж татгалзал байгаа эсэхийг асуухад ...татгалзахгүй... гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд нэхэмжлэгч талын ...шүүх хуралдаан даргалагч шүүгч энэ талаар мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ