Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00749

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/01634 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг гаргуулах, орон сууц хөлсөлсөн төлбөрт төлсөн 13,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн зөрүү төлбөрт 8,052,000 төгрөг, захиалагчийн өмнөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, гэрээний дагуу тооцогдсон алданги 25,974,948 төгрөг, нийт 35,156,590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн, *******,******* 3 өрөө орон сууцны нийт талбай 69,12 м.кв талбайтай, ашигтай талбай 61,38 м.кв талбайтай, нийт үнэ 187,209,000 төгрөг байх бөгөөд үүнээс урьдчилгаа төлбөрт 93,604,500 төгрөгийг хуваарийн дагуу ашиглалтад орох хүртэл төлж, үлдэх 93,604,500 төгрөгийг мэдэгдэл авсны дараа төлөхөөр тохиролцсон.

Улмаар ******* ХХК-ийн эдийн засагчтай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж төлбөрөө бүрэн төлж дуусган орон сууцны түлхүүрээ авах хүсэлт гаргахад танай байрны м.кв талбай нэмэгдсэн гэх шалтгаанаар орон сууцыг хүлээлгэн өгөхгүйгээр намайг хохироосон. Би гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн байхад 2 жил, 10 сарын хугацаанд талбайн өөрчлөлтийн тухай мэдэгдээгүй, гэрээнд тусгаагүй атлаа талбайн мөнгийг хууль бусаар нэхэмжилсэн. Миний төлсөн 187,209,000 төгрөгийг 4 сарын хугацаанд үнэгүйдүүлж, надад сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсан тул *******,*******, хаягт байрлах, 63,07 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулна.

1.2. Гүйцэтгэгч нь 69.12 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад гэрээнд заасан хаяг, байршил бүхий захиалагчийн орон сууцыг 63.07 м.кв хэмжээгээр барьж ашиглалтад оруулсан нь гэрээгээр хүлээсэн гүйцэтгэгчийн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, захиалагчийн захиалсан орон сууцны талбай 6.05 м.кв хэмжээгээр дутуу байх бөгөөд талбайн зөрүүнд 16,386,204.4 төгрөгийг захиалагчид мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэг гүйцэтгэгчид үүссэн.

1.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д ...гүйцэтгэгч тал нь орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх, 2.5-д гүйцэтгэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууц хүлээлцсэн акт үйлдэж орон сууцны түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, 2.6-д захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч нь орон байрандаа гэрээнд заасан хугацаанд орж чадаагүйн улмаас 12 сар гаруй хугацаанд бусдын хөлсний байранд амьдарсан.

Тодруулбал, тэй 2024 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээгээр Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 6/24 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг сар бүр 1,100,000 төгрөгөөр хөлсөлсөн. Түүнчлэн, орон сууцны хөлсийг төлөх зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Голомт банктай дижитал зээлийн гэрээг байгуулан 14,840,000 төгрөгийг зээлсэн тул үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн үүрэгтэй байсан боловч хугацааг хэтрүүлснээс улмаас нэхэмжлэгч өөрийн ашиг сонирхлыг хангахын тулд гаргасан зардлаа болон олж болох байсан орлогоо шаардах эрхтэй байна. Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар *******ийн 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд орон сууцны хөлсөнд төлсөн 13,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Иймд *******,*******, хаягт байрлах, 63,07 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, орон сууцны талбайн дутуу хэмжээнд ногдох 16,386,204 төгрөг, хохирол 13,200,000 төгрөг, нийт 29,586,204 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдах явцад гэрээний 1.2-т м.кв талбайн хэмжээнд механикийн алдаа гарч ашигтай талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64,02 м.кв талбай гэж бичих байсныг 61,38 м.кв талбай гэж алдаатай бичсэн. Энэ талаар захиалагчид 24/54 тоот албан бичгээр мэдэгдэхэд захиалагч нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гар өргөдлөөр ХХК-аас хэмжилт хийлгэж гэрээнд 61,38 м.кв гэж зааснаар их буюу 63,07 м.кв талбайн хэмжээтэй болох дүгнэлтийг гаргуулж ямар нэгэн төлбөр тооцоо нэмж төлөхгүйгээр орон сууцыг хүлээн авах хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийн хариуд ******* ХХК нь 24/148 тоот албан бичгээр магадлалаар орсон зураг төслийн дагуу 64.02 м.кв талбайн хэмжээгээр төлбөр тооцоог авахгүйгээр захиалагчийн өөрийн гаргасан 63.07 м.кв-ын дагуу зөрүү төлбөр тооцоог бодож 5,154,500 төгрөгөөр төлбөрийг төлж орон сууцаа хүлээн авах хариуг хүргүүлсэн. Гэвч захиалагч нь өнөөдрийг хүртэл орон сууцны зөрүү төлбөр тооцоог төлөөгүй, талуудын байгуулсан гэрээний 6.1-д барилга ашиглалтад орсны дараа орон сууцны ашигтай талбайн хэмжээ өөрчлөгдөж болох хүлцэх алдааг 1.8 хувь байхаар тодорхойлсон боловч *******ийн захиалсан орон сууцны ашигтай талбайн хэмжээ 2.75 хувиар нэмэгдсэн.

Иймд зөрүү төлбөрийг төлөхгүйгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр захиалагч нь *******, Мандала гарден хотхоны II ээлжийн Ватер гарден төслийн 304 дүгээр блок, 4 дүгээр давхрын 3 өрөө орон сууцыг захиалж, гүйцэтгэгч нь орон сууцны талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64.02 м.кв хэмжээтэй барьж гүйцэтгэсэн. Талууд гэрээний 1.2-т ашигтай талбайгаар буюу 61.38 м.кв талбайн хэмжээгээр 1 м.кв үнийг 3,050,000 төгрөгөөр тохирсон болох нь ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/54 тоот, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/158 тоот албан бичгүүд, захиалагч *******ийн гар өргөдөлд хэмжилтээ тооцоход 63.07 м.кв-61.38 м.кв=1.69 м.кв зөрүү гарч үүнээс гэрээний 6.1-д заасан хүлцэх алдаа 1.1 м.кв хасч, (1.69м.кв-1.1м.кв=0.59м.кв) зөрүү 0,59х3,050,000=1,799,500 төгрөг төлөх тооцоо гарсан. Орон сууцны талбайн хэмжээ анх гэрээ байгуулсан хэмжээнээс илүү болохыг захиалагч ******* мэдсээр байж орон сууцны талбайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин төлөгдөөгүй үлдсэн 2.64 м.кв талбайн төлбөр 8,052,000 төгрөгийг захиалагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууц ашиглалтад орсноос хойш гүйцэтгэгчид төлөөгүй.

3.2. Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсон талаар мэдэгдсэнээс хойш захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж, орон сууцаа бүрэн хүлээн авах боломжтой боловч илүү байгаа м.кв-ын төлбөрийг төлөхгүй орон сууцыг авна гэх зорилгоор өнөөдрийг хүртэл орон сууцаа хүлээн аваагүй. Үүнээс үүдэн ашиглалтын зардлууд сар болгон гарч, захиалагчийн өмнөөс СӨХ-ны үйл ажиллагаа хэрэгжүүлдэг ХХК-д 950,364 төгрөг, конторын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ХХК-д 179,278 төгрөгийг төлсөн.

3.3. Захиалагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гэрээний 4.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж харилцан тохирсон. Гэрээний дагуу алдангийг тооцоход 25,974,948 төгрөгийн алданги тооцогдсон.

Иймд нэхэмжлэгчээс орон сууцны талбайн хэмжээ үнийн дүнгийн зөрүү төлбөр 8,052,000 төгрөг, захиалагчийн өмнөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, алданги 25,974,948 төгрөг, нийт 35,156,590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 1.2-т орон сууцны ашигтай талбай 61.38 м.кв гэж тохиролцсон бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мандала гарден хотхон, 3 дугаар ээлж /304 блок/-ийн барилгын ажлын зурагт 304 дүгээр блок, 4 давхрын орон сууцны талбайг 64.02 м.кв талбайтай гэх баримт гаргаж өгсөн. Уг барилгын ажлын зураг төсөл орон сууцыг барих зураг төсөл болохоос маргаан бүхий орон сууцны талбай 64.02 м.кв гэсэн ойлголт биш юм. Харин ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэмжилтээр орон сууцны талбай 63.07 м.кв талбайтай болох нь тогтоогдсон. Хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/148 дугаар өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг болон хуралдаанд гаргасан тайлбартаа ХХК-ийн хэмжилтийг хүлээн зөвшөөрч, орон сууцны талбайн зөрүү 1.69 м.кв талбайд ногдох 5,154,500 төгрөгийг шаардсан байдаг. Иймд хариуцагчийн шаардсан орон сууцны зөрүү 8,052,000 төгрөгөөс 5,154,500 төгрөгийг зөвшөөрч, үлдэгдэл 2,897,500 төгрөгийг эс зөвшөөрч байна.

4.2. Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 950,364 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг гэж тус тус заасны дагуу уг орон сууцны өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх ёстой байдаг. Гэтэл хариуцагч ******* ХХК нь *******, Мандала гарден хотхоны II ээлжийн Ватер гарден төслийн 304 дүгээр блок, 4 давхрын орон сууцны талбайг 64.02 м.кв орон сууцыг нэхэмжлэгч *******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байхаас гадна орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул орон сууцны өмчлөгч нь одоогоор ******* биш юм. Мөн нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцанд амьдраагүй буюу өмчлөгч, эзэмшигч биш учраас орон сууцны конторт төлсөн гэх 179,278 төгрөгийг төлөх үүрэггүй.

4.3. Хариуцагч ******* ХХК сөрөг нэхэмжлэлдээ орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцны урьдчилгаа 50 хувь болох 93,604,500 төгрөгийг хавсралт 1-т заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн гэжээ. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууц захиалгын гэрээний хавсралт 1-т заасан хугацаандаа орон сууцны төлбөр төлөх тухай баримтыг гаргаж өгөөгүй, гэрээний алданги 29,974,948 төгрөгийг хэрхэн тооцсон тухай баримтаа гаргаагүй. Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээний хавсралт 1-т заасан хугацаанд орон сууцны урьдчилгаа төлбөр 93,604,500 төгрөгийг давуулан буюу 95,443,250 төгрөгийг төлж, хугацаандаа төлбөрөө төлсөн тухай тооцоо нийлж, үлдэгдэл 91,765,750 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үйлдсэн.

Мөн хариуцагч ******* ХХК нь гэрээний 1.4-т заасны дагуу 2023 оны 3 дугаар улирал буюу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор уг орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг гэрээгээр хүлээсэн хугацаанд ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхгүй. Түүнчлэн, гэрээний 4.3-т хэрвээ захиалагч гэрээний 1.3-т заасан урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлөх аль нэг хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгэгч тал алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан нь хариуцагч алданги төлөх үүргээс чөлөөлөх зохицуулалт юм. Үүнтэй адил талуудын хооронд гэрээнд заагаагүй боловч гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн бол захиалагч тал алдангиас чөлөөлөгдөхөөр тохиролцсон.

Иймд өрөг нэхэмжлэлийн шаардлагаас 30,002,090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222.7-д заасныг баримтлан ,,,******* 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, хохирол 13,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч *******ээс 6,113,184 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлээс 29,043,406 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар орон сууцны талбайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,093,995+223,950/ 1,317,945 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,733 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1,093,995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 112,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь орон сууцны эзэмшлийг хүлээлгэн өгөх талаар шаардлага гаргасныг хариуцагч татгалзсанаар хугацаа хэтрүүлсэн буруутай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч орон сууцандаа гэрээнд заасан хугацаанд орж чадаагүйгээс бусдын хөлсний байранд амьдарсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь бусдын орон сууцыг 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд орон сууцны хөлсөлж, 13,200,000 төгрөгийг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

6.2. Нэхэмжлэгч нь гэрээний 1.3-т зааснаар орон сууцны нийт үнэ болох 187,209,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Талууд орон сууцны талбайг 61.38 м.кв гэж тохиролцсон боловч хариуцагч бодит байдал дээр гэрээгээр тохиролцсоноос илүү хэмжээгээр буюу 63,06 м.кв талбайтай орон сууц барьсан. Улмаар хариуцагч нь орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Түүнчлэн, улсын комисст 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгснөөс хойш орон сууцанд захиалагч *******ийг оруулаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс алданги 958,684 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэхдээ алдангийн хоногийг алдаатай тооцсон. Нэхэмжлэгч нь алданги 891,841 төгрөгийг хариуцагчид олгох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд хариуцагчаас хохирол 13,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн илүү шаардсан 206,157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Захиалагч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэн м.кв-ын зөрүү төлбөр болох 5,154,958 төгрөгийн алдангийг манай компанид төлсөн. Гэрчилгээ гаргуулахаар бичиг баримтаа авч, 63.07 м.кв-аар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийн үр шимийг хүртсэн мөртлөө давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг ойлгохгүй. Анхан шатны шүүхээс цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийг орон сууц бодитой түрээслээгүй бөгөөд түрээсэлсэн гэж гаргаж өгсөн нотлох баримтууд цаг хугацаатай нийцдэггүй гэж зөв дүгнэсэн. *******тэй байгуулсан гэрээний 1.4-т 2023 оны 3 дугаар улиралд улсын комисс ажиллуулахад бэлэн болгоно гэж заасан.

Манай компани гэрээний дагуу 2023 оны 3 дугаар улиралд улсын комисс ажиллуулахад бэлэн болгосон бөгөөд хүсэлт гаргаад комисст байраа хүлээлгээд өгсөн байсан. ******* нь ******* ХХК-д нэг ч удаа энэ байранд орохоор хүсэлт гаргаж байгаагүй. Манай компанийн буруугаас болоод нэхэмжлэгч орон сууц хөлслөөгүй учраас 13,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Гэрээний 1.6-д захиалагч нь орон сууц ашиглалтад орсон тухай мэдэгдэл аваад төлбөр тооцоог нийлүүлж үлдэгдэл төлбөр тооцоог бүрэн хааж орон сууцыг хүлээж авах үүргийг хүлээсэн. Гэтэл м.кв-ын зөрүүг төлөхгүйгээс болоод энэ маргаан үүссэн бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан. Үүрэг гүйцэтгэгч буюу ******* ХХК нь хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй, гэрээний дагуу 2023 оны 3 дугаар улиралд улсын комисст хүлээлгэж өгөхөөр бэлэн болгосон байсан. Нэхэмжлэгч тал алданги буруу бодсон бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 46,802,208 төгрөг төлөх ёстой байсан. Гэвч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх буюу хоёр өдрийн 46,000,000 төгрөгийн алдангийг тооцоогүй, алдангийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ,,,******* 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд ногдох 16,386,204 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хөлсөлсөн төлбөрт төлсөн 13,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн зөрүү төлбөрт 8,052,000 төгрөг, захиалагчийн өмнөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, гэрээний дагуу тооцогдсон алданги 25,974,948 төгрөг, нийт 35,156,590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3. Хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь ,,,******* 3 өрөө орон сууцны нийт талбай 69.12 м.кв, ашигтай талбай 61.38 м.кв орон сууцыг барьж, 2023 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч нь орон сууцны үнэ 187,209,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 93,604,500 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, үлдэх 93,604,500 төгрөгийг мэдэгдэл авснаас хойш хуанлийн 20 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.2.Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хүртэлх хугацаанд 32 удаагийн гүйлгээгээр нийт 187,209,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэргийн 1-р хавтасны 8, 33-64 дүгээр тал дахь төлбөр төлсөн баримтаар нотлогдсон.

 

3.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХК-иар орон сууцанд хэмжилт хийлгэхэд ,,,******* орон сууцны нийт талбайн хэмжээг 63.07 м.кв гэж болохыг тодорхойлсон. /хх-ийн 81/

3.4. Хэргийн 72 дугаар талд авагдсан хариуцагчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/54 тоот мэдэгдэлд ...барилгыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комисс ажиллуулж байнгын ашиглалтанд оруулаад байна. Таны захиалсан орон сууцны ашигтай талбайн хэмжээ нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр 61.38 м.кв талбайтай гэж гэрээлсэн боловч бодит талбайн хэмжээ нь 64.02 м.кв буюу гэрээнд заасан талбайгаас 2.64 м.кв талбай илүү байна. Иймд МГ-W-21/70 тоот гэрээний 6.1-д заасан хүлцэх алдаанаас хэтэрсэн байх тул зөрүү 2.64 м.кв талбайн төлбөрийг гүйцэтгэгчид төлж орон сууцыг хүлээн авна уу... гэжээ.

 

3.5. Нэхэмжлэгч нь хариуцагчид гаргасан өргөдөлдөө ...гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулж орон сууцны түлхүүр авах гэхэд уг орон сууц 2 м.кв талбайгаар нэмэгдсэн тул зөрүү 8,500,000 төгрөг төлөх талаар хэлсэн. ХХК-иар хэмжилт хийлгэхэд 63.07 м.кв талбайтай гэж гарсан. Энэ хэмжилтээр тооцоход 1,69 м.кв-ын зөрүү гарч үүнээс гэрээнд заасан хүлцэх алдаа 1.1 м.кв-ыг хасахад 0,59 м.кв-ын зөрүү 1,799,500 төгрөг төлөх тооцоо гарсан тул зөрүү асуудлыг эерэг талаас нь шийдвэрлэж өгнө үү... гэжээ. /1-р хх-ийн 73-74/

 

3.6. Хариуцагчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/148 тоот өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт ... ХХК-иар хийлгэсэн хэмжилтийн дүгнэлтээр тухайн орон сууцны ашигтай талбайн хэмжээ 63.07 м.кв болохыг тодорхойлжээ. Орон сууц захиалгын гэрээний 6.1-д барилга ашиглалтад орсоны дараа орон сууцны ашигтай талбайн хэмжээ өөрчлөгдөж болох хүлцэх алдааг 1.8 хувь байхаар тодорхойлсон боловч таны захиалсан орон сууцны ашигтай талбайн хэмжээ 2.75 хувиар нэмэгдсэн байх тул зөрүү төлбөрийг төлөхгүй байх таны хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд та захиалсан орон сууцны ашигтай талбайн м.кв-ын зөрүү төлбөр болох 5,154,500 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө үү. Талбайн хэмжилтийг ХХК-ийн хэмжилтээр тооцоход манай зүгээс татгалзахгүй болно гэжээ. /1-р хх 72/

 

3.7. Хариуцагчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/54 тоот мэдэгдэл, талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь 2023 оны 12 дугаар сард орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Харин орон сууцны ашигтай талбай нь бодит байдалд гэрээгээр тохиролцсоноос илүү хэмжээтэй байсан, улмаар хариуцагч нь илүү талбайн хэмжээнд ногдох төлбөрийг нэхэмжлэгчээс шаардсантай холбоотойгоор талуудын хооронд маргаан үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

4.1. Гэрээний 2.5-д орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууц хүлээлцсэн тухай акт үйлдэн орон сууцны түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, 2.6-д захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй гэж талууд тохиролцсон.

 

4.2. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримтыг гаргуулах шаардлага, хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн зөрүү төлбөрт 8,052,000 төгрөг, захиалагчийн өмнөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, гэрээний дагуу тооцогдсон алданги 25,974,948 төгрөг, нийт 35,156,590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаас үзэхэд талуудын хэн аль нь гэрээнээс татгалзаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

4.3. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, орон сууцны үнийг төлсөн тул хариуцагч ******* ХХК-ийн ,,,******* 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримтыг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс хугацаа хэтрүүлсний улмаас 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсөн төлбөрт 13,200,000 төгрөгийг төлж хохирсон гэж шаардлагаа тодорхойлсон.

 

5.1. Гэрээний 1.4-т ...орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан иж бүрэн чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, гэрээний 4.1-д гүйцэтгэгч тал өөрийн буруугаас орон сууцыг улсын комисст өгөх хугацааг хуалийн 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх төгрөгийн алдангийг захиалагчид төлөхөөр харилцан тохирсон.

 

5.2. Дээрх гэрээний 4.1-д 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хэтэрсэн хугацааг тоолохоор талууд тохирсон байх тул хариуцагч нь орон сууцын барилгыг 2023 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан учир үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний 1.4-т заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулсан тул гэрээний үүргийн зөрчлөөс маргаан үүсээгүй, харин зохигчдын хооронд орон сууцны м.кв-ын талбайн зөрүүтэй байдлын улмаас маргаан үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

5.3. Хэргийн 1-р хавтасны 193-194, 201-203 дугаар талд ******* болон нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 01, 2024 оны 03 дугаар сарын 25, 2024 оны 06 дугаар сарын 29, 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тус тус орон сууц хөлслөх гэрээ, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтууд авагдсан байна. Уг гэрээгээр хөлслүүлэгч нь Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 6/24 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 1,100,000 төгрөгөөр хөлслүүлэх, хөлслөгч ******* нь орон сууц хөлсөлсний төлбөрт нийт 13,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, мөн нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3,300,000 төрөгийг бэлнээр, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3,400,000 төгрөгийг тус тус дансаар өд шилжүүлсэн байна.

 

5.4. Дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж хариуцагчаас орон сууцны хөлсөлсөн төлбөр гаргуулах үндэслэлгүй. Учир нь хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулсан байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

5.5. Нөгөөтэйгүүр, хариуцагч гэрээний үүргийг зөрчсөнөөр нэхэмжлэгчид бодитоор 13,200,000 төгрөгийн хохирол учирсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь орон сууцны хөлс төлөх зорилгоор Голомт банк ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 14,840,000 төгрөгийн зээл авсан гэж тайлбарласан боловч орон сууц хөлслөх болон зээлийн гэрээ, мөн хөлс төлсөн хугацаанууд хоорондоо зөрүүтэй байхаас гадна Ариг банк ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан бизнесийн зээлийн гэрээнд *******, нар хамтран зээлдэгчээр оролцсон, ийн орон сууцыг дээрх зээлийн барьцаалбарт бүртгэсэн байна. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч нь бусдын орон сууцыг хөлсөлж төлбөрт 13,200,000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэлээр хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсөн төлбөрт 13,200,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Харин нэхэмжлэгч нь орон сууцны хөлс төлсөн төлбөрийг хохирол гэж тодорхойлж шаардсан байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

7. Нэхэмжлэгч ******* нь орон сууцны талбайн дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

8.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

а/ Орон сууцны талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64.02 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэсэн. Харин талуудын байгуулсан гэрээнд ашигтай талбайг 61.38 м.кв гэж гэрээлсэн. Үүнээс зөрүү 2.64 м.кв-ын төлбөр болох 8,052,000 төгрөг гаргуулах,

б/ Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсон тухай мэдэгдлийг захиалагчид албан бичгээр мэдэгдсэн боловч захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоог төлж дуусган орон сууцаа хүлээн аваагүйгээс шалтгаалан орон сууцны ашиглалтын зардалд захиалагчийн өмнөөс СӨХ-ны үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ХХК-д 950,364 төгрөг, конторын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ХХК-д 179,278 төгрөг тус тус төлсөн тул уг мөнгийг гаргуулна,

в/ Захиалагч ******* нь гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцны урьдчилгаа 50 хувь болох 96,604,500 төгрөгийг хавсралт 1-т заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс 958,684 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон. Мөн зөрүү м.кв төлбөрийг мэдэгдэл авсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 402 хоног төлөлгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги 16,184,520 төгрөг, нийт 17,143,204 төгрөгийн алдангийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

8.2. Хэргийн 1-р хавтасны 81 дүгээр тал дахь ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ,,,******* орон сууцны нийт талбайн хэмжээг 63.07 м.кв гэж болохыг тодорхойлсон. Энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно. /1-р хх81/

 

8.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь ХХК-ийн хэмжилтээр тогтоогдсон 63.07 м.кв-аас гэрээнд заасан 61.38 м.кв-аас илүү гарсан 1,69 м.кв талбайд ногдох 5,154,500 төгрөгт холбогдох хэсэгт маргаагүй, энэ хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн зөрүү төлбөрт 8,052,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,154,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 2,897,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

8.4. Мөн талуудын хооронд үүссэн маргаантай харилцаа нь гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалаагүй, харин зохигчдын хооронд орон сууцны м.кв-ын зөрүүтэй байдлын улмаас маргаан үүссэн нь гэрээний үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нар хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол шаардах эрхийг үгүйсгэх тул орон сууц захиалгын гэрээний дагуу үүргийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны ашиглалтын зардалд төлсөн СӨХ-ны үйл ажиллагааны 950,364 төгрөг, конторын үйл ажиллагаанд холбогдох 179,278 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

8.5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 8,052,000 төгрөгийг төлөөгүй нь гэрээгээр тохирсон хугацааг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй, мөн зохигчид 8,052,000 төгрөг төлөхөөр гэрээгээр харилцан тохиролцоогүй байхаас гадна гэрээгээр тохирсон төлбөр төлөх графикийг зөрчиж хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 16,184,520 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд тус тус хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

9. Талуудын байгуулсан гэрээний 4.2-т захиалагч хавсралт 1-т заасан урьдчилгаа төлбөр төлөх хуваарь болон үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, гэрээг бичгээр байгуулж хугацаа тогтоосон тул хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т зааснаар нэхэмжлэгчээс алданги шаардах эрхтэй.

 

9.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс алданги гаргуулж шийдвэрлэсэн зөв боловч нэхэмжлэгчийн төлбөр төлсөн хугацааг хэтрүүлсэн 44 хоногийн алдангид 958,684 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

 

9.2. Учир нь хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг төлөхдөө 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 400,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 6,802,250 төгрөгийг төлөхдөө 5 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 170,055 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 8,665 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 3 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 25,995 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 8,665 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 8,665 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 17,330 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 17,330 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 8,665 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 17,330 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 4 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 34,660 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 3 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 25,995 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 4 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 34,660 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 8,665 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 17,330 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 8,665 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 4 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 34,660 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,733,000 төгрөг төлөхдөө 5 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 43,325 төгрөг, мөн дутуу төлсөн 11,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн байх тул алданги 1,430 төгрөг болсон байна.

 

9.3. Дээрх тооцоог нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлж төлбөр төлсөн 44 хоногийн алдангид нийт 892,091 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 66,593 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээ болон 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/01634 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...222.7-д... гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт гэж,

2 дахь заалтын ...6,113,184 гэснийг ...6,045,591 гэж, ...29,043,406 гэснийг ...29,110,999 гэж,

4 дэх заалтын ...112,760 гэснийг ...111,679 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 224,980 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ