| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/03599/И |
| Дугаар | 210/МА2025/00783 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00783
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01677 дугаар шийдвэртэй,
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
44,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* нь ******* надаас 40,000,000 төгрөг зээлээч гэж гуйсан тул эхнэр *******гийн данснаас 40,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түүний Хаан банк дахь тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл ******* нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дахин 4,000,000 төгрөг зээлээч өмнөх зээлийн мөнгөтэй нийлүүлээд өгье гэж гуйсан тул эхнэр *******гийн данснаас шилжүүлүүлсэн. Тэрээр нийт 44,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
1.2.Хариуцагч *******д холбогдуулан 44,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргахад тэрээр тодорхой хугацааны дараа төлье нэхэмжлэлээ татаж авах хүсэлт гаргасан тул нэхэмжлэлээ татан авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байх тул хариуцагчаас 44,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******ыг 2018 оны 12 дугаар сард таньдаггүй, мөн түүнтэй уулзаж мөнгө зээлж байгаагүй. Харин 2018 оны 12 дугаар сард иргэн *******өд 44,000,000 төгрөгийн үйлдвэрийн аргаар шулсан мах зарсан. Махны төлбөрийг *******өөс над руу шилжүүлж байсан. Тухайн үед хэний дансаар шилжүүлснийг мэдэхгүй, махны төлбөрт шилжүүлсэн 44,000,000 төгрөгийг ******* зээлсэн гэсэн нь үндэслэлгүй. Би ******* компанид инженерээр ажиллаж байхад ажлын дагуу миний данс руу мөнгө хийсэн байсан. Нэхэмжлэгч танайхаар дамжуулж мах гаргамаар байна гэхээр нь дахин хамтран ажиллах боломжгүй гэж хэлсэн.
Харин *******ын эхнэрийн дүү болох *******тэй хамтарч ажилласан 192,000,000 төгрөг шилжүүлсэн, гаалийн бүрдүүлэлт хийж махыг гаргаж байсан нь баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нартай хамтран ажилласан тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. н.Отгонтөгс гэрчийн мэдүүлэгт ...******* ах бид хоёр хамаатан, хамтарч ажилласан мөнгөө зээлсэн гэж мэдүүлсэн. Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэхийг анхаарах ёстой.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх гэрчийг асуухад нэхэмжлэгчийг байлцуулаагүй, гэрчээс асуулт асуух боломж олгоогүй. Шүүх хариуцагчийн хүсэлтээр ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан. Гэрч 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагт болох шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааны бус үед мэдүүлэг авсан. Гэрчээс мэдүүлэг авсан өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэмтэл, бэртлийн улмаас эмнэлэгт хэвтсэн талаар нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Мөн гэрч шүүхэд 2 удаа бичгээр тайлбар өгсөн бөгөөд эдгээр нь харилцан зөрүүтэй байдаг. Иймээс шүүхээс шүүх хуралдааны үед асуухаар болсон гэрчийг шүүх хуралдааны бус үед асуухдаа тус өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлэгт хэвтсэн нөхцөл байдлаа шүүхэд илэрхийлсээр байхад гэрч нь нэхэмжлэгчийн эсрэг бичгээр тайлбар өгсөн байхад нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр, түүнд гэрчээс асуулт асуух боломж олгоогүй. Гэвч шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй.
4.2. Шүүхийн шийдвэрт *******, ******* нар 2018 оноос эхлэн мах экспортын чиглэлээр хамтран ажиллаж байсан зэрэг үйл баримтад маргаагүй гэж дүгнэсэн атал нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааны үед 2018 онд хамтран ажиллаж байгаагүй гэж тайлбарлан маргасан. Шүүх нэхэмжлэгч талаас маргаж байсан атал маргаагүй гэж зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтыг зөвхөн нэг талаас үнэлж, талуудын тайлбар харилцан зөрүүтэй байхад хэт нэг талыг барьж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй шийдвэр гаргаж дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
4.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнээд хүсэлтийг хангахаас татгалзсан. Ингэхдээ шүүх хуралдаан талуудын хүсэлтээр олон удаа хойшилсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр , *******, , О.Сайнэаяа нарыг томилж оролцуулж байсан байх ба шүүх тухай бүрд талуудын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байсан бөгөөд нэхэмжлэгч *******оос 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, *******гаас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд төлөөлөгчөөр *******г оролцуулахаар итгэмжлэл олгож хэрэгт ирүүлсэн байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар тухайн хугацаанаас хойш өмгөөлөгчөө сонгох боломжит хугацаа байсаар байхад энэ хугацаанд өмгөөлөгчөө сонгох боломжгүй байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан.
Шүүх хуралдаан талуудын хүсэлтээр хойшилж байсан болон нэхэмжлэгч хэд хэдэн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулж байсан нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хөндөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг анх удаа шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хэд хэдэн өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээний хөлс төлж, хууль зүйн үйлчилгээ авч байсан. Тэдгээрийг шүүх хуралдаанаас өмнө сонгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч хангалттай хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нар өмгөөлөгчөөс татгалзсанаас хойш дахин өмгөөлөгч авах эдийн засгийн боломжгүй байсан. Энэ талаар шүүхэд тайлбарласан боловч гарган өгөх боломжгүй нотлох баримтыг шаардаж, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэж үзсэнд гомдолтой байна. Шүүхээс үндэслэлгүйгээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангахгүйгээр шүүх хуралдааны үед өмгөөлөгчтэй тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжийг олгоогүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
4.4. Шүүхээс зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, 44,000,000 төгрөг нь зээлийн мөнгөн хөрөнгө мөн эсэх нь эргэлзээгүй нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл *******, ******* нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч *******гийн хүсэлтээр тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 44,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцогдох тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Харин хариуцагч нь тус 44,000,000 төгрөг зээлийн гэрээ биш, хилээр мах гаргуулсны хөлс гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гаалийн Ерөнхий газраас ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл мах экспортолсон экспортын мэдээллийг, ХХК-аас тус компанид ******* 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан талаарх тодорхойлолт болон тус комгтани 2019 оны 12 дугаар сард гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн бүрдүүлэлтийг тус тус гаргуулсан байх ба эдгээр нотлох баримтууд хариуцагчийн татгалзлыг нотлохгүй байна. Мөн хэд хэдэн удаа *******гаар дамжуулан хилээр мах гаргуулсны хөлс гэж Ганболд гэсэн гүйлгээгээр хийсэн мөнгөнүүд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2019 онд хийгдсэн гүйлгээнүүд юм. Нэхэмжлэгч ******* нь анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 08 дугаар сарын 26, 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд *******ын данснаас *******гийн данс руу мөнгө шилжиж орж ирсэн.
Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгч галын хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүх талуудын тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүсээгүй гэж зөв дүгнэсэн. Шүүхээс гэрчийг хэзээ асуух талаар мэдэгдэж талуудыг оролцох боломжийг хангасан. Оролцох боломжгүй тохиолдолд талууд асуултаа бичгийн хэлбэрээр ирүүлэх талаар хэлсэн. Нотлох баримтыг тал бүрээс нь судлаад *******г мах экспортлох чиглэлээр хамтран ажилласан гэж дүгнэсэн. ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан бөгөөд бүгд өмгөөлөгч авсан. Нэхэмжлэгч нар шүүх хуралдаан болох өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл өмгөөлөгч нараа сольж, шүүх хуралдааныг хойшлуулдаг.
2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд ******* өөрөө оролцсон бөгөөд шүүгчийн асуултанд ...би 2018 онд хамтран ажиллаж байсан нь үнэн, найз нөхдийн ямар нэгэн холбоо байхгүй, ажил албаны хамааралтай гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ хэрэг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсч, 2025 он хүртэлх хугацаанд шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтүүдийг хангаж ирсэн. Бодит байдал дээр 2018 онд талууд хамтран ажилласан. Хэрэгт ******* нь ХХК-д менежерээр ажиллаж байсан талаар тодорхойлолт авагдсан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Гаалийн ерөнхий газраас ХХК-ийн бүрдүүлэлтийг авсан бөгөөд үүнд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баримтууд нь ирсэн.
Мөн гэрчийн мэдүүлгээр *******, ******* нар 2018 оноос хамтарч ажиллаж байгаад 2019 онд муудалцаад зуучлагчийн хөлсийг буцааж авахаар түүний эхнэр ******* нэхэмжлэл гаргасан ч уг нэхэмжлэлээ татан авсан. Ингэхдээ ******* нь *******д дахиж асуудал гаргахгүй, одоо дахиж хамтарч ажиллаж чадахгүй ******* гэдэг дүүгээ хамт ажиллуулъя гэж хэлсэн. Гэрч ******* нь *******ын эхнэрийн дүү бөгөөд 2019 оноос хойш 200,000,000 орчим төгрөг шилжүүлсэн. ******* нь гаалийн бүрдүүлэлт, тээврийн хөлснүүдийг хийгээд явж байсан бөгөөд шүүх хуралдааны явцад энэ мөнгийг яагаад нэхээгүй вэ гэхээр нэхэмжлэгч хариулж чаддаггүй. Мөн 44,000,000 төгрөг нь 20,000,000 төгрөгөөр хоёр удаа, 4,000,000 төгрөгөөр нэг удаа орсон боловч ******* мах гэсэн гүйлгээний утгатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д 44,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нараас мөнгө зээлээгүй, харин хамтран ажиллаж мах экспортод гаргахад зуучилсан хөлс гэж 44,000,000 төгрөг авсан гэж тус тус зөрүүтэй тайлбарласан.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь гэр бүл байх бөгөөд ******* нь өөрийн ХААН банк дахь тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөгийг ГАНБОЛД гэсэн гүйлгээний утгаар, мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг Ganbold гэх гүйлгээний утгаар тус тус *******гийн эзэмшлийн ХААН банк дахь тоот дансанд шилжүүлсэн. /хх3-4/
4.2. Хэргийн 139 дүгээр талд авагдсан ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/538 тоот албан бичгээс үзвэл ******* нь 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл тус компанид гадаад худалдааны менежерээр ажиллаж байсан байна. /хх-ийн 139/
4.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/14134 дүгээр захирамжаар нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******д холбогдуулан 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 7/
5. Анхан шатны шүүх хариуцагч *******гаас 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон.
5.1. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрч талууд хүсэл зориг нэгдсэн тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үздэг байна. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******, ******* нар 44,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр хариуцагч *******д шилжүүлэх, гэрээгээр тохирсон хугацааны дараа ******* нь уг зээлдүүлсэн 44,000,0000 төгрөгийг *******, ******* нарт буцаан төлөхөөр гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэнээр зээлийн гэрээ байгуулагдана. Гэтэл хариуцагчийн зүгээс мөнгө зээлэх гэрээ байгуулах санал гаргаж, үүнийг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацааг тохирсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.
5.2. Түүнчлэн, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******той хамтарч ажиллаж байсан, зуучлалын хөлсөнд 44,000,000 төгрөг авсан гэх байдлаа нотлохоор гэрчийн мэдүүлэг *******өөс авахуулсан. Гэрч ******* шүүхэд ...2019 оны 10 дугаар сард эхнэрийн ах ******* гэж хүн өөрөө ажил хийх боломжгүй тул намайг өөрийнхөө оронд ажиллаад өгөөч гэж гуйсны дагуу *******тай танилцсан. Намайг танилцахаас өмнө *******, ******* хоёр хамтарч махны бизнес хийж байсан байдаг. Хамтарч ажиллаж байх хугацаанд ******* надад танай ахтай ажиллахад хэцүү хүн шүү, миний бизнестэй ажил хөдөлмөр, үйлчилгээний хөлс гэж надад 44,000,000 төгрөг өгсөн ч жилийн дараа уг мөнгөө шүүхээр нэхэмжилсэн, тиймээс ахиж хамтарч ажиллая гэхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаагаад ав гэж хэлсэн. Мөн ******* нь ахаасаа өр ширгүй гэсэн бичиг авч өгөөч гэж надаас хүсэж байсан тул *******од бичгийг хийж өгөөч цуг бизнес хийсэн юм байна гэж хэлэхэд байж бай өгнө гэж хэлж байсан. Тухайн үед би 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан, мөнгө санхүүгийн асуудлыг мэдэхгүй, ******* өөрөө барьдаг байсан... гэж мэдүүлсэн. /1-р хх-ийн 103-104/
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох боловч гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцэхгүй байна. Учир нь гэрч ******* хариуцагч *******гаас дамжмал байдлаар сонссон зүйлийн талаар шүүхэд мэдүүлсэн байхаас гадна гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******той хамтарч ажиллаж байсан, зуучлалын хөлсөнд 44,000,000 төгрөг авсан гэх татгалзлыг нотлоогүй учраас энэ гэрчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
5.4. Мөн хариуцагч нь маргаж буй мөнгөн хөрөнгийг хамтарч ажиллаж байсан, зуучлалын хөлсөнд авсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд дээрх байдлыг хариуцагч нотлох үүрэгтэй.
Иймд хариуцагч нь бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих учиргүй тул түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
6. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 44,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
7. Харин хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа нэхэмжлэгчийг байлцуулаагүйгээс гэрчээс асуулт асуух боломж олгоогүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01677 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 44,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай. гэж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 377,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ