Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00784

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02586 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2010 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийг нүүр амны их эмч мэргэжлээр суралцан бакалаврын зэрэгтэй төгссөн. Үүнээс хойш тасралтгүй мэргэжлийн дагуу эмчийн ажлаа хийж байгаад 2014 оноос 2018 оны хооронд Австрали улсад мэргэжлийн дагуу суралцан Нүүр ам судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс ******* ХХК-ийн ******* клиник эмнэлгийн нүүр амны согог заслын тасгийн эрхлэгчээр ажилласан.

1.2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/151 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, уг тушаалд энэ талаар тодорхой заагаагүй. Харин компанийн хуулийн зөвлөх нь ажлаас чөлөөлсөн үндэслэлийг амаар тайлбарлахдаа хариуцан ажиллаж байсан Нүүр ам согог засал, эмчилгээний тасгийг ашиг, орлоготой ажиллуулж чадаагүй учраас ажлаас чөлөөлсөн гэсэн. Би эрхэлсэн ажилдаа хариуцлага алдаж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн ******* клиник эмнэлгийн нүүр ам согог засал, эмчилгээний тасгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай ******* клиник шүдний эмнэлгийн нүүр амны согог заслын тасгийн эрхлэгчийн албан тушаалд ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах хугацаанд байгууллагын ашиг орлого, алдагдал дээр эрхлэгчийн хувьд ярилцаж төлөвлөгөө гаргаж явсан. Улмаар шүдний тасагтай 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хурал хийж 20,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласныг танилцуулахад ******* нь ажиллахгүй байгаа шүдний орыг ажилд оруулж өгөх, дахин нэг эмчийн туслах авч ажиллуулая, 2024 он дуусахад төлөвлөгөө биелүүлээгүй бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход татгалзахгүй, үндсэн цалинг өөрчилмөөргүй байна гэж хурлын тэмдэглэлд тусгасан.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* эмчтэй ганцаарчилсан хурал хийж, хурлаар байгууллагын зөвлөхөөс түүнд эмчид хандан ...чи хувиа аваад ажиллах, үгүй бол 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлийн дагуу хөдөлмөрийн гэрээгээ дуусгах, өөрөө үндсэн цалингүйгээр хувиа аваад ажиллавал компанидаа ажиллаж болно, үгүй ээ гэвэл нөгөө хоёртойгоо ярилцаад энэ тасгаа болих уу гээд өөр ямар ямар хувилбар гарч ирэх нь үү, бас гадуур өрөөгөө түрээсэлдэг гэсэн. Энэ зарчим мэдэх үү, тэр зарчим руу орох юм бол компанидаа болон хувь хүндээ ашигтай боломжийн нөхцөл гарч ирэх нь үү гээд судалмаар байна гэсэн саналыг тавихад ******* эмч мэдэхгүй л байна, болих уу гэхээр энэ чигээр нь энэ хэдийгээ хаячихаар хэцүү байгаад байдаг, чадна гээд орж ирчихээд намайг гарах юм бол Дээгий гарна, түүнийг ажлаасаа гарна гэхэд нь би гуйж байгаад авч үлдсэн. Бид хоёрын мессеж хүртэл байгаа, түрээс энэ тэрийг бол би мэдэхгүй байна. Тэгэхээр миний дараагийн ажлын байр бэлэн байгаа тул би 01 сарын 01-ний өдрөөс ажлаас гарч болно... гээд цааш хурал үргэлжилсэн. Уг 2 удаагийн хурлын тэмдэглэл болон хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах хэсгийн 8.5.7-д ажил гүйцэтгэлийн үнэлгээ нь 70 хувиас доош үнэлэгдсэн нь ажил олгогч болон түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, ажилтан нарын гарын үсгээр хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

2.2. Нэхэмжлэгч нь 2014 оноос 2018 онд Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн гэх боловч Монгол улсад заавал резидентэд сурч диплом авсан тохиолдолд шүдний согог засал хийх эрх нээгддэг. Манай ******* Клиник шүдний эмнэлгийн эрхлэгчийн албан тушаалд тавигдах шаардлагад Нүүр ам согог заслын тасгийн их эмчийн ажлын байр, ажлын байрны тодорхойлолтын В тавигдах шаардлага хэсэгт Нүүр амны согог заслын чиглэлээр резидент төгссөн, мэргэжлийн дипломтой байх гэж заасан. Гэтэл ******* эмч нь резидент төгсөөгүй бөгөөд тухайн үеийн гүйцэтгэх захирал ******* нь мэргэжлийн дипломыг дутуу шалгаж ажилд авсан болохыг ажлаас чөлөөлсний дараа шүүхэд гаргасан гомдлын бичиг баримтаас олж тогтоосон.

Нэхэмжлэгч нь манай байгууллагын шүдний эмнэлгийн эрхлэгчийн албан тушаалд тэнцэхгүйгээр зогсохгүй бичиг баримтын зөрчилтэй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшинг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон шаардлагыг давхар хангаж байсан. Үүгээр зогсохгүй резидент төгсөөгүй шүдний эмчлэх эрхтэй хүн нь согог засал хийж болохгүй байтал ******* эмч нь циркон бүрээс хийж, хийсэн ажил дээр гомдол ирсэн бөгөөд тухайн үйлчлүүлэгчийг өөрөө хариуцаж ажлаа дуусгана гэж 12 дугаар сарын 25-ны өдрийн хурал дээр хэлсэн боловч байгууллагын захиалгын менежер болон чанарын менежерийг холбогдоход одоо надад хамаагүй гэж эмч хүний ёс зүйн хувьд байж боломгүй доголдол гаргасан. Улмаар үйлчлүүлэгчийн хохирол болох 1,040,000 төгрөгийг байгууллагаас барагдуулсан.

Иймд нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******г ******* ХХК-ийн шүдний эмнэлгийн дарга ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан ******* ХХК-аас 12,965,230 төгрөгийн олговор гаргуулж *******д олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 222,394 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, мөн хуулийн 80.4-т ажил олгогч нь ийм үндэслэлээр гэрээ цуцлах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, энэхүү мэдэгдэл хүргэгдсэн болохыг нотлох үүрэгтэйг тусгасан. Уг зохицуулалтаас үзвэл ажилтны гүйцэтгэл хангалтгүй бол хууль ёсны үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлөх боломжтой ч үүний тулд ажил олгогч нь урьдчилан анхааруулж, тодорхой хугацааны дотор ажилтанд сайжрах боломж олгож зөвшөөрөгдөх ёстой журмыг баримтлах шаардлагатай.

Тодруулбал, компани нь 2024 оны 10, 12 дугаар саруудад хоёр удаагийн гүйцэтгэлийн үнэлгээ, зөвлөгөөний хурлыг хийж, ажилтанд тодорхой хугацаанд сайжрах шаардлагыг тавьсан нь анхааруулж, боломжит хугацаа олгосон гэж үзэх үндэслэл болно. Гэтэл шүүх ажилтны ажлын гүйцэтгэл бодитоор хангалтгүй байсан бөгөөд хуулийн шаардлагын дагуу бид боломж олгож, зохих төлбөр тооцоог хийсэн байдлыг харгалзаж үзээгүй, ажил мэргэжлийн хувьд ажлын байранд тавигдсан шаардлагыг хангахгүй эмчилгээ хийх мэргэжлийн шаардлагад тэнцэхгүй хүнийг тухайн ажлын байранд буцаан томилох шийдвэр гаргасан нь манай байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд доголдол үүсгэж байгууллага, үйчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

4.2. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн үйл ажиллагааанаас болж байгууллагад 20,000,000 төгрөгийн алдагдал үүссэн, ажлын гүйцэтгэлийн хувьд үнэлгээ сайжраагүй, харин байгууллагад алдагдалтай ажилласан, шүдний тасгийг ашиггүй ажиллуулсан гэж маргадаг боловч ажилтны бодит гүйцэтгэл хангалтгүй байсны нотолгоо болох тус ажилтны хариуцаж байсан тасаг, нэгжид зөвхөн тухайн ажилтнаас шалтгаалсан 20,000,000 төгрөгийн санхүүгийн алдагдал учирсан тухай байгууллагын санхүүгийн хэлтсээс гаргаж өгсөн тайланг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан задаргааг нотлох баримтын хэмжээнд үнэлэхдээ дутуу үнэлсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 151 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэсэн гэж тайлбарладаг. Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилагаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил мэргэшлийн хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.9-т заасны дагуу мэргэшлээ дээшлүүлэх давтан сургалтад суух тохиолдолд ажил олгогч ажлын байрыг хадгална гэж заасан. Нэхэмжлэгчийн эрхэлж буй ажил мэргэжилдээ ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж хариуцагч тайлбарладаг боловч анхан шатны шүүх хуралдаанд ******* эмчийг ур чадварын хувьд муу эмч гэж хэлэхгүй гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн.

5.2. Нэхэмжлэгч нь байгууллагад 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарладаг боловч эмчилгээний явцад түрхэх ёстой ломбыг граммаас нь илүү хэмжээгээр түрхсэнээс болж хохирол учруулсан эсэх, эмнэлэгт хүн үйлчлүүлж олох ёстой байсан орлого ороогүйн улмаас байгууллагад хохирол учирсан эсэхийг хариуцагчаас тодруулахад эмнэлэгт хүн үйлчлүүлээгүй тул байгууллагад хохирол учирсан нь нэхэмжлэгчийн буруу гэж тайлбарладаг. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч татах маркетингийн ажил эрхлэх чиг үүрэг хүлээгээгүй бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх чиг үүргийг албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь мэргэжлийн алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт талууд шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд өөрөө гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх тухай холбогдох хуульд тусгайлан зохицуулсан. Ажилтан өөрөө ажлын байрны боломж нөхцөлөөр хангуулах шаардлагыг ажил олгогчид тавьсныг ажлаас чөлөөлөх үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т хамааруулж хариуцагч тал тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагчийн тайлбарласан үндэслэлүүд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй бөгөөд баримталсан үндэслэлээ техникийн алдаа гэж тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т хамаарах үндэслэл нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* ХХК-ийн шүдний эмнэлгийн даргын ажил албан тушаалд ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. /хх-ийн 7-10/

 

4.2. Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүдний тасаг алдагдалтай ажиллаж байгаа талаар нэхэмжлэгч *******г оролцуулж хурлаар хэлэлцсэн. Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эмч нар төлөвлөгөө өгөх, шүдний нэг орыг засаж ажилд оруулах, гэрээг шинэчлэх, 2024 он дуустал төлөвлөгөөндөө хүрч ажиллах, хүрээгүй тохиолдолд ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгах санал гаргахаар шийдвэрлэсэн. /хх-49-51/

 

4.3. Дээрх хурлын шийдвэрийн гүйцэтгэлийг хариуцагч ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүдний тасгийн хурлаар нэхэмжлэгч *******г оролцуулж хэлэлцсэн. Уг хурлаар тус компанийн эмнэлэгийн шүдний тасаг 20,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан, 2024 оны төлөвлөгөөг биелүүлээгүй учир *******г үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

 

4.4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/151 дугаартай тушаалаар *******г ******* ХХК-ийн шүдний эмнэлэгийн нүүр амны согог заслын тасгийн эрхлэгчийн ажил албан тушаалаас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-ийн 5/

 

5. Дээрх тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.6.18, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.7-г удирдлага болгосон боловч хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа ажлаас ямар үндэслэлээр чөлөөлсөн талаар заагаагүй нь буруу болжээ.

 

5.1. Хариуцагч нь нэхэмжлэгч *******гийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсныг 2024 оны 10 дугаар сарын 31, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн шүдний тасгийн хурлаар хэлэлцүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг тодорхой хугацаанд сайжруулах шаардлага тавьж, хугацаа олгосны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасны дагуу ажлаас чөлөөлөхдөө уг тушаалд хуулийн хэм хэмжээг орхигдуулж техникийн шинжтэй алдаа гаргасан гэж тайлбарласан.

 

5.2. Хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн шүдний тасгийн хийсэн хурлын тэмдэглэлээс үзвэл тус тасаг ашиггүй 20,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан, гүйцэтгэлийн үнэлгээ сайжраагүйгээс төлөвлөгөө биелүүлээгүй гэж *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/151 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн нь *******г тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаал, ажил дээр хийвэл зохих ажил үүргийг хийж гүйцэтгэхэд түүний мэргэжлийн мэдлэгийг хэрэглэх ур чадвар дадал дүй дутсан буюу хүрэхгүйгээс ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

5.3. Түүнчлэн, ажилтныг ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тухайн байгууллагын зүгээс тогтоосон байхыг шаарддаг байна. Нэхэмжлэгч *******г мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэх байдлыг хариуцагч байгууллагаас тогтоосон баримтгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахимаар мэдэгдсэн талаар хариуцагч баримтаар нотолсон баримтгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэгч нь байгууллагад 20,000,000 төгрөгийн алдагдал үүсгэсэн, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ сайжраагүй, алдагдалтай ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, ажил мэргэжлийн хувьд ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.4. Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.7-д ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 70 хувиас доош үнэлэгдсэн нь ажил олгогч болон түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, ажилтан нарын гарын үсгээр хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан байх-аар тохиролцсон боловч талууд ажлын гүйцэтгэлийн үнэлгээг баталгаажуулж акт болон баримт үйлдсэн талаар хариуцагч баримтгүй байна.

 

5.5. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 14.6.18-д гүйцэтгэл үнэлгээний журмаар хангалтгүй буюу муу үнэлгээг 3 сар дараалан авсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамааруулж уг зөрчил гаргасан ажилтныг ажлаас халахаар заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халахдаа хөдөлмөрийн дотоод журмын 14 дгээр зүйлийн 14.6.18-г удирдлага болгосон боловч *******гийн ажлын гүйцэтгэл 3 сар дараалан хангалтгүй буюу муу үнэлгээ өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5.6. Ажил олгогч нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй шүдний тасгийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг ажилтнаас шаардахгүйгээс гадна хожим олж авсан мэдээлэл буюу нүүр амны согог заслын чиглэлээр резидент төгсөөгүй, мэргэжлийн дипломгүй байсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй, мөн тушаалын үндэслэл болгоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5.7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/151 дугаартай тушаалаар *******г ажил албан тушаалаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан ажил буюу хөдөлмөрийн гэрээнд заасан Неонялбаа ХХК-ийн шүдний эмнэлгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, ажилтантай байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалыг шүдний эмнэлгийн дарга гэж тохиролцсон бөгөөд уг гэрээнд өөрчлөлт ороогүй. Иймд ажилтныг ажлаас халсан тушаалд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, албан тушаалын нэрээр бичигдээгүй нь ажилтныг буруу халсан гэх үндэслэлээр эгүүлэн тогтооход түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалаар тодорхойлсныг буруутгахгүй.

 

6. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн цалинг 3,800,000 төгрөгөөр тогтоосон байх тул ажилгүй байсан хугацааны олговорт 12,965,230 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оын 04 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 222,394 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ