Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2017/01587/и |
Дугаар | 001/ХТ2017/01587 |
Огноо | 2017-12-08 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2017/01587
“Б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00975 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1687 дугаар магадлалтай,
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Э” ХК-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: 211.718.930 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэл : 138.097.176 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баянсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Н.Бадрал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Б ХХК нь “Э” ХК-тай харилцан тохиролцож, 2011-10-21-ний өдөр ТТ-2011/09/28БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтай хүнд даацын машин, механизм байрлах хүчин чадал бүхий 571.98 ам.метр талбайтай, цутгамал төмөр бетон баганан суурь, сендвичэн хана, 1 дүгээр давхар металл долгионт лист, дээвэр сэндвичэн хучилттай 2 давхар барилга угсралтын ажлыг инженерийн шугам туслах барилгын ажлын хамт 2011-10-24-ний өдөр эхэлж 2011-12-31-ний өдөр ашиглалтад оруулах, захиалагч “Э” ХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани “Э” ХК-ийн “Уурхайн хүнд машин механизмын дулаан гараашийн барилга угсралтын ажил”-ыг хийж гүйцэтгэж байх явцад гадна зам талбайн нэмэгдэл ажлын тоо хэмжээг захиалагч байгууллагын хүсэлтийн дагуу өөрчилсөн. Гадна зам талбайн ажлын тоо хэмжээг захиалагчийн хүсэлтээр өөрчилсөнтэй холбогдуулан зам талбайн төсөвт өртгийн тооцоог захиалагч байгууллагын хүсэлтээр Авто замын газраар хийлгүүлж, улмаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраар уг төсвийг хянуулан экспертизийн дүгнэлтийг гаргуулсан. Энэхүү дүгнэлтээр “Э” ХК-ийн Уурхайн хүнд даацын машин, механизмын дулаан гараашийн барилгын зам талбайн ажлын төсвийг Мэргэшсэн төсөвчин Я.Цэндсүрэнгийн зохиосноор шалгаж үзээд, гаргасан алдаануудыг залруулж, төсвийг шинэчлэн гаргасан. Энэхүү шинэчилсэн төсвийн дагуу “Э” ХК-ийн Уурхайн хүнд даацын машин, механизмын дулаан гараашийн барилгын зам талбайн ажлын төсөв нь 373 718 930 төгрөг болсон. Энэ төсөвлөгдсөн ажлаас 75 сая төгрөгийн ажил нь өмнөх төсөвт тусгагдсан байсан бөгөөд төсвийн дагуу үлдэх 298 718 930 төгрөгт зам талбайн нэмэгдэл ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Уурхайн хүнд машин механизмын дулаан гараашийн барилга угсралтын ажлыг гадна зам талбайн ажлын хамт чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ашиглалтад оруулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон ирж “Уурхайн хүнд машин, механизмын дулаан гараашийн барилга”-ыг зам талбайн хамт 2012-07-16-ны өдрийн 01/30/2012 тоот “барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ын дагуу хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан. “Э” ХК нь хүнд даацын авто зам талбайн ажлын гүйцэтгэлээс зам талбайн нэмэгдэл ажлын үлдэх 298 718 930 төгрөгийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд тус компани нь “Э” ХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2011-10- 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэх явцад нэмж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 211 718 930 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч нь “Э” ХК-тай 2011-10-21-ний өдөр байгуулсан ЗТТ-2011/09/28 БА тоот гэрээгээр ажил гүйцэтгэх явцад зам талбайн нэмэгдэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин зохиосноор 373 898 930 төгрөг гэж тооцсон байдаг. Уг нэмэлт ажил нь 1500 м.кв хэмжээтэй 12.5 см зузаантай зам талбайн зузааныг 20 см болгож нэмэгдүүлэх ажил байсан. “Э” ХК-ийн зүгээс дээрх зам талбайн ажлын төсөвт өртгийг хэт өндөр гэж үзэн эс зөвшөөрч өөр мэргэшсэн төсөвчин төсөв хийлгэсэн. Төсөвчин Н.Ганзориг төсвийг 2013 оны 10 дугаар сард 23 902 824 төгрөг байхаар тооцож хийсэн бөгөөд нэмэлт ажлыг гүйцэтгэх үед мөрдөгдөж байсан барилгын норм стандарт, үнэ, эрх зүйн актуудад үндэслэсэн. Эдгээр мэргэшсэн төсөвчдийн хийсэн дээрх 2 төсвийн үнийн дүн нь хэт зөрүүтэй байна. Талуудын хооронд маргааны гол зүйл нь гадна зам талбайн нэмэлт ажлын төсөвт өртөг бөгөөд “Б” ХХК-иас нэмэлт ажлын төсөвт өртгийг 298 461 485 төгрөг гэж тооцсоныг бид анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.6, 41.1,41.1.2-р гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх, нэмэгдүүлэхийг хуулиар хориглосон. Мөн талуудын хооронд 2011-10-21-ний өдөр байгуулагдсан ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний тусгай нөхцөлд “гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй, итгэлцүүртэй холбоотой дурдсан мэдээллийг хэрэглэхгүй” гэж заасан. “Б” ХХК тендер шалгаруулалтад 12.5 см зузаантай нийт 1555 м2 гадна зам талбайн ажлын төсөвт өртгийг 75 437 445 төгрөгөөр тооцож гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн тул шинжээчдийн гаргасан гадна зам талбайн ажлын нийт төсөвт өртгийг 344 373 155 төгрөг гэж үзэн үнийн дүнг нэмэгдүүлэн өөрчлөх үндэслэлгүй. Шинжээчдийн дүгнэлтэд мэргэшсэн төсөвчин зохиосон нэмэлт ажлын төсөвт газар шороо, суурийн ажлыг тооцоогүй гэжээ. “Б” ХХК-ийн 12.5 см зузаантай нийт 1555 м2 гадна зам талбайн ажлыг 75 437 445 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн саналын задаргаанд “Замын тэвш ухах, элс хайрганы хольцоор бэлтгэх үе хийх, элсэн дэвсгэр хийх” гэх мэт газар шороо, суурийн ажлыг оруулан тооцсон байдаг. “Э” ХК-ийн зүгээс гадна зам талбайн ажлын нийт төсөвт өртгийг 12.5 см зузаантай 1555 м2 талбайн төсөвт өртөг 75 437 445 төгрөг, 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын зардал 23 902 824 төгрөг буюу нийт 99 340 269 төгрөг гэж тооцно. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд 2011-10-21-ний өдөр ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр нийт 1.510.000.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр, үүнээс гадна зам талбайн ажлыг 75.437.445 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. “Б” ХХК-с анх тендер шалгаруулалтад ирүүлсэн хүнд даацын машин механизмын дулаан гараашийн барилгын гадна зам талбайн ажлын төсөвт өртөг болох 75 437 445 төгрөгийн үнээс давсан мэргэшсэн төсөвчин Я.Цэндсүрэнгийн зохиосон төсөв болох 373 718 930 төгрөгийн ажлыг хийсэн гэж үзэж нэхэмжилж байгаа илүү төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзнэ. “Б” ХХК нь анх тендер шалгаруулалтад 12.5 см зузаантай нийт 1555 м2 гадна зам талбайг 75 437 445 төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлсэн тул “Э” ХК-ийн зүгээс уг талбайг 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын өртөг нь Засгийн газрын 2006-02-15-ны өдрийн “худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ” батлах тухай 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан харьцуулалтын аргаар худалдан авч болох ажлын төсөвт өртгийн дээд хязгаар 50 000 000 төгрөг байна гэж заасны дагуу 50 сая төгрөгөөс хэтрэхгүй хэмээн тооцож, нэмэлт ажлыг хийлгэсэн. Гэвч “Б” ХХК-ийн зүгээс гадна зам талбайн ажлын нийт төсвийг 373 898 930 төгрөг гэж тооцон энэхүү үнийн дүнгээс тендерт санал болгосон үнийн дүн болох 75 437 445 төгрөгийг хасч тооцон гадна зам талбайн зузааныг 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын төлбөрийг 298 461 485 төгрөг гэж тооцсоныг зөвшөөрөөгүй. Нэмэлт ажлын төсөвт өртгийг мэргэшсэн төсөвчин Б.Ганзоригоор гүйцэтгүүлэхэд төсөвт өртгийн дүн 23 902 824 төгрөг гэж гаргасан. “Э” ХК нь “Б” ХХК-тай байгуулсан 2011-10-21-ний өдрийн ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт үнийн дүн болох 1.510.000.000 төгрөгөөс нийт 1.434.000.000 төгрөгийг төлсөн. Мөн 2013-07- 10-ны өдөр 238 сая төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн буюу нийт 1.672.000.000 төгрөгийг төлсөн. ЭТТ-2011/09/28 БА тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнэ 1.510 сая төгрөг, гадна зам талбайн зузааныг 7.5 см-ээр нэмэгдүүлэх нэмэлт ажлын төлбөрт мэргэшсэн төсөвчин Н.Ганзоригийн тооцоолон гаргасан 23 902 824 төгрөг буюу нийт 1.533.902.824 төгрөг төлөх байжээ. Иймд дээр дурдсны дагуу тус компанид шилжүүлсэн нийт 1 672 000 000 төгрөгөөс төлөх ёстой 1 533 902 824 төгрөгийг хасч үлдэх 138 097 176 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00975 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг баримтлан “Э” ХК-аас 85 494 097 төгрөг гаргуулан “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 126 224 833 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 1.711.000 төгрөг, хариуцагчаас 1.484.816 төгрөг төлснийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 59.455 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2011016009 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 585 420 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1687 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх шинжээчдийн дүгнэлтэд суурилж тооцоо хийссэнээр буюу 1760 м.кв талбайн гаднах зам талбайн газар шорооны болон бетонон хучилтын ажлыг төсөвт өртгийг тооцсон. Ингэж тооцохдоо 1760 м.кв талбайн үндсэн хучилт буюу 12.5 см-ээр хучилт хийсэн тооцоо болох 98 974 715 төгрөгийг оруулаагүйгээс тооцооны алдаа гарлаа. Тодруулбал, 1760 м.кв талбайн гаднах зам талбайн газар шорооны ажлын төсөвт өртөг 184 019 862 төгрөг, зам талбайн хучилтыг 12.5 см-ээр хучилт хийсэн тооцоо 98 974 715 төгрөг /шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт шинжээчийн дүгнэлтээр бус гэрээний чөлөөт байдал гэдгээр 12.5 см-ээр хучилт хийсэн тооцоог 75 437 445 төгрөгөөр тооцсон/ төгрөг, зам талбайн хучилтыг 7.5 см-ээр нэмэгдүүлэх зардал 1760 м.кв талбайн хувьд 63 474 234 төгрөг, нийт /184 019 862+ 98 974 715= 282.994.577 - 75 437 445=63 474 234/ 271 031 366 төгрөг болж байгаа юм. 2011-10-21 -ний өдрийн ЭТТ-2011/09/28БА тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлсний төлбөр болох нийт 1 672 000 000 төгрөгөөс үндсэн гэрээний төлбөр 1 510 000 000 төгрөгийг хасахад нэмэлт ажилд тооцож шилжүүлсэн мөнгө нь 162 сая төгрөг болж байна. Ингээд шинжээчдийн дүгнэлтийн дагуу гаргасан гаднах зам талбайн газар шорооны ажил, үндсэн хучилтын зардал болон нэмэлт хучилтын зардал болох 271 031 366 төгрөгөөс нэмэлт ажилд хүлээн авсан 162 сая төгрөгийг хасахад нийт 109 031 366 төгрөг болно. Гэтэл шүүх тооцооллын алдаа гаргаж 85 494 097 төгрөг гэж буруу бодсон. “Б” ХХК “Э” ХК-ийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дахь хүнд машин механизмын дулаан гараашийн барилгын зам талбайн нэмэгдэл ажлын гүйцэтгэлийг тус компанийн баталгаажуулж өгсөн 373 718 930 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн. Уг баримтууд хавтаст хэргийн 6-10 дугаар талд авагдсан бөгөөд шүүх үүнийг үнэлж дүгнэлт хийсэнгүй. Энэ төсөвт өртгийг үндэслэл болгон үзэхэд “Б” ХХК нь /373 718 930-162 000 000/ 211 718 930 төгрөгийн авлагатай гарч байгаа юм. Хэрэв гаднах зам талбайн нэмэгдэл ажлын төсөвт өртөг болох 373 718 930 төгрөгийн дүнд 12.5 см-ээр хучилт хийсэн тооцоо болох 75 437 445 төгрөгийн дүн багтаж байна гэж үзвэл хамгийн багаар бодоход /211 718 930-75 437 445/ 136 281 485 төгрөгийн авлагатай байгааг шүүх тооцоолж үзсэнгүй. Иймд шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч хяналтын гомдолдоо: Үндсэн нэхэмжлэлийн хувьд: “Б” ХХК тендер шалгаруулалтад ирүүлсэн гадна зам талбайн ажлын төсөвт өртөг 75.437.445 төгрөгт талбайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай замын тэвш ухах, элс хайрганы хольцоор бэлтгэл үе хийх, элсэн дэвсгэр хийх, газар шорооны ажил, суурийн ажил, замын тэмдэглэгээний ажил мөн цемент бетон хучилтын ажил гэх зэрэг холбогдох бүхий л зардлууд төсвийн задаргаанд орсон байдаг. Захиалагчийн зүгээс 12,5 см зузаантай 1555 м.кв бетонон зам талбайг 20 см зузаантай болгож 7,5 см-р нэмэгдүүлэх хүсэлт тавьсны дагуу гүйцэтгэгч нэмэлт ажил хийсэн. Гэтэл магадлалын 11-р хуудсанд “...нэмэлтээр хийж гүйцэтгэхээр тохирсон гэх газар шорооны ажил...” гэж дурдсан газар шорооны ажлыг нэмэлтээр хийлгэхийг “Э” ХК хүсээгүй. Гүйцэтгэгч “Б” ХХК гэрээний дагуу 75,437,445 төгрөгийн төсөвтөө газар шорооны ажлыг хийх байсан. Магадлалд “...1760м.кв талбайн хэмжээтэй гадна зам талбайн ажлын газар шорооны ажлын төсөвт өртөг 184,019,862 төгрөг, 7.5 см бетон хучилтын ажил 63,474,234 төгрөгийн ажлуудын нийлбэрийг нэмэлтээр хийсэн бетонон хучилтын ажпын нийт өртгийг 247,494,096 төгрөг болж” гэж тооцож гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь гадна зам талбайн ажлын төсөвт өртөг болох 75,437,445 төгрөгийн ажлын төсөвт дээр дурдсан газар шорооны ажил уг төсөвт багтсан байхад давхардуулж нэмж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “Б” ХХК гаднах зам талбайн газар шорооны ажлыг эхэлж хийж гүйцэтгэснийхээ дараа “Э” ХК-иас хүсэлт тавьсны дагуу гарсан гэх Я.Цэндсүрэнгийн төсөвт өртгийн дүнг нэхэмжилж байгаа нь буруу юм. Компанийн зүгээс Геодези зураг зүйн газарт тавьсан хүсэлт бүхий албан бичгийн огноо нь Я.Цэндсүрэнгийн төсөвлөсөн төсвийг гаргасан огнооны дараа байгааг шүүх анзаарсангүй. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний зарчим зөрчигдсөн, төсөв гараагүй байхад тооцоо судалгаагүй хийсэн ажил мэт үзэж дараа нь гаргасан төсвийн дүнгээр гүйцэтгэсэн ажлаа үнэлж байгаа нэхэмжлэгчийн үйлдэл нь тендерт ирүүлсэн 75,437,445 төгрөгийн өртөг бүхий хүнд даацын машин механизмын барилгын гадна зам талбайн ажилд төсөвлөн гаргаж өгсөн төсвөө шууд утгаар үгүйсгэж байна гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2017.02.15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн шинжээчид тавьсан асуултын 4-т “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь хүнд даацын машин механизмын дулаан гараашийн барилгын гаднах 1760 м.кв зам талбайн бетонон талбайг 7,5 см-р /гагцхүү зөрүү 7,5 см-т холбогдох төсвийн тооцоолол/ нэмэгдүүлэхэд гарах төсвийн тооцооллыг гаргуулах, энэ тооцооллыг 1555 м.кв талбайн хувилбараар давхар гаргах” гэсэн асуултад “хүснэгтээр 1760 м.кв зам талбайн бетонон талбайг 7,5 см-р хучихад 63,474,234 төгрөг, 1555 м.кв зам талбайн бетонон талбайг 7,5 см-р хучихад 49,833,583 төгрөг” гэж тооцож хариулсан байтал уг шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт “...дулаан гараашийн гаднах зам талбайн газар шорооны ажлын хувьд 1760 м.кв, 1555 м.кв тус бүрээр төсөвт өртгийг тооцож гаргасан бөгөөд харин дээрх зам талбайг 20 см-р хучилт хийсэн төсөвт өртгийн дүн хучилтын зузааныг h=12.5 см-р хийгээд дараа нь h=7.5 см-р нэмж h=20 см болгох хучилт хийсэн төсөвт өртгийн хоорондын зөрүү байхгүй гэж үзлээ” гэсэн нь зөрчилтэй дүгнэлт болсон. Зөрчилтэй дүгнэлтийг шүүх хүлээн авч үнэлсэн нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг хангасангүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд: талууд гэрээний ажлын хөлс 1,510 сая төгрөг төлөх байснаас 1,672,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 23,902,824 төгрөгийг нэмэгдэл ажлын хөлсөнд тооцож үлдэх 138,097,176 төгрөгийг шаардсан. Шүүх нэмэгдэл ажлын зардлыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан 63,474,234 төгрөгөөр тооцсон байтлаа /1,672,000,000-1,510,000,000-63,474,234=98,525,766/ илүү шилжүүлсэн 98,525,766 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулаагүйд гомдолтой байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Б” ХХК 2014 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр “Э” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж “...ажил гүйцэтгэх гэрээний хөлс 1.510.000.000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 373.718.930 төгрөг нийт 1.883.718.930 төгрөгөөс 1.672.000.000 төгрөг авсан...” гэсэн үндэслэлээр хариуцагчаас үлдэгдэл 211.718.930 төгрөгийг шаардсан байна. /хх 1-1., 3-558/
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх1-26, /маргахдаа “... ажил гүйцэтгэх гэрээний хөлс 1.510.000.000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 23.902.824 төгрөг нийт 1.533.902.824 төгрөг төлөхөөс 1.672.000.000 төгрөг төлсөн...” гэж үлдэгдэл 138.097.176 төгрөгийг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх 2-307, хх 3-725/
Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч үндсэн гэрээний ажлыг 1.510.000.000 төгрөгөөр, нэмэгдэл ажлыг 63.474.234 төгрөгөөр, газар шорооны ажлыг 184.019.862 төгрөгөөр нийт 1.757.494.096 төгрөгөөр захиалагчид ажил хийж өгч 1.672.000.000 төгрөг хүлээн авсан тул үлдэх 85.494.096 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч нь “...шүүх тооцооны алдаа гаргасан... нэмэгдэл ажил 373 718 930 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн талаар шүүх дүгнэлт хийсэнгүй...бидний тооцоогоор гүйцэтгэгч 136 281 485 төгрөгийн авлагатай байгаа...” гэж., хариуцагч нь “... үндсэн гэрээнд газар шорооны ажил багтсан байгаа... ажил хийж гүйцэтгэснийхээ дараа төсөвт өртгийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу... шинжээч зөрчилтэй дүгнэлт хийснийг шүүх үндэслэл болгосон... илүү шилжүүлсэн 98,525,766 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулаагүйд гомдолтой байна...” гэж тус тус гомдсон байна.
Зохигчдын гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээний талаар:
Захиалагч “Э” ХК, ажил гүйцэтгэгч “Б” ХХК нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЭТТ-2011/09/28 БА тоот “Эрдэнэс ТТ уурхайн хүнд механизмын дулаан гараашийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ” /цаашид “ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээ” гэх/ байгуулагдсан бөгөөд уг гэрээг зохигчид шаардлагынхаа үндэслэл болгожээ.
Талуудын үндэслэл болгосон гэрээгээр нэхэмжлэгч нь “... гүйцэтгэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтай хүнд даацын механизм байрлах, хүнд механизм байрлах хүчин чадал бүхий 571,98 ам метр талбай /4881,60 шоо метр эзлэхүүн/-тай цутгамал төмөр бетон багана суурь, сэндвичин хана, 1-р давхар металл долгионт лист, дээвэр сэндвичэн хучилттай, 2 давхар барилга угсралт /барилгын засвар, тоног төхөөрөмж суурилуулах/-ын ажлыг инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан, цэвэр, бохир усан хангамж/, халаалтын төвийн туслах барилга /бусад ажил/-ын хамт ашиглалтад оруулах...”, харин хариуцагч ажлыг хүлээн авч 1.510.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийн биелэлтийг зохигчдын хэн аль нь шаардах эрхтэй.
Захиалагч нэхэмжлэгчийн хийсэн ажлыг хүлээн авсан бөгөөд ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээний гүйцэтгэлтэй холбоотой зохигчид маргаагүй байна.
2. Гараашийн “...гадна газар шорооны ажил...”-ын талаар:
ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээнд гараашийн “гадна газар шорооны ажил“ багтсан талаар зохигчид маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь “...1.510.000.000 төгрөгийн төсөв гаргахдаа газар шорооны ажлыг оруулалгүй тооцсон байна...” гэж нэхэмжлэл гаргасан бол, хариуцагч үүнийг татгалзахдаа “... гэрээгээр газар шорооны ажил хийхээр байгаа бөгөөд уг ажилыг 1.510.000.000 төгрөгийн төсөвт оруулж тооцоогүй нь захиалагчид хамааралгүй...” гэж мэтгэлцжээ.
Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ, ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээнд гараашийн гадна “газар шорооны ажил” багтсан хэдий ч нэхэмжлэгч уг ажлыг 1.510.000.000 төгрөгийн төсөвт оруулаагүй нь тогтоогдсон гэж үзэж “...энэ талаар захиалагч мэдэж байсан, үүнтэй холбоотой аливаа татгалзлыг ажил гүйцэтгэгчид гаргаагүй, ажлын гүйцэтгэлийг хүлээн авч үнийг нэмж төлсөн зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтээр 1760 м2 хэмжээтэй “газар шорооны ажил”-н төсөв 184,019,862 төгрөг байгааг харгалзан уг мөнгийг хариуцагчаас гаргуулсан бөгөөд үүнийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Нэмэлт ажлын талаар:
ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээгээр гараашийн гадна зам талбайн хучилтыг 12.5 см-ын зузаантай хийхээр тохиролцсон байсныг талууд 7,5 см.-р нэмж зузаалах болсон нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, “...1760 м2 хэмжээний газарт хийх зам талбайн хучилтыг 7,5 см.-р нэмэх...” ажил нь ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээнд заагаагүй ажил байна.
Талууд нэмэлт ажил хийхээр тохирсон талаар маргаагүй, харин нэмэлт ажлын төсвийн хэмжээний талаар буюу захиалагч нэмэлт ажлын төсвийг 23.902.824 төгрөг гэж, харин гүйцэтгэгч 373,718,930 төгрөг гэж тус тус маргажээ.
Шүүх “...1760 м2 хэмжээний газарт хийх зам талбайн хучилтыг 7,5 см.-р нэмэх...” ажлын төсвийн хэмжээг 63.474.234 төгрөг гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг үндэслэсэн байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
4. Гэрээний дагуу төлсөн мөнгөний талаар:
Захиалагч нь ЭТТ-2011/09/28 БА дугаар гэрээний ажлын хөлс болон нэмэлт ажлын хөлс гэж нийт 1.672.000.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна.
Иймд үндсэн гэрээний ажлын хөлс 1.510.000.000 төгрөг, нэмэгдэл ажлын хөлс 63.474.234 төгрөг, газар шорооны ажлын хөлс 184.019.862 төгрөг нийт 1.757.494.096 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээс 1.672.000.000 төгрөг төлсөн тул үлдэх 85.494.096 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу биш байна.
5. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйлд нийцжээ.
6. Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шинжээч Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-н ажлын хөлс 5.500.000 төгрөг, Барилгын хөгжлийн төвийн ажлын хөлс 1.126.000 төгрөг нийт 6.626.000 төгрөг болжээ.
Иймд нэхэмжлэгчээс нийт 2.650.400 төгрөг гаргуулан 2.200.000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-д, 450.400 төгрөгийг Барилгын хөгжлийн төв-д., хариуцагчаас нийт 3.975.600 төгрөг гаргуулан 3.300.000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-д, 675.600 төгрөгийг Барилгын хөгжлийн төв-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1687 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00975 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан Б ХХК-с нийт 2.650.400 төгрөг гаргуулан 2.200.000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-д, 450.400 төгрөгийг Барилгын хөгжлийн төв-д., “Э” ХК-с нийт 3.975.600 төгрөг гаргуулан 3.300.000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-д, 675.600 төгрөгийг Барилгын хөгжлийн төв-д тус тус олгосугай...” гэсэн нэмэлт оруулж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 567.000 төгрөг, хариуцагчаас 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 585.420 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 690.486 төгрөг нийт 1.275.906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ