| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 201514000381 |
| Дугаар | 75 |
| Огноо | 2016-03-18 |
| Зүйл хэсэг | 099.1., 147.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 75
С.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоол,
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201514000381 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, С.О нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар С.Огийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, С.Ог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.Ог Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 01 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар С.Од Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялаас 1 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 01 сар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 02 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар С.Ог Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас С.Ог Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 1, 3, 4, 5, 6, 9 дүгээр заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 2, 7, 8, 10 дугаар заалтыг хэвээр үлдээж, С.Ог нэн даруй сулласан байна.
Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацааг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж заасан байхад давж заалдах шатны шүүх С.Огийн Өршөөлийн хуульд хамаарагдахгүй 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийг Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ. Иймд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийн материалтай танилцахад С.Од холбогдох хэргийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд С.Од Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан байдлыг огт тэмдэглээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.6 дахь заалтад заасан шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй шүүх хуралдааны ажиллагаа нотлох баримтын ач холбогдлоо алдана” гэж заасан. Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байгаа. Магадлалаас гадна шийтгэх тогтоолыг мөн хүчингүй болгуулах үндэслэл харагдсан. Шийтгэх тогтоолоор С.Од Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулаад, үүнээсээ 1 сар баривчлах ялыг нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 01 сар хорих ял дээр нэмж нийт 2 жил 02 сарын хорих ялаар тогтоосон. Ял, хэргийн талаар шийдвэрлэсэн байдал нь шүүх хуралдааны тэмдэглэлд огт тэмдэглэгдээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй шүүх хуралдааны ажиллагаа нотлох баримтын ач холбогдлоо алдана” гэж заажээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн шийтгэх тогтоолыг уншин сонсгосон хэсэгт шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ямар ял шийтгэл оногдуулах эсэхийг дурдаж бичээгүй атлаа шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт С.Ог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, уг ялаас 1 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 01 сар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 02 сарын хугацаагаар тогтоосныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.О-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Од холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, хэрэг шүүхэд очтол С.Од урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ