Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0112

 

“З т г” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, гуравдагч этгээд “А т” ХХК-ийн өмгөөлөгч Н.О, гуравдагч этгээд “И Э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “З т г” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З т г” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З т н” ОНӨААТҮГ-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

              2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.

              Гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний үйлчлүүлэг буюу энэхүү захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “И э ө” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл уг газар дээр “А т” ХХК нар нь хууль бусаар шатахуун түгээгүүр барьж байгуулан ажиллаж эхэлсэн.

              “И э ө” ХХК-ийн зүгээс “А т” ХХК-иас хүссэн боловч уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Гэтэл “З т г” ОНӨААТҮГ нь “И э ө” ХХК-д газар олгосон захиргааны актуудыг илт хууль болохыг тогтоолгох, өөрийн эзэмшилд байсан газрыг эзэмшилдээ буцаан авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж энэхүү захиргааны хэргийг үүсгүүлсэн.

              Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болон хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:

              Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “А т” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан инженерийн шугамд холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн, холбогдох боломжтой газар учраас дүүргийн Засаг даргын хувьд бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй, уг газрыг харин Нийслэлийн Засаг дарга бусдад эзэмшүүлэх эрхтэй...” гэж тайлбарласан.

              Харин хариуцагч болон гуравдагч этгээд “И э ө” ХХК нарын хувьд “... хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн газар нь дээрх шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газар гэдэг нь нотлогдоогүй. Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж нь хууль ёсны захирамж гэж, мөн нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой...” гэж мэтгэлцсэн.

              Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг хэрэглэх ёстой гэдэг нь огт нотлогдоогүй байхад хэрэглэсэн нь “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэл, мөн үүнийг нөгөө талаас нь авч үзвэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан гэдэг нь тодорхой байх тул “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр хэргийг буруу шийдвэрлэсэн байна.

              Үүнээс гадна шүүх зайлшгүй анхаарах ёстой бөгөөд талууд маш олон талаас нь тайлбарлаж мэтгэлцсэн зүйл бол хуулийг буцаан хэрэглэхтэй холбоотой асуудал байсан.

              Тодруулбал маргаан бүхий захиргааны актууд нь бүгд Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг үйлчилж эхлээгүй байх үед гарсан буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хууль болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж байхад батлагдан гарсан байдаг.

              Мөн “З т н” ОНӨААТҮГ(тухайн үеийн нэрээр Автобус 3 компани УҮГ) уг захирамжийг дэмжсэн байр сууриа 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай албан бичгээр илэрхийлсэн байдаг. Гэтэл тухайн хуулийн этгээдийн удирдлага солигдсоноор өмнөх байр суурь өөрчлөгдөж тухайн захирамжийг дэмжсэн байр суурьнаасаа татгалзаж захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм.

              Түүнчлэн энэхүү 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дэмжсэн албан бичигт үнэлэлт дүгнэлт өгвөл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжийн талаар 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хангалттай мэдсэн гэдэг нь нотлогдож байна гэсэн үг.

              Гэтэл шүүх энэхүү хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тухайд дүгнэлт хийхдээ (шийдвэрийн 11, 12 дугаар тал) Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг буцаан хэрэглэж болно гэж үндсэндээ дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөж эхэлсэн хуулиар ямар ч хууль зүйн болон онолын үндэслэлгүйгээр 2007, 2015, 2016 оны 06 дугаар сард үүссэн эрх зүйн харилцааг зохицуулж хэргийг шийдвэрлэж байгаатай хуульч хүний хувьд огтхон ч санал нийлэхгүй байна.

              Үүнд миний бие мөн “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэж ойлгоход хүргэж байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-аас Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И э ө”   ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З т г” ОНӨААТҮГ-т холбогдох эсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524дүгээр захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч “З т г” ОНӨААТҮГ-т Нийслэлийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаар захирамж болон 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/64 дүгээр захирамжуудаар тээврийн үйлчилгээний зориулалтаар 3.7 га газар ашиглах эрх олгожээ.

            Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар 32.120 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар 25.000 м.кв болгон газрын хэмжээг тус тус багасган өөрчилсөн байна.

            Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар гуравдагч этгээд “И э ө” ХХК-д нэхэмжлэгч компанийн зүүн талд үйлчилгээний барилга барих зориулалтаар 0.05 га газар эзэмшүүлсэн бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээн дээр газрын хэмжээ 15000 м.кв гэж бичигдсэн буюу газрын хэмжээ ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр 3 дахин нэмэгдсэн байна.

            Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний А/435 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, газрын зориулалтыг үйлчилгээ, орон сууц гэж өөрчилснийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар баталгаажуулжээ. Мөн ямар нэг эрх зүйн үндэслэлгүйгээр газрын байршил өөрчлөгдсөн байна.

            Хавтас хэрэгт авагдсан гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд “И э ө” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан байна.

            Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд Сүхбаатар дүүргийн газрын албанд үзлэг хийжээ. Уг үзлэгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар “И э ө” ХХК-д газар эзэмшүүлсэн газрын хувийн хэрэг тус газрын албаны архивд байхгүй байсан гэх, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжтай газрын хувийн хэрэгт “И э ө” ХХК-иас газар эзэмшиж, ашиглахаар гаргасан өргөдөл, хүсэлт байхгүй гэх зэрэг үйл баримтууд тогтооджээ.

            Эдгээрээс үзэхэд гуравдагч этгээд “И э ө” ХХК нь үүсгэн байгуулагдаагүй, мөн газар эзэмшихээр хүсэлт огт гаргаагүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар 0.05 га газар эзэмшүүлэх эрх олгосон байна. 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг үндэслэлгүйгээр 3 дахин нэмэгдүүлж 1500 м.кв болгосон байх ба хавтас хэрэгт авагдсан Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зургаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцалтай байна.

            Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн байх ба анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 377 дугаар захирамж нь 2007 онд гарсан боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д “...захиргааны акт... илт хууль бус болох, нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Эдгээрээс үзэхэд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болон хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдол нь үндэслэлгүй байна.

            Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” 47.4-д “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд хэдийд ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээр хуульчилжээ.

            Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжийн “З т н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газрын хэмжээг 25000 м.кв болгон өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн газрын хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/425 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж зориулалтыг өөрчилснийг үндэслэж нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг 1500 м.кв багасгасан байна.

            Нэхэмжлэгчийн зүгээс газрын хэмжээг багасгаснаар нийтийн тээврийн стандартын парклах, маневарлах тооцоолол бүхий талбай төлөвлөлт, зохион байгуулалтад өөрчлөлт орж, улмаар орц, гарцыг хааж хөдөлгөөнд хязгаарлагдмал байдал үүсгэснээр зорчигч, тээврийн онцгой обьектын үйл ажиллагааны горим, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсч байгаа талаараа тайлбарлажээ.

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “З т г” ОНӨААТҮГ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байна.

            Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа буюу эзэмшил газраа бүрэн эзэмших, ашиглах эрхийг нь зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон