Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Н.Нарангэрэл,

Шүүгдэгч, хохирогч Ж.М,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж-н М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н-н А нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1910007250290 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн  112 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-н М,

Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1983 онд Ажилчны районы ардын шүүхээр Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшлогдсон, 1984 онд Төв аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд зааснаар 4 жил хорих,  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай   Б овогт Н-н А,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ж.М нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна талд согтуурсан үедээ П.Бтай маргалдан улмаар, маргалдах явцдаа түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч Н.А нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна талд согтуурсан үедээ Ж.Мтай маргалдан улмаар нүүр болон бие тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:    Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 18:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадаа саравчинд найз Н.Аийн хамтаар сууж байхад Н.Аийн таних гэх 3 хүн ирээд бид 2-оос мөнгө асуусан. Тэгэхээр нь Н.А бид 2 дуугараагүй. Тэгтэл намайг бэртээсэн залуу мөнгө гаргаж ирээд хамт ирсэн нэг залууг архи аваад ир гээд явуулсан. Удалгүй архинд явуулсан залуу нэг шил Ерөөл нэртэй архи авчирсан. Тэгээд авчирсан архиа задлаад Н.А бид 2-т хийж өгөхөөр нь бид 2 амсаад өгсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс хоорондоо янз бүрийн юм яриад байсан би тэр хүмүүсийг танихгүй болохоор ярьж байгаа зүйлд нь анхаарал хандуулаагүй Саравчны хажууд Н.А болон намайг бэртээсэн залуу 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр 2-ыг салгасан. Н.А намайг бэртээсэн залуу 2 маргалдаад бие биенийхээ хувцаснаас зууралдаад байсан. Тэгээд би дундуур орж салгасан. ...Намайг 33 дугаар байрны зүүн талаасаа 2 дугаар орцны үүдэнд эхнэртэйгээ сууж байхад Н.А тэр 2 араас ирээд хоорондоо маргалдаж барьцалдаж аваад цохилцоод байсан би яг хэн нь хэнийгээ цохисонг анзаараагүй. Тэгээд би Аийг яах гээд байгаан гэр рүүгээ ор гээд хэлсэн чинь Н.А явсан. Би тэр залууд боль гэж хэлсэн чинь намайг хөгшин банди гэхээр нь би чи тэгж болохгүй гээд хуруугаараа чичлээд заасан. Тэгтэл тэр залуу сууж байсан сандлаасаа босч ирээд миний гарнаас бариад намайг хойш нь хүчтэй түлхсэн миний ард саадны хашлага байсан тэгээд би газар унахдаа гараа дарж унасан. Н.А нь гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан хаашаа нь цохисныг сайн мэдэхгүй ямар ч байсан цохиж байхыг нь би харсан...” гэжээ /хх-н 21-22-р тал/

Хохирогч Ж.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр охин 2 ирээд намайг загнаад явъя гэр рүүгээ ор гээд байсан.Тэгтэл Н.А болон үл таних залуу 2 ирээд надтай маргалдсан.Тэгтэл Н.А над руу дайраад үгээр идээд байхаар нь би гадуур хувцсаа тайлаад үзүүл үзье гээд хэлсэн чинь үл таних хүн намайг дундуур орж салгаад байсан. А тэр үед миний нүүр болон толгой орчим руу цохисон...” гэжээ./ хх-н 28-р тал/

Гэрч Ж.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 17:00 цагийн үөд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны хажууд манай нөхөр М жижүүр Г тай сууж байсан. Би явж очоод харихгүй юм уу харъя гээд хэлээд байж байтал үл таних залуу залуу ирээд манай нөхрийг чи яасан атаман хүн бэ? хаанахын хэн гэдэг хүн бэ? би олон жил шоронгоор явсан хүн гээд хэрүүл маргаан үүсгээд байсан чинь манай нөхөр чи юу гээд байгаан бэ гээд сууж байсан суудлаасаа босоод ирсэн. Тэгтэл тэр үед манай нөхрийн танил А ирээд ямар нэгэн үг хэлээгүй манай нөхөр рүү дайраад манай нөхрийг цохиод зодоод байсан. Тэр үед би дундуур нь орж салгасан. ...Тэгээд А яваад өгсөн манай нөхөр сандал дээр сууж байсан чинь үл таних хэрүүл маргаан үүсгээд байсан залуу манай нөхөр рүү чичлээд янз бүрийн юм яриад байхаар нь манай нөхөр босч ирээд чи юу гээд байгаан гээд баруун гарыг нь өөр рүү нь хүчтэй түлхсэн чинь хашлагад хөлөөрэй тээглээд хойшоо унасан...” гэжээ./хх-н 32-33-р тал/

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...А К маргалдсан чинь М К өмөөрч маргалдсан чинь үл таних хүн Аийг өмөөрч тэгээд хоорондоо маргалдсан. Орцны үүдэнд бие биетэйгээ зууралдаад маргалдаад байсан. Би дундуур орж салгах гэхэд үгэнд орохгүй байхаар нь орц руу айгаад орсон. Намайг орсны дараа цохиж зодолдсон байж магадгүй..." гэжээ./хх-н 43-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн № 3596 тоот дүгнэлтэнд:  “...П.Бын биед шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 48-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн № 3521 тоот дүгнэлтэнд: “...Ж.Мгийн биед тархи доргилт, зүүн чамархай, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2019.03.16-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэжээ. /хх-н 50-р тал /,

Хяналтын камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-13, 53-56-р тал/

Ж.М, Н.А нарын хувийн байдалтай  холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-84,94/,  ял шалгах хуудас / хх-83,92/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна талд согтуурсан үедээ П.Бтай маргалдан улмаар, маргалдах явцдаа түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна талд согтуурсан үедээ Ж.Мтай маргалдан улмаар нүүр болон бие тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-н 48,50-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Н.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Ж.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр, шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.М, Н.А нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч П.Бт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  300.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.М төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ж.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тус тус хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ж-н М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Шүүгдэгч Б овогт Н-н А-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж-н М-г 600 нэгж буюу 600.000 /  зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н-н А-г 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.М, Н.А нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.М, Н.А нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ