| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/00624/И |
| Дугаар | 210/МА2025/00831 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00831
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04520 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 11,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь *******ээс 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 999 сорьцтой, 38.33 грамм алтан гинжийг 11,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь хэргийн 7 дугаар тал дахь зарлагын баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7/
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
3.1. Хариуцагч нь гэрээ байгуулагдсан, эд зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин төлбөрөөс 6,610,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар төлсөн, эд зүйлийн үнэ нь зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэтэй байх тул үлдэх хэсгийг Монгол банкны алтны үнийн ханшаар төлнө гэж маргасан.
3.2. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч *******гийн эзэмшилд гэрээний зүйл болох алтан гинжийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэл буюу эд зүйлийн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4. Шүүх хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгчид төлсөн 2,050,000 төгрөг нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй хамааралтай гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулна.
4.1. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч ******* нь ******* ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00612 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,805,200 төгрөгийг хариуцагч ******* нь 6 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 93/
4.2. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага ба хариуцагч ******* нь дээрх зээлээс үндсэн зээл 3,050,000 төгрөг, хүү 1,610,000 төгрөг, нийт 4,660,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийн тооцооллын баримтыг шүүхэд гаргасан. Уг баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4.3. Түүнчлэн, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийн тооцоолол, хариуцагчийн дансны хуулга зэрэг баримтыг харьцуулан дүгнэвэл, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,050,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин ******* ХХК-д зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн 4,660,000 төгрөгт хариуцагчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн үндсэн зээл 1,690,000 төрөг, хүү 360,000 төгрөг, нийт 2,050,000 төгрөг багтсан байна. Иймд шүүх хариуцагч *******гээс нэхэмжлэгч *******д худалдан авсан алтан гинжний үнэд 2,050,000 төгрөг төлсөн гэж хасч тооцсон нь буруу болсон. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******гээс 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...166,150 гэснийг ...198,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 48,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ