| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0460/Э |
| Дугаар | 470 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга О.Төгөлдөр,
Улсын яллагч Э.Ундраххэрлэн,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн О овогт Г-н Н-д холбогдох эрүүгийн 1903004650258 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1946 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 73 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, хүү, ач хүүгийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, О овогт Г-н Н
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч О овогт Г-н Н нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “АПУ” ХХК-ний хойд уулзвар явган хүний зохицуулагддаг гарцтай замд Тоёота Приус 30 маркийн УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Г.Цг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчим гэрээсээ ажилдаа явахаар унадаг дугуй унаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, АПУ ХХК-ний хойд уулзвар замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлийн явган хүний гарцаар ногоон гэрэл дохиогоор гарахаар гэрэл дохиоруу ойртон ирэх үед миний өмнө явж байсан хүүхдээ хөтөлсөн эмэгтэй ганцаараа гараад явсан. Тэр үед би гарцаар ногоон гэрэл дохиогоор гарахаар хойш хартал Т.Приус 30 маркийн цагаан өнгийн автомашин ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй туслах замаар эргэхээр 10 орчим метрийн зайнаас ирж явааг харсан. Тэгээд зогсох байх гэж бодоод гарцаараа гартал шууд ирээд зогсолгүй мөргөж унагасан. Тэр үед унадаг дугуй ойчсон. Би шидэгдэж бөгсөн биеэрээ зам дээр газар унасан. Тэгээд босох гэтэл бөгсөн биеэр хөдөлж болохгүй байсан. Тэр үед жолооч түшиж босгоод автомашиныхаа хойд суудалд суулгасан. Эмч ирээд миний биеийн байдлыг үзээд шууд ГССҮТ-рүү авч явсан. Би явган хүний гарцтай газраар гарч явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би жолоочоос нийт 4.200.000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэжээ /хх-19-20-р тал/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-4-5-р тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-6-9-р тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/ хх-11-р тал, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Хас Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ /хх-29-р тал/
Шүүгдэгч Г.Нн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, ял шалгах хуудас /хх-59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “АПУ” ХХК-ний хойд уулзвар явган хүний зохицуулагддаг гарцтай замд Тоёота Приус 30 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Г.Цг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-4-5-р тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-6-9-р тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/ хх-11-р тал, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Хас Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ /хх-29-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэx үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Г.Н нь зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.
Хохирогч Г.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О овогт Г-н Н г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Г-н Н 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Нд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Н нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Нд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
7. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ