Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00832

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02795 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох,

 

30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *******тай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тохиролцоо хийж миний өмчлөлийн Subaru forester SH маркийн ******* улсын дугаартай авто машиныг 30,000,000 төгрөгөөр, *******ын эзэмшилд байсан Lexus GS450 маркийн ******* улсын дугаартай авто машиныг 40,000,000 төгрөгөөр тус тус үнэлж харилцан солилцохоор тохиролцсон. Тухайн үед *******ын эзэмшилд байсан Lexus GS450 маркийн ******* улсын дугаартай авто машин нь өөр хүний өмчлөлд байсан бөгөөд мөн ******* ХХК-ийн зээлийн барьцаанд байсан. Зээлийн гэрээний үлдэгдэл нь 25,000,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

******* нь Subaru forester SH маркийн ******* улсын дугаартай авто машиныг 30,000,000 төгрөгөөр зарж борлуулсан тохиолдолд 30,000,000 төгрөгийг надад өгснөөр Lexus GS450 маркийн ******* улсын дугаартай авто машиныг буцаан авах, эсхүл ******* нь өмчлөлийн Subaru forester SH маркийн ******* улсын дугаартай авто машиныг Toyota Crown 210 автомашинаар сольж, улмаар уг авто машиныг ******* миний нэр дээр шилжүүлснээр Lexus GS450 маркийн ******* улсын дугаартай авто машиныг буцаан авах, эсхүл ******* нь өмчлөлийн Subaru forester SH маркийн ******* улсын дугаартай авто машиныг худалдан борлуулсны дараа надад 10,000,000 төгрөг буюу хоёр автомашины үнийн зөрүүг шилжүүлснээр Lexus GS450 маркийн ******* улсын дугаартай авто машины зээлийн үлдэгдэл төлбөрийг миний бие төлж барагдуулан уг авто машины өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тус тус тохиролцсон.

1.2. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Subaru forester SH маркийн ******* улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг *******ын дагуулж ирсэн хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн хүн автомашиныг Toyota lexus LS470 автомашинаар бартердаж авч байгаа гэж хэлсэн. Гэтэл авто машинуудыг харилцан шилжүүлснээс хойш тохиролцоо бодитоор хэрэгжээгүй бөгөөд ******* нь Lexus GS450 маркийн ******* улсын дугаартай автомашины зээлийн гэрээний төлөлтийг хийхгүй байснаас болж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ББСБ ХХК-аас автомашиныг хураан авсан.

Иймд Subaru forester SH маркийн ******* улсын дугаартай авто машины үнэ болох 30,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бидний хооронд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож Subaru forester SH маркийн *******, Lexus GS450 ******* машинуудыг 10,000,000 төгрөгийн зөрүүтэй солилцохоор тохиролцсон. Солилцоог хийхээс өмнө миний эзэмшлийн Lexus GS450 маркийн ******* автомашин нь өөр хүний нэр дээр, банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд 25,000,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйг мэдэж байсан. Тохиролцоонд ******* нь тухайн Lexus GS450 маркийн ******* машиныг 2 жил орчим өөрийн хувийн хэрэгцээнд унах сонирхолтой байсан бөгөөд энэ хугацаанд би зээлийн сарын төлөлт 1,600,000 орчим төгрөгийг төлж явсаар зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг болох эсвэл боломжтой үедээ ******* уг 2 машины үнийн зөрүү 10,000,000 төгрөгийг ББСБ-ын дансанд хийнэ гэж тохиролцсон.

2.2. ******* нь Subaru forester SH маркийн ******* автомашиныг зарснаар өөрийн Lexus GS450 08450Н машиныг эргүүлж авна, эсвэл Subaru forester SH маркийн ******* машиныг Тоуоta cгоwn 210 машинаар сольж өөрийн Lexus GS450 машиныг эргүүлж авна гэж худал мэдээлэл өгсөн. Тухайн 2 тээврийн хэрэгслийг хоорондоо солилцон хүлээлгэж өгсөн цагаас өөрсдийн эзэмшлийн машин болсон гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг солилцоо хийсэн. Хэрэв *******ийн нэхэмжлэл дээрх мэдээлэл үнэн бол бидний маргаан 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эхлэх байсан. Учир нь тухайн өдөр миний бие өөрийн эзэмшлийн Subaru forester SH маркийн ******* машинаа Lexus маркийн машинаар 20,000,000 төгрөгийн зөрүүтэйгээр сольж байгааг *******д мэдэгдэж Subaru forester SH маркийн ******* машины өмчлөх эрхээ миний солилцоо хийж байгаа талд шилжүүлж өгөхийг хүссэн. Тухайн үед ямар ч ятгалт ашиг сонирхлын зөрчилдөөнгүйгээр ******* өөрийн биеэр ирж Subaru forester SH маркийн ******* машиныг миний солилцоо хийж буй талд шилжүүлсэн.

2.3. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс ******* өөрийн эзэмшлийн Lexus GS450 маркийн ******* автомашинаа зарах болон байр, том оврын машины солилцоонд оролцуулж борлуулахаар болсноо мэдэгдэж уг машины зээлийн зөрүүг гаргаж өгөхийг шаардаж эхэлсэн бөгөөд би тухайн үед гэнэтийн зардалд мөнгө гаргах боломжгүй байгаагаа тайлбарласан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ******* нь машинаа эргүүлж авахыг тулгаж эхэлсэн, би өөрөө авах мөнгөний боломжгүй байгаагаа хэлсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Lexus машиныг банк бус санхүүгийн байгууллагад хураагдах магадлалтай байна, мөнгөний боломж гарах хүртэл зөрүүний 10,000,000 төгрөгөөс төлөлт хийх боломжтой эсэхийг асуухад ******* зөрүү өгөхгүй машиныг чинь анхнаасаа би аваагүй гэх утгатай зүйлийг ярьж Subaru forester SH маркийн машины үнийн дүнг нэхэж эхэлсэн.

Миний бие Lexus машиныг өмчилж буй ******* ББСБ ХХК-тай уулзан маргаантай байгаа тухайгаа болон гуравдагч этгээдийн эзэмшилд байгааг тайлбарлан хугацаа хэтэрсэн зээлийн дүн 7,000,000 төгрөгийг 1 сарын дотор 2 хувааж хийхээр тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн данснаас 3,500,000 төгрөг төлж *******д мэдэгдсэн ч намайг ямар ч төлөлт хийгээгүй гэж гүтгэсэн. Төлөлт хоцорсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Lexus маркийн ******* машиныг хураасан. Өөрийн төлөх ёстой дүнг төлж зээлийн үлдэгдлийг анх солилцсон машинуудын зөрүү болох 10,000,000 төгрөгтэй тэнцүү болгон зээлийн гэрээг шилжүүлж өгөхгүй бол өөрийг нь хохирохыг сануулсан ч ******* нь эсэргүүцэж Subaru forester SH ******* машины үнийг надаас нэхэмжилсэн байр сууриндаа байсан.

2.4. ББСБ-аас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Lexus маркийн улсын дугаартай машиныг зарсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч тухайн Lexus ******* улсын дугаартай машиныг хувьдаа унаж явсаар эцэст нь үндсэн зээлдэгч болон эзэмшигч нарын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байгааг би мэдээд *******д тухайн хэрэг нь хууль бус бөгөөд хөөцөлдөж шийдвэрлэж чадвал алдагдлаа нөхөх боломжтой гэсэн саналыг хэлсэн ч миний асуудал биш, өөрөө учраа ол гээд тоогоогүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид 40,000,000 төгрөгийн машинаа өгсөн ч нэхэмжлэгч зөрүү мөнгөө төлөхгүй байснаас шалтгаалан 3,500,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад нэмж төлсөн атлаа дахин 30,000,000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээсээ татгалзсан болон гэрээ цуцалсан талаар хэлээгүй байхад шүүх гэрээнээс татгалзсан тул 30,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлд заасны дагуу дүгнэлт хийх ёстой байсан.

Нэхэмжлэгч нь машинаа гэх хүнд сайн дурааp шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байх тул машин шилжүүлэн өгсөн хүнээс мөнгөө шаардах ёстой. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг үүссэн гэж тодорхойлсон нь нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон 10,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүснэ гэж дүгнээгүй атлаа хариуцагч эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж илт нэхэмжлэгч талд ашигтайгаар дүгнэлт хийсэн.

4.2. Шүүх хуралдаан болох өдөр хариуцагч ******* нь өмгөөлөгч миний хамт хурлын заал хүлээж шүүхийн гадаа зогсож байсан. Гэтэл шүүх хуралд оролцогчид зааландаа ороод шүүх хурал эхэлсэн байсан. Би шүүгчийн туслахаас зааланд орох болж байна уу гэж асууснаар шүүх хурлын зааланд оруулахад талуудын тайлбарын шат дууссан гэх үндэслэлээр асуулт хариултын шатнаас хуралд оролцож эхэлсэн. Энэ нь хариуцагчийн тэгш мэтгэлцэх болон сөрөг нэхэмжлэл гаргах гэх мэт хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан авто тээврийн хэрэгслийн үнэ 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. Талууд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Субару форестер эс 12 /Subaru Forester-S12/ маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр хариуцагч ******* нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Лексус Жи Эс 450 эч /Lexus GS450h/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт тооцон ******* ББСБ ХХК-д зээлийн гэрээний үлдэгдэл 25,000,000 төгрөгөөс сар бүр 1,600,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөг болоход нэхэмжлэгчээс төлөх эсхүл боломжтой үедээ 10,000,000 төгрөгийг ******* ББСБ ХХК-д төлснөөр Лексус Жи Эс 450 эч /Lexus GS450h/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд авахаар тус тус амаар харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

3.2. Дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн Субару форестер эс 12 /Subaru Forester-S12/ маркийн ******* улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд, хариуцагч нь ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Лексус Жи Эс 450 эч /Lexus GS450h/ маркийн ******* улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд тус тус шилжүүлсэн.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Хариуцагч нь ...гэрээгээр тохиролцсоны дагуу машины зөрүү болох 10,000,000 төгрөгийн үнэлгээнд Лексус Жи Эс 450 эч /Lexus GS450h/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг болох үед эсвэл боломжтой үедээ зөрүү мөнгийг ББСБ-ын дансанд төлөхөөр тохирсон боловч уг мөнгөн хөрөнгийг төлөөгүйгээс Лексус Жи Эс 450 эч /Lexus GS450h/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зарагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

 

4.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ээс шилжүүлэн авсан Субару форестер эс 12 /Subaru Forester-S12/ маркийн ******* улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг иргэн д худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төв-ийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 81-82/

 

4.2. Харин хариуцагч *******аас ******* ББСБ ХХК-д сар бүр 1,600,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс ******* ББСБ ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг тээврийн хэрэгслийг хураан авснаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлж авсан тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмших, ашиглах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болжээ.

 

4.3. Иймд үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн Субару форестер эс 12 /Subaru Forester-S12/ маркийн тээврийн хэрэгслийг үнийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т заасантай нийцнэ.

 

4.4. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар болгон өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1. Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/13570 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулж, хариуцагч тал шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн, улмаар шүүх хуралдааны дундуур хариуцагч талыг оролцуулсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /хх-ийн 159, 165-169/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...205.1... гэснийг ...205.2.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ