Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Г.Ганчимэг,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт А-н А-д холбогдох эрүүгийн 1910010860508 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-н А

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч А.А нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива” зочид буудалд иргэн Ж.Оийг “гал өгсөнгүй, том дуутай" гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дээд зүүн 1-р шүдний эмтрэл, дээд зүүн баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Ж.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Тухайн үед би гал байхгүй гэж хэлчихээд зөрөөд өнгөртөл намайг дуудаж дахин гал асуусан. Би дахиад гал байхгүй гэж хэлтэл өндөр залуу нь чи ямар том дуутай юм гэж хэлээд намайг заамдаж авахаар нь би гарыг нь тавиулаад буудал руу орсон, ... Би буудалд ортол миний араас 2 найзтайгаа орж ирсэн. Тэгээд А.А гэх залуу намайг заамдаад авахаар чи яагаад байгаа юм бэ хоёулаа ярилцая гээд би хоёр гараа дэлгэтэл нэгийн эсрэг нэг хийж сайхан зодолдоё гээд миний хэвлий хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөөд өөрөө газар унахаар би зөрүүлээд цохих гэтэл нөгөө хоёр найз нь миний араас татсан. Тухайн үед манай О.Х, П нар салгах гэж оролдсон чинь манай хоёрыг А.А ийн хоёр найз нь ойртуулахгүй хориод байсан. Энэ үед А.А намайг буудлаас гаргах гэж татаж чангааж байгаад миний нүүр рүү гараараа цохиж намайг буйдан руу унагааж миний дээрээс гар болон хөлөөрөө нүүр рүү цохиж зодсон, ... миний эрүүл мэндэд учирсан хохиролд 120.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, мөн ямар нэг гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-н 12-13-р тал/

Гэрч О.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “... Манай найз О хаалга онгойлгоод гараад ир гэж хэлсэн. Би гартал манай найз 3 залуутай маргалдаад байж байсан. Тухайн үед би найзыгаа маргалдаад хэрэггүй оръё гээд буудал руу дагуулаад орсон. Тэгтэл нөгөө 3 залуу араас орж ирсэн. Оийг хар савхи, саарал цамцтай, 185 орчим см өндөртэй залуу нь заамдаж аваад 1 удаа толгойгоороо нүүр рүү нь мөргөөд хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөх гэж байгаад өөрөө манай найзтай хамт уначихсан чинь хамт явж байсан хоёр залуу нь манай найзыг араас нь татахаар нь би голоор орж салгах гэтэл О.Оийг мөргөсөн залуу өмсөж байсан савхи куртикээ тайлаад Оийг ална гээд барьж аваад татаж чангааж байгаад зүүн гараараа цохиж буйдан руу унагааж дээрээс нь гар хөлөөрөө цохиж зодсон...” гэжээ.  /хх-н 17-18-р тал/

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Замдаа тааралдсан нэг ахаас А.А гал байна уу гэж асуутал тэр ах байхгүй гэж хэлсэн юм билээ. Тухайн үед А.А сонсоогүй учраас дахин гал асуусан чинь надад байхгүй лалруудаа гэж хэлсэн. Тэгэхээр нь А.А яасан гэнээ гэтэл байхгүй гичийнүүдээ гэж хэлэхээр нь юу гээд байна аа гээд өөдөөс нь А дөхөөд алхсан чинь тэр ах хажуудаа байсан Вива гэх нэртэй зочид буудал руу орсноо хаалгаар нь шагайгаад чаддаг юм бол ороод ир гээд томроод байхаар нь араас нь зочид буудал руу нь А.А орсон. ... А тэр ахыг буйдан руу унагаад цохиж зодсон...” гэжээ. / хх-н 24-26-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн шинжээчийн № 5334 тоот дүгнэлтэнд: “...Ж.Оийн биед хамар ясны хугарал, дээд зүүн 1-р шүдний эмтрэл, дээд зүүн баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. / хх-н 31-р тал/

Шүүгдэгч А.Аийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/,  ял шалгах хуудас / хх-48/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч А.А нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива” зочид буудалд иргэн Ж.Оийг “гал өгсөнгүй, том дуутай" гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дээд зүүн 1-р шүдний эмтрэл, дээд зүүн баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-н 31-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Шүүгдэгч А.Аийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Ж.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд 120.000 төрөг шүүгдэгч нь төлсөн, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт А-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-н Аийг 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ