| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/07443/И |
| Дугаар | 210/МА2025/00867 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00867
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02497 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 424,647,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани ******* ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Т*******,*******, нийтийн зориулалттай 56 айлын орон сууцны барилгын объектыг зээл болон арилжааны гэрээний холимог нөхцөлөөр 880,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь төлбөрийг бэлэн мөнгө, тодорхой хөдлөх эд хөрөнгө буюу автомашинууд оролцуулан төлснөөр тухайн объектыг өмчлөлдөө шилжүүлж авахаар тохиролцсон.
Гэрээний дагуу хариуцагч нь төлбөрт 6 ширхэг автомашинаас нийт үнэлгээгээр 370,000,000 төгрөгийн дүн бүхий 5 ширхэг автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, мөн төлбөрөөс 135,000,000 төгрөг, барилгын ажлын зураг төслийн үнийн үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөг, нийт 565,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэн. Дээрх 6 автомашинаас авто замын индүүг ашиглалтын шаардлага хангаагүй тул автомашиныг төлбөрийн хэрэгслээс хасч, төгрөгт хөрвүүлэн тооцохоор тохиролцсон. Мөн хариуцагч нь үлдэгдэл 315,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөж дуусах хугацаа болох 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөрт багтаан гүйцэтгээгүй тул үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдлийг нэхэмжлэгчээс удаа дараа гаргасан.
1.2. Талууд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар гэрээг дүгнэн хэлэлцэж төлөгдөөгүй нийт төлбөр, хугацаагаар тооцон хоногийн 0.3 хувийн алдангийг хариуцагчаар төлүүлэхээр үүрэг гүйцэтгэх арга хэмжээг идэвхжүүлэхээр тохиролцсон. Гэвч тохиролцооноос хойш үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, төлбөрийн чадамжгүй гэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөхийг амаар, бичгээр удаа дараа мэдэгдсээр байхад хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөлгүй 4 сар орчмын хугацаа өнгөрсөн. Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 315,000,000 төгрөг, алданги 189,000,000 төгрөг, нийт 504,000,000 төгрөг болсон.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл төлбөр, алдангийн тооцооллыг дахин нягталж, үлдэгдэл төлбөр 287,000,000 төгрөг, алданги 167,647,500 төгрөг, нийт 454,647,500 төгрөг гэж тооцсон. Үүнээс хариуцагч нь 30,000,000 төгрөг төлснийг үлдэгдэл төлбөрөөс хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа 424,647,500 төгрөг болгон багасгасан. Мөн шүүх хуралдааны явцад хоёр талаас өгсөн дансны хуулга, баримтуудыг тулгаж үзэхэд нийт 880,000,000 төгрөгөөс хариуцагч нь 628,940,200 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 251,059,800 төгрөг болсон талаар маргахгүй гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр Т*******ын төвд барихаар эхлүүлсэн 44 айлын орон сууцны дутуу баригдсан барилгыг газрын хамт 880,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 415,000,000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 ширхэг автомашин, техник, зургийн мөнгө 60,000,000 төгрөг, нийт 475,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсоны дагуу үүргээ биелүүлж, үлдэгдэл 405,000,000 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 105,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл төлбөрт шилжүүлсэн 6 ширхэг автомашинаас нэхэмжлэгч нь засмал замын индүүг буцаах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч тооцооноос хасч тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл 5 автомашиныг 370,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Мөн урьдчилгаа төлбөрт оруулан тооцсон зургийн төлбөр болох 60,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* ХХК-д төлсөн. Үүний дараа 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 168,000,000 төгрөгийг төлсөн.
2.2. Төлбөр хугацаандаа төлөгдөх боломжгүй болсон шалтгаан нь анх гэрээг байгуулах үед нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээг байгуулахад бэлэн 20 орчим захиалагч байгаа, энэ төслийг авмагц тэдгээртэй гэрээгээ байгуулан манай үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх боломжтой гэж хэлсэн боловч гэрээг байгуулснаас хойш нэг ч захиалагчийг холбож өгөөгүй. Мөн газрын эрх шилжүүлэн авах хүсэлтийг 2024 оны 06 дугаар сард тавьсан боловч 2024 оны 09 дүгээр сард шилжүүлж өгснөөр эскиз зураг болон ажлын зургаа өөрсдийн нэр дээрх газар дээрээ зуруулж баталгаажуулах болсон. Учир нь зургийн компани газрын эрхийг танайд шилжиж ирсний дараа танай нэр дээр эскиз гарах боломжтой гэж тайлбарласан. Дээрх бүх зургийн ажлууд хүлээгдэж барилгын ажил 2024 оны намар эхэлсэн тул захиалга орж ирээгүй. Улмаар 880,000,000 төгрөгийн төлбөрөөс төлсөн 598,000,000 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл төлбөр 282,000,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 189,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч уг алдангийг хэзээнээс тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Бид мөнгөн дүнгээр төлөхөөр тохиролцсон 405,000,000 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 105,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгөөс 63,000,000 төгрөг, нийт 168,000,000 төгрөг төлсөн. Харин 2024 оны 07 дугаар сарын 30 болон 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд төлөх тус бүр 100,000,000 төгрөгийг төлөөгүй. Одоо 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгөөс үлдэх 37,000,000 төгрөг болон 7, 8 дугаар саруудад төлөх байсан хуваарьт төлбөрүүдэд гэрээгээр тохирсон хоног тутамд алдангийг тооцон төлөхөд татгалзах зүйлгүй.
Тухайлбал, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгөөс үлдэх 37,000,000 төгрөгийн алдангийг үүрэг үүссэн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 163 хоног хэтэрсэн байна. Хугацаа хэтэрсэн 37,000,000 төгрөгийн хоног тутамд 0.2 хувийн алдангид 74,000 төгрөг болох ба үүнийг 163 хоногт тооцвол 12,062,000 төгрөг болсон. Харин 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгийг уг өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 133 хоног хэтэрсэн байх бөгөөд 100,000,000 төгрөгийн хоног тутамд 0.2 хувийн алдангид 200,000 төгрөг болох ба үүнийг 133 хоногт тооцвол 26,600,000 төгрөг болсон. Мөн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгийг уг өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 103 хоног хэтэрсэн байх бөгөөд 100,000,000 төгрөгийн хоног тутамд 0.2 хувийн алдангид 200,000 төгрөг болох ба үүнийг 103 хоногт тооцвол 20,600,000 төгрөг болсон. Түүнчлэн, анх бартерт авахаар тохирсон 45,000,000 төгрөгийн замын индүүг авахаа больж мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахаар тохирсон ба уг төлбөрт алданги төлөх талаар тохиролцоогүй тул алданги тооцох үндэслэлгүй. Иймээс 880,000,000 төгрөгөөс 370,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашин, зургийн төлбөрт төлсөн 60,000,000 төгрөг, мөнгөөр төлсөн 3,000,000 төгрөг, нийт төлсөн 598,000,000 төгрөгийг хасч тооцвол 282,000,000 төгрөг болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манайх бэлэн мөнгө хонь нийлээд 30,940,200 төгрөгийг нэмж төлсөн тул үлдэгдэл 251,059,800 төгрөг, алданги 59,262,000 төгрөг, нийт 310,321,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 326,659,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 97,987,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,677,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,791,249 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх алдангид 75,600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь мөнгөн дүнгээр төлөхөөр тохиролцсон 405,000,000 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөх 105,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгөөс 63,000,000 төгрөг буюу нийт 168,000,000 төгрөгийг төлсөн. Харин 2024 оны 07 дугаар сарын 30, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлөх 100,000,000 төгрөгийг төлөөгүй.
Тиймээс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгөөс үлдэх 37,000,000 төгрөгт тооцогдох алдангид 12,062,000 төгрөг, мөн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгийн алдангид 26,600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгийн алдангид 20,600,000 төгрөг, нийт 59,262,000 төгрөгийн алданги болсон. Харин анх бартерт авахаар тохирсон 45,000,000 төгрөгийн замын индүүг авахаа больж мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахаар тохирсон ба уг төлбөрт алданги төлөх талаар тохиролцоогүй тул алданги тооцох үндэслэлгүй.
Иймд шүүхээс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн алданги болох 75,600,000 төгрөгийн алдангийг 59,262,000 төгрөг болгон багасгаж, алдангаас 16,338,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийн хэмжээг тооцоолсон үндэслэл ойлгомжгүй гэж тайлбарласан. Гэтэл 2024 оны 05 дугаар сард талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн гэрээний бүрдэл хэсэгт тооцогдох зүйл нь тэмдэглэл байна гэж заасан. Нэхэмжлэгч 0,3 хувь буюу тэмдэглэлд заасан хэмжээгээр алдангийн хэмжээг тооцоолсон, хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэлийг үндэслэж 0,2 хувиар алдангийн хэмжээг тооцоолсон учраас зөрүү үүссэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 315,000,000 төгрөг, алданги 189,000,000 төгрөг, нийт 504,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөр 257,000,000 төгрөг, алданги 167,647,500 төгрөг, нийт 424,647,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, харин алдангийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
4. ******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн Т*******ын 1 дүгээр баг, Зүрхэвчтэй тосгонд байрлах, 47*18 хэмжээтэй, суурийн буюу 1 давхар, 2 орц бүхий, 56 айлын орон сууцны зориулалттай барилгыг, дагалдах эд хөрөнгө болох 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тоосго, цементийн хамт 880,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч ******* ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг бэлэн мөнгө, тодорхой хөдлөх эд хөрөнгө оролцуулан төлснөөр барилгыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д Т*******ын 1 дүгээр баг, Зүрхэвчтэй тосгонд байрлах, 47*18 хэмжээтэй, суурийн буюу 1 давхар, 2 орц бүхий, 56 айлын орон сууцны зориулалттай барилгыг, дагалдах эд хөрөнгө болох 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тоосго, цементийн хамт хүлээлгэн өгсөн талаар талууд маргахгүй байна.
4.2. Гэрээнд ******* ХХК-аас ******* ХХК-д гэрээний төлбөр 415,000,000 төгрөгт тооцон 6 ширхэг автомашин, техник зэргийг өгөх, мөн үлдэгдэл төлбөр 405,000,000 төгрөгийг ******* ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 105,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон.
4.3. Хариуцагч нь Хятад улсад үйлдвэрлэсэн Джили азкарра /geely azkara/ маркийн 2022 оны суудлын автомашин, Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота клугер /тoyota kluger/ маркийн 2014 оны суудлын автомашин, Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан патрол Y62 /Nissan patrol y62/ маркийн 2016 оны суудлын автомашин, Орос улсад үйлдвэрлэсэн засмал замын индүү автомашин, Хятад улсад үйлдвэрлэсэн Чанган си эс-55 /Changan CS-55/ маркийн 2023 оны суудлын автомашин, Япон улсад үйлдвэрлэсэн Лексус ар экс 450 /Lexus RX-450/ маркийн 2009 оны суудлын автомашин зэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч 45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий засмал замын индүү автомашин нь шаардлага хангаагүй тул буцааж мөнгөн хэлбэрээр төлөхөөр талууд тохирч, мөн тухайн өдөр барилгын зураг төсөл зохиогчийн ажлын зардалд 60,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлснийг нэмээд нийт 430,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
4.4. Мөн хэргийн 17-28, 84-111 тал дахь дансны хуулга, 83, 112 тал дахь талуудын алданги тооцсон болон төлбөр төлсөн тооцооллын баримтаас үзвэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д гэрээний дагуу төлөх 405,000,000 төгрөгөөс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 195,940,200 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 /9 ширхэг хонь/, нийт 198,940,200 төгрөг төлсөн болох нь нотлогдсон байна.
4.5. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч нь 5 ширхэг автомашин болон барилгын зураг төсөл зохиогчийн ажлын зардал зэргийг гэрээний төлбөрөөс 430,000,000 төгрөгт тооцон төлсөн, мөн мөнгөн хэлбэрээр 198,940,200 төгрөгийг төлж, нийт 628,940,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэл болох төлбөрийн үлдэгдэл 251,059,800 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
4.6. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж хариуцагчаас 251,059,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Ингэж шийдвэрлэсэнд талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.
5. Анхан шатны шүүх алдангийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь:
5.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн алдангийг 0.3 хувиар тооцон 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 167,647,500 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг үндэслэн алдангийг 0.2 хувиар тооцон 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 59,262,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж тус тус тайлбарласан.
5.2. Талууд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1-д заасныг үндэслэн ...худалдан авагч тал төлбөр төлөх үүргийг гэрээгээр тохирсон хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй төлбөр, түүний нийт үнийн дүнгийн 0.2 хувиар тооцон алданги төлөх үүргийг хүлээх бөгөөд алдангийг хугацаа хожимдуулсан нийт хугацаагаар тооцохоор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. /хх-ийн 12/
5.3. Дээрх гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзыг бичгээр хийх шаардлагыг хангасан, 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцохдоо хуульд заасан хэмжээнээ доогуур тогтоосон нь алдангийн тодорхойлолтод нийцсэн байна.
5.4. Харин хэрэгт авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...нэхэмжлэгч талаас 09 дүгээр сарын 27-ны өдөр энэ уулзалтаар тохирсон төлбөрийн 60-70 сая төгрөг төлөгдөхгүй бол төлөгдөөгүй нийт мөнгөн дүнгээс 0.3 хувийн алданги тооцогдоно. Энэхүү нөхцөлөөр төлбөр төлөгдөөгүй тохиолдолд гэрээний нэмэлт өөрчлөлт хүчинтэй болоод явах буюу алдангийн хоногт тооцох дүн 0.3 хувь бол нэмэгдэх болон засмал замын индүүг мөнгөн хэлбэрээр шилжүүлж тооцохыг зөвшөөрч байна уу гэхэд хариуцагч талаас зөвшөөрч байна. Засмал замын индүүг өөр машинаар солих саналтай байна. Солих машин нь ашиглалтын шаардлага хангахуйц машин байлгана эсвэл мөнгөн дүнгээр 45,000,000 төгрөг өгье гэж тусгажээ. /хх-ийн 13-14/
5.5. Дээрх тэмдэглэлийг үндэслэн алданги гаргуулах үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангаагүй, талуудын уулзалтын тэмдэглэлийг гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй. Иймд энэ тэмдэглэлийг үндэслэн алдангийг 0.3 хувиар тооцох үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, харин алдангийг үүргийн зөрчил үүссэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан 0,2 хувиар тооцон гүйцэтгээгүй үүргийг 360,000,000 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэгчид хариуцагчаас нийт 105 хоногийн алдангид 75,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5.6. Түүнчлэн, хариуцагч үүргийн зөрчил үүссэний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 73,000,000 төгрөг төлснийг алдангаас хасаж тооцох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн үүргийн зөрчил гаргасан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс алданги тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь замын зориулалттай засмал замын индүү автомашиныг 45,000,000 төгрөгийн төлбөрт тооцож авахаас татгалзсан тул хариуцагчийн мөнгөн хэлбэрээр төлөх төлбөрт оруулж уг дүнгээс алданги тооцсон нь буруу биш байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...төлсөн төлбөрөөс алданги тооцсон, мөн гэрээгээр мөнгөн хэлбэрээр төлөх 45,000,000 төгрөгт алданги тооцохоор тохиролцоогүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/02497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оын 05 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 239,640 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ