| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0457/Э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Г.Ганчимэг,
Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Х овогт П-н С-д холбогдох эрүүгийн 1810020280478 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт П-н С,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч П.С нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөшигтийн хөндийд баригдаж байгаа замын бетон шуудууны ажил гүйцэтгэж байхдаа ажлын талбайд хувь иргэнтэй гэрээ байгуулан, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамрагдаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлээр бүрэн хангагдаагүй ажилчдаар ажил үүрэг гүйцэтгүүлж Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.С-н хөлөн дээр төмөр унаж эрүүл мэндэд нь баруун тавхайн эрхий хурууны 1-р хуруу, угийн шивнүүрийн түвшинд бяцарсан, тасарсан ил хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай захирал Ууганбаатар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж байгаа гүүрний ажил руу яв гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж байтал манай бригадын дарга Д өргөгч краны шивлээрийн төмөр холбочих гэж хэлэхээр нь би шивлээрийн төмрийн нэг талын үзүүрт нь краны сумыг нь хийгээд нөгөө талын үзүүрт краны сумыг дөнгөж хийгээд холдох гэж байсан чинь краны жолооч төмрийг нь өргөсөн. Тэгээд миний хөл дээр шивлээрийн төмөр нь баруун хөл дээр унаад миний баруун хөлний эрхий хуруу тасарсан байсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ... Баригадын дарга хийж байсан Монхор гэх хүнтэй уулзаж байсан. Тэр хүний удирдлаган доор ажиллаж байсан юм.... Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, Би хохиролд 1.300.000 төгрөг авсан...” гэжээ /хх-н 20-24-р тал/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... С гэдэг залууг надтай хамтарч ажиллахаар явуулсан байсан. Би кранаас бууж очоод төмөр оосорлох аргыг нт зааж өгөөд хажуу талд байсан троссыг доогуур нь шургуулаад дэгээнд нь өлгөөрэй гэж хэлсэн. Сайн оосорлоорой, дэгээ мултрах аюултай, оосорлоод холдоорой гэж сануулаад краныхаа кабинд ороод суухад салхитай байхаар нь цонхоо хаагаад эргээд хартал С доголчихсон сууж байсан, чи яагаад доголчихвоо гэхэл төмөр унаад хөлөн дээр цохьчихлоо гэж байсан. Тэгээд гэрт нь аваачаад гутлыг нь тайлуулахад баруун хөлийх нь эрхий хурууны яс нь хавчигдсан байдалтай хугараад гараад ирчихсэн байсан...” гэжээ. /хх-н 40-41-р тал/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай зүгээс О.У гэрээ хийхдээ өдөр тутмын гүйцэтгэх ажлын байршил, нэр, тоо, хэмжээ, аюулгүй ажиллагааны зааварчилгааг 100 хувь хариуцахаар гэрээ байгуулсан. Манайг төлөөлж манай компаний үйл ажиллагааг хариуцдаг дэд захирал С гэрээ байгуулсан юм...” гэжээ. /хх-н 44-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн № 10622 тоот дүгнэлтэнд: “... Д.Сын биед баруун тавхайн эрхий хурууны 1-р хуруу, угийн шивнүүрийн түвшинд бяцарсан, тасарсан ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 17.115.3-т зааснаар тогтонги 10% алдагдуулна...” гэжээ /хх-н 47-р тал/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын ахлах байцаагч Ш.Х, улсын байцаагч Г.Б, Л.Э нарын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: “ ... ХХК нь гэрээт ажлын талбайдаа хувь иргэнтэй гэрээ байгуулан аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй ажилчдаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр үнэ телбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, ЗЗБНбД 15-002-2016 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 дэх заалт /ажилтан нэг бүрийг ажил олгогч механик биет, химийн бодис цахилгаан, ус чийг, онцгой нөхцөлд тохиолдож болзошгүй осол, гэмтлээс хөлийг хамгаалах хүний эрүүл мэндэд тохирсон зориулалтын хөл хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй/- г тус тус зөрчсөн байна. ... “ХХК нь иргэн О.У нарын бетон шуудууны ажил гүйцэтгэхээр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ"-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүул ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцана/-ыг тусган оруулаагүй байгаа тул “ ” ХХК нь бетон шуудууны ажил гүйцэтгэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй...” гэжээ. /хх-н 52-55-р тал/
Шинжээч Ш.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.Сын хөлөн дээр төмөр унаж хүндэвтэр хохирол учирсан осол нь үйлдэврлэлийн осол мөн байна. Ажлын хувцас хамгаалах хэрэгсэлээр хангаагүй, сургалтанд хамруулаагүй хүнийг ажилд гаргасан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн байна. ХХК нь иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Автозамын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн тул ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан албан тушаалтны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна...” гэжээ /хх-н 131-р тал/
Шүүгдэгч П.Сийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-110/, ял шалгах хуудас / хх-133/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч П.С нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөшигтийн хөндийд баригдаж байгаа замын бетон шуудууны ажил гүйцэтгэж байхдаа ажлын талбайд хувь иргэнтэй гэрээ байгуулан, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамрагдаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлээр бүрэн хангагдаагүй ажилчдаар ажил үүрэг гүйцэтгүүлж Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчим туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Сын хөлөн дээр төмөр унаж эрүүл мэндэд нь баруун тавхайн эрхий хурууны 1-р хуруу, угийн шивнүүрийн түвшинд бяцарсан, тасарсан ил хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-н 47-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Шүүгдэгч П.Сийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч П.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Сд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Д.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд 1.300.000 төгрөг шүүгдэгч П.С төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт П-н Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П-н Сийг 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Сд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч П.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ