| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 104/2024/00464/И |
| Дугаар | 210/МА2025/00868 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00868
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 193/ШШ2025/00239 дугаар шийдвэртэй,
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 63,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 120 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 328 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь дэлгүүрийн орлогоор 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Голомт банк дахь ХХК-ийн ззэмшлийн ******* тоот дансанд өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх, мөн приус 41 маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай автомашиныг худалдан авагчийн өмчлөлд 20,000,000 төгрөгт тооцож өгөх, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өгсөн 17,000,000 төгрөгийг тус төлбөрт тооцох, мөн худалдан авагчийн өмчлөлийн ,,, орон сууцыг худалдан борлуулж, 100,000,000 төгрөгийг төлбөрт төлөх байдлаар харилцан тохиролцжээ.
1.2. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээний 3.7-д заасны дагуу ХХК-ийн нэр дээрх архи, тамхины зөвшөөрөлтэй дэлгүүрийг худалдаа үйлчилгээний чиглэлээр 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс тусад нь сар бүр төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Түрээсийн гэрээний 3.2 болон 3.2.1-т заасны дагуу 5-10 сар хүртэл 5,000,000 төгрөг, 11-5 сар хүртэл 2,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр тохиролцсон боловч тус дэлгүүр нь гэрээний 3.7-д заасан архины зөвшөөрөлгүй байсан тул анх гэрээ байгуулсан нөхцөл өөрчлөгдсөн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр буюу өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх үүргээ хэрэгжүүлэхдээ дэлгүүрийн ашгаас төлөх тухай ярилцсан. Бид анх энэхүү дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа 8 нэр буюу архины тусгай зөвшөөрөлтэй, мөн бусдын барьцаанд хураагдахгүй гэж бодож байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын сүүлд дэлгүүр нь архины тусгай зөвшөөрөлгүйн улмаас архи зарах боломжгүй болсон.
1.3. ББСБ-аас хүмүүс ирж барьцаанд авсан хөрөнгөө лацдана, хураана гэж сүрдүүлж байсан тул бид 9 сарын сүүлээс төлбөрийг төлөөгүй. Түрээсийн болон зээлээр худалдах худалдан авах гэрээгээр анх тохиролцсон нөхцөл өөрчлөгдсөн тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХХК-аас ...*******г шүүхэд өгч байгаа тул манай зээлийн барьцаанд байгаа наад дэлгүүрийг суллуулах шаардлага гарч болохыг мэдэгдье, манай байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр бусдад барьцааны хөрөнгийг түрээсэлж болохгүйг анхаарна уу... гэсэн цахим захидал ирүүлсэн. Худалдагч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний хугацаа дууссан тул хүлээлгэж өгч, хөрөнгийг буцаан шилжүүлэхийг шаардсан.
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр худалдагч нь худалдан авагчид төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ажлын байр чөлөөлөх гэсэн цахим захидлыг ирүүлсэн. Худалдан авагч нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж байсан тул энэхүү захидлууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсныг нотолно. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хувьд төлбөрийг бүрэн төлөхөөс өмнө худалдан авагчийн эзэмшилд шилжүүлдэг боловч хөрөнгөө буцаан авъя гэсэн агуулга нь энэхүү гэрээний үүргээ буцаах агуулгыг илэрхийлсэн.
Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээс татгалзаж, гэрээний төлбөрт ХХК-д төлсөн 38,000,000 төгрөг, худалдагч *******д шилжүүлсэн 5,800,000 төгрөг, төлбөрт тооцон шилжүүлсэн автомашины үнэ 20,000,000 төгрөг, нийт 63,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нар худалдах, худалдан авах гэрээний дагуу 63,800,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нар тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.6-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний хавсралтанд зааснаар 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс ХХК-д өдөр бүр 1,000,000 төгрөг төлөөгүй. Гэрээнд нэхэмжлэгч нар үүргээ биелүүлэхгүй тохиолдолд ББСБ-д төлсөн төлбөр, бусад төлбөрөө буцаан шаардахгүй гэж тохирсон.
Мөн нэхэмжлэгч нар ХХК-ийн дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй бөгөөд тус байгууллагаас тодруулах шаардлагатай. Миний хувьцаа эзэмшдэг ХХК-ийн кассын машиныг ашиглаж хүнсний дэлгүүрийн бараа зарсан би татварын албанд өртэй болсон тул нэхэмжлэгч талаас гаргуулна гэжээ.
3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
*******, ******* нараас гаргасан гэрээний төлбөрт өгсөн 63,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
4. Хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч нар ХХК-д өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 199 хоногийн төлбөр төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээний 4.6-д энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй, гэрээний 5.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагчид учирсан хохирол, зардлыг худалдан авагч хариуцна гэж тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан шаардах тухай албан мэдэгдлийг ирүүлснийг шуудангаар хүлээн авснаар гэрээний үүрэг зөрчигдсөн болохыг мэдсэн.
Иймд нэхэмжлэгч нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаагүй болно.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, нараас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0955 дугаартай гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт 63,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч *******гийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0955 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,950 төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,152,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 476,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой байсан тул нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрхтэй, гэрээнээс татгалзсан тул өгсөн авсан зүйлсээ харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь анхнаасаа худалдан авч байгаа зүйл ББСБ-ын зээлийн барьцаанд байсан болохыг худалдан авагч тал мэдэж байсан ба зээл төлөлтийг худалдан авагч тал төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх талаар маргаагүй. Мөн гэрээгээрээ худалдагч тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар нарийвчлан тусгасан, харин эсрэгээр худалдан авагч тал гэрээнээс татгалзах эрхгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
7.2.Нэхэмжлэгч нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийг хэрхэн, ямар хуулийн үндэслэлээр хангаагүй талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхаас гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 119,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо 80,000,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
7.3.Нэхэмжлэгч нараас хариуцагч *******ын данс руу 5,800,000 төгрөгийг шилжүүлэн тухайн төлбөрийг *******д өгсөн бөгөөд гэрээний хариулцаанд оролцоогүй байтал төлбөрийг тус бүрээс хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
8.1. Хариуцагч нарын гомдолд эд хөрөнгө бусдын барьцаанд байсныг мэдэж байсан атал шүүх буруу дүгнэсэн гэжээ. Нэхэмжлэгч нар зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа газар болон үл хөдлөх хөрөнгө буюу дэлгүүр гэсэн 2 хэсгийг худалдан авахаар тохиролцсон. Анх хэлцэл хийх үед дэлгүүр нь үл хөдлөх хөрөнгийн барьцаанд байгаа талаар мэдэгдээгүй, энэ талаар хэлээгүй. Харин *******гийн нэр дээрх ББСБ-ын зээлд хоног бүр 1,000,000 төгрөг зээлж байхаар тохиролцсон. Энэ үйл баримт нь тус зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө байгаа гэдгийг мэдсэн гэсэн үг биш тул шийдвэр үндэслэлтэй гарсан. Мөн гэрээнд тусгагдсан газар нь Төрийн банк ХК-ийн зээлийн барьцаанд байгаа талаар мэдээгүй, хоёр хөрөнгө нь хоёулаа зээлийн барьцаанд байсан. Гуравдагч этгээд шаардлага гаргах эрхтэй байх тул үүнийг эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ гэж зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэх явцад ХХК нь барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөөр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх эцэслэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан хөрөнгө нь бусдын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгө болсон тул энэ гэрээг буцаах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар гэрээнээс шалтгаангүйгээр татгалзаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгө буюу дэлгүүр нь архины тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгон худалдан авсан. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг 9 сарын сүүлд мэдсэн. Энэ талаар хариуцагч нарт мэдэгдэхэд өөрсдөө тусгай зөвшөөрлөө ав гэсэн учир ойлгомжгүй хариу өгсөн. Үүнтэй давхцаж ХХК-аас авлагын ажилтнууд ирээд удахгүй шүүхэд хандаж, барьцаа хөрөнгийг авах тухай мэдэгдэж хэлсэн тул гэрээнээс татгалзах шалтгаан нөхцөл бүрдсэн. Архи, согтууруулах ундаа худалдах эрхгүй гэдгийг мэдсэнээс хойш хэд хэдэн удаа худалдаа хийсэн тул хариуцагч нар цагдаад хандаж нэхэмжпэгч нарыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 500,000 төгрөгөөр торгосон. Үүний дараа орлого бүрдээгүй, дахин өдөр бүр 1,000,000 төгрөгийг өгөх боломжгүй болсон.
8.2. Хариуцагч тал *******ыг жинхэнэ хариуцагч биш гэх гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралд энэ талаар тайлбар гаргаж байгаагүй. Хариуцагч ******* руу 5,800,000 төгрөгийг хийсэн, мөн үүнийг няцаасан баримт өгөөгүй, гэрээ байгуулахад хариуцагч тал болох *******тай хамт ирж гэрээ хийсэн тул хамтран хариуцах этгээд гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нар хариуцагчийн зээлийн үүргийг шилжүүлж аваагүй, гагцхүү сар бүр 1,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нараас үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн. Мөн хариуцагч нар нь чанаргүй зээлдэгч болоход нэхэмжлэгч нарын үүрэг хамааралгүй. Учир нь шүүх хуралдаанд ХХК-ийн гүйцэтгэх захирлаас хэзээ чанаргүй зээлдэгч болсон талаар асуухад 2020 оны ковид-19 цар тахлын үед зээлээ зохих ёсоор төлөөгүйтэй холбоотой гэж хариулсан. Нэхэмжлэгч нар үүргээ гүйцэтгээгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт унаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсан үйл баримт байхгүй.
Хариуцагч ******* нь ХХК-д сар бүр 4,000,000 төгрөг зээлд төлөхөөр тохиролцсон болох нь гэрээнд тусгагдсан. Нэхэмжлэгч нар төлбөрөөс гадна сар бүр түрээсийн төлбөрийг тусдаа төлдөг байсан. Иймд түрээсийн гэрээний төлбөрөөр зээлийн төлбөрийг төлж байх боломжтой байсан тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар түрээсийн гэрээний төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэн 2024 оны 05 сарын 01-ний өдрөөр түрээсийн гэрээ нь дуусгавар болсон. Хариуцагч нар гэрээний зүйл болох 2 үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нар авч гэрээний үүргээ үргэлжлүүлнэ гэж тайлбарласан боловч бодит байдал дээр боломжгүй болсон. Учир нь тус хөрөнгүүд ББСБ болон банкны барьцаанд байгаагаас гадна газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн.
8.3. Шүүхийн шийдвэрт тооны алдаа буюу механик алдаа гарч 119,000,000 төгрөг гэж бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Сөрөг нэхэмжлэлд буй үндэслэл, шаардлагаа хариуцагч нар нотлоогүй, 199,000,000 төгрөг нь ямар үндэслэл, тооцооллын хүрээнд гарсан нь тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон.
Иймд хөрөнгүүдийг худалдан авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 63,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Анх хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нартай 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь ,,, хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 нэг жилийн хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч нь сарын 2,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /1-р хх-ийн 9-14/
3.2. Үүний дараа хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******, ******* нартай 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр *******, ******* нар *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, ,,, 1а тоот хаягт байршилтай, 328 м.кв талбайтай газар болон мөн хаягт байрлалтай, 120 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, *******, ******* нар газар, хувийн сууцны үнэд 500,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 5-6/
3.3. Дээрх худалдах, худалдан авах гэрээний хавсралтад талууд дараах байдлаар тохиролцсон байна. Үүнд:
а/ Нэхэмжлэгч нар 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс ХХК-ийн Голомт банкны ******* тоот дансанд өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх,
б/ 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн улсын дугаартай, тоёота приус 41 маркийн автомашиныг 20,000,000 төгрөг тооцох,
в/ Баянзүрх дүүргийн,,, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж 100,000,000 төгрөгөөс доошгүй үнээр тооцох,
г/ 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 17,000,000 төгрөгийг тооцож төлбөрөөс хасах,
д/ Түрээсийн гэрээний хугацаанд хамааралтай төлбөрийн зөрүү тооцоо дууссан тохиолдолд тухайн үед шийдэх,
е/ ББСБ-ын төлбөрийг дууссан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч барагдуулах бөгөөд хувийн сууц, газрын гэрчилгээг талуудын зөвшилцлөөр тухайн үед шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх,
ё/ Үлдэгдэл мөнгөө гаргаж орон сууцаа зарсан тохиолдолд бэлэн мөнгөөр авахаар тохиролцож, эцсийн тооцоог 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгавар болгох,
ж/ Орон сууцаа зарагдах хүртэлх хугацаанд байраа суллан өгч байранд суух хугацаанд урсгал зардлаа төлж сууна гэжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
3.4. Хэргийн 23-151 тал дахь дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч *******, ******* нараас ХХК-д 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 38,000,000 төгрөгийг, хариуцагч *******д 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5,800,000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Мөн улсын дугаартай, 2011 онд Япон улсад үйлдвэрлэсэн тоёота приус 41 альфа /Toyota prius Alpha/ маркийн автомашиныг 20,000,000 төгрөгт тооцон 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч *******гийн нэр дээр шилжүүлсэн энэ талаар хариуцагч нар маргахгүй байна. /2-р хх82-88/
4. Нэхэмжлэгч нар худалдах, худалдан авах гэрээний төлбөрт өдөр бүр 1,000,000 төгрөгийг ХХК-д төлөх үүргийг хүлээхдээ дэлгүүрийн ашгаас төлөхөөр тохиролцсон боловч дэлгүүр нь архи зарах тусгай зөвшөөрөлгүйн улмаас борлуулалт буурч төлбөр төлөх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, харин хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдах гэрээний үүргээ зөрчсөн буруутай тул нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэснийг дараах байдлаар залруулан дүгнэнэ.
4.2. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч ******* нь ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 100,000,000 төгрөгийн зээл авч, мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ,,, хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч нар нь худалдан авсан амины орон сууц, газар нь ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа хариуцагчийн сар бүр төлөх зээлийг тус банк бус санхүүгийн байгууллагад төлөхөөр талууд худалдан авах гэрээний хавсралтад тохирсон байх тул нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулсан талаар мэдээгүй гэх татгалзал үндэслэлгүй. /2-р хх61-67/
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нар 8 нэрийн зориулалтаар дэлгүүр ажиллуулж байсан үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаас өмнө хариуцагч *******гийн нэр дээр байх ХХК-ийн Рэдс фамили март дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад худалдан авсан байх тул нэхэмжлэгч нарыг хариуцагчаас спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг дууссан дэлгүүр худалдан авахдаа мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин нэхэмжлэгч нар нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан дэлгүүр худалдан авснаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсноор гэрээний төлбөрийг төлөхийг зогсоосон байна.
4.4. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан нь гэрээнээс татгалзаж эсхүл цуцалж байгааг зохицуулсан бус нэхэмжлэгчийн /худалдан авагчийн/ худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг сар тутамд хугацаанд нь төлөх үүргээ биелүүлж чадахгүй бодит байдал бий болсон шалтгаанаар үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа хүсэл зориг юм. Иймд нэхэмжлэгч нар гэрээ хэрэгжих явцад гэрээний үүргийн гүйцэтгэлийн дийлэнх хэсгийг биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн учраас гэрээнээс татгалзах эрхтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нар дэлгүүрийн орлогоос өдөр түр 1,000,000 төгрөгийг ХХК-д төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч нарын ...худалдан авагч тал гэрээнээс татгалзах эрхгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг. Иймээс нэхэмжлэгч нар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 63,800,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
4.6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Учир нь хариуцагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд худалдагч талыг төлөөлж гарын үсэг зурсан, мөн түүний данс руу 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдыг хангахүй.
4.7. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталсан нь оновчгүй байгааг хасч, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
5.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...нэхэмжлэгч нар ХХК-д өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 199 хоногийн төлбөрт 199,000,000 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлжээ.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон тул хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нараас шаардах эрхгүй.
5.3. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг 119,000,000 төгрөг гэж буруу бичигдэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн, найруулгын өөрчлөлт оруулна. Иймд хариуцагч нарын ...шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрхэн, ямар хуулийн үндэслэлээр хангаагүй талаар дүгнэлт хийгээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 193/ШШ2025/00239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, нараас 63,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, хариуцагч *******гийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 1,152,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ