Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00878

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01796 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 341,243,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, *******, хариуцагчийн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулж, гэрээгээр Хүннү-2222 орон сууцны барилгын *******, 117.67 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалсан. Гэтэл ******* ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ******* ХХК-аас төлбөр тооцоог бидэнтэй тохирч төлбөл байрны гэрчилгээг гаргаж өгнө гэх тайлбарт итгэж тус компанид хэлэлцэн тохиролцсон төлбөрийг бүрэн төлсөн. Улмаар ******* ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, хэлцлээр тохиролцсон орон сууцны үнэ нийт 341,243,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хэлэлцэн тохиролцсон орон сууцыг нэхэмжлэгчид зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй.

1.2. Би ******* ХХК, ******* ХХК, Хурд протертийз ХХК-иудад холбогдуулан орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад ******* ХХК нь нэхэмжлэгч *******г удаа дараа хуурсан, орон сууц шилжүүлэхээр ******* ХХК-д албан тоот явуулж байгаагүй, ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, орон сууцыг ******* ХХК нь арилжааны гэрээгээр авах эрх үүсээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/00685 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ингэхдээ нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүргийн дагуу аливаа шаардлага гаргах эрхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдаж шийдвэрлэсэн. Нэгэнт дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул орон сууцны төлбөр барагдуулах хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн ******* ХХК-аас хэлцлээр тохиролцсон орон сууцны үнэд төлсөн 341,243,000 төгрөгийг буцаан шаардаж байна.

Иймд орон сууцны төлбөр барагдуулах хэлцлийн үүрэг хэрэгжих боломжгүй болсон тул гэрээний төлбөрт төлсөн 341,243,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Намайг гадаадад ажилтай явж байхад компанийн менежер 2017 онд компанийн мөнгийг шамшигдуулж бусдад өөрийн өрийг дарсан асуудал гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед ******* ХХК-ийн захирал нь байрны гэрээ хийлгэх эрхийн бичиг авчраад *******г уулзуулаарай байрны асуудлыг шийдчихье гэж хэлсэн учраас компанийн өмч шамшигдуулсныг *******гийн өмчөөр төлүүлсэн.

*******гийн зүгээс 276,000,000 төгрөгийг манай дансанд төлсөн талаар маргахгүй, үлдэгдэл 70,000,000 төгрөгийн зөрүү нь *******гийн найз төрийн банкны залуу болон ******* нар үлдэгдлийг авсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс 1 жилийн хугацаа өгч эвлэрсэн тохиолдолд 70,000,000 төгрөг авсан хүмүүсээс мөнгийн олоод өгөх боломжтой. Намайг нарны хорооллын 115 дугаар байрны 105.21 м.кв талбайтай, 4 өрөө байрыг авах үндэслэлтэй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Одоо тухайн байранд амьдарч байгаа хүнд би 191,000,000 төгрөгийг төлчихвөл уг байрыг аваад нэхэмжлэгчид өгч болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийт 341,243,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,864,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,864,165 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн зүгээс нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс 276,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 70,000,000 төгрөгийг аваагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэтэл шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэлт хийхгүйгээр өмнө тогтоосон үйл баримт гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан шийдвэр болсон. Учир нь шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримт байгаа гэж дүгнэсэн боловч уг үйл баримтыг буруу тогтоосон байж болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугаагүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Талуудын хооронд 2017 онд төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээгээр ******* орон сууцны хөлсийг хэлэлцэн тохиролцсон хугацаанд төлсөн. Тодруулбал, банкны гүйлгээний тайлбарт тодорхой хэсгийг бэлнээр, үлдэх хэсгийг өөрийн гэр бүлийн хүн буюу эхнэрийнхээ дансаар авах талаар тохиролцсон. Бэлнээр зарлагадсан банкны гүйлгээний ард хүлээн авлаа ******* гэх байдлаар гарын үсэг зурсан. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 685 дугаар шийдвэрээр орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хуралд ******* ХХК-д өөрсдийн өмчлөлд байгаа орон сууцыг ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өгөхгүй гэх байдлаар маргалдсаны дагуу орон сууцны өмчлөх эрхийг хэрэгсэхгүй болгоход *******ийн зүгээс би тухайн орон сууцны бүх мөнгийг авсан, орон сууцыг өгөх байдлаар нэхэмжлэлийг хэрэгсхэгүй болгож өгнө үү гэж тайлбарлсан. Энэ тайлбар нь шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дурдагдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай хэргийн зохигчид маргадаггүй зарчимтай боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэхийн тулд энэ хэргээс нотлох баримтын шаардлага хангуулах байдлаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ, төлбөрт төлсөн баримт, хүлээн авсан гарын үсэг зэргийг гаргаж өгсөн.

5.2. Анхан шатны шүүх багагүй хугацаанд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд хариуцагчаас ямар нэгэн байдлаар нотлох баримт гаргах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж байгаагүй. Мөн гэрч асуулгах тухай хүсэлтийг талуудын хэн аль нь гаргаагүй, ******* гэх хүнийг гэрчээр оролцуулъя гэж буй нь ойлгомжгүй хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад буюу асуулт хариултын дараа хариуцагч талаас гаргасан. Шүүх хүсэлт гаргах шат биш болохыг сануулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй асуудал байхгүй. Талууд нэгэнт өгсөн, авсан эсэхэд маргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй тул гэрээнээс татгалзсантай холбоотой талуудын хооронд өгч, авалцсан зүйл байгаа тохиолдолд тухайн эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгье гэх байдлаар шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 341,243,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь өөрийн нийлүүлэх фасадны материалын төлбөрт ******* ХХК-аас бартераар олгох Хүннү хотхоны хаягт байрлах, 117.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 1 м.кв 2,900,000 төгрөгөөр тооцон 341,243,000 төгрөгөөр худалдах, ******* нь гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 87/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдааг залруулна. Учир нь ******* ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнийг төлөх үүргийг тус тус хүлээснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчид 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 180,000,000 төгрөгийг бэлнээр, 148,000,000 төгрөгийг дансаар, мөн 2017 оны 08 сарын 17-ны өдөр 13,243,000 төгрөгийг дансаар, нийт 341,243,000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн болох нь хэргийн 88-89 тал дахь мөнгөн шилжүүлэг болон зарлагын мэдүүлэг, мөнгө хүлээн авсан баримт, дансны хуулга зэрэг баримтаар нотлогдсон.

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/00685 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, , 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/00962 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 67-80/

 

4.2. Шүүхийн шийдвэр, магадлалд ...******* ХХК-аас гэрээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий фанел хавтанг ******* ХХК-д нийлүүлснээр ******* ХХК нь 400,078,000 төгрөгт тооцон Хүннү орон сууцны барилгын хаягт байрлах, 117.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлэх, харин ******* ХХК нь *******гаас орон сууцны үнийг 341,243,000 төгрөгөөр тооцож авахаар тус тус тохирсон. Гэрээний дагуу ******* нь 2017 оны 08 дугаар сарын 10-17-ны өдрийн хооронд бэлнээр 180,000,000 төгрөг, дансаар 148,000,000 төгрөг, 13,243,000 төгрөг, нийт 341,243,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн. Гэвч ******* ХХК нь ******* ХХК-д 400,078,000 төгрөгийн үнийн дүнд фанел хавтан нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, үүнээс шалтгаалан тэрээр *******д орон сууц шилжүүлэх хүсэлтийг ******* ХХК-д өгөөгүй болох нь тогтоогдож байна. Харин ******* ХХК-аас маргаан бүхий орон сууцын захиалгын гэрээг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан, ******* ХХК болон ******* ХХК-ийн хоорондын бараа материал нийлүүлэх тооцоонд уг орон сууц багтсан болох нь тэдгээрийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн акт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, холбогдох гэрээ баримтуудаар тогтоогдсон байна. Иймээс ******* ХХК нь ******* ХХК-д 400,078,000 төгрөгийн үнийн дүнд фанел хавтан нийлүүлэх үүргээ биелүүлээгүй нь *******г гэрээнд заасан орон сууцны үнэ 400,078,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болно гэж дүгнэжээ.

 

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул хариуцагч нь , 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

4.4. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууцны үнэд 270,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар, татгалзлаа нотолгооны үүргийн хуваарлалтын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгээгүй.

 

4.5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээх ба гэрээний үүрэг нэгэнт биелэгдэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 341,243,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн ...шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

5. Хариуцагчийн төлөөлөгч нь ...бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй, мөн шүүхээс гэрч асуугаагүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

5.1. Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/06366 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч энэ хугацааанд шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцоогүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх гэрчийн мэдүүлэг ба шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн төлөөлөгч нь гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд гаргаагүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01796 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243 дугаар зүйлийн 243.1 гэснийг нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,864,165 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ