| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 301/2025/00052/и |
| Дугаар | 211/МА2025/00011 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 211/МА2025/00011
0000
Сны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2025/00093 дугаартай шийдвэртэй
У хот, Ч дүүрэг 0 дүгээр хороо, С, Сны төв байран байх С ХХК /РД0000000000/-ийн нэхэмжлэлтэй
А аймгийн Х сум, 0 дүгээр баг, И 0-0 тоотод оршин суух, Б овогт Цийн Бид холбогдох
13,219,698.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Б эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн өмгөөлөгч С.П
Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч С ХХК анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С нь Ц овогтой Бтой 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0000 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны дууссан боловч Ц.Б нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Иймд Ц.Боос 0000 тоот гэрээний үүрэгт 13,219,698.51 төгрөгийг гаргуулж Санд олгуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ц.Бид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан. Үүнээс хойш биш 2021 оны 11 дүгээр сард дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Буцаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нь тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдож байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болсон захирамж гарсан. Манайх Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 6 дугаар хэлтсээс Б нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршин суудаг болох нь тогтоогдсон гэсэн албан бичиг явуулсан. Тэгээд би Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа бид дахин 6 дугаар сарын 06-ны өдөр эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Ингээд Чингэлтэй дүүргийн шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлах захирамж гарсан....С нь Ц овогтой Бтой 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0000 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны дууссан боловч Ц.Б нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкыг хохироосоор байна. Иймд Ц.Боос 0000 тоот гэрээний үүрэгт 13,219,698.51 төгрөгийг гаргуулж Санд олгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэжээ.
2.1 Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц овогтой Б миний бие анх Снаас 3,000,000 төгрөгийн карт авсан. Төлж явах явцад корона гарч үйл ажиллагаа зогссон. Үүний дараа миний бие муудаж элэгний хатуурал гэж оношлогдож эмнэлгээр явж байна. Одоо группэд байдаг. Байнгын эмчилгээтэй байдаг тул үндсэн 3,000,000 төгрөгийг төлж барагдуулмаар байна. 10,219,698 төгрөгийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний биеийн байдлын нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү... гэжээ.
2.2 Хариуцагч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ковид-19 өвчин гараад 3 жил үйл ажиллагаа явуулж чадаагүй. Түүний дараа бие өвдөөд хувь хүмүүсээр эмчилгээ хийгээд эмчлүүлж байгаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтанд орсон. Элэгний хатуурал В вирустэй гэж оношлогдсон. Үндсэн төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй байна. 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Цаашид төлөх чадваргүй байгаад байна...” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2025/00093 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 -т заасныг баримтлан хариуцагч Ц.Боос үндсэн зээлийн үлдэгдэл 2,999,462.91 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,389,014.83 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,114,120.16 төгрөг, шимтгэл 200 төгрөг, нийт 13,219,698.51 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамж 224,049 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Б шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Ц.Б би Снаас 2017.12.26-ны өдөр карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу 3.0 сая төгрөг зээлж авсан ба корона вирус халдварт өвчин гарсантай холбоотойгоор гэрээний үүрэг биелэгдээгүй. Шүүх шийдвэр гаргахдаа нийтэд илэрхий энэ байдлыг харгалзан үзсэнгүй. Мөн хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсэн хүү гэж 2 төрлийн хүү бодож гаргасныг үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Миний тухайд 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай өөрийгөө ойлгуулах болон бусдын үг яриаг ойлгох чадвар муу, иймд надад өмгөөлөгчийн туслалцаа зайлшгүй хэрэг болох байсан байна. Энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй учраас шүүхээс шалгаж шийднэ гэсэн ойлголтоор тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхойлсон нотолгоо баримт шүүхэд гаргаж өгөх эрхээ алдсан байна. Энэ талаар анхан шатанд хэрэг байх цаг хугацаанд ойлгож мэдээгүй ээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа миний гэрийн хаяг өөрчлөгдөж, багийн Засаг даргын тодорхойлолтод заасан хаягт очсон ба үүнээс шалтгаалаад шуудангаар ирсэн шийдвэрийг 2025.04.18-ны өдөр Хотонт сумын Хотонт багийн Засаг даргаас гардан авсан. Иймд анхан шатны шүүхийн 2025.02.20-ны өдрийн 129/ШШ2025/00093 дугаартай шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч С.Пг сонгон авч байгаа тул хэргийн материал танилцуулж, шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэрийг харахаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжсэнээр тухайн гэрээ байгуулагдсанаар тооцно гэсэн асуудлыг шүүх үндэслэж үзсэн юм билээ. Банкны зээл тусгай зохицуулалттай Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлүүдээр нарийвчилж зохицуулж явах ёстой. Энийг яагаад хүү нэмэгдүүлсэн хүүг сүүлд нь нэмж орж ирээд байгааг бүхэлд нь шийдвэрийг хангаад шийдсэнийг хууль бус гэж харж байгаа. Тухайн мөнгө авснаар гэрээ байгуулсанд тооцож болно. Гэхдээ мөнгө авснаар гэрээ байгуулсанд тооцож байгаа бол банк бичгийн гэрээгээ сунгаагүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдаж байна гэж харж байна. Тийм болохоор шийдвэрийг өөрчилж, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “С” ХК, хариуцагч Ц.Боос 0000 тоот гэрээний үүрэгт 13,219,698.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 10.219.698 төгрөгийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т зааснаар “С” ХК хариуцагч Ц.Боос үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч Ц.Б өвчний улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг татгалзсан нь түүнийг зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, “...Корона вирус халдварт өвчин гарсантай холбоотойгоор гэрээний үүрэг биелэгдээгүй. Шүүх шийдвэр гаргахдаа нийтэд илэрхий энэ байдлыг харгалзан үзсэнгүй. Мөн хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсэн хүү гэж 2 төрлийн хүү бодож гаргасныг үндэслэлгүй болсон...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч “С” ХК, хариуцагч Ц.Б нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай, 3.000.000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй, кредит карт эзэмших гэрээ байгуулагджээ. /хх-ийн 6-8/
Талуудын байгуулсан гэрээний 3 дахь заалтын 3.2-т “Бэлэн мөнгө авсаны хүү нь гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн эргэн төлбөр төлөх өдөр хүртэлх хугацаанд тооцогдоно” гэж, 3.5-д “Зээлийн эрхийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувиар тооцно” гэж, 3.6-д “Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцогдоно” гэж, 3.7-д “Зээлийн эрхийн зарцуулалт болон хүүний төлөлт дараах дарааллын дагуу төлөгдөнө. 1.Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2.Эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3.Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 4.Зээлийн үндсэн төлбөр” гэж, 5.2.1-т “Карт эзэмшигч үүссэн өр төлбөр, картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй” гэж, 5.2.2-т “Карт эзэмшигч утасны дугаар, имэйл хаяг өөрчлөгдөх, өөр ажилд шилжих тухай бүр энэ талаар банкинд мэдээлэх үүрэгтэй” гэж, 5.2.8-д “Карт эзэмшигч нь картын хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө банкинд мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хариуцагч Ц.Б кредит карт эзэмших хугацаанд зээлийн эрх 3.000.000 төгрөгийн хэмжээг хэтрүүлж гүйлгээ хийсэн, кредит карт эзэмших гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 26-нд дууссан, картын хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч “С” ХК нэхэмжлэл гаргахын тулд хариуцагч Ц.Бийн оршин суух хаягийг тогтоолгохоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан үйл баримтууд хэрэгт авагдсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ /хх-ийн 6/, кредит картын тооцооллын хүснэгт /хх-ийн 7-8/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/00356 дугаар шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 146/Ш32022/00448 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/02089 дугаар шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 146/Ш32022/00552 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02640 дугаар шийдвэрийн хуулбар, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 129/ШЗ2024/02235 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 182/ШШ2025/00034 дугаар шийдвэрийн хуулбар, зохигчдын гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэрээний 5.2.3-т карт эзэмшигч гэрээний 5.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй үед ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд банк хариуцахгүй гэж заасан, карт эзэмшигч Ц.Бийн оршин суух газар тодорхойгүйгээс банк шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч, хугацаа алдаж, хүүгийн төлбөр нэмэгдсэн нь карт эзэмшигчийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой тул нэхэмжлэгч “С” ХК кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу хариуцагч Ц.Боос үндсэн төлбөр 2.999.462.91 төгрөг, хүү 4.716.900.61 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 4.389.014.83 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1.114.120.16 төгрөг, нийт 13.219.698.51 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.
Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхэд “...зээлийг төлж явах явцад корона гарч үйл ажиллагаа зогссон, үүний дараа миний бие муудаж элэгний хатуурал гэж оношлогдож, байнгын эмчилгээтэй байдаг тул үндсэн 3.000.000 төгрөгийг төлж, 10.219.698 төгрөгийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргасан байдаг.
Мөн давж заалдах гомдолд “...корона вирус халдварт өвчин гарсантай холбоотойгоор гэрээний үүрэг биелэгдээгүй, шүүх шийдвэр гаргахдаа нийтэд илэрхий энэ байдлыг харгалзан үзсэнгүй, хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсэн хүү гэж 2 төрлийн хүү бодож гаргасан нь үндэслэлгүй...” гэжээ.
Хариуцагч Ц.Бийн “С” ХК-ны кредит карт эзэмшиж байсан 2017 оны 12 сарын 26-наас 2019 оны 12 сарын 26-н хүртэл хугацаанд Монгол улсад корона өвчин гараагүй нь нийтэд илэрхий бөгөөд тэрээр биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, түүний биеийн эрүүл мэндийн байдал нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлжих эрхийг 3.000.000 төгрөгөөр тогтоосон атал карт эзэмшигч Ц.Б 3.000.000 төгрөгөөс хэтрүүлж, гүйлгээ хийсэн, гэрээний хугацаа дуусахад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хуульд заасан эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбарыг зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 224.048 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2025/00093 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Ц.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224048 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөчин найман/ төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ