| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0462/Э |
| Дугаар | 475 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
Улсын яллагч Т.Мижиддорж,
Хохирогч Ж.Д,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ц овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн 1910013340493 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт Б-н Б
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Хан-Уул дуүргийн 1 дүгээр хороо, “Петровис ШТС”-ийн баруун талын уулзвар орчим улсын дугаартай, цагаан өнгийн “Тоуоtа Аlpard” загварын авто машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хохирогч Ж.Дтэй маргалдаж, түүний эзэмшлийн улсын дугаартай “Тоуоtа Аuris” загварын авто машины зүүн талын толь, зүүн урд талын хаалгыг өшиглөн гэмтээж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хохирол төлбөр төлсөн тул өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Хохирогчид хандаж хэлэхэд ийм асуудал зөндөө гардаг. Хэрэг гарах үед би эхнэр болон нялх хүүхэдтэйгээ хамт явж байсан. Гэтэл хохирогч нулимсан, тухайн үед би уураа барьж чадалгүйгээр машинд нь гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд машиныг нь засуулах гэсэн боловч хохирогч өөрөө утсаар яриад байсан. Харин манай 2 охин уйлж байсан. Хохирогч миний машины зургийг дарж авсан. Би хэргийн газраас зугтаагүй. Миний машины урд талд миний утасны дугаар байсан тул хохирогчийг над руу залгах байх гэж бодсон боловч над руу залгаагүй. Гэтэл над руу цагдаагийн байгууллагаас залгасан. Би гэм буруугаа хүлээж байгаа...” гэв.
Хохирогч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн эзэмшлийн 06-82 УНД улсын дугаартай “Тоуоtа Аuris” загварын машинтайгаа замын хөдөлгөөнд 2 дугаар эгнээнд оролцож байх үед 1 дүгээр эгнээнд явж байсан УБЯ улсын дугаартай цагаан өнгийн “Тоуоtа Аlpard” загварын машин огцом зүүн тийш дарсан. Тухайн үед дуут дохио өгөөд зүүн тийш дарж эсрэг урсгалд орж зогссон юм. Нөгөө машин мөн адил зогссон. Тэгэхээр нь би цонхоороо “яаж яваад байгаа юм бэ? гээд ширүүхэн хэлсэн чинь Аlpard-ын жолооч эрэгтэй өөдөөс уурлаад “чи өөрөө яаж яваад байгаа юм, юун сүртэй юм бэ? тэнэг хүүхэн бэ? гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ууж байсан усаа машин руу нь цацсан юм. Тэгээд би машинтайгаа хөдлөөд хажуугаар нь явсан чинь нөгөө Аlpard намайг гүйцэж ирээд миний өмнө огцом тоормос гишгэсэн.... Нөгөө ах зай барьж яваагүй чиний буруу, “хохь чинь” гэдэг юм гэж хэлсэн. Би машинтайгаа хөдлөөд машиных нь хажууд зэрэгцэж очоод “та чинь түрүүнээс хойш яаж яваад байгаа юм бэ? гэсэн чинь бууж ирээд миний машины зүүн талын толийг гараараа 6-7 удаа цохисон. Дараа нь миний машины зүүн талын урд хаалгыг хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Тухайн хүн машинаараа намайг 3 удаа урагшилж түлхээд дараа нь машинаас буугаад “ чам шиг гичийг зөндөө мэднэ, чи ингэж мөнгө олоод сурчихсан гар байна, чи сэгээ унаад дагаж яваад янзлуулвал янзлуул” гэсэн. Тэгээд машинааас бууж ирээд машинаа урдаас намайг түлхээд гар мушгиж холдуулсан...” гэв.
Хас Үнэлгээ ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 672 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18-р тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-72-73/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-74-75/, ял шалгах хуудас /хх-37/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-80-83/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Хан-Уул дуүргийн 1 дүгээр хороо, “Петровис ШТС”-ийн баруун талын уулзвар орчим УБЯ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоуоtа Аlpard” загварын авто машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хохирогч Ж.Дтэй маргалдаж, түүний эзэмшлийн УНД улсын дугаартай “Тоуоtа Аuris” загварын авто машины зүүн талын толь, зүүн урд талын хаалгыг өшиглөн гэмтээж 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Хас Үнэлгээ ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Ж.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц овогт Б-н Б-г бусдын эд хөрөнгийг гэмээтсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Б-г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ