| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0461/Э |
| Дугаар | 476 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Г.Ганчимэг,
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ө овогт С-н Ц-д холбогдох эрүүгийн 1910009140420 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 10 сараас 10 насны 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт С-н Ц
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч С.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худгийн хажууд 15 настай, насанд хүрээгүй хохирогч Ц.Ө заамдаж, хүзүүг маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ус авах гээд худаг дээр очсон. Тэгтэл худаг дээр авга ахын эхнэр Цгийн 9 настай хүүхэд Буянхишиг ус аваад зогсож байхаар нь, холдож бай, ах нь усаа аваадхая гэтэл өөдөөс уурлаад, байж бай гэхээр нь би хурдлаа ч ажил их байна гэтэл намайг гөлөг минь гэхээр нь яагаад томроод байна аа гээд хоёр гарнаас нь бариад автал Ц эгч ирээд, яагаад хүүхэд зодох гээд байгаа юм гээд байгаа юм гээд миний хоолойг багалзуурдаад над руу дайраад худгийн хананд дагзаар толгой мөргүүлсэн...” гэжээ./хх-н 14-17-р тал/
Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ...Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тараад 20 цагийн уед гэртээ иртэл манай дунд хүү Ө хоолой нь цус хураад улайчихсан байсан. Тэгэхээр нь болсон асуудлыг талаар асуухад “Ц эгчийн хүүхэд Хишгээг холдож бай гэтэл ээж нь ирээд намайг багалзуурдаж зодсон” гэж хэлсэн...” гэжээ. /хх-н 19-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн № 4282 тоот дүгнэлтэнд: “...“...Ц.С биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна...” гэжээ /хх-н 27-р тал/
Шүүгдэгч С.Цгийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, ял шалгах хуудас / хх-42/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худгийн хажууд 15 настай, насанд хүрээгүй хохирогч Ц.Ө заамдаж, хүзүүг нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-27-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Цд оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Цд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Насанд хүрээгүй хохирогч Ц.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө овогт С-н Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-н Цг 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Цд оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ц нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Цд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ