| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/01977/и |
| Дугаар | 209/МА2025/00034 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 209/МА2025/00034
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 307/ШШ2025/00482 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “45,963,844.12 төгрөг гаргуулах" тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******гийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Иргэн ******* нь “*******”-тай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 02 сарын 29-ний өдөр зээлдэгчийн” *******” дахь ******* дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,333,333.28 төгрөг, зээлийн хүүнд 4,571,821.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,542.4 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 95 хоног хугацаа хэтрүүлээд байна.
“*******” нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ******* дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 41,666,666.72 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх хүү 2,387,298.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,130,86, нийт 44,075,095.70 төгрөгийг нэхэмжилж байна. / х.х 1-2 /
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
...Анх нэхэмжлэл гаргаснаас хойш 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэмэгдүүлж нийт 45,963,844.12 төгрөг, үндсэн төлбөр 41,666,66672 төгрөг, хүү 4,229,615.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,561.64 төгрөг хариуцагчаас гаргуулах гэжээ. /х.х 50/
2. Хариуцагчийн *******гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Миний бие ******* нь *******ны нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие нөхөр *******эс салсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй.
...Анх ******* ХК-иас *******, ******* бид хоёрт холбогдуулан 2024 оны 11 сарын 21-ний өдөр 44,075,095.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингэхдээ зээлийн гэрээг цуцалж, нийт 44,075,095.70 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээг цуцалж нийт зээлийн төлбөр 44,075,095.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргачхаад дахин нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 39 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр 45,963,844.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-нд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан 45,963,844.12 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөг бөгөөд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 423,494 төгрөг буюу илүү 35,725 төгрөг төлсөн байх тул төрийн сангийн орлогоос буцаан 35,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид ******* ХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******гийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч хуулийн этгээд болох “*******” ХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрсдийн санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 44,075,095.70 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илт тодорхой байгаа. Гэрээг цуцлах шаардлага байгаа бол улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүхэд тушаах ёстой байтал тушаагаагүй эс үйлдлээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн дүгнэж зээлийн гэрээний үүрэгт 45,963,844.12 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч ийг шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангадаг. Энэ нь нэг хариуцагч нь зөвшөөрсөнд тооцсон бол нөгөө хариуцагч мөн зөвшөөрсөнд тооцно гэсэн зохицуулалт биш юм. Нөгөө хариуцагч болох ******* нь ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,888,748.42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт 44,075,095.70 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 83-84 /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
7. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч , ******* нарт холбогдуулан 44,075,095.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 45,963,844.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х 1-2, 39, 50, 70/
Хэргээс үзэхэд:
8. Хариуцагч , ******* нар нь нэхэмжлэгч ******* ХК-тай 2024 оны 02 сарын 29-ний өдөр ******* дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. / х.х 1-2, 8-13/
Харин хариуцагч нь “...миний бие нөхөр *******эс салсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй. ...нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээг цуцалж нийт зээлийн төлбөр 44,075,095.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргачхаад дахин нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж маргасан бөгөөд хариуцагч ******* нь бичгээр тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байна. / х.х 39, 70/
9. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-т “зээлийн 50,000,000 төгрөг, 2.2-т зээлийг нийт 36 сарын хугацаатайгаар олгох ба, эргэн төлөлтийн хуваарь /хавсралт 1/-ийн дагуу хэсэгчлэн төлнө, 2.3-т хүү жилийн 365 хоногт тогтмол 21,6 хувь, /сарын 1,80 хувь/ байна, 2.4-т нэмэгдүүлсэн хүү: зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүү /үндсэн болон хэтэрсэн хугацааны/-гийн 20% байна гэж тус тус тусгажээ.
Зээлдэгч нар нь 2024 оны 07 сарын 16-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгч ******* ХК нь 2024 оны 10 сарын 16-ны өдөр банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч нь “...одоогоор бизнес хийх боломжгүй болоод байна, цаашдаа 12 сар хүртэл төрсөн ахаараа төлүүлээд 12 сараас өөрөө асуудалгүй төлж барагдуулна.” гэх тайлбар гаргасан боловч ямар нэг үр дүн гараагүй байна. / х.х 16-17/
10. Нэгэнт зээлийг гэрээнд тусгасан хуваарийн дагуу эргэн төлөх талаар үр дүн гараагүй учир нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага тавьж байгаа” талаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн байна. / х.х 75/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж хуульчилсан ба гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тохиолдолд зохигч талын хүсэлтийн дагуу гэрээ цуцлах асуудлыг шийдвэрлэсний дараа зээлийн төлбөр гаргуулах асуудлыг шийдвэрлэх учиртай.
Анхан шатны шүүхийн зүгээс гэрээ цуцлах асуудлыг орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар нэмэлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний 8.2.1-т “... гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,” 8.2.4-т “...зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон” гэх үндэслэлээр банкны санаачилгаар гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон 44,072,095.70 гаргуулахаар нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 45,963,844.12 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн “...анхнаасаа өөрсдөө нэг талын санаачилгаар гэрээг цуцалчхаад дахин нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 45,963,844.12 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анх нэхэмжилсэн 44,075,095.70 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийн 307/II2025/00482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр 45,963,844.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.” Гэснийг,
“Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2-т заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр 45,963,844.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан 45,963,844.12 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөг бөгөөд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 423,494 төгрөг буюу илүү 35,725 төгрөг төлсөн байх тул төрийн сангийн орлогоос буцаан 35,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид “*******” ХК-д тус тус олгосугай.” гэснийг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 34,475 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,969 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-нд тус тус олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,170 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ