| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/00116 |
| Дугаар | 209/МА2025/00033 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 209/МА2025/00033
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2025/00250 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “34,082,184 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
“*******” ХХК нь ус ундааны борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. *******, ******* нар нь манай байгууллагатай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ-г бичгээр байгуулан хамтран ажиллаж, Дархан-Уул аймагт ус, ундаа түгээлтийн үйл ажиллагааг явуулж байсан. Манай байгууллагын зүгээс тус хоёр борлуулагчтай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлэхэд 22,721,456 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсны төлбөрийг хувьдаа авч хэрэглэсэн дутагдал илэрсэн.
Борлуулагч *******, ******* нар нь тухайн үед дутагдлаа хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоог барагдуулна гэсэн боловч одоо хүртэл манай компанийг хохирлыг барагдуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэрээт борлуулагчийн гэрээ-ний 6.5 дахь заалтад Төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө. гэж заасан гэсэн тул гэрээний үүргийн гүйцэтгэл биелэх өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөгдөөгүй үнийн дүнд хоногийн 0,5 хувиар алданги тооцож, 11,360,728 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нийт 34,082,184 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар нэхэмжилж байна. Уг төлбөрийг ******* хариуцна гэсэн учраас *******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан.
Манай компанийн зүгээс намайг уг хоёр борлуулагчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуул гэсэн. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар Дархан-Уул аймагт ирж *******, ******* нартай уулзахад нотариат орж, гэрээ хийж өгсөн. Би уг гэрээг аваад компани дээр очиход захирал хүлээн зөвшөөрөхгүй, *******, ******* хоёр ч огт төлөлт хийхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч *******гаас бараа борлуулсны төлбөр 22,721,456 төгрөг, алданги 11,360,728 төгрөг, нийт 34,082,184 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
а. ******* “*******” ХХК-д 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээт борлуулагчийн гэрээг огт байгуулаагүй бөгөөд уг гэрээг ******* байгуулж гэрээт борлуулагчаар ажиллаж байсан. 2024 оны 10 дугаар сард уг гэрээнд хүчээр дарамталж байгаад *******гаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед ******* нь *******тэй хамтран амьдарч борлуулалтын ажилд нь тусалж байсан. *******гийн асуудалтай холбоотой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
б. Гэрээнд ******* гарын үсэг зурсан байхад уг маргаанд хариуцагчаар *******г тодорхойлсонд гомдолтой байна.
в. Нэхэмжлэлд 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөгдөөгүй үнийн дүнд 11,360,728 төгрөгийн алданги тооцож болоогүй өдрөөс хойш хоног тооцсоныг гайхаж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /х.х 23-24 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 22,721,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,360,728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 271,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ХХК”-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Анхан шатны шүүх “...”*******” ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь *******гаас нэхэмжлэх эрхтэй..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т мөн хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-т заасан бөгөөд “өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох” хуулийн заалт нь Иргэний хуулийн зорилт, шударга ёсны зарчим, иргэний хуулийн хамтран үүрэг гүйцэтгэгчид хамааралтай бусад заалтууд, үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмын талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хэрхэн тодорхойлсон, үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанар гэх мэт олон зүйлээс хамаарч дүгнэлт өгөгдөх ёстой болохоос нэхэмжлэгч өөрийн үзэмжээр тодорхойлсныг шүүх энэ эрх байгаа мэтээр дүгнэгддэг ойлголт ерөөс биш юм.
...Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй эсэхийг ялгах ёстой байсан.
...Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд хэрхэн тусгагдсан, үүргийн зүйл үл хуваагдах шинж чанартай эсэх асуудалд дүгнэлт өгөх ёстой.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон гэрээний зүйлээс үзэхэд *******, ******* нар нь уг гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэн нэгэн нь бүхэлд нь хариуцлагыг хүлээх тохиролцоо огт байхгүйн дээр үүргийн зүйл нь үл хуваагдах шинж чанартай биш болох нь тогтоогддог.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т тодорхой заалттай, хэрэгт авагдсан нэхэмжлэгч “*******” ХХК нь болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2024.07.18-ны өдрийн Гэрээт борлуулагчийн гэрээнд *******, ******* нарын тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байсаар атал үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь зөвхөн ******* хариуцах ёстой мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж *******гаас 22,721,456 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.
б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан тул дараах асуудалд хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна.
Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2-т заасан комиссын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2-т “Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ” гэж хуульчилсны “бусдын зардлаар” гэсэн хуулийн нөхцөл нь хэрхэн хангагдаж байгаа талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байдаг.
Түүнчлэн Иргэний хуулийн 415.4-т “...үйлчлүүлэгч хөлс, шагналыг ...тус тус төлнө” гэсэн зохицуулалт байхад энэхүү хууль болон гэрээний нөхцөл хэрхэн хангагдсан талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан, үүнээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагын дүн үндэслэлтэй эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа болно.
Анхан шатны шүүх шийдвэртээ “Хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар гэрээт борлуулагч *******, ******* нар нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 65,310,160 төгрөгийн бараа авч, 38,805,704 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлж, 26,504,456 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн. Гэтэл хууль болон гэрээнд зааснаар “*******” ХХК нь *******, ******* нарт хөлс, шагнал гэж хэдэн төгрөгийг төлсөн талаар тодруулсан, энэ талаар дүгнэлт өгсөн асуудал огт байдаггүй.
Хэрэгт авагдсан Гэрээт борлуулагчийн гэрээнд хөлс, шагнал, шимтгэлийн хэмжээний талаар тухайлан тусгаагүй байдаг бөгөөд ******* нь 10 хувиар тохиролцсон гэж тайлбарладаг, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд дурдсанаар *******, ******* нар нь нийт 65,310,160 төгрөгийн бараа авсан юм бол 6,531,016 төгрөгийн хөлсийг авахаар байгаа болно. Энэ утгаар нь тооцож үзвэл энэхүү хөлсийг гүйцэтгээгүй үнийн дүнгээс хасаж тооцох эсэх асуудал орхигдсон гэж үзэхээр байгаа болно. Дээрх асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхийг хүсье.
в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3- т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “...эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр ...хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж тус тус заасан бөгөөд уг хэрэгт хариуцагчаар *******г оролцуулах шаардлагатай байсан гэж үзэж байна. Энэхүү асуудлаар хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариу тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлэгтээ удаа дараа тайлбарлаж хэлж байсан болно. Гэтэл шүүх уг асуудлыг анхааралгүй өнгөрүүлж хариуцагч *******гийн хариуцах асуудлыг ******* нь хариуцах ёстой мэтээр дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр *******гаас 22,721,456 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /х.х 66-68 /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...тус компани нь *******, ******* нартай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ-г бичгээр байгуулан хамтран ажиллаж байхдаа *******, ******* нар нь бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны төлбөр 22,721,456 төгрөгийг компанид тушаалгүй, хувьдаа авч хэрэглэсэн, уг төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул бараа борлуулсны төлбөр 22,721,456 төгрөг, гэрээнд заасан алданги 11,360,728 төгрөг, нийт 34,082,184 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулна” гэж тодорхойлсон бол,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...******* нь “*******” ХХК-тай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ огт байгуулаагүй бөгөөд уг гэрээг ******* байгуулж, гэрээт борлуулагчаар ажиллаж байсан. ...Компаниас *******д холбогдуулан цагдаад гомдол гаргана гэсэн учир түүнийг хамгаалж уг гэрээнд гарын үсэг сүүлд зурсан.
Уг гэрээ, түүнтэй холбоотой асуудалд ******* нь хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь уг компанитай гэрээ байгуулж, барааг гарын үсэг зурж хүлээн авч, төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авч, компани руу шилжүүлдэг байсан тул *******г хариуцагчаар тодорхойлсонд гомдолтой байна. *******, *******, ******* нарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Тооцоо нийлэх гэрээ-ний дагуу төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан, алдангийг 2024 оны 8 дугаар сараас тооцож нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Уг төлбөрийг ******* ганцаараа хариуцах ёсгүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.
Хэргийн материалаас судалбал:
4.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******, ******* нартай 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулжээ. / х.х 9-11/
4.2. Хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар гэрээт борлуулагч *******, ******* нар нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 65,310,160 төгрөгийн бараа авч, 38,805,704 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлж, 26,504,456 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон. / х.х 30/
4.3. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлж М.Мөнхцацрал, гэрээт борлуулагч *******, ******* нар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, гэрээт борлуулагч *******, ******* нар нь 22,721,456 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, гарын үсэг зуржээ. / х.х 8/
4.4. Хариуцагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “*******” ХХК-д “******* би тус компанид 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс гэрээт борлуулагч хийж байсан болно. Уг хугацаанд бараа бүтээгдэхүүн авч, зарж олсон орлогын 10 хувиар цалинжин ажиллаж байсан. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар компанид өгөх үлдэгдэл тооцоо 18,700,000 төгрөг байгаа. Энэ тооцоо нь үнэн зөв бөгөөд миний бие уг тооцоог 2024 оны 11 дүгээр сарын 15-нд бүрэн төлж барагдуулах болно.” гэх баталгаа бичиж өгч, нотариатаар гэрчлүүлжээ. /х.х 29/
4.5. Улмаар, нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлж ******* нь *******, ******* нартай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Тооцоо нийлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр *******, ******* нар нь “*******” ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдэл 22,721,456 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. /х.х 32/
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримтууд тогтоогдсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Тодруулбал гэрээт борлуулагчийн гэрээгээр хариуцагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, нэхэмжлэгч нь борлуулсан бүтээгдэхүүний 10 хувийг хөлс болгож өгөх талаар тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно.
Харин комиссын харилцаа нь хариу төлбөртэйгөөр бусдад гэрээ байгуулж өгөх харилцаа гэж ойлгож болох ба үйлчлүүлэгчийн даалгасан, түүний хүсэж буй гэрээг байгуулахын төлөө ажиллах нь комиссын үндсэн үүрэг байх ба үйлчлүүлэгчийн даалгасан барааг борлуулахын тулд хүчин чармайлт гарган ажиллах үүрэгтэй бөгөөд заавал борлуулах үүрэг хүлээхгүй, харин борлуулсан бол хөлс авах боломжтой байдаг байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй тул “*******” ХХК нь гэрээт борлуулагч *******, ******* нарт 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 65,310,160 төгрөгийн бараа шилжүүлж, гэрээт борлуулагч нар нь 38,805,704 төгрөгийг нэхэмжлэгч компанид буцаан төлсөн, талууд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, *******, ******* нар нь 22,721,456 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулсан байна.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь *******, ******* нараас тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон төлбөр болох 22,721,456 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Талуудын хооронд байгуулагдсан Гэрээт борлуулагчийн гэрээнд *******, ******* нар гарын үсэг зурсан, “*******” ХХК-ийн Дархан дахь салбарын гэрээт борлуулалтын ажлыг *******, ******* нар хамтран гүйцэтгэж байсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.”гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь *******гаас нэхэмжлэх эрхтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримт зохигчийн тайлбараас үзвэл үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсаныг бүрэн хангах боломжгүй байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар адил тэнцүү оролцох, үүрэг тэнцүү байх журмын дагуу үүргийг хариуцуулах нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нар өөрсдийн гүйцэтгэх үүргийн талаар тодорхойлоогүй, хэн нь ямар үүрэг гүйцэтгэх талаар харилцан тохиролцоогүй байгаа тул хуульд зааснаар *******, ******* нарын үүрэг тэнцүү байна гэж үзнэ.
Иймд үүрэг тэнцүү байх журмын дагуу хариуцагч *******гаас 11,360,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд “...Гэрээт борлуулагчийн гэрээг ******* байгуулсан. Нэхэмжлэгч компаниас *******г дарамталж байгаад гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан.” гэж мөн *******, *******, ******* нарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Тооцоо нийлэх гэрээ”-ний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
Дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бичгээр гаргасан баталгаанд нэхэмжлэгч компанид гэрээт борлуулагч хийж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Тооцоо нийлэх гэрээ”-г байгуулах зөвшөөрөл *******т олгогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 56.1.8 дахь заалтад заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хэлцэл байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар нь хариуцагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэгч “*******” ХХК нь алдангид 11,360,728 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх алдангийн тооцоолол тодорхойгүй, алданги тооцох тухай гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж дүгнэн алдангийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
10. Дээрх үндэслэлээр, хариуцагч *******гаас 11,360,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,721,456 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
11. Гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох *******гээс гэрээний үүргийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2025/00250 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад
“Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 242 дугаар зүйлийн 242.11, 236 пугаар зүйлийн 236.6-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэзаяагаас 11,360,728 төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,721,456 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтад
“...хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 196,722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ХХК”-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 271,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН