Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, 

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч Т.О,түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х овогт Т-н О холбогдох эрүүгийн 1910006300440 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын О9-ний едөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Т-н О

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х овогт Т-н О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буган Халиун” рестораны гадна 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Г.Бтай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй ... гэв.

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн найз М над руу яриад би “Буган Халиун” рестораны караокед сууж байна чи хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход манай найз М зүс таних О болон мөн үл таних 2 залуу байсан. Би тэдэнтэй 30 минут ярьж байгаад эхнэр над руу залгаад байхаар нь тэдиий тооцоог хийж өгчихөөд гарсан. Намайг рестораны гадаа гархад О караокед байсан үл таних залуугийн хамтаар рестораны баруун талын чулуун сандал дээр суучихсан тамхи татаж байсан. Би О болон нөгөө залууд “хөгшин нь явлаа” гэж хэлээд тэдэнд бохь өгчихөөд явах гээд эргэтэл нөгөө танихгүй залуу “наадах чинь хутгатай байна шүү” гэж орилсон. Намайг эргэж харж амжаагүй байхад О үзүүртэй зүйлээр миний зүүн өгзөг рүү нэг дүрсэн. Тухайн үед өмсөж явсан хар өнгийн брюкэн өмд, мөн хар өнгийн турсикний зүүн хэсэг нь хадаасаар хатгасан юм шиг жижиг дугуй нүх үүсээд, өгзөгнөөс их хэмжээний цус гарсан. О миний өгзөг рүү ямар нэгэн иртэй зүйлээр хатгачихаад “би эр шиг байсан, маргааш хоёулаа эр хүн шиг уулзъя” гээд ойлгогдохгүй зүйл яриад, цаашаа тамхи татаад алхаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Мөн эмнэлгийн түргэн тусламж дуудсан. О нь тухайн үед юугаар миний өгзөг рүү хатгасан болохыг мэдэж чадаагүй. Отай хамт байсан танихгүй залуу л О нь миний өгзөг рүү юугаар хатгасаныг харсан. Ингээд удаагүй байхад цагдаа ирээд Оыг аваад явсан. Харин эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирж намайг үзчихээд гэмтэл юм уу цэргийн төв эмнэлэгт очиж үзүүл гэсэн зөвлөгөө өгөөд явсан...” гэжээ. / хх-ийн 8-13-р тал/

Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б гараа өмдөндөө хийгээд цус болчихлоо гээд надаа үзүүлсэн. Би юу болсон талаар асуусан чинь Бараа намайг ийм болгочихлоо яаж байгаа юм бэ гэхээр би мэдэхгүй дөнгөж сая доод давхараас Бг хайгаад гарч ирсэн гэж хэлээд та 2 найзууд байж юу болоод байгаа юм бэ? гээд асуусан чинь Б би мэдэхгүй байна Б намайг ийм болгосон гээд 103-луу өөрийнхөө утсаар дуудлага өгөөд байх шиг байсан...” гэжээ. /хх-ийн 20-22-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 3095 тоот дүгнэлтэнд: “...Г.Б биед зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдэж шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир  үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. /xx-24-р тал/

Шүүгдэгч Т.Оын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, ял шалгах хуудас / хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-57/, боловсролын талаарх баримтууд /хх-49-56/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х овогт Т-н О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буган Халиун” рестораны гадна 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Г.Бтай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 3095 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.От холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.

Хохирогч Г.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Т-н О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тн Ог 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.От оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.От урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ