Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн С овогт С-н С-т холбогдох эрүүгийн 1910013140504 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт С-н С,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С овогт С-н С нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Dream Land” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны байрны өрөөн дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хамт ажилладаг Э.Этэй маргалдаж түүний биед зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... гэв.

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед “Dream Land” хотхон дотор байдаг СӨХ-ны байран дотор С нилээн согтуу орж ирэхээр нь шаардах хуудан гарын үсэг зуруулах гэсэн боловч над руу дайраад байхаар нь би “таны шаардлагатай зүйлийг гаргуулж өгөх гээд шаардах хуудас өгч байна” гэсэн чинь С надруу дайрч давшилаад “чи яахаараа мөнгөний баримтан дээр гарын үсэг зуруулдаг юм бэ” гэж надруу дайраад байхаар нь О хамгаалагчийг дуудуулсан. Ингээд над руу дайрч давшилаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. С миний өгсөн шаардахыг мөнгөний баримтан дээр гарын үсэг зуруулсан гэж над руу дайрч цохисон...” гэжээ. / хх-ийн 8-12, 17-р тал/

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...СӨХ-н байран дээр байхад зохион байгуулагчийн өрөөнд хүмүүс хэрэлдээд байхаар нь би яваад ортол С.Э рүү дайраад зогсож байхаар нь би ширээнийх нь хажууд очоод байдлыг харж байхад хоорондоо хэрэлдээд С гартаа барьсан цаасаараа Э рүү гараа саваад байхаар нь би хамгаалагчийг дуудаж орж ирээд Сыг гаргах гэхэд Этэй хэрэлдэж байснаа баруун гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохиход хамгаалагч аваад гарсан...” гэжээ. /хх-ийн 15-16-р тал/

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ах С хэлэхдээ болохоор надаар шаардах дээр гарын үсэг зуруулах гээд байхаар нь дургүйцэхэд над руу уурлаж дайрч давшилаад байхаар бичиг баримтыг буцааж өгөх гээд шидэхэд нүдний шил цохисон гэж хэлсэн. Өөр зүйл бол би мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 18-19-р тал/

       Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Шаардах хуудсан дээр бичсэн гарын үсгийг янзал гэснээс болоод хоорондоо маргалдсан. Тэрнээс өөр зүйл болоогүй...” гэжээ. /хх-ийн 20-22-р тал/

      Гэрч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Үйлчлэгч охин хүрч ирээд таныг зохион байгуулагч дуудаж байна гэхээр нь би охиныг дагаад өрөөнд ороход тус хотхоны сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулагч, талбайн үйлчлэгч С мөн эхнэр нь өрөөнд нь байсан. Хувийн хэрүүл маргаан болж байсан. Тэгэхээр нь би байдлыг ажиглаад хажууд нь зогсож байхад С нь зохион байгуулагчийг зүүн нүд хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохихоор нь би Сыг дагуулаад өрөөнөөс гарч яваад өөрийн харуулын байран дээр байж байхад цагдаа нар ирээд Сыг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 23-24-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 6323 тоот дүгнэлтэнд: “...Э.Эийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстын цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /xx-26-р тал/

Шүүгдэгч С.Сын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/, ял шалгах хуудас / хх-79/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-78/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-74/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-78/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-76/, "Дриймланд” сууц өмчлөгчдийн холбооний тодорхойлолт /хх-77/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С овогт С нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Dream Land” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны байрны өрөөн дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хамт ажилладаг Э.Этэй маргалдаж түүний биед зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 6323 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ст холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.

Хохирогч Э.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С овогт С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-н С-г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ст оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.

5. Шүүгдэгч С.Ст оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавтсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ст урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ