Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2025/00032

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2025/00256 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “4,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...Миний бие ******* нь 2024 оны 06 сарын 18-ны өдөр Mongolian pajero club гэх фэйсбүүк хуудсанд Tsoojoo Baynmonkh гэх хаягаас пажеро зарна гэсэн зарын дагуу ******* гэх дугаараар нь холбогдож сонирхоход 16 сая гэсэн хариуг өгсөн. Тухайн үед миний бие хөдөө орон нутагт байсан бөгөөд тухайн автомашины гадна үзэмж таалагдсан тул маргааш нь найзыгаа явуулж үзүүлэхээр тохиролцсон юм. Маргааш нь манай найз хамт ажилладаг хүний хамт очиж тухайн автомашиныг унаж үзээд хүчгүй юм, мөн ийм пажеро 16 сая хүрэхгүй, аваад дэмий гэсэн хариуг надад өгсөн. Үүний дагуу *******той холбогдож машины чинь мотор доголтой юм байна, одоогоор больё гэж хариуг өгсөн.

Гэтэл хэсэг хугацааны дараа ******* нь эргэж над руу залгаад хямдруулаад 14 саяаар ав, сэлбэг хэрэгсэл нь Пажеро клубд нь байдаг юм байна гэж ярилцсаны дагуу тухайн автомашиныг 13 сая төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү худалдаж авахдаа миний бие тухайн автомашины хөдөлгүүрийг доголтой буюу свече, свений утас, форсунк зэрэг эд ангиас болж доголдож байгаа юм байна гэж ойлгож, хотод ирсэн даруй фэйсбүүкээс пажеро засварын газар хайсны эцэст найдвартай засдаг гэх Шар хадны эцэст байдаг засварын газар аваачиж оношлуулсан. Ингэхэд засварчин залуу нь таны машины клапаны дуу их байна, энэ дууг дарж байж бусад дууг нь сонсмоор байна та шинэ клапан авчир гэсний дагуу 144,000 төгрөгөөр 12 ширхэг клапан аваачиж өгсөн. Клапанг сольсны дараа засварчин залуу ах таны машины мотор цохисон байна гээд хаазалж үзүүлсэн тэгэхэд өндөр хаазан дээр таг таг гэсэн дуу гарч байсан. Тэгээд одоо яах вэ гэхэд нэг бол мотор солино, үгүй бол мотор бооно, гэхдээ мотор боолговол хятад сэлбэгээр боодог учир танд баталгаа гаргаж өгч чадахгүй, хамгийн найдвартай арга мотороо солих гэсэн зөвлөгөөг өгсөн. Үүний дагуу мөн л фэйсбүүк ухаж Дархан хотод унасан /онхолдсон/ пажерогийн сайн мотор 3,200,000 төгрөгт зарна гэсний дагуу тухайн моторыг унааны зардал 200,000 төгрөгөөр авчруулж, 600,000 төгрөгийн хөлсөөр солиулж тавиулсан.

Ингээд *******той манай эхнэр холбогдож солиулсан моторын үнийг авъя хуучин мотороо ав гэж хэлэхэд эхлээд зүгээр мотор байсан гэж байснаа сүүлдээ мөнгөтэй болохоороо өгье гэсэн хариуг өгөөд одоог хүртэл утсаа авахгүй, эхнэрийн дугаарыг блоклосон учир аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Дахин хэлэхэд миний бие нь цохисон мотортой машин авах зорилгогүй байсан бөгөөд 500,000 төгрөг дотор дээр дурдсан эд ангиудыг солиход болох юм байна. /үнийг нь мөн судалсан/ гэж үзэж тухайн автомашиныг худалдан авсан. Мөн ******* ч тухайн автомашиныг зарахаар маш олон удаа над руу манай хүүхэд рүү мөн эхнэр лүү залгаж байснаас үзэхэд түүнийг эд хөрөнгийн доголдлыг мэдэж байсан надаас нууж худалдсан гэж үзэж байна.

Иймд эд хөрөнгийн доголдлын улмаас учирсан хохирол болох хөдөлгүүрийн үнэ 3,200,000 төгрөг, ачааны зардал 200,000 төгрөг, хөдөлгүүр солих ажлын хөлс 600,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ. /х.х 1-2 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Миний өөрийн өмчлөлийн пажеро маркийн тээврийн хэрэгслийг зарах шаардлага гарсан тул олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсанд зар оруулсан юм. Уг зарын дагуу ******* дугаарын утаснаас холбогдож өөрөө хөдөө ажиллаж байгаа, маргааш 2 найзаа явуулж үзүүлнэ гэсний дагуу Улаанбаатар хот баруун 4 зам ТБД андуудын ар талд цаг болзож 30-40 орчим насны 2 залуу ирж машиныг маань үзсэн. Ингэхдээ пажероны доогуур болон дээгүүр зөндөө үзсэн, мөн машиныг унаж явж үзчихээд эргээд холбогдоно гээд яваад өгсөн. Тэгээд 2-3 цаг орчмын дараа байх анх ярьсан хүн холбогдож машинаа 16 саяас доошоо ярь сайн яривал наймаа хийе гэсэн. Миний бие тухайн үед барилга барьж байсан, мөнгөний шаардлага гарсан байсан тул 16 сая гэж байсан машинаа 14 сая хүртэл буулгаж үнийг хэлсэн. Тэгтэл ******* нь машиныг 13 саяар худалдаж авах талаар хэлж наймаа тохирч, миний Худалдаа хөгжлийн банкны дансанд 13 сая төгрөг хийсний дагуу би Замын цагдаагийн уулзварын орчимд дэлгүүрийн гадна машинаа байршуулж, Авто тээврийн төв дээр тээврийн хэрэгслийг *******ын хүүхдийн нэр дээр шилжүүлж өгсөн юм. Миний бие уг тээврийн хэрэгслийг худалдахдаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг тухайн үед худалдан авагч нь өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, төлбөрийн 100 хувь төлж барагдуулсан байдаг.

******* нь нэхэмжлэлдээ намайг өөр лүү нь болон эхнэр хүүхэд рүү нь олон удаа залгаж, машинаа зарахаар ярьсан, энэ нь эд хөрөнгийн доголдолтой гэдгийг мэдэж байсан хэр нь нуусан гэж үзэхээр байна гэсэн бөгөөд миний бие машинаа зарахаар ярилцаж тохиролцон, эхнэр хүүхдийн дугаарыг өгч, тэр хоёрын байгаа газарт очиж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөөрэй гэсний дагуу машин болон гэрчилгээ шилжүүлэх ажлаар хэд хэдэн удаа эхнэр хүүхэд рүү нь залгасан бөгөөд би өөрийн зарах тээврийн хэрэгслийг аваач гэж гуйж зараагүй, хүчээр муу машин өгсөн асуудал огт байхгүй.

Би өөрийн биеэр Дарханаас машинаа унаж хот орсон байсан бөгөөд хэрэв нэхэмжлэгчийн ярьж байгаачлан цохисон мотортой машин байсан бол хэдэн зуун километр зам туулж явах чадваргүй байх ёстой, ер нь мотор цохисон машин асаж хөдлөх ч боломжгүй ш дээ. ******* надад тухайн үед машины мотор хүч муутай юм шиг байна гэсэн асуудлыг хэлж байсан тул би зохих хэмжээнд 3 сая төгрөг хасаж наймаа хийсэн, машины сэлбэг элбэг байдаг талаар ч хэлж ярьсан нь үнэн.

Бид хоёр машины наймаа 2024 оны 06 сард хийсэн бөгөөд *******ын эхнэр гэх хүн над руу 2024 оны 08 сарын сүүлээр 09 сарын эхээр буюу наймаа хийснээс бүхэл бүтэн 2 сарын дараагаар ярьж машины моторын асуудлыг хэлсэн юм. Би тухайн үед энэ асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд мөнгөтэй болоод өгнө гэх асуудлыг яриагүй. Хэрэв гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн гадна байдлыг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдана гэж Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид дурдсан. Миний бие *******т өөрийн автомашиныг худалдан авахыг шаардаагүй, өөрийнх нь хүсэлтээр найз нараар нь хангалттай үзүүлж харуулж байж харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдсан. Худалдсан тээврийн хэрэгсэл нь тухайн оны болон өмнө оны улсын үзлэг оношилгоонд орсон, бүрэн бүтэн, хөдөлгөөнд оролцох боломжтой талаар дүгнэлт гарсан бөгөөд миний бие *******т биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дах хэсэгт заасантай нийцнэ гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульчилжээ.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар сонгох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буюу гэрээнд заасан үүргийг давхар хүлээх учиртай. Шинжээчийн дүгнэлтэд заасан эвдрэл, гэмтлийн нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй боловч худалдан авагч нь эд зүйлийг шалгаж авах ерөнхий үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан. *******ын нэхэмжлэлийн шаардлагад тэрээр машины мотор доголдолтой, одоогоор болъё гэсэн хариуг өгсөн бичсэнээс харахад мотор цохисон талаар шаардлага гаргах эрхгүй байна.

Нөгөөтээгүүр ******* нь тээврийн хэрэгслийг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүй холбоотой маргаан үүсгэж байгаа ч гэлээ миний бие мотор цохисон машинаа мэдсээр байж бусдад худалдсан асуудал байхгүй бөгөөд миний машин хэдэн онд үйлдвэрлэгдэж, хэдэн онд Монголд орж ирсэн, хэдэн км явсан гээд бүхий л байдлыг үнэн зөвөөр танилцуулж, сайн дурын үндсэн дээр наймаа хийцгээсэн болно.

Моторын доголдол нь далд доголдол биш өөрөөр хэлбэл мотор доголдсон машиныг асааж хөдөлгөөнд оролцож үзмэгц л жолооч бүр мэдэх боломжтой бөгөөд мотор цохисон тээврийн хэрэгсэл асаж явах боломжгүй. Гэтэл худалдаж авсан тээврийн хэрэгслээ авч явж 2 сар гаран хэрэглэчхээд далд доголдол илэрсэн гэж 4 сая төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ гэжээ.  / х.х 24-25 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар хариуцагч *******оос 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Хэрэв гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн гадна байдлыг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдана гэж Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид дурдсан. Миний бие *******т өөрийн автомашиныг худалдан авахыг шаардаагүй, өөрийнх нь хүсэлтээр найз нараар нь хангалттай үзүүлж харуулж байж харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдсан.

Худалдсан тээврийн хэрэгсэл нь тухайн оны болон өмнө оны улсын үзлэг оношилгоонд орсон, бүрэн бүтэн, хөдөлгөөнд оролцох боломжтой талаар дүгнэлт гарсан байсан. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 255 зүйлийн 255.1.1-д “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана" гэж хуульчилжээ.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар сонгох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буюу гэрээнд заасан үүргийг давхар хүлээх учиртай. Шинжээчийн дүгнэлтэд заасан эвдрэл, гэмтлийг нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй боловч худалдан авагч нь эд зүйлийг шалгаж авах өөрийнхөө үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан.

Моторын доголдол нь далд доголдол биш өөрөөр хэлбэл мотор доголдсон машиныг асааж хөдөлгөөнд оролцож үзмэгц л жолооч бүр мэдэх боломжтой бөгөөд мотор цохсон тээврийн хэрэгсэл асаж явах боломжгүй. Гэтэл худалдаж авсан тээврийн хэрэгслээ авч явж 2 сар гаран хэрэглэчхээд далд доголдол илэрсэн гэж 4 сая төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /х.х 98-99 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн *******ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 245.1-д зааснаар  хариуцагч *******оос 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

10. Дээрх шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ “......Биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан борлуулсан. Нэхэмжлэгч машиныг худалдан авахдаа моторын хүч муу байна гэхээр нь анхны үнээсээ 3 сая төгрөгийг хасч тооцон зарсан. Тухайн машиныг худалдан авах үедээ өөрийн найз нараараа хангалттай үзүүлж авсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Мотор цохисон машин явах боломжгүй, моторын доголдол нь далд доголдол биш, жолооч бүр үзээд мэдэх боломжтой, 2 сар гаран хэрэглэчхээд далд доголдол илэрсэн гэж 4 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

11.Хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт зэргээс үзвэл зохигчдын хооронд Мицубиши Пажеро маркийн ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар худалдан авагч ******* үнийг бүрэн төлснөөр тээврийн хэрэгслийн эзэмшигчээр түүний хүү О.Мөнхтулгын нэр дээр 2024 оны 06 сарын 19-ний өдөр бүртгэж, автотээврийн хэрэгслийг эзэмшигчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

12. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

13. Харин нэхэмжлэгч буюу худалдан авагч нь уг гэрээний дагуу худалдан авсан тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой байсны улмаас түүнийг сольж засварлахад зардал гарсан гэж зардлыг хариуцагч буюу худалдагч талаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

14.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй,”  гэж, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж хуульчилжээ.

Талууд гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байх тул дээрх хуульд зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

15. Гэвч уг тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах үед клапан дуутай байсан, моторын хүч сул байсан талаар мэдэгдэж байсан, уг доголдлыг арилгах шаардлагатай байсан учраас талууд тээврийн хэрэгслийн үнийг 3,000,000 төгрөгөөр бууруулахаар тохиролцож, 13,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээний үнийг тохиролцсон байгаагаас үзэхэд худалдан авагчийг эд хөрөнгийн доголдлын талаар  мэдсэн буюу  мэдэх боломжтой  байхад түүнийг хүлээн авсан Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Тодруулбал худалдагч *******оос худалдаж буй тээврийн хэрэгсэл нь анхнаасаа клапан дуутай байсан, моторын хүч сул байсан талаар  мэдэгдсэн,  нэхэмжлэгч *******ын томилсон этгээдүүд  тээврийн хэрэгслийг унаж үзэн тус доголдлоос шалтгаалан гарах эрсдэлийг бууруулах зорилгоор худалдан авагч талаас гэрээний үнийг багасгах санал гаргасны дагуу үнийг бууруулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон  байх тул  хариуцагчийг тээврийн хэрэгслийн моторыг муу гэдгийг мэдсээр байж  дарагдуулж шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй  байна.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зохих заалтыг буруу  тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

16. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын *******ид холбогдуулан гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

17. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2025/00256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ                                       

                                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН                                                    

                                                                                                        Г.МЯГМАРСҮРЭН