| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 201705000011 |
| Дугаар | 2017/ДШМ/023 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2017/ДШМ/023
Д.Амарсайханд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Эрдэнэсоёл
Ялтан Д.Амарсайхан
Ялтны өмгөөлөгч Г.Доржготов, П.Адъяасүрэн
Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Амарсайханы гаргасан давж заалдах гомдлоор Д.Амарсайханд холбогдох 201705000011 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Долгорын Амарсайхан, ..............багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЖ79021615/
Д.Амарсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Замын бууц” гэх газарт иргэн С.Баатарсүрэнтэй малын бэлчээрээс үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж, түүний зүүн хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Боржигон овогт Долгорын Амарсайханг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 1 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн юүдэнтэй цамц нэг ширхэг, хар иштэй хутга нэг ширхэг, модон иштэй төмөр хүрз нэг ширхэгийг тус тус устгаж, Д.Амарсайхан нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Амарсайханы эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч Д.Амарсайханд буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар Д.Амарсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Амарсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол, гэм хорыг бүрэн арилгасан зэргийг харгалзан үзэж надад хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь сайн зүйл гэж шийтгэх тогтоолыг хүндэтгэж байгаа билээ.
Харин хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч С.Баатарсүрэнгийн гэм буруутай үйлдлээс шууд учирсан гэж үзэж байгаа болно. Хохирогч С.Баатарсүрэн нь өгсөн мэдүүлэгтээ “...гэрийн хажуу талаас хүрз авч, манай гэрийн гадаа ирээд гараад ир цагаач минь гэж орилсон..., ...мөн гэрийн хаалга руу хүрзээр цохисон. Д.Амарсайханыг гэрээс гарч ирэхэд хүрзээр баруун гарын бугалга орчимд нэг удаа цохиж авсан, гэрээс гарч ирэхдээ хутгатай гарч ирсэнийг мэдээгүй, намайг цохих мөчид бид 2 барилцаж авсан, тэгээд цаана очиход Д.Амарсайханы эхнэр цус гарч байгаа талаар хэлсэн...” гэж мэдүүлэг юм. Дээрх мэдүүлэг нь миний мэдүүлгээр давхар нотлогддог юм.
Хэрэг болсон нөхцөл байдлаас харахад хохирогч С.Баатарсүрэн нь манай гэрт ирж эхний удаа надтай хэрүүл маргаан өдөөж, хоолой багалзуур шахаж, бие эрх чөлөөнд халдсаны дараа дахин хүрзээр зэвсэглэж миний эрх чөлөөнд халдсан юм. Энэ үед миний санаа сэтгэл хүчтэй цочирдон уур хүрч С.Баатарсүрэнгийн биед хутгаар зүсэж, гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж маш их харамсаж байгаагаа хэлмээр байна. Хэрэг гарсан дээрх нөхцөл байдлыг дахин зөвөөр үнэлж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж өгөх буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Ялтан Д.Амарсайханы өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлд зааснаар зүйлчилж оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.
Ялтан Д.Амарсайханы өмгөөлөгч П.Адъяасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Амарсайхан нь хохирогчийн цагаач минь гэж хэлсэн үгэнд санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсаны улмаас уг хэргийг үйлдсэн байгаа. Мөн хохирогч эхлээд хүрз барин дайрсан гэдэг нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт, 42 дугаар зүйлд заасан гарцаагүй байдал үүссэн гэж үзэж болохоор байгаа. Иймд Д.Амарсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
Оролцсон прокуророос: Д.Амарсайханы үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.
ХЯНАВАЛ:
Д.Амарсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Замын бууц” гэх газарт иргэн С.Баатарсүрэнтэй малын бэлчээрээс үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж, түүний зүүн хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч С.Баатарсүрэн “...Д.Амарсайхан бид хоёр маргаж байгаад тэдний гэрээс гарч хоорондоо зодолдсон, би түүний хүзүүг нь боогоод тэр намайг толгойгоороо мөргөсөн тэр үед миний хамраас цус гоожсон, тэгж зодолдож байгаад болиод тэдний гэрт орж хамрын цусаа цэвэрлэсэн..., ...айлаас гараад илүү гэрийн хажуугаас хүрз аваад Д.Амарсайханы гэрийн гадаа очоод гараад ир цагаач минь гэж орилсон, Д.Амарсайхан гарч ирсэн, Д.Амарсайханыг гэрээс гарч ирэхээс өмнө нь би гэрийн хаалга руу хүрзээр нэг удаа дэлссэн, Д.Амарсайханыг гэрээс гарч ирэхдээ хутгатай гарч ирсэнийг би мэдээгүй, би Д.Амарсайханыг хүрзээр нэг удаа баруун гарын бугалганы гадна хэсэгт цохьсон, тэгээд бид 2 барилцаж авсан, түүнтэй барилцаж аваад ноцолдож байхад зүүн бөөрний орчимд халуун оргисон, тэгэхэд хутгалуулсан гэдгээ мэдээгүй, бид 2 ноцолдож байгаад салаад гэрийн урд байх толгойн энгэрт очиж суугаад больё гэж хоорондоо ярилцсан, Д.Амарсайханы эхнэр наанаас чинь цус гарч байна гэсэн, тэгээд дүрэгдсэн байна гэдгийг мэдсэн. Д.Амарсайханы эхнэр миний шарх гэмтлийг боож өгөөд Д.Амарсайхан өөрийнхөө машинаар намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн...” /хх-ийн 25-26-р тал/,
гэрч А.Оюун “...намайг борлонд идэш тавьж өгч байхад С.Баатарсүрэн манай нөхөр 2 гадаа гараад ирчихсэн маргалдаад байгаа бололтой сонсогдсон, би нүдээрээ хараагүй, борлонгууддаа тэжээл өгчихөөд буцаад гэрт орж ирэхэд хоёулаа ороод ирчихсэн, С.Баатарсүрэн нүүр гараа угаагаад сууж байсан..., ...удалгүй С.Баатарсүрэн өндөр дуугаар гараад ир цагаач минь гээд хаалга руу нэг удаа цохьсон, юугаар цохисныг нь мэдээгүй, гэтэл манай нөхөр босч гүйгээд гэрийн зүүн талын тавиур дээрээс хар иштэй хутга бариад авсан, тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд гэрийн үүдэнд намайг татаж унагаачихаад гараад явсан, гэрийн гадаа юу болсоныг хараагүй, намайг босоод гарахад 2 тийшээ болж байсан, манай нөхөр хутгаа барьчихсан, нөгөөдөх нь гартаа хүрз барьчихсан зогсож байсан, манай нөхөр С.Баатарсүрэн 2 салчихаад хамт гэрийн урд байх толгой руу алхаад нэг газар суусан, тэндээ ярьж сууцгааж байгаад буцаад ирцгээхэд С.Баатарсүрэнгийн зүүн бөөрний орчмоос цус гарч байхаар нь үзэхэд дүрэгдсэн байсан, машинаа асаа гэж нөхөртөө хэлээд С.Баатарсүрэнгийн шархыг боож өгөөд Богд сум руу авч явсан...” /хх-ийн 28-32-р тал/,
Ц.Дэлгэрмөрөн “...С.Баатарсүрэнг эмнэлэгт түүнийг хутгалсан гэх залуу нь хүргэж ирсэн. С.Баатарсүрэнгээс юу болсон талаар асуухад хажуугаас авчирсан залуу нь би хутгалчихсан юм гэж хэлсэн. С.Баатарсүрэнгийн биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, өөрөө эмнэлэгт алхаж орж ирсэн. Тэр биедээ гурван удаа хутгалуулсан байснаас баруун зүүн далны доод хэсэгт нэг, нэг удаа зүүн бөөрний дээд урд хэсэгт нэг удаа иртэй үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх байсан. С.Баатарсүрэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж оёдол тавиад аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн хүлээн авах дээр авч очиж хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 33-34-р тал/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн №35 тоот “...С.Баатарсүрэнгийн биед хэвлийд нэвтэрсэн шарх, цус хуралдалт, нурууны ар, баруун, зүүн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрх хэвлийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, нурууны ар баруун, зүүн хэсгийн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн №17 тоот “...шинжилгээнд ирүүлсэн цэнхэр юүдэнтэй цамцанд гарсан 1.5 см, 2.5 см, 1.7 см уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна, харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн цэнхэр юүдэнтэй цамцанд гарсан 1.5 см, 2.5 см, 1.7 см хэмжээтэй гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн нийт урт нь 25 см хэмжээтэй хар өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байж болно...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 45-46, 106-107-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/, хар иштэй хутга, модон иштэй хүрзэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9-р тал/, хохирогч С.Баатарсүрэнгийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хх-ийн 47-74-р тал/ болон мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Д.Амарсайханы үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, Д.Амарсайханы үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял, ял эдлүүлэхээр тогтоосон дэглэм нь ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Хэдийгээр Д.Амарсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдэн хорих ял шийтгүүлж байгаа ч Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ялыг хуульд заасан тодорхой төрлийн шаардлагуудыг хангасан гэж шүүхээс үзсэн бол ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1-5 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж болохоор хуульчилсан ба Д.Амарсайхан үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарч байх тул тэнсэж, хянан харгалзах боломжгүй бөгөөд мөн хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудаар түүний үйлдсэн хэрэг нь тогтоогдсон байх тул өөрт холбогдсон хэргээ хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохыг зэрэгцээ түүний өмгөөлөгч Г.Доржготовын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан Д.Амарсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх, өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн Эрүүгийн хуулийн 40, 42 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан тайлбарууд ч үгүйсгэгдэж байгаа болно.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн
315.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Амарсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
В.ЦЭЦЭНБИЛЭГ