| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 201526011661 |
| Дугаар | 78 |
| Огноо | 2016-03-25 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 78
Б.Э т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаар магадлалтай, 201526011661 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, Б.Э нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 05 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Ц.Цэцэгсүрэн нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Хохирогч А.З гийн зүй бус харьцааны улмаас маргаан үүссэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх танхайрах гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь гэмт хэргийн обьектив шинж болох хувийн таарамжгүй харьцааг танхайрсан хэмээн дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн нь хохирогч А.З , гэрч Ц.Э , Э.А, Б.Чинзориг, Д.Ж нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч болон шүүгдэгч нарын хооронд энгийн харилцаа хэдийнээ үүссэн байсан, зан заншил, ёс суртахууны хүрээнд бие биедээ ахархах, сургаалын үгс хэлэх, хууль ёсны шаардлага тавих, түүнийг эсэргүүцэх зэргээр хуульд заагдсан хувийн таарамжгүй харьцаа үүссэн болох нь дээрх хүмүүсийн мэдүүлгээр нотлогдсон. Шүүгдэгч Б.Э нь А.З г пивоны шилээр цохисныг хөдөлбөргүй тогтоогоогүй. Пивоны шил хэрэгт хураагдаагүй байхад огт байхгүй байгаа шилийг байгаа мэтээр урьдчилан дүгнэж, Б.Э т ял оноосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнийг харуулж байна. Хэрэв пивоны шил үнэхээр байсан бол мөрдөн байцаагч нь хураан авах боломжтой байсан боловч энэхүү ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 80 дугаар зүйлийг зөрчсөн байна. Хохирогч А.З нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд тухайн маргаан юунаас үүдэн гарсан талаар мэдүүлсээр байхад мөрдөн байцаагч болон прокурор энэ байдлыг анхаарахгүйгээр Б.Э ыг зүгээр сууж байсан А.З г шалтаг шалтгаангүйгээр үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэж өнгөц дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн алдаа гаргасныг харуулж байна. Гэрч, хохирогч нар “пивоны шилээр нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл шинжээч эмч “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн нь дээрх үйлдэлтэй нийцэхгүй, шүүгдэгч Б.Э нь хохирогч А.З гийн толгойн тус газар нь шилээр цохисон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шүүх дээрх бүх үйл явдалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч хуулийг зөв хэрэглээгүй, обьектив талын шинжийг буруу тайлбарласнаас хэргийн зүйлчлэл хүндэрсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Гомдлоо дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Тухайн үеийн хэрэг гарах болсон нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, обьектив талын шинжүүдэд шүүх үнэлэлт өгөхдөө алдаа гаргасан гэж үзэж байна. Хохирогч А.З сөргөлдөөнийг эхлүүлж Б.Э ын биед хүрч, түүнийг түлхэн зайлуулах үед нь хариу үйлдэл үзүүлснийг танхайрах гэмт хэрэг гэж үзсэн. Уг маргаан нь хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн байхад шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийг цохиж, зодоон үүсгэсэн үйлдлийг зөвтгөсөнгүй, гэхдээ архи, пивоны шилээр цохисон эсэх нөхцөл байдлуудыг сайн шалгаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй байхад хүнд ял оногдуулсан. Тэрээр хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилж, ял оногдуулсан. Шүүгдэгч нь олон нийтийн газар, шөнө оройн цагаар бусдыг илтэд үл хүндэтгэж, шилээр бусдын толгойд цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Э нь 2015 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” караокед шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч А.З гийн толгойн тус газар цохиж, түүнд хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Б.Э ын гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.
Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын үндсэн шинж нь олон нийтийн газар орчин тойрны хүмүүсийн тайван байдлыг алдагдуулдаг бол харин энэ хэргийн субьектив тал нь ямар ч шалтгаангүйгээр бусдад хүч хэрэглэх ойлголтыг багтаасан байдаг онцлогтой.
Шүүгдэгч Б.Э нь “Дэлгэрэх” караокед ямар ч шалтаг шалтгаангүйгээр пивоны шилээр хохирогчийн толгойн тус газар цохиж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч Ц.Э , Д.Ж, Ц.Болормаа, хохирогч А.З нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх ба эдгээр мэдүүлгүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ