Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0055

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч А.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор А.Э-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “ ...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.3, 21.2, 21.3, 24 дүгээр 24.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн МУИС-ийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дугаар А/350 тоот тушаалын тавдугаар хавсралтын А.Э-од холбогдох хэсгийг, мөн Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн МУИС-ийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дугаар А/01 тоот тушаалын зургаадугаар хавсралтын А.Э-од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Э-ыг урьд эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчид профессорын зэрэглэлийн албан тушаалаас дэд профессорын зэрэглэлийн албан тушаал буурч ажилласан цалингийн зөрүүг 2018 оны 08 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцож 4,071,692 /дөрвөн сая далан нэгэн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг олгож, нэхэмжлэгчид 2019 оны профессорын зэрэглэлийн багшийн судалгааны суурь зардал 2,000.000 /хоёр сая/ төгрөгийг олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Их Сургуулийн захиралд даалгаж,

              2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Эрдэнэцогтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.

              Хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо:

              1. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээнд үндэслэсэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд харин нийтийн ашиг сонирхолд үндэслэх нийтийн эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Энэ нь нэхэмжлэгч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээний нөхцөл зөрчигдсөн гэж мэтгэлцсэн, мөн шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаар дүгнэлт хийсэн зэргээр тодорхой нотлогддог.

              Түүнчлэн шүүх профессорын зэрэглэлийн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээнд тусгах нөхцөлийн асуудал атал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт гэж үзсэн илэрхий алдаа гаргасан байна. Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж эсхүл мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай байсан.

              2. Маргаж буй захирлын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг огт агуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нь профессорын зэрэглэлийн албан тушаалд эрдэмтдийг шалгаруулсан Хорооны шийдвэрт маргадаггүй болно. Өөрөөр хэлбэл, захирлын тушаал гарах болсон шууд үндэслэлд маргадаггүй болно.

              3. Шүүгч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.8, 48.2 дахь хэсгийг хуульд заасан үгчилсэн тайлбарын хүрээнд бус өөрийн үзэмжээр илэрхий буруу тайлбарлаж шийдвэр гаргасан байна.

              4. Шүүгч 5 цаг гаруй үргэлжилсэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга, үндэслэлийг тодорхойлох хэсэгтээ ор нэр төдий дурдсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнийг нотолсон нотлох баримтуудыг (хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн дотоод журам, үнэлгээний хороонуудын дүгнэлтүүд, мөн гэрчийн мэдүүлгүүд, хурлын протоколыг) хэрхэн яагаад үнэлэхгүй байгаагаа үндэслэх хэсэгт огт дурдаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

              5. Нэхэмжлэгчийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хангаж шийдвэрлэхдээ нийтийн эрх зүйн хууль тогтоомжийг огт хэрэглээгүй байхын зэрэгцээ зөвхөн хувийн эрх зүйд хамаарах асуудлаар “...хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулалгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байр буюу албан тушаал, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл байх ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн албан тушаал буурсан болон үндсэн цалингийн хэмжээ өөрчлөгдсөн байх тул хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах зэрэг ямар нэг байдлаар гэрээний талууд харилцан тохиролцох шаардлагатай ба нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй..хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй...хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулалгүйгээр, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр албан тушаалыг болон цалинг бууруулсан...” гэсэн дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэснээс үзвэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш хувийн эрх зүйн маргааныг албаар нийтийн эрх зүйн маргаан болгон шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

              Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авч улмаар захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 674 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 674 дүгээр шийдвэртэй хэргийг хянав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д давж заалдах гомдлын үндсэн дээр хянах гэж заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авч улмаар захиргааны хэрэг үүсгэж, А.Э-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 674 дүгээртэй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан бөгөөд энэ хүрээнд хэргийг хянан үзэв.

Анхан шатны шүүх энэхүү хэргийг “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан мөн” гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага” гэж заажээ. Энэ үүднээс Монгол Улсын Их сургуулийг захиргааны байгууллага, түүний захирлыг захиргааны албан тушаалтан гэж үзэх боломжтой байжээ. Мөн 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж одоо үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны байгууллага” гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж заасан байна. Иймд Монгол Улсын Их Сургуулийн захиргааг Захиргааны байгууллага гэж дүгнэх боломжтой.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ. Энэхүү Монгол Улсын Их Сургуулийн захиргаатай холбогдох маргааны тухайд Үндсэн хуулийн цэц болон Арбитр, Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх маргаан гэж үзэх боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хуулийн зорилт” гэсэн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заасан бөгөөд иргэн А.Э болон Монгол Улсын Их Сургуулийн захиргаа хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтад дүгнэлт хийснийг тухайн харилцаа хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байсан гэж гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн шүүх нь шүүх болохынхоо тухайд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.3-т “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасны дагуу аливаа хуулийг, түүн дотроо Хөдөлмөрийн хуулийг ч гэсэн хэрэглэх эрхтэй. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг шүүх хэрэглэсэн нь тухайн харилцаа бүхэлдээ Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ маргааны тухайд хөдөлмөрийн гэрээний нөхцөл, заалтын талаар гарсан маргаан гэж үзэхгүй.

Давж заалдах гомдолд “Шүүгч 5 цаг гаруй үргэлжилсэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга, үндэслэлийг тодорхойлох хэсэгтээ ор нэр төдий дурдсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнийг нотолсон нотлох баримтуудыг (хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн дотоод журам, үнэлгээний хороонуудын дүгнэлтүүд, мөн гэрчийн мэдүүлгүүд, хурлын протоколыг) хэрхэн яагаад үнэлэхгүй байгаагаа үндэслэх хэсэгт огт дурдаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна” гэжээ. Шүүхийн шийдвэрийг бичих явцад шүүгч зарим тайлбар зэргийг нэг бүрчлэн биш, товч агуулгаар нь бичсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ байдлаас шалтгаалан шүүхийн шийдвэр гаргахад ноцтой нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.

Мөн Монгол Улсын Их Сургуулийн захирал нь Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг батлахгүй байх эрхгүй/тийм эрх олгогдоогүй/ болохыг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгтэй хамт хэрэглэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон