Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: Э.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох 1929001830085 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

             Шүүгдэгч Э.М нь Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Хаш-Эрдэнийг архи ууж ээж, ах, дүү нараа зовоосон гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Хаш-Эрдэнийн ах Мөнх-Эрдэнэ намайг адуу ачаад өгөөч гэж гуйсан. Эндээс би өөрийн зардлаар түлш хийгээд Манлай суманд байдаг хөдөө гэрт нь очсон. Очиход адуу малаа бэлдсэн гэж хэлсэн ч очиход байгаагүй, 2, 3 хоног адуу малыг хайгаад бензин тос дуусаад Хаш-Эрдэнийн аав ээжийн гэрт очсон. Харанхуй болсон байсан болохоор тэндээ хоноод өглөө эрт явахаар болсон. Тэгээд буцаад 7 дугаар сарын 18-ны өдөр Манлай сум руу орсон. Тэгээд хөдөө байж байхад Хаш-Эрдэнэ залгаад агсам тавьсан. Ээжтэйгээ 3 удаа, аавтайгаа 2 удаа ярьсан. Амартүвшин гэж хойд аав нь байдаг юм байна лээ. Ээж нь утсаар ярьж дуусаад 2 удаа намайг хэвтэрт ортол зодсон би одоо яах вэ гээд уйлж байсан. Архи уух болгондоо аав ээж хоёроо зоддог юм шиг байсан. Би ээжтэйгээ хоёулаа өссөн болохоор эмэгтэй хүнд гар хүрдэг тийм хүнийг урьд нь харж байгаагүй. Тухайн үед Мөнх-Эрдэнэ надаас яах вэ? гээд асуухаар нь би Манлай сумын цагдаа Ууганбаярлуу залгахад аймагт ажлаар явж байна гэж хэлсэн. Маргааш нь суман дээр очоод Хаш-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ нарын дүү болох Сувд-Эрдэнийн хашаанд очиж машинаа янзалсан. Тэнд Оюун-Эрдэнэ гэх дүү нь гэртээ  хэвтэж байсан, Хаш-Эрдэнэ согтуу 2 найзтайгаа ирээд тухайн найзууд нь агсам тавьж дүү Оюун-Эрдэнийг зодсон байсан. Энэ тухай сонсоод Хаш-Эрдэнэтэй таарвал ганц цохичих юмсан гэж бодож байснаас ийм болтол нь зодож цохино гэж бодоогүй. Машин янзалж байх хойгуур хамт байсан Мөнх-Эрдэнэ Алтансан, надтай цуг явж байсан Батбаяр нар 8 ширхэг пиво уусан. Надад нэгийг өгсөн ч би ганц балгаад тавьсан, дараа нь 2 шил архи уусан би нэг ч уугаагүй, эрүүл байсан. Тэгээд хөдөө нэг хоночхоод Ханбогд сум руу орсон. Тамхи авчхаад явж байтал 150 метрийн цаана ланд 80 машин урагшаа хараад зогсож байсан. Машин дотор нэг хүн суусан дохиж байгаа юм шиг гэрлээ анивчуулж байсан. Тухайн машинтай хүмүүсийг архи ууж байгааг нь очоод мэдсэн. Тэр хүмүүстэй танилцахад Мөнх-Эрдэнийн дүү Хаш-Эрдэнэ гэж залуу байсан тухайн үед Хаш-Эрдэнийг анх удаа харсан, тэгээд Хаш-Эрдэнийн нүүрлүү би 3 удаа цохисон. Дараа нь Хаш-Эрдэнийг машиндаа суулгаад Мөнх-Эрдэнэтэй Манлай сумын наадмын талбайн урд уулзуулсан. Мөнх-Эрдэнэ наадахаа шууд Ханбогдын цагдаагийн газар аваачиж өг дор хаяж 6 сар хоригдоно гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнийн хөдөө гэрт нь очиж хоноод маргааш нь мотоциклтой Хаш-Эрдэнийг аваад Ханбогд сум руу явсан, би мотоциклоо сайн барьж чаддаггүй болохоор замдаа элсэнд суугаад 2 удаа унасан. Бид 2 багагүй гэмтсэн тул би гэртээ авчирч байлгасан. Араас нь Батбаяр, Мөнгөнбагана 2 мал ачиж ирсэн. Би маргааш нь фэйсбүүкээр Манлай сум явах зар бичиж унаа олж өгсөн. Өөрт хамааралгүй хэрэгтээ оролцсондоо харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Хаш-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ө.Ариундарийн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Мөнгөнбаганын мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №392 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

  - Шүүгдэгч Э.Мын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/,

-Хохирогч Б.Хаш-Эрдэнийн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар /хх-ийн 71-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Э.М нь Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Хаш-Эрдэнийг архи ууж ээж, ах, дүү нараа зовоосон гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 - хохирогч Б.Хаш-Эрдэнийн: “...Цагаан портер машинтай 3 залуу ирээд намайг зодоод миний машины ард талд гар, хөл хүлээд машин унаад хөдөө явсан. Өглөө гэгээ орж байх үед хөдөө Мөнх-Эрдэний гэрт очсон. Тэгээд хөдөө Мөнх-Эрдэний гэрээс түүний мотоциклыг унаад М гэгч нь намайг сундал гэж хэлээд би сундлаад Ханбогд сум руу явсан. ...намайг М гэх залуу цохиж зодсон. Мөнгөнбагана, Батбаяр нар нь намайг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- гэрч Б.Мөнх-Эрдэнийн: “...тэгээд би Моос Хаш-Эрдэнийг зодсон гэдгийг мэдээд яаж зодсон юм бэ? Тийм аймар зодсон юм уу гэж асуухад М хэлэхдээ Хаш-Эрдэнийг толгой өвдөж байна гээд манай амбаарт хэвтэж байгаад явсан гэж хэлсэн. Тэгээд би ганц хоёр цохиж авсан юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- гэрч Т.Батбаяр: “...би Хаш-Эрдэнийн машиныг асаагаад Мөнгөнбаганыг суулгаад М Хаш-Эрдэнэ хоёр дээр очиход Хаш-Эрдэнийн хамар амнаас цус гарчихсан, цустайгаа холилдчихсон тонгойгоод сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

- гэрч Ө.Ариундарь: “...М машинаас буугаад би Хаш-Эрдэнийг аваад ирсэн гэж хэлсэн. Би хаана байна гэж асуухад машины ард байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзье ар талаа онгойлго гэж хэлээд Ланд 80 машины ар талын хаалгыг онгойлгуулж харахад Хаш-Эрдэнийн хоёр гарыг ард хүлсэн, хоёр хөлийг нь хүлсэн, хажуугаар нь хэвтүүлсэн, хамар амнаас нь цус гарчихсан, доор нь хөнжлийн даавуун дээр хэвтүүлсэн байсан. Тэгээд би наад хүн чинь ухаан алдсан юм биш үү, та нар хүн алчхаж байгаа юм биш үү, сум руу эмнэлэгт хэлэхгүй яасан юм гэхэд М зүгээр зүгээр битгий ай Ариукаа гэсэн. ...Хаш-Эрдэнэ Мын хашаанд хоёр амбаарын голд гадаа унтаж байсан. Тэр оройгоо хоноод маргааш өглөө нь би Хаш-Эрдэнэ дээр очоод бие чинь яаж байна гэж асуухад Хаш-Эрдэнэ толгой аймаар өвдөж байна, энэ хүн замдаа намайг аймаар дарласан, нүд харахгүй байхад хагарсан дугуйгаа нөхүүлсэн, хурдан нөх гээд зодоод байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- гэрч Т.Мөнгөнбаганын: “...Батбаяр Хаш-Эрдэнийн машиныг жолоодоод би хажууд суугаад М, Хаш-Эрдэнэ хоёр руу явж очсон. Бид хоёрыг очиход Хаш-Эрдэнийг машины хажууд хоёр хөлийг нь жийлгээд суулгачихсан, нүүр нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн29-30-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №392 дугаартай шинжээчийн: “...Б.Хаш-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн талын ухархайн доод хана цөмөрсөн, хамрын хажуу ханын зөрүүтэй хугарал, уруулд шарх, баруун зулай чамархай хэсэг, зүүн зулайн ар хэсэг, баруун хацар эрүү, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, баруун гарын тохойд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, 2 гарын бугуй, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

   Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Хаш-Эрдэнэ нь “санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар /хх-ийн 71-р хуудас/ байх тул шүүгдэгч Э.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Э.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар өнгийн гудас 1 ширхэг, улбар шар өнгийн гудас 1 ширхэг, бор дөрвөлжин судалтай хөнжил 1 ширхэг, эрэгтэй хүний цагаан өнгийн урагдаж тасарсан фудволк 1 ширхэг, ногоон өнгийн гар нүүрийн алчуур 1 ширхэг, хар өнгийн мяндсан материалтай уяа 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мээрэн овогт Эрдэнэчулууны Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар өнгийн гудас 1 ширхэг,  улбар шар өнгийн гудас 1 ширхэг, бор дөрвөлжин судалтай хөнжил 1 ширхэг, эрэгтэй хүний цагаан өнгийн урагдаж тасарсан фудволк 1 ширхэг, ногоон өнгийн гар нүүрийн алчуур 1 ширхэг, хар өнгийн мяндсан материалтай уяа 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА