| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/00138/и |
| Дугаар | 209/МА2025/00031 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 209/МА2025/00031
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг илтгэгч шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 307/ШШ2025/00405 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 1,401,050 төгрөг гаргуулах" тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******д холбогдуулан эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 1,401,050 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.а Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “хариуцагч нь баруун өвдөгний үений протезын өөрчлөлт ихтэй, үений бүтэц алдагдсан мэс засал хийх заалттай байсан учраас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлэн, 03 дугаар сарын 23-ны өдөр хагалгаа хийлгэсэн. Хэвтэн эмчлүүлэх ор, эмийн төлбөр, хагалгааны багц шинжилгээ, хагалгааны төлбөр нийт 9,509,300 төгрөг болсноос Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,808,250 төгрөгийн хөнгөлөлт олгосон. Эмчилгээний төлбөрт 3,300,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 1,401,050 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж,
2.б Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,808,250 төгрөг гарна, иргэнээс 3,500,000 орчим төгрөг гарна гэж хэлж байсан. Гэтэл хагалгаанд ороод гарч ирсний дараа хагалгааны үнэ өсөөд төлбөр нэмэгдсэн байсан. Тухайн үед төлбөрийн чадваргүй болоод төлж чадаагүй. Нийт 3,300,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 200,000 төгрөг төлөхөөр байсан. Ер нь хувийн эмнэлгүүд дураараа үнээ нэмдэг, Эрүүл мэндийн сайдын гаргасан журам дээр өөр үнэ байгаа. Иргэнээс 1 сая гаруй төгрөг төлнө гэсэн заалт байдаг тул уг үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарласан байна.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1 Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэс заслын тэмдэглэл зэргээр хариуцагч ******* нь тус компанийн Мөнгөн гүүр эмнэлэгт баруун өвдөгний үе бүтэн солих мэс засал хийлгэсэн болох нь тогтоогдож байна. / х.х 76-78/
4.2 Мөн хэрэгт авагдсан Мөнгөн гүүр эмнэлгийн нийт 9,509,300 төгрөгийн НӨАТ-ын баримт авагдсан бөгөөд тус баримтаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 4,808,250 төгрөг гэж бичигдсэн, хариуцагч ******* нь тус эмнэлэгт хэвтэн, мэс засалд орсон, эмчилгээний төлбөрт нийт 3,300,000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй байна. / х.х 79 /
5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тогтоож шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.
6. Хариуцагч тал Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 01 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралт 1-ийн 224 дугаарт бичигдсэн тариф тус мэс засалд хамааралтай тул иргэнээс 1,645,500 төгрөг төлөхөөр заасан тул үүнээс илүү мөнгө шаардах үндэслэлгүй гэж тайлбарлаж маргасан.
Хэрэгт авагдсан авлага, өглөгийн тооцоо, НӨАТ-ын баримтуудаар ор хоног, эмийн төлбөр, хагалгааны багц шинжилгээ, хагалгааны төлбөр нийт 9,509,300 төгрөг, түүнээс эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 4,808,250 төгрөгийг хасаад үлдэх төлбөр болох 4,701,050 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр тохирсон, үүнээс 3,300,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,401,050 төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Дээрх тогтоолын 2.4, болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8-д тус тус зааснаар хувийн хэвшлийн эмнэлэг нь гэрээний үндсэн дээр хуульд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлэх, баталсан тусламж үйлчилгээний өртөг, тариф болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх, иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байхыг үүрэг болгосон байх тул хууль журамд заасны дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлж, түүний төлбөрийг шаардаж байгааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр мөнгө үндэслэлгүйгээр нэмж шаардсан гэж маргасан хэдий ч ямар үйлчилгээний төлбөрийг нэмсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, харин түүний тухайн үед Мөнгөн гүүр эмнэлгийн санхүүгийн албанд гаргаж байсан хүсэлт, шүүхэд ирүүлж байсан тайлбар зэргээс үзвэл эмчилгээний төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн Мөнгөн гүүр эмнэлгийн гэмтэл согогийн мэс засал болон Ерөнхий мэс заслын тарифыг ирүүлсэн бөгөөд тус тарифт заасан хэмжээнээс илүү тооцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 307/ШШ2025/00405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ