| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/01382/и |
| Дугаар | 209/МА2025/00030 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 209/МА2025/00030
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 307/ШШ2025/00372 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “299,900,000 төгрөг гаргуулах" тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “100,000,000 төгрөг гаргуулах” тухай
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/,******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүн тээвэр” худалдах, худалдан авах ДААТҮТӨХК/2023042057 дугаартай гэрээгээр тендерийн баримт бичгийн тодорхойлолтод заасан хүн тээврийн автобусыг 399,900,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон, улмаар 2018 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн Hyundai Universe маркийн KMJKG18KPJC арлын дугаартай бор хүрэн өнгийн хүн тээврийн автобусыг худалдагч буюу нэхэмжлэгч тал 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр импортоор оруулж ирж, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр автобусаа худалдан авагчид буюу хариуцагчид хүлээлгэн өгч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.
Гэтэл худалдан авагч тал автобусаа хүлээн авснаас хойш 1 сарын дараа спидометрийн заалт, тахометрийн заалтууд хоорондоо зөрсөн гэх үндэслэлээр солиулах шаардлага тавьж буцаасан.
Нэхэмжлэгч спидометрийн заалт, тахометрийн заалтууд хоорондоо зөрсөн нь нийлүүлсэн автобусны чанарт нөлөөлөхгүй, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад ийм зохицуулалт байхгүй, нийлүүлсэн автобус шаардлагад нийцэж байгаа талаар удаа дараа мэдэгдэж тайлбарласан боловч худалдан авагч тал тайлбарыг хүлээн аваагүй байна.
Иймд хариуцагчаас талуудын хооронд байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хүн тээвэр худалдах, худалдан авах ДААТҮТӨХК/2023042057 дугаартай гэрээний үүрэгт 299,900,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 1 /
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
...Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “*******” ХХК-д холбогдуулж гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 299,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Автобусны үндсэн хянах дэлгэц дээр 47138 км явсан гэсэн заалттай, цахилгаан тахометр 578547 км явсан гэсэн заалттай буюу зөрүүтэй байсан тул уг эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой гэж үзэж гэрээнээс татгалзаж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр автобусыг “*******” ХХК-д хүлээлгэн өгсөн.
“*******” ХХК-иас автобусыг хүлээж авсан үйлдлийг гэрээнээс татгалзах үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа тул 299,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 50 /
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлдээ:
...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай ДААТҮТӨХК/2023042057 дугаартай хүн тээвэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэ болох 399,900,000 төгрөгөөс урьдчилгаанд 100,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ******* тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл худалдан авсан гэрээний зүйл болох хүн тээврийн үндсэн хянах дэлгэц дээр 47138 км явсан гэсэн заалттай, цахилгаан тахометрт 578547 км явсан гэсэн заалттай буюу зөрүүтэй байсан тул уг эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой гэж үзэн гэрээнээс татгалзаж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр автобусыг “*******” ХХК-д хүлээлгэн өгсөн.
Иймд талууд гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч эд хөрөнгийг хүлээлцсэн тул гэрээний төлбөрийн урьдчилгаанд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ******* тоот дансанд шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-иас гаргуулж, хариуцагч “*******” ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х 53 /
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
...Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний үүрэгт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримттай маргахгүй. Гэрээний зүйл болох автобусны хянах дэлгэц дээр 47138 км, цахилгаан тахометрт 578547 км гэсэн мэдээлэл байгаа нь үнэн боловч хариуцагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага баримт бичгийн 21-т цахилгаан хэрэгсэл хүснэгтэд хурд хэмжигч болон туулах замыг хэмжигч цахилгаан тахометр радио антен өсгөгч гэсэн үзүүлэлтэд байгаа тахометр нь автобустай хамт үйлдвэрлэгдэх тоноглол биш, нийлүүлэгч буюу нэхэмжлэгч нь тахометрээр нэмж тоноглосон, хариуцагч тал тоон заалтыг ижил байх шаардлага тавиагүй тул биет байдлыг доголдолтой гэж үзэж гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй тухай нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай мэдэгдэл хүргүүлэх нь, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай тодруулга хүргүүлэх нь, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай мэдэгдэл хүргүүлэх нь гэсэн албан бичгүүдээр тодорхой мэдээлэл, тайлбар, баримтуудыг хариуцагчид хүргүүлж байсан.
Гэтэл хариуцагч спидометрийн заалт, тахометрийн заалтууд нь хоорондоо зөрчсөн байгаа нь буцааж солиулах үндэслэл болж байна гээд гэрээний зүйл автобусыг буцаах тухай Авто тээврийн үндэсний төвд албан бичиг өгч, акт үйлдэн гэдэг жолоочоор Улаанбаатар хотод хүргүүлсэн.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн доголдолд хамааруулж байгаа спидометрийн заалт, тахометрийн заалтууд нь хоорондоо зөрчсөн нь техникийн тодорхойлолтод заагдаагүй, биет байдлын доголдолд хамаарахгүй гэж үзэж маргаан үүсгэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 79, 86
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 299,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Hyundai UNIVERSE маркийн KMJKG18KPJC арлын дугаартай автобусыг хүлээн авахыг хариуцагч “*******” ХХК-нд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь шүүхэд хүн тээврийг хүлээн авахыг “*******” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагаас хальж Hyundai UNIVERSE маркийн KMJKG18KPJC арлын дугаартай автобусыг хүлээн авахыг хариуцагч “*******” ХХК-д даалгаж хэргийг шийдвэрлэсэн.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...Хариуцагчаас нийлүүлсэн автобусны төлбөрийг нэхэмжлэгчид төлснөөр автобусыг хүлээн авахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзсэн болно ... ” гэж дүгнэсэн атлаа энэ талаар хариуцагч талд тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй. Хүн тээвэр нь манай компанийн ажилчдыг тогтмол уурхай руу зөөх зориулалттай эд хөрөнгө учраас техникийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байх шаардлагатай. Гэтэл нэг жилийн хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлд хөдөлгөөнд оролцоогүй, дулаан зогсоолгүй, гадаа ил байсан хүн тээврийг хариуцагчийг хүлээж авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “ ... нэхэмжлэгчээс төрийн өмчит компанийн өмчлөлд байгаа автобусыг шууд аваад явах боломжгүй байсан учир талууд автобусыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлээд, нэхэмжлэгч тахометрийг сольж өгөхөөр болсон боловч тухайн заалтууд зөрсөн асуудал нь автобусны чанар байдалд нөлөөлөхгүй байсан тул хариуцагчид автобусыг буцаан өгөхөөр удаа дараа хандсан боловч хүлээн аваагүй гэж мэдүүлснийг хариуцагч үгүйсгээгүй... ” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт нөхцөл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй дүгнэлт болсон. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагчийн хашаанаас авч гарахын тулд өмчлөлөө өөрийн нэр дээр түр шилжүүлсэн гэж тайлбарлаад дараа нь автобусыг буцааж өгөхөөр удаа дараа хандсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолсон ямар ч баримт гаргаж өгөөгүй. Харин хариуцагчийн зүгээс автобусыг хүлээн авч ашиглах явцад явах эд анги муудсан, биет байдлын доголдлын талаар удаа дараа мэдэгдэж автобусаа техникийн шаардлагад нийцүүл гэж шаардлага гаргаж байсан нь хэргийн үйл баримт талуудын тайлбараас харагдаж байна. Зөвхөн тахометрийг сольж өг гэсэн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэх бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Маргаан бүхий автобусыг нэхэмжлэгч тал өмчлөлийг буцаагаад өөрийн нэр дээр шилжүүлээд ирж хүлээж аваад, байгаа үйл баримт нь талууд хэн аль нь гэрээнээс татгалзаж байгааг харуулж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 146-147 /
7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан атлаа тогтоох хэсэгт шийдвэрлээгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
9. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 299,900,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-нд холбогдуулан автобусны үнийн урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х 1, 50, 53, 86/
Хэргээс үзэхэд:
10. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч "*******" ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №ДААТҮТӨХК/2023042057 дугаартай “Хүн тээвэр” худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр хүн тээврийг буюу техникийн тодорхойлолтод заасан хүн тээвэрлэх зориулалт бүхий автобусыг 399,900,000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Hyundai UNIVERSE маркийн KMJKG18KPJC арлын дугаартай автобусыг хариуцагч "*******" ХХК-нд хүлээлгэн өгч, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, автобусны өмчлөгчөөр "" ХХК бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй. (х.х 6-12, 33/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилснаар зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
11. Зохигч нь гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, харин нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан эсэх, гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгө болох хүн тээврийн автобус техникийн шаардлага хангаж байгаа эсэх, хариуцагчийн доголдол гэж үзэж буй зүйлийг эд хөрөнгийн доголдол мөн гэж үзэх эсэх асуудал нь маргааны зүйл болж байна.
Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан “Хүн тээвэр” нийлүүлэх №ДААТҮТӨХК/2023042057 дугаартай бараа худалдан авах тендерийн баримт бичгийн 45 хүний суудалтай автобусны техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага гэх баримтад нийлүүлэх автобусанд хурд хэмжигч болон туулах замыг хэмжигч, цахилгаан тахометр байх талаар дурдагдсан байх боловч спидометрийн заалт, тахометрийн заалтууд зөрүүгүй байна гэх шаардлага тавигдаагүй байна, хариуцагчийн зүгээс спидометрийн заалт, тахометрийн заалтын зөрүүтэй байдал нийлүүлсэн автобусны чанар, доголдолд хамаарна гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа татгалзлаа нотлоогүй, “*******” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн техникийн хэлтэс, хэлтсийн дарга ы хуулийн хэлтэст хандсан дотоод албан бичиг нь эд хөрөнгийн доголдлыг нотлохгүй байна гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. /х.х 73/
12. Хариуцагч "*******" ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн хүн тээврийн автобусыг гэрээ дүгнэсэн акт үйлдэн хүлээж авсны дараа спидометрийн заалт, тахометрийн заалтууд хоорондоо зөрсөн учир нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж маргаан үүсгэж эхэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн хүн тээврийн автобусыг доголдолтой эд хөрөнгө гэж үзэхгүй, спидометрийн заалт, тахометрийн заалтууд хоорондоо зөрсөн нь автобусны чанарт нөлөөлөхгүй гэх агуулга бүхий тодруулга, мэдэгдлийг хариуцагч "*******" ХХК-нд хүргүүлж байсан болох нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 18 дугаартай мэдэгдэл хүргүүлэх нь, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай тодруулга хүргүүлэх нь, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай мэдэгдэл хүргүүлэх нь гэсэн албан бичгүүдээр тогтоогдож байна. / х.х 14-18/
Мөн цахилгаан тахометр нь автобустай хамт үйлдвэрлэгдэх тоноглол биш, автобуснаас салган авч засварлаж болох эд анги гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн хүн тээврийн автобусыг доголдолтой эд хөрөнгө гэж үзэхгүй, спидометрийн заалт, тахометрийн заалтууд хоорондоо зөрсөн нь автобусны чанарт нөлөөлөхгүй гэх агуулга бүхий тодруулга, мэдэгдлийг хариуцагч "*******" ХХК-д дээрх хугацаанд хүргүүлснийхээ дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр актын дагуу хүн тээврийн автобусыг буцаан хүлээн авсан, Hyundai UNIVERSE маркийн KMJKG18KPJC арлын дугаартай автобус нь одоогоор нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй, түүний эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна. / х.х 14-18, 51, 127/
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.9-т “доголдол” гэж нийлүүлсэн бараа, дагалдах үйлчилгээний барааны шинж байдал, чанар, тоо хэмжээ нь нийлүүлэгчийн ирүүлсэн тендерээс зөрөөтэй байхыг хэлнэ” гэж заасан, гэрээний дагуу нийлүүлэх автобусны спидометрийн заалт, тахометрийн заалтууд зөрүүгүй байна гэх шаардлага тавигдаагүй байх боловч нэхэмжлэгч “*******” ХХК нь тахометрийг сольж өгөхөөр шийдвэрлэсэн, түүнчлэн цахилгаан тахометр нь автобустай хамт үйлдвэрлэгддэг эд биш гэж тайлбарлаж байгаа атлаа цахилгаан тахометрыг автобуснаас салган авч шинээр сольж өгөх боломжтой байхад гэрээний дагуу нийлүүлсэн хүн тээврийн автобусыг актын дагуу буцаан авсан байх тул нэхэмжлэгч талын энэхүү үйлдлийг гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгөө доголдолтой эд хөрөнгө байсан гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. / х.х 51, 73/
13. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгөө доголдолтой эд хөрөнгө байсан гэж хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 22-ны өдөр автобусыг буцаан хүлээн авсан боловч цахилгаан тахометрийг шинээр солиогүй, түүнийг засварлах шаардлагагүй, тухайн заалтууд зөрсөн асуудал нь автобусны чанар байдалд нөлөөлөхгүй учир автобусыг буцаан хүлээлгэн өгөх талаар 2024 оны 08 сарын 08-ны өдөр “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК-нд хандаж хүсэлт гаргаж, уг хүсэлтийн хуулбарыг хариуцагч “*******” ХХК-нд хүргүүлсэн боловч талууд хариу ирүүлээгүй гэж маргаж байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь “...биет байдлын доголдолгүй хөрөнгө...”ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд хэрэв худалдсан эд хөрөнгө доголдолтой тохиолдолд Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдагч уг доголдлыг арилгах, .... өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй бол,
Харин худалдан авагчийн хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Нэгэнт нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгөө доголдолтой эд хөрөнгө байсан гэж хүлээн зөвшөөрч, буцаан авсан учир уг доголдлыг арилгах үүрэгтэй бөгөөд цахилгаан тахометрийг сольж өгөхөөр шийдвэрлэж, автобусыг буцаан авснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байхад одоог хүртэл цахилгаан тахометрыг солиогүй, цахилгаан тахометрыг сольж автобусыг хариуцагчид буцаан хүлээлгэж өгөх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, атлаа цахилгаан тахометрийг шинээр солиогүй атлаа засварлах шаардлагагүй, тухайн заалтууд зөрсөн асуудал нь автобусны чанар байдалд нөлөөлөхгүй байсан тул хариуцагчид автобусыг буцаан өгөхөөр удаа дараа хандсан боловч хүлээн аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
14. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгө болох автобус нь биет байдлын доголдолтой гэж үзэж гэрээнээс татгалзаж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр автобусыг “*******” ХХК-д хүлээлгэн өгсөн, автобусыг хүлээж авсан үйлдлийг гэрээнээс татгалзах үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж, 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Автобусны эд анги болох цахилгаан тахометр нь салган авч шинээр солих боломжтой эд анги байхад 2024 оны 04 сарын 22-ны өдөр автобусыг буцаан хүлээн авсан боловч цахилгаан тахометрийг сольж засварлаагүй, шинээр солиогүй атлаа засварлах шаардлагагүй, тухайн заалтууд зөрсөн асуудал автобусны техникийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй гэх тайлбар гаргаж байгаа нь үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “*******” ХХК-иас автобусны үнийн урьдчилгаанд шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч "*******" ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 307/ШШ2025/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 299,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Hyundai UNIVERSE маркийн KMJKG18KPJC арлын дугаартай автобусыг хүлээн авахыг хариуцагч “*******” ХХК-нд даалгасугай.” гэснийг
“Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар нэхэмжлэгч *******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-иас 299,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******” ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “*******” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын
“...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг
“...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг гаргуулж, хариуцагч “*******” ХХК-нд олгосугай.” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “” ХХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,315,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ