| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0175/Э |
| Дугаар | 479 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И. Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи
Улсын яллагч Г.Эсэн,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн И овогт Б-н Э-д холбогдох эрүүгийн 1810000000822 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Бетон арматурчин мэргэжилтэй, угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 1, оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И овогт Б-н Э
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ эхнэр Н.Зг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, догшин авирлан хүчирхийлэн зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, 2 нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун гарын тохойд түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.
Хохирогч Н.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэртээ 09 цаг 50 минутын орчим очсон бөгөөд хашаагаар ороход Э байсан. Намайг үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа цохиход миний хамрнаас цус гарсан. Э намайг гэр рүү чирч орсон. Би гэрт ороод куртикээ тайлаад орон дээр суухад тухайн үед манай гэрт Эийн ажлын газрын нэг залуу байсан. Э намайг хэл амаар доромжлоод 2 гараараа миний толгой нүүр хэсэг рүү олон удаа цохисон. Би Эд зодуулж байгаад угаалгын машины урд тал руу унахад намайг хөлөөрөө өшиглөхөд миний ухаан балартсан. Би бие засах гээд гадаа гартал араас гарч ирээд миний үснээс зулгааж газар унагаагаад үснээс чирээд гэр рүү орсон. Намайг ална гээд байсан. Тэгэхээр нь би дахиад гараад зугтах үед намайг эргэж гэрт оруулаад миний толгойруу 3-4 удаа цохисон. Дахин миний нүүр лүү цохих үед би арагшаагаа унаж халуун зуухан дээр унаж баруун гарын тохойг түлсэн. ...Би 5 сартай жирэмсэн байсан...” гэжээ. / хх-ийн 9х, 113-р тал/
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Э ахын эхнэр З орж ирэхэд Э ах эхнэрийгээ утсаа унтраалаа гээд хоорондоо маргалдаад байхаар нь би гадаа гараад бие засчихаад хашаан дотор нь зогсож байхад гаднаас цагдаа орж ирээд бид гурвыг аваад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Намайг гадаа гараад бие засчихаад гэрт нь цагдаа нартай ороход З миний куртикийг нөмөрчихсөн хэвтэж байсан. Хамарнаас нь цус гарчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 18-р тал/
Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын сүүлээр Б.Э болон Э.З нарын хамтаар байж байхад автобусны буудал дээрээс Б.Э нь манай охин Зг утсаар хүнтэй ярилаа гээд үснээс нь болон хувцаснаас нь урж чирээд гудамжаар явахаар нь би охин Зг Эөөс салгаж авсан. ...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай эгч О нь над руу утсаар залгаад З нь хамаг хувцас нь цус болсон. Өөрөө цус болсон, бие нь хавдаж хөхөрсөн байдалтай өчигдөр орой буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой манай гэрт ирлээ гэж ярьсан. Тухайн үед манай охин З нь 5 сартай жирэмсэн байсан...” гэжээ. /хх-ийн 112-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 13653 тоот дүгнэлтэнд: “...Н.Згийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстын цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /xx-20-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 611 тоот дүгнэлтэнд: “...Н.Згийн биед баруун гарын тохойд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон. Тухайн үзлэг хийх үед хохирогч нь өөрөө унаад түлсэн гэж ярьж байсан учраас дүгнэлтэд тусгаагүй болно. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь дангаараа болон бусад гэмтлүүдтэй нийлээд ч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ...” гэжээ. /xx-101-р тал/
Шүүгдэгч Б.Эийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, ял шалгах хуудас / хх-46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ эхнэр Н.Зг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, догшин авирлан хүчирхийлэн зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, 2 нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун гарын тохойд түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 13653, 611 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.
Хохирогч Н.З нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И овогт Б-н Э-г хамаарал бүхий гэр бүлийн хүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Эийг 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Эд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ